Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/80

 

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ч.Батзориг

Нарийн бичгийн дарга: Н.Ням  

     Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч О овогт Б-ын О-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827002140084 дугаартай, 146/2018/0072/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн .......... тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...... регистрийн дугаартай, О овогт Б-ын О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ө.Э-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ө.Эыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.  Үүнд:

Шүүгдэгч Б.О 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Ц гэх таньдаг эмэгтэйн гэрт очсон. Тэгээд П.Цтай хамт гадагш гарах гээд орцны үүдэнд зогсож байхад П.Цын нөхөр Ө.Э машинтай давхиж ирсэн. Би Ө.Э гэх залууг таньдаггүй байсан. П.Ц нь Ө.Э ирлээ гэж хэлсэн. П.Ц-ын нөхөр шууд над дээр хүрч ирээд барилцаж аваад намайг шууд мөргөсөн. Тэр бид хоёр барилцсан байхдаа би газарт унасан. Тэгсэн П.Ц дундуур орж Ө.Э бид хоёрыг салгасан. Би газраас босоод шууд машин руугаа гүйгээд кабиндаа ороод суусан. Тэгсэн араас Ө.Э хүрч ирээд намайг машинаас татаж гаргасан. Би машинаас татагдаж гарахдаа хаалганы армаанаас улаан, цагаан алагласан иштэй хутгыг авсан, тэрхэн зуурт П.Ц бас дундуур орж салгасан. П.Ц, Ө.Э хоёрыг надаас бага шиг зайд холдсон байхад машинаас авсан хутгаараа Ө.Э-ын зүүн хөлийн гуяны гадна дунд хэсэгт нэг удаа чичсэн. Тэгсэн гуя руу хутга орсон байсан. Ө.Э-ыг айлгах санаатай газраас босонгуутаа хутгаар нэг удаа чичсэн юм. Би машинаас татагдаж гарах үедээ Ө.Э-ыг хутгалаагүй, машинаас татагдаж гараад газарт унасан, тэгээд босоод Ө.Э-ыг хутгалсан. Ө.Э-аас салсан байхдаа түүнийг хутгалсан. Би бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Түүнээс өөрийн үйлдлийг мэдэхээ байтлаа согтсон зүйл байгаагүй. Би гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Зун аялал зугаалгаар ойр зуур хэрэглэхдээ авч явдаг хутга юм. Би хутга хаясан газраа өөрөө зааж өгч хутгаа олуулсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

Хохирогч Ө.Э-ын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байх гэртээ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүүхдүүдтэйгээ байж байтал Б.О-ийн эхнэр гэх эмэгтэй утсаар над руу залгаж яриад манай нөхөр Б.О танай эхнэртэй хамт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу билээ гэж бодоод, уур ч хүрэх шиг гомдох шиг болоод хүүхдүүдээ хадам аавындаа үлдээчхээд Есөн зүйл сум руу өөрийнхөө эзэмшлийн машинтай ганцаараа гарч давхиад 10 дугаар сарын 08-ны өдрийн 22  цагийн үед очсон. Сум ороод Есөн зүйл суманд байдаг гэртээ шууд очихоор явсан. Байрныхаа гадаа машинаа зогсоож унтраачхаад байрны орц руу чиглээд алхсан. Тэгсэн  манай эхнэр П.Ц, Б.О хоёр орцны  үүдэнд зогсож байсан. Тэр үед уур хүрээд шууд Б.О-ийг барьж авахад тэр урдаас барьцалдаж авсан. Тэгэхээр нь шууд татаж ирээд мөргөсөн. Б.О бид хоёрыг зууралдаад ноцолдож байхад П.Ц салгасан. Б.О машин руугаа явсан. Би араас нь очоод машиндаа суусан байхад нь хувцасны мөрнөөс нь татаад гаргасан. Тэр үед манай эхнэр П.Ц намайг Б.О-ээс салгаад жаахан холдуулсан. Намайг эхнэр П.Цтай маргаад зогсож байхад Б.О миний зүүн гуя руу хутгалчих шиг болсон. Би хутгалчихлаа гэж мэдээд цагдаад дуудлага өгөхөөр явах гэсэн эхнэр П.Ц миний хажууд орж суусан. Б.О нь машинаас татагдаж гарах үедээ намайг хутгалаагүй. Харин машинаас гарчихсан хойноо тодорхой хугацааны дараа хажуугаас зүүн гуянд хутгалсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч П.Ц-ын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Ө.Э Б.О-ийг нэг удаа толгойгоороо мөргөсөн. Би дундуур нь орж салгасан. Зууралдаж байхдаа Б.О газар унаад би салгасан чинь зугтаад машиндаа суусан. Тэгсэн чинь Ө.Э очоод машинаас татаж гаргасан. Би дахиад салгаад хооронд нь холдуулаад Ө.Этай юм яриад зогсож байсан чинь гэнэт хажуугаас нь Б.О ирэх шиг болсон чинь Ө.Э дүрчихлээ шүү дээ гээд цагдаад хэлнэ гээд машиндаа суусан гэжээ.  /хх-ийн 21-23-р хуудас/

Гэрч Д.Г-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...Тэр машинаас нэг залуу хашхираад гүйгээд нөгөө байрны коридор руу орсон. Удалгүй Б.О-ийн нүүрнээс цус гарчихсан нөгөө орилоод орсон залуутай заамдалцаад зууралдсан гарч ирсэн. Тэгсэн чинь П.Ц эгч тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Б.О гүйж ирээд машиндаа суусан чинь араас нь нөгөө залуу хүрч ирээд ална гээд Б.О-ийг татаад буулгасан чинь нөгөө залуу нь намайг хутгаар дүрчихлээ гээд орилсон. Тэгэхэд харсан чинь Б.О нэг хутга барьсан байсан. Цагаан өнгийн хутга мэт үзүүртэй зүйл барьсан байсан гэжээ.  /хх-ийн 34-36-р хуудас/

Гэрч Б.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...Б.Оийн нүүрнээс цус гарчихсан нөгөө орилоод орсон залуутай заамдалцаад зууралдсан гарч ирсэн. Тэгсэн чинь П.Ц эгч тэр хоёрыг салгасан. Б.О ах гүйж ирээд машиндаа суусан чинь араас нь нөгөө залуу хүрч ирээд ална гээд Б.О-ийг татаад буулгасан чинь нөгөө залуу нь намайг хутгаар дүрчихлээ гээд орилсон. Нөгөө залуу цагдаа дуудна гээд өөрийнхөө цагаан машинд суусан чинь П.Ц очоод машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авах гээд булаацалдаад байсан. Тэгэхээр нь Д.Г бид хоёр Б.О ахыг машинд нь суулгаад Д.Г машиныг жолоодож сургуулийн цаагуур тойрсон. Б.О ах буцаж очъё гээд байхаар нь буцаад, эргээд явж байтал Б.О ах замдаа ертөнцийн зүгээр зүүн хойд талд явж байхад машины цонх онгойлгоод гартаа барьсан байсан хутгаа хаясан. Тэгээд байрны үүдэнд нь буцаад очсон чинь тэнд хүнгүй байсан гэжээ.  /хх-ийн 31-33-р хуудас/

Гэрч Д.С-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...Би 2018 оны 10 дугаар сарын 08-нас 09-нд шилжих шөнө жижүүрийн сувилагчаар ээлжтэй хоносон юм. Тухайн шөнийн 00 цаг өнгөрч байхад Ө.Э гэж залуу зүүн талын гуяндаа хутгалуулсан гээд хэсгийн төлөөлөгч Э.Ууганбаатартай хамт ирсэн. Би Ө.Э-ын хутгалуулсан шархны гүнийг “мэсний” гэдэг багажаар хэмжиж үзэхэд 1.5 см гүнтэй байсан тэгээд оёдол тавих гэсэн Ө.Э оёдол тавиулахгүй, эм тариа хийлгэхгүй гэхээр нь үйлчлэгч С.Баасангийн хамт боолт хийж өгөөд явуулсан гэжээ.  /хх-ийн 43-44-р хуудас/

Гэрч С.Б-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...Би 2018 оны 10 дугаар сарын 08-нас 09-нд шилжих шөнө ажил дээрээ жижүүрийн үйлчлэгчээр ээлжтэй хоносон юм. Тухайн шөнийн 00 цаг өнгөрч байхад Ө.Э гэдэг залуу зүүн талын гуяндаа хутгалуулсан гээд эхнэр П.Ц болон хэсгийн төлөөлөгч Э.Ууганбаатар нарын хамт ирсэн гэжээ.  /хх-ийн 41-42-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 629 тоот дүгнэлтэд: Үзүүлэгч Ө.Эын биед зүүн хөлийн гуя хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл  нь хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Иймд шүүгдэгч Б.О-ийг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Ө.Эт шүүгдэгч Б.О-ээс нэхэмжилсэн зүйлгүй болох нь хохирогчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/ -ээр тогтоогдож байна.

          Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

                Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алаг иштэй, ягаан өнгийн цэцэгтэй, Bass гэсэн бичигтэй 1 ширхэг хутгыг устгаж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

                Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Оийн эзэмшлийн зурагт, хөргөгчийг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Б-ын О-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алаг иштэй, ягаан өнгийн цэцэгтэй, Bass гэсэн бичигтэй 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгч Б.О-ийн эзэмшлийн 32 инчийн зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхгийг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.О-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА