Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 799

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч С.С, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт С.С, А овогт С.Т нарт холбогдох эрүүгийн “1811025980942” дугаартай, 186/2018/0876/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Өндөр бар” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 9-450 тоотод оршин суух бүртгэлтэй, Ч овогт С.С /РД: ................/,

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Өнө орд” ХХК-нд өрлөгчин ажилтай, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-14 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд     Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, А овогт С.Т /РД: ….................../,

Холбогдсон хэргийн талаар;

С.Төмөрхуяг, С.С нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 захын зүүн талд иргэн Д.Отгон-Эрдэнийг зодож, түүний биед зүүн дээд 2  шүдний булгарал, буйланд цус хуралт, эрүүнд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 1.1. Шүүгдэгч С.С нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч С.Тнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

             2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Отгон-Эрдэнийн:...миний хувьд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Нарантуул 2 захын зүүн талын уулзвар дээр Хайлааст явдаг зам дээр Тулгаа гэх залууг согтуу 3 залуу миний харснаар 3 талаас 3 барьчихсан цохиж байх шиг харагдахаар нь очоод чи хүн аллаа гээд салгатал Тулгаа шууд зугтаасан. Гэтэл цагаан майктай залуу чи илүү шүү дээ гээд миний нүдрүү баруун гараараа цохисон тул хойшоо унаад босох гэтэл бараан цамцтай залуу намайг үсдэж газар унагаад миний нүүр лүү өшиглөсөн тул би цагаан майктай залуугийн хөлөөс нь зуурч автал хөлөө сугалж босоод бараан цамцтай залуугийн хамтаар миний нуруу, бөөр лүү өшиглөсөн гэх мэдүүлэг.        /хх 13-14/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Галбадрахын:....Сод-Эрдэнэ, Төмөрхуяг нар хохирогч гэх Отгон-Эрдэнийн хажуугаас холдож байсан. Гэтэл хохирогч Отгон-Эрдэнэ нь Сод-Эрдэнэ, Төмөрхуяг хоёр луу заагаад шүд уначихлаа гэсэн гэх мэдүүлэг. /хх 31-32/,

2.3. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11216 тоот актын: 

1.2. Д.Отгон-Эрдэнийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх  дүгнэлт. /хх-34/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас шинжээч эмчийн дүгнэлт, 13-14 дүгээр хуудас хохирогч Д.Отгон-Эрдэнийн мэдүүлэг, 15-16 дугаар хуудас хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг, 22-23 дугаар хуудас яллагдагч С.Сод-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлэг, 28 дугаар хуудас яллагдагч С.Төмөрхуягийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 31-32 дугаар хуудас гэрч М.Галбадрахын мэдүүлэг, 88-89 дүгээр хуудас яллагдагч С.Сод-Эрдэнийн мэдүүлэг, 93-94 дүгээр хуудас С.Төмөрхуягийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.  

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

             Шүүгдэгч С.Т, С.С нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 захын зүүн талд иргэн Д.Отгон-Эрдэнийг зодож, түүний биед зүүн дээд 2  шүдний булгарал, буйланд цус хуралт, эрүүнд цус  хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Д.Отгон-Эрдэнийн:...миний хувьд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Нарантуул 2 захын зүүн талын уулзвар дээр Хайлааст явдаг зам дээр Тулгаа гэх залууг согтуу 3 залуу миний харснаар 3 талаас 3 барьчихсан цохиж байх шиг харагдахаар нь очоод чи хүн аллаа гээд салгатал Тулгаа шууд зугтаасан. Гэтэл цагаан майктай залуу чи илүү шүү дээ гээд миний нүдрүү баруун гараараа цохисон тул хойшоо унаад босох гэтэл бараан цамцтай залуу намайг үсдэж газар унагаад миний нүүр лүү өшиглөсөн тул би цагаан майктай залуугийн хөлөөс нь зуурч автал хөлөө сугалж босоод бараан цамцтай залуугийн хамтаар миний нуруу, бөөр лүү өшиглөсөн гэх мэдүүлэг.        /хх 13-14/, гэрч М.Галбадрахын:....С, Т нар хохирогч гэх Отгон-Эрдэнийн хажуугаас холдож байсан. Гэтэл хохирогч Отгон-Эрдэнэ нь С, Т хоёр луу заагаад шүд уначихлаа гэсэн гэх мэдүүлэг. /хх 31-32/,  Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11216 тоот актын:   Д.Отгон-Эрдэнийн биед зүүн дээд 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн  дүгнэлт. /хх-34/, болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч    С.С, С.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Отгон-Эрдэнэ нь шүүгдэгч С.С, С.Т нартай  эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч С.С, С.Т нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус  тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Ч овогт С.С, А овогт С.Т  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.С, С.Т нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.С, С.Т нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С, С.Т нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.С, С.Тнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ