| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2022/0283/И |
| Дугаар | 213/МА2023/00001 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 213/МА2023/00001
*******ийн нэхэмжлэлтэй *******ад
холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 131/ШШ2022/00687 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө болох суудлын авто машины үнээс хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоон эх *******ээр тэжээн тэтгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 онд *******тай танилцан 2018 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 онд охин *******, 2018 онд охин ******* нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2021 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс 2 охин эцгийнхээ асрамжид амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул 2 охиныг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.Бидний дундын эд хөрөнгө болох Santa Fe суудлын авто машинаас 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулж өгнө үү...
Миний биеийг нялх биетэй байхдаа олон хоног архи уусан, мөнгөнөөс үүдэлтэй маргаан үүсгэсэн, ар гэрийн гунигт зовлонгоор тохуурхан доромжилсон гэж огт үндэслэлгүй худал гүтгэсэн байна. Бага охиноо 2 сарын хугацаатай орхиж яваагүй бөгөөд 7 хоног болоод өөрөө очиж авсныг миний 2 эгч түүний нөхөр гэрчилнэ. Охины гар хугарсан зүйл байхгүй бөгөөд энэ тухай нотлох баримт байгаа. Хоёр хүүхдийн мөнгийг миний бие хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээж хуримтлал үүсгэсэн байгаа. Баримт нь хэрэгт байгаа болно.
******* нь 2015 онд Номин холдинг ХХК-нд ажиллаж байхдаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. Тэр үед уучлаад эвлэрсэн байсан. Мөн эхнэр хүүхдүүдтэйгээ нэг оронд унтаж байхдаа охидын эрүүл ахуй ариун цэвэрт бохир гэдгийг ухамсарлахгүйгээр гар хангалга байнга хийж, ор хөнжлийн хэрэгслийг байнга бохирдуулдаг байсан. Энэ бохир заваан зуршил нь надад таалагддаггүй байсан бөгөөд энэ талаар нь хэлж ярьж ойлгуулах гэхэд яах нь миний эрх гэж ундууцан хүлээн авдаггүй маргаан үүсгэдэг байсан.
Улмаар энэ үйлдэл нь даамжирч цахим сүлжээгээр биеэ үнэлэгчтэй харьцдаг, мөнгө төлөн зураг бичлэг зэргийг авч үздэг болохыг санамсаргүй байдлаар олж мэдсэн. Өөрийн зүгээс гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд олон жил нөхрийнхөө энэ хийсэн алдаа, муу зуршил болгоныг тэвчиж уучилж ирсэн нь ингэтлээ гүтгүүлэхэд хүрсэн болов уу гэж бодож байна. Уг үйлдэл нь эцэстээ даамжирч байнга хардаж, бие махбод болоод эмэгтэй хүний нууц эрхтэнг хүртэл шалгаж, мөрдөж байсан нь эцэстээ хамт байхад тэсэж тэвчишгүй үйлдэл үг яриа гаргаж сэтгэл зүйн дарамт хүчирхийлэлд оруулах болсон нь гэр бүлийн маргааны гол шалтгаан нь энэ болно. Миний хувьд одоогоор Улаанбаатар хотод MSC ХК-нд тогтсон ажилтай, тогтмол орлоготой, аавынхаа хашаанд амьдарч байгаа. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулаад өсгөн хүмүүжүүлээд явах бүрэн боломжтой.
Миний хувьд хүүхдүүдээ хаяад орхиод явсан зүйл байхгүй. Эцэг нь хүүхдүүдийг хулгайгаар шахуу авч яваад Баянхонгорт ирсэн байсан. Би хаана байгааг нь мэдэхгүй байж байгаад нэхэмжлэл өгөх үедээ л мэдсэн. Түүнээс хойш хүүхдүүдтэйгээ утсаар ч ярьж чадахгүй байна. Хэргийн материалтай танилцах гэж өмгөөлөгчийн хамт ирэхдээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлж ярьж, гуйж байж хүүхдүүдтэйгээ нэг уулзсан. Иймд хүүхдүүдийн асрамжийг надад тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү..гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Талууд бол гэрлэлт цуцлалт дээр маргахгүй, хүүхдийн асрамж дээр маргалддаг. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ...хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгч бол хүүхдүүдээ өөрөө харж хандах боломжгүй ээж нь хорт хавдартай харж хандах болсон тул түр хугацаанд хүүхдүүдээ аавд нь өгсөн байдаг.
Энэ хугацаанд аав нь хүүхдүүдтэйгээ ээжийг нь уулзуулдаггүй, хүүхдүүдтэйгээ холбоо барих гээд шинэ утас аваад өгөхөөр хүүхдүүддээ утас бариулахгүй аав нь утсаа аваад барьчихдаг. Ээжийгээ нас барсны дараа хүүхдүүдээ авах гээд очиход хаана байгаа нь мэдэгдэхгүй, Баянхонгор аймаг руу бараг хулгайлаад аваад явсан байсан.
Хүүхдүүдээ хаана байгаа газар нь тодорхойгүй хайж байгаад Баянхонгор аймагт байгааг нь олоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянхонгор аймагт очоод хүүхдүүдтэй нь уулзуулахгүй утсаар ярьж байж уулзсан. Цаашид миний үйлчлүүлэгч хүүхдүүдээ харж хандаад явах ахуйн нөхцөлийн хувьд бүрэн боломжтой, аавынхаа хашаа байшинд амьдардаг мөн Эм Си Эс ХХК-д ажилладаг, байнгын тогтмол орлоготой байгаа.
Хариуцагч нь ажил хийдэг талаар тодорхойлолт гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлдөггүй юм байна. Иймээс ажил хийдэг эсэх нь тодорхойгүй тул цаашид хүүхдүүдээ тэжээн тэтгэх чадваргүй гэж харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтээр бол хүүхдүүд ээжийгээ маш их санадаг, ээжтэйгээ байх хүсэлтэй гэж гарсан байдаг. Мөн хариуцагч бол хүүхдийн хүмүүжлийн талаар анхан шатны мэдлэггүй гэж гарсан бөгөөд хүүхдүүдэд сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байж магадгүй гэж харагдаад байгаа.
Хэрэв аавтайгаа илэн далангүй, ямар нэг байдлаар дарамталдаггүй байсан бол ээжтэйгээ уулзмаар байгаа сэтгэгдлээ илэрхийлэх байсан байх. Бид нар Баянхонгор аймагт очоод хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэхэд гэрийн хаягаа зааж өгөхгүй, утсаар ярьж хууль тайлбарлаж хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй талаар хэлж байж уулзуулсан байдаг. Хариуцагч нэхэмжлэгчийг иргээд надтай нийлэхгүй бол би чамтай хүүхдүүдээ уулзуулахгүй гэж хэлж байсан, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодоод байна.
Охин хүүхдүүд ээжтэйгээ хамт өсөж бойжих нь зүйтэй, ээж нь хүүхдүүдээ эерэг хандлагаар хүмүүжүүлэх боломжтой нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байна. Хариуцагчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдлыг тухайн үед нь гаргаагүй байж тайлбар гаргаад байна.
Тухайн шинжээчийн дүгнэлт бол шүүхийн шийдвэр гарахад нотлох баримтын шаардлага хангахаар харагдаж байна. Хүүхдүүдийн саналаас харахад ааваасаа айгаад аавынхаа тэгж хэлээрэй гэсэн үгийг хэлсэн байх магадлалтай тул шүүх шийдвэр гаргахдаа хүүхдийн саналыг үндэслэл болгохгүй байгаасай гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр бидний хоорондын маргаанаас үүдэлтэй эгчийнх рүүгээ явсан Тухайн үед бага охин ******* нэг ой гарантаа, хөхөөр хооллодог, том охин ******* 5 настай байсан. Миний бие 2 охинтойгоо 2 сар гаран амьдраад нялх, хөхнөөсөө гараагүй байсан тул ээж нь үгүйлэгдэх байх гээд 2 охиноо *******т хүргэж өгсөн. Тухайн үед ******* нь хүргэн ах, эгч, хүүхдүүдийнх нь хамт түрээсийн байранд амьдарч байсан. Удалгүй 3 сар гаруйн дараа 2 хүүхдээ чи ирж ав, би өсгөж чадахгүй гэсний дагуу би охидоо авсан.
Миний бие 2020 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос нүүн ирж Баянхонгор аймагт хашаа худалдан авч, охидоо сургууль, цэцэрлэгт оруулан амьдрах орчноо бий болгон өөрөө ажилд орон нийгэмд байр сууриа олж сайхан амьдарч байна. Миний охид эрүүл саруул өсөн бойжиж, миний аав, ээжтэй ойр дотно ээнэгшин дассан ба хайр халамжаар дүүрэн амьдарч байна.
******* хаана хэнтэй амьдардаг болон ажил хийдэг эсэхийг би мэдэхгүй.
Түүнчлэн хоёр хүүхдийн төрөөс олгодог хүүхдийн мөнгийг авч өөрийн амьжиргаандаа зарцуулдаг. Ээжийн үүргийг биелүүлж байгаагүй ба охидтойгоо огт ярьдаггүй. Бидэнтэй холбоо тогтоож байсангүй. Хүүхэд эд хөрөнгө, эд зүйл бишээ. ******* нь нялх охидыг минь танихгүй, гэр бүл нь биш хүмүүстэй хамт амьдруулахаар авна, сургууль цэцэрлэгтээ дассан орчныг нь дахин өөрчлөх гэх нь хэрцгий үйлдэл гэж бодож байна.
Бидний гэр бүл цуцлагдсан ч цаашид ээж байх үүргээ ухамсарлан охидтойгоо харилцаа холбоотой байж, ээжийн хайр халамж мэдрүүлэхийг *******ээс хүсэж байна. Ухаан орсон цагаас надтай өсөж торнисон охидоо өөрөөсөө салгахгүй, аав хүний хувьд эмэгтэй хүүхдүүдийг айлд өсгөх, бусдын гэр бүлд даатгах саналгүй байна. Дасаагүй орчинд танихгүй хүмүүстэй бага насны хүүхдүүд ойлголцохгүй. Эндээс хүчирхийлэлд өртөх болно.
Иймд *******, ******* нарыг эцэг миний асрамжид үлдээж, хүүхдүүдийг эх *******ээр тэжээн тэтгүүлж өгнө үү.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин охин *******, ******* нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд охидууд маань миний асрамжид өсөж байгаа бөгөөд миний бие 3-11-1121 тоотод өөрийн өмчлөлийн газар, хашаанд хүүхдүүдийн хамт амьдарч байна.
Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулсан, хүүхдүүд найз нөхөдтэй болж тухайн орчиндоо дассан байгаа юм. Би одоогоор барилгын компанид цахилгаанчнаар ажилладаг цалин орлоготой тул хүүхдүүдээ тэжээн тэтгэх бүрэн боломжтой юм. ******* нь 2020 оны 07 сараас хойш хүүхдүүдтэйгээ уулзаагүй, холбоо бариагүй бөгөөд Улаанбаатар хотод 2 сар тусдаа амьдарч байх хугацаанд хаяа ирэхээрээ хүүхдүүдтэйгээ харьцдаггүй, амттай юм авчирч өгөөд унтаад явдаг байсан. Солонгосоос найз нь ирсэн гээд 7 хоног орчим архи ууж гадуур явсан. Надад тохиолдсон уй гашууг үл тоон хэл амаар доромжилсон зэргээс болж тусдаа амьдрах болсон. Миний хувьд архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Бэлгийн гаж дур сонирхол байхгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтийн гэрчилгээгээ батлуулаад 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин *******, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бага охин ******* нар төрсөн байна.
Гэрлэгч нар нь 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар нотлогдож байгаа бөгөөд гэр бүл цуцлуулахаа харилцан зөвшөөрсөн, гэрлэгчид хуульд заасан үүргээ биелүүлээгүй 3 жил өнгөрсөн тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тухайд бол бага насны хүүхдүүд болох том охин нь 8 нас 3 сартай, бага охин 4 нас 5 сартай сүүлийн 3 жил аавтайгаа хамтдаа амьдраад, өсөж бойжиж сургууль, цэцэрлэгтээ явж байна.
Ээж нь хүүхдүүдээ асаргаа сувилгаа хэрэгтэй үед нь орхиж явчхаад шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасны дараа хүүхдүүдтэйгээ уулзсан байдаг. Хүүхдүүдэд ээнэгшин дассан газар, хайртай хүмүүсийнх нь анхаарал халамж, харилцан ойлголцол чухал байдаг. Том охин нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Соого-Сейко сургуульд 3-р ангид сурдаг, бага охин******* нь Баян-Ойт цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг.
Мөн тэдний эрүүл өсөж бойжиж байгаа талаар Оточ Номгон өрхийн эмнэлгийн тодорхойлолтод авагдсан. Тэдгээрийн оршин сууж байгаа газрын Засаг даргын тодорхойлолтоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р баг 8-17 тоотод оршин суудаг талаар тодорхойлсон бөгөөд тухайн газрыг бага охины нэр дээр өмчлүүлсэн, өөрсдийн амьдрах гэр оронтой болох нь тогтоогддог. ******* нь Хаш гоёо ХХК-д ажилладаг, сарын цалин 1,000,000 төгрөг тогтмол орлоготой, хүүхдүүдийн анхны хэрэглээг тогтоох бүрэн боломжтой нь хэрэгт авагдсан Хаш гоёо ХХК-ийн тодорхойлолт, дансны хуулгаар нотлогдоно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүргүүдийг хуульд заасны дагуу аав байх үүргээ ухамсарлан биелүүлдэг нь харагдаж байна. ******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй ухамсарлаагүй байж болох юм, бага насны хүүхдүүд асаргаа сувилгаа ихтэй үед нь аав дээр орхиод явчихсан *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
*******ийн оршин суугаа хаягийн хувьд тодорхойгүй, нэхэмжлэл гаргасан хаяг нэр өөр, шинжээчийн дүгнэлтийн баг очоод судалгаа хийхэд бас өөр хаягтай байдаг. Тус хаяг дээр 7-8 тооны хүн амьдардаг ийм орчинд хоёр бага насны хүүхэд очихоор дасах уу, бусад хүмүүсийн нөлөөллийг хэрхэн хүлээж авах бэ гээд хүүхдийн ирээдүйд анхаарах нь зүйтэй. Хүүхдүүдийн төрөөс олгодог хүүхдийн мөнгийг дансанд байршуулдаг талаар дансны хуулга гаргаж өгдөг боловч хадгаламж барьцаалаад зээл авсан нь өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа нь харагддаг.
Сар бүр өгдөг хүүхдийн мөнгө бол хүүхдэд шим тэжээлтэй хоол авах, наад захын хэрэгцээг хангах зориулалттай байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд аавтайгаа хамт амьдарсан хүүхдүүдийг авах гээд байгаа шалтгаан нөхцөлийг ойлгохгүй, амьдрах орчин нөхцөл тодорхойгүй байна.
Хэрэгт хүүхдийн санал авагдсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус зааснаар хүүхэд эцэг, эхийн аль нэгтэй хамтран амьдрах шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болох байх, бага охин******* нь эхийн хайраар өсөөгүй, эхийн хайрыг эгчийнхээ хайраар ойлгодог байж магадгүй, бага насны хүүхдүүдийн оршин суугаа газрыг өөрчлөх нь дасан зохицохдоо сэтгэхүй өөрчлөгддөг, дахин шинэ орчинд очоод ээнэгшин дасахад удаан байдаг. Ингээд ойлголцохгүй болоод ирэхээрээ хүчирхийлэл үүсэх нөхцөл нь бүрддэг тул эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бол шинжээчийн дүгнэлттэй танилцаад манай талыг гомдол гаргаагүй талаар тайлбарласан, манай талаас яагаад шинжээчийн дүгнэлтийг дахин томилуулаагүй юм бэ гэхээр хүүхдийн асрамжийг тогтоолгоход дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу нотлох баримтуудыг сөрөг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн байгаа.
Мөн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахад Нийслэлийн гэр бүл, залуучуудын хөгжлийн газраар гаргуулдаг тул холбогдох судалгааг хийж үзэхэд 2,000,000 гаран төгрөгийн зардал гарахаар байсан учир бид энэ мөнгийг хүүхдүүддээ зарцуулах нь илүү гэж үзээд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т ...Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ... гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...1. Шүүх үндэслэл хэсэгтээ гэрлэлт цуцалснаас үүдэн хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-т заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэжээ гэж үндэслэсэн боловч нэхэмжлэгчийн ахуйн байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. өөрөөр хэлбэл Н. ******* нь өөрийн гэсэн орон байр тодорхой эрхэлсэн ажилгүй.
Сүүлийн жилүүдэд эх байх үүргээ огт биелүүлээгүй хүүхдүүд зөвхөн эцэг буюу хариуцагч *******ын асрамжид өсөж бойжиж хүмүүжиж байсан Эцэг нь хүүхдүүдийг өсгөх хүмүүжүүлэх амьдрах орчныг бүрдүүлж хүүхэд өсгөж хүмүүжүүлж тодорхой орлоготой тогтмол ажил төрөлтэй эдийн засгийн байдлыг харгалзан үзсэнгүй. Зөвхөн эмэгтэй хүн ээж гэдэг талаас нь дүгнэж шийдвэр гаргасан нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах , эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргасан гэж байгаа боловч Баянхонгор аймгийн гэр бүл хүүхэд хөгжлийн газрын 2022 оны 08-р сарын 03-ны өдрийн 361 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байх ба хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон шийдвэрлэв гэжээ.
Энэ нь ямар ч үндэслэлгүй байна өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд ******* нь хүүхдүүдийг асрах тэтгэх санхүүгийн эрх чөлөөгүй мөн сүүлийн жилүүдэд хүүхэд асрахад ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлээгүй хүүхдүүдтэйгээ ирж уулзаж байгаагүй асарч чадахгүй байна гэх үндэслэлээр Эцэг ******* надад хүүхдүүдээ өгч байсан зэргээс үндэслэхэд ******* нь хүүхдүүдэд зөв боловсрол эрүүл аюулгүй орчинд хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд эргэлзээтэй байна. Шүүх Зөвхөн хүүхдүүд ээжээ санасан гэх үндэслэлээр асрах эрхийг өгч байгаа нь ямар ч үндэслэлгүй байна.*******ын хувьд хүүхдүүдээ хэзээ ч эхтэй уулзуулахгүй гэж хориг саад тавьж байгаагүй бөгөөд харин ч ирж уулз гэхэд огт ирээгүй бөгөөд нэг ч удаа хүүхдүүдээ асран тэтгээгүй байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв бүх талаас нь үнэлээгүй. Нотлох баримт гүйцэт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн гэж дүгнэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 07-ны өдрийн дугаар 131/ШШ2022/00687 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь:
Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийнхээ асрамж, тэтгэлгийг тогтоолгож дундын эд хөрөнгө болох суудлын авто машины үнээс хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа дундын эд хөрөнгө суудлын авто машины үнээс хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзсан, хариуцагч ******* гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган маргаан үүсгэжээ.
Нэхэмжлэгч *******,хариуцагч ******* нар нь гэрлэлтийн гэрчилгээгээр холбогдсон гэрлэгчид байсан бөгөөд 2018 оны 06 сарын 04-ний өдөр охин *******, 2014 оны 06 сарын 20-ны өдөр охин ******* нарыг төрүүлсэн, одоо эцэг *******ын асрамжид эрүүл энх өсөж, суралцаж байгаа болох нь оршин суугаа газрын засаг даргын болон өрхийн эмнэлэг, Соого Сейко сургуулийн болон Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх “...гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан ...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ үндэслэлээ нэхэмжлэгч хангалттай нотлоогүй ч зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, тусдаа амьдраад тодорхой хугацаа болсон, харилцан эвлэрэхгүй гэсэн тул шүүх зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн, энэ асуудлаар маргаангүй байна.
Харин гэрлэгчдийн дундаас төрсөн 4 настай охин *******, 8 настай ******* нарыг эцэг ******* нь өөрийн асрамждаа авч эх *******ээр тэжээн тэтгүүлэхийг хүссэн *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж эцэг *******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Бага насны хүүхдүүд *******, ******* нар нь одоо *******тай хамт амьдарч байгаа талаар хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа хэдий ч Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 08 сарын 03 ны өдрийн шинжээчийн багийн 361 дүгээр дүгнэлтээр хүүхдүүдийн ээнэгшил дасал нь эцэг *******ад илүү байгаа ч охин *******, ******* нар ээжийгээ маш их санадаг, ээжийн орон зай үгүйлэгддэг, ээжтэйгээ удаан хугацаанд хамт байгаагүй нь хүүхэд ээжийн ээнэгшил дасалгүй байгаад нөлөөлж болзошгүй... зэргээр дүгнэсэн болон бага насны хүүхдүүдэд эхийн хайр халамж нэн шаардлагатай төдийгүй эх ******* нь Улаанбаатар хотод MCS Coco Cola ХХК-нд сарын 1.350.000 төгрөгийн цалинтай, хүүхдүүдийн нэр дээр төрөөс олгодог тэтгэмжийг хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээн хуримтлуулсан зэрэг нөхцөл байдлуудыг шүүх хүүхдийн асрамж тогтоохдоо харгалзан эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Нөгөө талаар цаг хугацаа, амьдралын явцад эх ******* нь хүүхдүүдээ өөрийн асрамждаа авч,тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй бол хариуцагч ******* нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хариуцагч *******ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 131/ШШ2022/00687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч *******ын Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР