Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О.Ж-д холбогдох эрүүгийн “1811026320982” дугаартай, 186/2018/0774/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, эгчийн хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 38 дугаар байрны 42 тоотод оршин суух  бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.Ж  /РД:................. /,

Холбогдсон хэргийн талаар;

О.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгар” бааранд согтуурсан үедээ С.Батхөлөгтэй маргалдаж улмаар түүнийг зодож пивоны шил шидэж биед нь зүүн хөмсөгний шарх, зүүн хөмсөг, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүгдэгч О.Ж нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

     2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Батхөлөгийн:...үл таних урт үстэй залуу манай ширээн дээр суух гээд ирэхээр нь манай найз Энхболд чи юун залуу вэ яах гэж байгаа юм бэ гээд босоход үл таних урт үстэй залуу өөдөөс нь шууд түлхээд газар унагасан, Энхболд босч ирээд тэр залуутай барьцалдчихаад хажууд сууж байсан найз Отгонбаяр босоод салгаж байхад цаанаас бор савхитай Энхболд гэх залуу ирээд манай найз Энхболдруу дайраад барьцалдаад авсан, энэ үед би ширээнээс яагаад байгаа юм босоод очих гэж байхад гэнэт миний нүүрлүү шил ирээд оносон, юу болчихов гээд хартал саарал цамцтай хар малгайтай залуу цаанаас ирж байхдаа шидсэн. тэгээд ширээн дээрээ суугаад хөмсөгөө барьтал цус гараад тогтохгүй байсан гэх мэдүүлэг. /хх 10-11/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Сэргэлэнгийн:..2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 16.00 цагийн орчим гэртээ байж байхад танил Болдоо надруу яриад завтай байвал "Писи" тоглох уу гээд залгасан тэгэхээр нь Энхболдын гэрт "Вива" ситид яваад очиход Жамц, Болдоо, Ууганболор Батука нар тоглож байсан, тэгээд хамтдаа хэсэг тоглож байхдаа 2 шил 1 литрийн архи хувааж уучихаад тэндээсээ гараад 22.00 цагийн орчим "Хүүхдийн 100"-д байрлах "Рита" нэртэй бааранд найз Энхболд, Жамц нартай 1 литр коняк уучихаад тэндээсээ гараад    ЧД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Тайгэр нэртэй бааранд орсон юм байна лээ, би тухайн үед ухаан санаа орж гараад байсан, өөрөө бааранд яаж орсоноо мэдэхгүй байна, тэгээд нэг мэдэхэд нэг залуу миний үснээс зулгаагаад хойшоо дагзаараа унасанаа санаж байна, тухайн үед согтуудаа миний ширээний хажууд байсан ширээн дээр андуурч суугаад хэрүүл маргаан болсон юм байна лээ, ингээд баарны хамгаалагч нар цагдаа дуудаад бид нар цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би ширээ андуурч суусанаас болж маргаан үүссэн, хэн, ямар хүн миний үснээс зулгааж газар унагасанг санахгүй байна, газар уначихсан байхад манай 2 найз очоод бас тэдгээр хүмүүстэй маргасан, хэн хэнийгээ, хэн намайг хаашаа яаж цохисонг мэдэхгүй байна. Одоо миний толгой өвдөж байна, өөр гэмтэл шарх учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй  гэх мэдүүлэг. /хх-17/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Одхүүгийн:..2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22:00 цагийн үед  өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн  4-дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайгэр бааранд ажлаа хийж байхад 00:10 цагийн орчим зодоонд оролцсон гэх тарган залуу, эхнэр, найзынхаа хамт орж ирсэн. Тэд нар тайзны урдаас харсан төлбөртэй ширээнд с”уусан, тухайн өдөр манай баар 3 ши рээ л хүнтэй байсан. Эхнэртэйгээ явж байсан тарган залуутай зодолдсон өндөр бор савхитай залуу, саарал цамцтай залуу, урт үстэй залуучууд 02:00 цагийн орчим охж ирцгээсэн. Би үүдэнд ажлаа хйиж байхад манай зөөгч дотор зодоон болоод байна гэхээр нь яваад ортол тайзны урд саарал цамцтай залуу, тарган залуугийн найз /хар савхитай/ залуутай наад талд тарган залуу нь бор савхитай залууг зодолдож байхаар нь саарал цамцтай залууг татаад аваад гадаа гаргасан. Энэ үед манай нөгөө хамгаалагч Оргилболд тарган залуу болон бор савхитай залууг салгаад бор савхитай залууг гадаа гаргасан. Би гаднаас буцаж орж ирээд саарал цамцтай, бор савхитай залуугийн найз болох урт үстэй залууг бас гадаа гаргасан. Учир нь тарган залуу урт үстэй залуутай маргалдаад нэг нэгэн  рүүгээ дайраад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэдгээр залуучуудыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-22/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Оргилдболдын:..2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 19.00 цагийн үед өөрийн болох ЧД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайгэр нэртэй бааранд ажлаа хийж байхад 02.10 цагийн орчим гаднаас ороод ирэхэд манай үүдний таксчин дотор зодоон болоод байх шиг байна гэхээр нь яваад ортол текний наад талд тарган залуу бор савхитай залуутай нэг нэгнээсээ барьцалдчихсан маргалдаж байхаар нь дундуур ороод савхитай залууг аваад гарсан, энэ үед тарган залуугийн эхнэр гэх эмэгтэй бор савхитай залуу, саарал цамцтай залуу, урт залуучууд руу үсчээд орилоод байхаар нь би тэр залуучуудыг гадаа гаргачихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухай үед бор савхитай залуу, саарал цамцтай залуу, урт үстэй залуучуудыг гадаа гаргачихаад юунаас болж маргалдсан юм бэ гэтэл саарал цамцтай залуу надад хэлэхдээ манай найз ширээ андуураад суучихсан чинь ширээн дээр байсан тарган залуу уурлаад манай найзыг араас нь татаж байгаад унахдаа хөмсег ширээний урд талын хаалганд цохьсон, тэгсэн эхнэр нь манай нөхөр лүү пивоны шил авч шидсэн гээд байх юм гэж хэлсэн. Би өөрөө хараагүй болохоор яг юунаас болж хэн нь зодоон эхлүүлж хэн нь хэнтэйгээ яаж зодолдсонг хараагүй, намайг ороход зодоон эхэлчихсэн нэг нэгэнтэйгээ барьцалдчихсан зогсож байсан гэх мэдүүлэг. /хх-25/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Отгонбаатарын:..2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр бааранд зөөгчөөр ажиллаж байх үед 4 ширээ л үйлчлүүлэгчтэй байсан, 4 ширээний нэг ширээ болох бүжгийн талбайн зүүн талд байрлах босоо ширээн дээр гаднаас 00.30 цагийн орчим үрт үстэй залуу, бор| савхитай залуу, саарал цамцтай 3 залуу орж ирээд суусан, үүнээс хойш 30-40 минутын дараа бүдүүн залуу, түүний эхнэр, 2 найзын хамт орж ирээд бүжгийн талбайн байдаг төлбөртэй ширээ буюу "200"-ийн ширээн дээр суугаад нэг виски, 4 ундаа захиалсан,  захиалгыг  нь  авчраад  задалчихаад тек  рүү  очоод  байж байтал ойролцоогоор 10 минутын дараа бүдүүн залуугийн найз нь шал нойтон байтал халтираад байна, шалаа арчаад өг гэхээр нь үйлчлүүлэгч дуудах гээд буцаад явсан, намайг очиход урт үстэй залуу бүдүүн залуугийн хажуугийн буйдан дээр сууж байсан  үйлчлүүлэгчид хэлчихээд цаанаас ирж байхад нөгөө ширээн дээр бөөн маргаан болоод байхаар нь яваад очтол бүдүүн залуугийн хөмсөгнөөс цус гарсан, түүний эхнэр нь саарал цамцтай залууг пивоны шил шидчихлээ гээд орилоод байсан, бор савхитай залуугийн хөмсөгнөөс цус гарсан, саарал цамцтай залуу бүдүүн залуу руу манай найзыг цохьсон биз дээ гээд дайраад байхаар нь тэдгээр 3 залууг аваад текрүү явсан текний урд байж байхад бүдүүн залуугийн эхнэр цагдаа дуудсан, мөн манай хамгаалагч орж ирээд тэр 3 залууг аваад гарсан, цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-30/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ч.Гантулгын:..Би Ж-тай хар багаасаа хамтдаа өссөн, бараг төрсөн ах нь гэхэд болно. Отгончимэг эгч бол манай аавын төрсөн дүү нь байгаа юм, манай дүү залуу хүүхэд учраас найз нөхөдтэйгээ гадуур дотуур нийлж явдаг, би бодохдоо буруу гарын нөхөдтэй нийлээд уруу татагдаад байна гэж бодож байна, хааяа манайд байж байхад найз нөхөд нь шөнө орой утас нь дуугараад гараад явах юм, гадуур л архи дарс уух нь ихдээд байна, нэг удаа би найз нөхдийг загнаж хөөж явуулсан. Уг хүн нь бол багаасаа аавгүй өссөн, төлөв даруу, элдэв янзын ааш маяг байхгүй, хүн амьтантай маргалдаж, хэрүүл, зодоон цохион хийж байгаагүй, 10 жилдээ онц сурч байсан, спортод авъяастай, тэмцээн уралдаанд орж байсан, анх удаа цагдаагийн байгууллагаар явж байна, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, ах дүү, хамаатан садан ээждээ халамжтай, сайн хүмүүжилтэй хүүхэд байгаа юм.   Гэртээ ээж, охин дүүгийн хамт амьдардаг учраас гэрийн бүх л ажлыг зохицуулдаг, ганц эрэгтэй нь байгаа гэх мэдүүлэг. /хх-33/,

2.7. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11504 тоот актын: 

1.С.Батхөлөгийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн хөмсөг, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-34/,

2.8. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11470 тоот актын: 

1.Энхболдын биед баруун хөмсөг баруун эрхийд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт./ хх-48/, 

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас С.Батхөлөгийн мэдүүлэг, 17 дугаар хуудас гэрч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг, 20-21 дүгээр  хуудас гэрч З.Энхболдын мэдүүлэг, 23, 24 дүгээр хуудас гэрч Н.Номин-Эрдэнийн мэдүүлэг, 25 дугаар хуудас гэрч Ц.Оргилболдын мэдүүлэг, 26, 27 дугаар хуудас Д.Отгонбаярын мэдүүлэг, 34 дүгээр хуудас №11504 дугаартай шинжээчийн дүгнэлт, 57 дугаар хуудас яллагдагч О.Жамъянжамцын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайгар” бааранд согтуурсан үедээ С.Батхөлөгтэй маргалдаж улмаар түүнийг зодож пивоны шил шидэж биед нь зүүн хөмсөгний шарх, зүүн хөмсөг, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Батхөлөгийн:... энэ үед би ширээнээс яагаад байгаа юм гээд босоод очих гэж байхад гэнэт миний нүүрлүү шил ирээд оносон, юу болчихов гээд хартал саарал цамцтай хар малгайтай залуу цаанаас ирж байхдаа шидсэн. тэгээд ширээн дээрээ суугаад хөмсөгөө барьтал цус гараад тогтохгүй байсан гэх мэдүүлэг. /хх 10-11/, Б.Сэргэлэнгийн:..би ширээ андуурч суусанаас болж маргаан үүссэн, хэн, ямар хүн миний үснээс зулгааж газар унагасанг санахгүй байна, газар уначихсан байхад манай 2 найз очоод бас тэдгээр хүмүүстэй маргасан, хэн хэнийгээ, хэн намайг хаашаа яаж цохисонг мэдэхгүй байна. Одоо миний толгой өвдөж байна, өөр гэмтэл шарх учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй  гэх мэдүүлэг. /хх-17/, гэрч Д.Отгонбаатарын:...нөгөө ширээн дээр бөөн маргаан болоод байхаар нь яваад очтол бүдүүн залуугийн хөмсөгнөөс цус гарсан, түүний эхнэр нь саарал цамцтай залууг пивоны шил шидчихлээ гээд орилоод байсан...гэх мэдүүлэг. /хх-30/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11504 тоот дүгнэлт, болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Батхөлөг нь шүүгдэгч О.Ж-тай эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Ж-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ж-ыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ