2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/03939

 

2026 04 13   192/ШШ2026/03939

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** тоот хаягт байрлах, К ХХК /РД:******2/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** тоот хаягт байрлах, Д ХХК /РД:5******/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ** тоот хаягт байрлах, Т ХХК /РД:*******/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 52,350,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц,

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагч Д ХХК-ийн өмгөөлөгч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЭТ/2018/003 дугаар бүхий Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-г байгуулж, гэрээгээр тохиролцсон ажлыг нийт 58,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт: ...Гэрээ баталснаас хойш ажлын 3 хоногийн дотор барилгын ажлын зураг төслийн ажлын тохиролцсон үнийн 15,000,000 төгрөгтэй тэнцэх урьдчилгааг нэг удаа олгох бөгөөд ажлын зураг төсөл зохиож дууссаны дараа гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 43,200,000 төгрөгийг төлснөөр бүрэн санхүүжүүлж дуусна... гэж заасан. Гэвч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийг ч бүрэн олголгүй ердөө 10,500,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч зураг төслийг зохиож дуусах үүргээ зохих ёсоор биелүүлсэн хэдий ч үлдсэн төлбөр болох 47,700,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчиж байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул тэд үлдэгдэл төлбөр болох 47,700,000 төгрөгийг хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно. Талууд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр №2019/007 дугаар бүхий Баталгаажуулах нь баримтыг үйлдэж, захиалагч нар нь гүйцэтгэгчид 47,700,000 төгрөгийг төлөөгүй болохыг батгалгаажуулсан байдаг. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 39 сар өнгөрсөн ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар нь дээрх хэтрүүлсэн хугацааны хуулиар тогтоосон хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагч нараас 47,700,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбогдуулан нэг жилийн 3 хувийн хүү буюу сарын 0.25 хувийн хүүгээр тооцож, нэг сарын 119,250 төгрөг буюу 39 сарын хүүнд нийт 4,650,750 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас нийт 52,350,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа, гурвалсан гэрээ байгуулагдсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг агуулгаар нэхэмжилж байгаа. Зураг төслийг хийж өгөх, тохирсон хөлс авах ёстой байсан ч 10,500,000 төгрөгийг л Төмөрт инвестээс орж ирсэн. Анх 58,200,000 төгрөгөөр тохирсон боловч өөр мөнгө өгөөгүй, үлдэгдэл 47,700,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж 4,650,750 төгрөгийг нэхэмжилсэн. Зургийг хүлээлгээд өгсөн, норм стандартад нийцсэн, эрх бүхий байгууллагаар шалгуулсан, энэ шалгуулах зардлыг Төмөрт инвестээс шилжүүлсэн байдаг. Барилга хөгжлийн төвийн хянан баталгаажуулалтыг эрх бүхий этгээд хийгээгүй л гэдэг агуулгаар Захиргааны хэргийн шүүхээр шийдсэн болохоос доторх агуулгад хамааралгүй гэдгийг хэлмээр байна. Олох байсан орлогоо тайлбарлах юм бол үлдэх 47,700,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлөх ёстой байсан ба 2022-11-21 нийг хүртэлх 39 сарын 0,25 хувийн хүүгээр бодоход л 4,650,750 төгрөг болж байгаа юм гэв.

 

2. Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хамгийн анх Д ХХК болон Т ХХК-иуд хамгийн анх хамтраад Дорнод аймагт төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Ингээд үйлдвэрээ байгуулахад гадны хөрөнгө оруулалт болон тухайн үйлдвэрийн зураг төсөл зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь төмрийн хүдрийн ордоо ашиглах, үйлдвэрлэл явуулах, мөн хөрөнгө оруулагч татахын тулд тухайн орд газартаа барих үйлдвэрийн зураг төслөө хийх ёстой. Ийм учраас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр К ХХК-тай Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай ЗТ/2018/003 тоот гэрээг байгуулан зураг төсөл гүйцэтгэсний хөлсийг 58,200,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний урьдчилгаа болгон манай компани нийт 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр бид шүүхэд гэрээний дагуу төлбөрийн зохих хэсгийг төлнө гэсэн агуулгаар тайлбараа гаргаж байсан. Гэвч хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас буюу нэхэмжлэгч доголдолтой зураг хийж өгсөн нь баримтуудаар тогтоогдсон учир одоо нэхэмжлэгчид ямар ч төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

3. Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ-ний 5.1-д ...эцсийн хувилбараар бэлэн болсон зураг төслийг актаар хүлээлцэнэ. Акт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно, 5.2-т Талууд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болох ба энэ мөчөөс эхлэн зураг төслийг захиалагчид албан ёсоор хүлээлгэн өгсөнд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүн болсон зураг төслийг Д ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул зураг төслийн үнийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Шүүх хуралдаан дээр даргалагчаас Зургаа өгөхдөө актаар хүлээлцсэн үү гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О Актаар хүлээлцсэн зүйл байхгүй гэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болохоо тайлбарладаг. Мөн хэрэгт авагдсан байгаа К ХХК-ийн бланк дээр бичигдсэн Баталгаажуулах нь гэх 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/07 тоот албан бичиг дээр Д ХХК-ийн зүгээс гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй байдаг. Түүнчлэн хэрэгт авагдсан К ХХК-ийн төлбөр шаардсан гэх мэдэгдлүүдийг Д ХХК-д огт хүргүүлж байгаагүй. Иймээс ажлын үр дүнг Д ХХК-д актаар хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгчид ажлын хөлс нэхэмжлэх эрх үүсэхгүй, Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэснийхээ үр дүнд доголдолгүй үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь чанартай үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь чанаргүй буюу ажлын үр дүн доголдолтой байсан гэв.

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт 2018-06-29 нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээний 1.3,1.4 т зааснаар экспертээр баталгаажуулах ёстой байсан ч энэ баталгаажуулалтыг нь Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон, гарсан цагаасаа эхлэн үйлчлэхгүй л гэсэн үг. Ингээд зураг төсөлд магадлан итгэмжлэл хйигдээгүй тул зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт , алданги хүү нэхэх заалт байхгүй. Мөн ажлыг манайд биш Төмөрт инвестэд өгсөн байдаг, тэднийхээс хожим олж авчраад шүүхэд өгсөн байгаа, ажил нь доголдолтой гэж гэж үзнэ. Тодруулбал зургийг хийхдээ захиалагчийн даалгаваргүй зурсан, дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зураг төслийг хуулчихсан, газарзүйн хувьд өөр шүү дээ. Манай компанитай тохиролцож, харилцаж байсан зүйл байхгүй, иж бүрэн зураг төсөл өгөх ёстой атлаа цахилгаан, шугам сүлжээний зураг гэж байхгүй. гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх4/, тусгай зөвшөөрөл /1хавтас, хх5,6/, итгэмжлэл /1 хавтас, хх7, 99, 152, 213/, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ /1 хавтас, хх8/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №31/2018/003 тоот Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ/1 хавтас, хх9-13/, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ /1 хавтас, хх14, 15/, Хаан банкны дансны хуулга /1 хавтас, хх18,19/, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн К ХХК-ийн Баталгаажуулах нь баримт, шаардлага /1 хавтас, хх19, 20/, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 277/2019 тоот Барилга хөгжлийн төвийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт /1 хавтас, хх47-52/, өмгөөллийн гэрээ /1 хавтас, хх219, 220/, зураг төслийн үнийн задаргаа, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын зургийг хамтран гүйцэтгэх гэрээнүүд /1 хавтас, хх242-251, 2 хавтас хх1-12/, .

 

5. Хариуцагч Т ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх26, 55/, тайлбар /1 хавтас, хх27, 28/, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа шилжүүлэх гэрээ /1 хавтас, 67-71/, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцээрийн шийдвэр /1 хавтас, хх 86-89/.

 

6. Хариуцагч Д ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх30, 203/, хариу тайлбар /1 хавтас, хх 35/, итгэмжлэл /1 хавтас хх36, 2 хавтас хх29/, өмгөөллийн гэрээ /1 хавтас, хх 53, 54/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0399 тоот шийдвэр /1 хавтас, хх175-182/, мэдэгдэл /1 хавтас, хх 233-235, 2хавтас хх20/, зураг төсөл эх хувиараа 2 хавтас ,

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Барилга хөгжлийн төвөөс лавлагаа/2 хавтас, хх 26-28/, Дорнод аймгийн онцгой байдлын газраас лавлагаа /2 хавтас, хх 63, 64/, Онцгой байдлын ерөнхий газраас лавлагаа /2 хавтас хх 209,210/, Дорнод аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас лавлагаа /2 хавтас, хх 217-220/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоог шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан /2 хавтас, ХХ185-191/, .

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч нартай 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЭТ/2018/003 дугаар бүхий Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээг байгуулсан... 10,500,000 төгрөг төлсөн...зураг төслийг зохиож дуусах үүргээ зохих ёсоор биелүүлсэн хэдий ч үлдсэн төлбөр болох 47,700,000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлэхгүй байна... гэдэг.

 

3. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...гэрээ байгуулсан...ажлыг манайд хүлээлгэж өгөөгүй, нөгөө хариуцагчид өгсөн гэсэн...гэрээнд заасан мэргэжлийн баталгаажуулалт хийгдээгүй...ажил доголдолтой...хүү авах талаар тохиролцоо байхгүй... гэв.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...гэрээ байгуулагдсан...зураг төслийн ажлыг хүлээн авсан...гэрээний төлбөрт 10,500,000 төгрөг шилжүүлсэн...нөгөө хариуцагч үлдэгдлийг төлөх учиртай ... гэдэг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗТ/2018/003 дугаартай Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээг К ХХК, Д ХХК, Т ХХК нар байгуулсан байх ба тус гэрээгээр К ХХК нь гэрээний нөгөө талдаа Дорнод аймгийн Булган, Матад сумын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж буй Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр-ийн зураг төслийг боловсруулж өгөхөөр, ажлын хөлсөнд 58,200,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Тодруулбал зураг төсөлд барилга архитектур, барилга хийц, халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, ерөнхий төлөвлөгөө, технологи гэх ажлууд багтсан байх ба эдгээрийг гэрээний 1.3 дах хэсэгт товчилсон нэрийн жагсаалтын хамт тусгасан бол гэрээний 2.1 дэх хэсэгт 15,000,000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр, үлдэх 43,200,000 төгрөгийг зураг төсөл зохиож дууссаны дараа өгөхөөр болжээ.

4.2 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 500,000 төгрөгийг Т ХХК-аас нэхэмжлэгч тал руу шилжүүлсэн байх ба энэ талаар талууд маргаан байхгүй.

4.3 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2019/007 дугаартай Баталгаажуулах нь гэх баримтад Манай компанитай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/2018/003 тоот барилгын зураг төсөл боловсруулах гэрээний нийт үнийн дүн болох 58,200,000 төгрөгөөс урьдчилгаа 10,500,000 төгрөг авсан. Үлдэгдэл 47,700,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болно гэж бичсэн байх ба К ХХК, Т ХХК-иудын төлөөлөл гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагджээ.

4.4 Хэргийн 1 дүгээр хавтасны 47-52 дугаар талд 2019-03-28-ний өдрийн 277/2019 дугаартай Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт авагдсан байх ба уг дүгнэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-19-ний өдрийн 0399 дугаартай шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон байна.

4.5 Хэрэгт хариуцагч Д ХХК-аас Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн зураг төслийг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн байх ба тус зураг төсөл талуудын гэрээгээр тохирсон иж бүрдэлтэй зургуудыг агуулсан байна.

5. Зохигчид гэрээ байгуулсан, гэрээний төлбөрт 10,500,000 төгрөгийг Т ХХК төлсөн, үлдэгдэл 47,700,000 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар маргаан байхгүй, харин үлдэх төлбөрийг хэн нь төлөх талаар хариуцагч нар хоорондоо маргаантайгаас гадна Д ХХК нь тухайн зураг төсөл эд хөрөнгийн доголдолтой гэж тайлбарлана.

5.1 Талуудын байгуулсан дээрх зураг төсөл боловсруулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд, эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Уг гэрээг байгуулагдсан талаар хариуцагч нар маргахгүй байх тул гэрээний оролцогч гэж үзэх бөгөөд тохирсон ажлын хөлс төлөх үүргийг хариуцагч нар хамтран хүлээхээр байна.

Тодруулбал Д ХХК, Т ХХК нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байх ба К ХХК нь гэрээний дагуу зураг төсөл боловсруулж хүлээлгэн өгсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2019/007 дугаартай Баталгаажуулах нь нэртэй албан бичиг болоод Онцгой байдлын ерөнхий газрын 2018-10-24-ний өдрийн 207/М-54 дугаартай дүгнэлт/ 2 хавтас 209-210 , 2018-12-06-ний өдрийн Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 12-06-034-265 дугаартай дүгнэлт / 2 хавтас 219-220 хуу/ , Дорнод аймаг , Булган, Матад сум Д ХХК болон Т ХХК -н Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн эскиз, мөн халаалт агаар сэлгэлтийн ажлын зураг, талуудын тайлбараар нотлогдож байна.

5.2 Нэгэнт ажлын үр дүнг захиалагч тал хүлээн авсан байх тул гэрээний дагуу тухайн ажлын хөлсийг хариуцагч нар төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид байна гэж заасан байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд ажлын хөлс төлөх талаар хоорондоо маргаантай гэх тайлбар нь нэхэмжлэгчийн хөлс шаардах эрхэд нөлөөлөхгүй ба тухайн маргаантай асуудлаа хариуцагч нар тусдаа шийдвэрлэх нь зөв байна.

Тодруулбал хамтран үүрэг гүйцэтгэгч нар анхнаасаа 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗТ/2018/003 дугаартай Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээнд нөгөө талдаа төлөх ажлын хөлсний хуваарилалтыг хийгээгүй тул дараа нь тэдгээрийн хооронд маргаан гарсан эсэх асуудал нь нэхэмжлэгч талд хамааралгүй юм.

5.3 Дараагийн татгалзлын үндэслэл болж буй 2019-03-28-ний өдрийн 277/2019 дугаартай Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосон тул ажлыг хүлээн аваагүй гэж үзнэ гэх тайлбарын тухайд: Хэдийгээр тухайн дүгнэлт илт хууль бус захиргааны акт гэж шүүхээр тогтоогдсон боловч энэ нь тухайн байгууллагад Засгийн газраас магадлал хийх ажлыг зохион байгуулах эрх олгогдоогүй үндэслэлийг заасан байх ба тухайн магадлал хийхдээ тулгуурласан төрийн байгууллагуудын дүгнэлт, иж бүрдэл тус бүрийн төслийг үгүйсгэхгүй юм.

Өөрөөр хэлбэл зураг төслийн бүрэлдэхүүн болох барилга архитектур, барилга хийц, халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, ерөнхий төлөвлөгөө, техноологи гэх ажлуудыг К ХХК, Х ХХК, Ш ХХК, Бс ХХК , Э ХХК нар хийж гүйцэтгэсэн байхаас гадна төрийн байгууллагуудын буюу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2018-09-24-ний өдрийн Барилгын зураг төсөлд хяналт хийсэн 046/07 тоот дүгнэлт, Онцгой байдлын Ерөнхий газрын 2018-10-24-ний өдрийн 207/М-54 дугаартай дүгнэлт, 2018-12-06-ний өдрийн Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 12-06-034-265 дугаартай дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байна.

Түүнчлэн 2024-10-07-ний өдрийн 01/98 дугаартай Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны шинжээчийн дүгнэлтэд ...зураг төслийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан барилгын норм, дүрмийн дагуу хийгдсэн гэж дүгнэж байна гэжээ.

5.4 Ажил эд хөрөнгийн доголдолтой байна гэх тайлбараа хариуцагч Д ХХК нь ...хэрэгт авчирсан эх хувиараа зураг төсөлд цахилгааны цахилгаан шугам сүлжээний зураг байхгүй, агаар халаалтын зураг эх хувиараа бус хуулбар байна ... гэдэг бол нотлох баримт шинжлэн судлах явцад эдгээр зургийн иж бүрдэл Дорнод аймаг , Булган, Матад сум Д ХХК болон Т ХХК -н Үүдийн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн эскиз, мөн халаалт агаар сэлгэлтийн ажлын зурагт тусгагдсан байсан болно.

5.5 Хохирлын тухайд нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...үлдэх 47,700,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлөх ёстой байсан ба 2022-11-21 нийг хүртэлх 39 сарын 0,25 хувийн хүүгээр бодоход л 4,650,750 төгрөг болж байгаа.. гэх агуулгаар шаарддаг ба шүүх нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрийг хугацаандаа өгсөн бол хадгаламж байдлаар хуримтлал үүсгэж, хүүгээс ашиг олох боломжтой гэх ба шүүх хохирол гэж үзэх боломжгүй байна. Учир нь гэрээний үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч тал анхнаасаа мөнгө хадгалуулж, түүнээсээ хүүгийн ашиг хуримтлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй байх ба хохирол, зөрчлийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

6. Дээрхийг нэгтгээд хариуцагч Д ХХК, Т ХХК нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 47,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,650,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК, Т ХХК нараас 47,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,650,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,812 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК, Т ХХК нараас 396,450 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ