Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 213/МА2023/00002 

 

*******гийн нэхэмжлэлтэй Баянхонгор

аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын

сургуульд холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2022/00669 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Миний бие Бууцагаан сумын Буянт-Эрдэм 12 жилийн сургуульд 1988-2015 он хүртэл тасралтгүй 27 жил, 01 сар 16 хоног бага ангийн багшаар ажилласан. 2015 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн. Одоо би Бууцагаан сумын ЕБС-ын дотуур байрны багшаар ажиллаж байна.

2023 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүснэ. Тэгээд би сургуульдаа хандан дараа жил тэтгэврээ тогтоолгоно, тэтгэмжээ авна миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Сургууль миний асуудлыг судалж үзээд Баянхонгор аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газарт миний хүсэлтийг уламжлан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар миний бичиг баримтыг явуулсан боловч нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж байна гэж манай сургууль надад хариу өгчээ.

Тэгээд миний бие аймгийн Боловсролын газар, БСШУЯ, аймгийн Төрийн санд хандан өргөдөл гомдол гаргасан бөгөөд Боловсрол шинжлэх ухааны газар 2022 оны 06 сарын 10-ны өдөр надад албан ёсоор хариу өгсөн.

Хариу нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-д Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад нь энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасны дагуу сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан нөхцөл хангагдаагүй гэж үзэн тэтгэмжийг авах эрхгүй гэснийг зөвшөөрөхгүй байна.

Миний бие Бууцагаан сумын сургуульд тасралтгүй 27 жил ажилласан тул хуульд заасан тэтгэмж авах шаардлагыг хангасан гэж үзэж байна. Би энэ асуудлаар БСШУЯ-нд хандахад яамны төрийн нарийн бичгийн даргаас нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрхтэй гэсэн хариу өгсөн. Яамны мэргэжилтэн нь аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд заавар чиглэл өгсөн ч хүлээн авахгүй, шүүхэд ханд гэж надад хүндрэл учруулж байгааг ойлгохгүй байна.

Сургуулийн зүгээс надад тэтгэмж өгөх асуудлыг дэмжиж жилийн төсөвт суулгах хүсэлт гаргадаг ч аймгийн Боловсролын газар хүлээн авахгүй байгаа юм. Нэхэмжлэлд шаардсан мөнгөн дүнг миний бие Бууцагаан сумын сургуулийн нягтлан бодогчоор тооцоолуулан гаргуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь тус Ерөнхий боловсролын сургуульд 1988 оноос 2015 он хүртэл тасралтгүй 27 жил бага ангийн багшаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тухайн үед тэтгэвэрт гарах нас болоогүй байсан.

******* нь тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байгууллагаасаа тэтгэврээ тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг олгуулах хүсэлт ирүүлснийг судалж үзэн 2022 оны 4 дүгээр  сарын 02- ний өдрөөс эхлэн дотуур байрны багшаар томилон ажиллуулж тэтгэмжийн материалыг бүрдүүлэн Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс Боловсрол хариуцсан мэргэжилтэнд явуулсан боловч ажилласан нөхцөл хангагдаагүй учир тэтгэмж суугдахгүй, болохгүй гэсэн хариу ирүүлсэн учир багш Болормаа нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдэн хариуцагчаар Ерөнхий боловсролын сургуулийг татсан байна.

Ерөнхий боловсролын сургууль нь тухайн тэтгэмжийг төсөвт суулгадаг эрх бүхий бүхий байгууллага биш гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч *******гийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын цалинтай тэнцэх 30473793 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг төсөвт суугдсан тохиолдолд олгож болно. Мөнгөн дүн дээр маргах зүйл байхгүй цалингийн дундаж бодох аргачлалаар бодсон байгаа..гэв. 

Анхан шатны шүүх: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөгийн шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусган, *******д олгохыг хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310318 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 310318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч  *******  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн *******гийн нэхэмжлэлтэй иргэнийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ******* миний бие оролцож байна. Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 131/ШШ2022/00669 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн *******гийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой гарсан 131/ШШ2022/00669 тоот шийдвэр нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах;”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.

Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” хэсгийг тус тус үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөг олгохоор гаргажээ.

1.Шүүхийн шийдвэрийн үндэслэлд авсан Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 57.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 57.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мөн хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.4.1, Соёлын тухай хуулийн 22.1.1, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 21.1.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасны дагуу олгох мөнгөн тусламжийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн олгоно." гэсэн заалтыг зөрчсөн буюу өөр хууль хэрэглэсэн.

2.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Төрийн албан хаагчид энэ хуулийн 60.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно” заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”- д заасан сүүлийн 36 сар тасралтгүй ажилласан төрийн албан хаагчид олгох өндөр насны тэтгэвэрт гарсны нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2015 онд төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд олгохоор шийдвэрлэсэн нь мөн өөр хууль хэрэглэсэн.

3.Төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль байсаар байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 03/236 албан тоотыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр зөвхөн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

4.2015 онд өвчний учир төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд 2022 оны Засгийн газрын 107 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

5.Иргэн ******* нь Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшаар 2022 оны 04 сарын 02-ны өдөр томилогдсон сүүлийн 36 сар тасралтгүй ажиллаагүй нь нэхэмжлэл болон холбогдох нотлох баримтаар нотлогдсон байхад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа МУ-ын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолд заасан шалгуурыг хангаагүй иргэнд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2022/00669 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь:

Нэхэмжлэгч *******гийн  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт-Эрдэм 12 жилийн сургуульд  холбогдуулан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох  36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийн 30.473.793 төгрөгийг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч   байгууллагын төлөөлөгч ******* нь  эс зөвшөөрч маргаан үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь  1988 оны 7 дугаар  сарын 15-ны өдрөөс 2015 оны 8  дугаар сарын 28 ний өдөр хүртэл  Бууцагаан сумын сургуульд бага ангийн багшаар 27 жил 1 сар тасралтгүй ажилласан болох нь хэрэгт авагдсан Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 20 дугаар тушаал,  *******гийн 250668 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 257952, 601915 дугаартай  нийгмийн даатгалын дэвтэр зэргээр  нотлогдон тогтоогдсон, энэ  асуудлаар  зохигч талууд маргаангүй байна.

Нэхэмжлэгч ******* нь  2023 онд өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэнээр Боловсролын  тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт “ төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана”  гэж заасны дагуу   төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй  болсон байна.

Энэ талаар  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчилгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь   Бууцагаан сумын сургуульд бага ангийн багшаар 27 жил 1 сар тасралтгүй ажиллаж байгаад өвчний улмаас  2015 онд ажлаасаа чөлөөлөгдсөн нь  одоо өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэх үедээ төрөөс  нэг удаа 36 сарын цалинтай тэнцэх  буцалтгүй тусламж   авах эрхээ эдлэхгүй байх   үндэслэл болохгүй юм.

Мөн  2017 онд батлагдсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд  энэ хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “.Энэ хуулийн 57.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 57.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мөн хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.4.1, Соёлын тухай хуулийн 22.1.1, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 21.1.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасны дагуу олгох мөнгөн тусламжийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн олгоно” гэж заасан зохицуулалт нь  тухайлбал Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-т заасан мөнгөн тусламжийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн олгож байгаад, мөн хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн үргэлжлүүлэн олгохоор зохицуулсан нь  2017 онд батлагдсан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхтэй холбогдон зохицуулсан зохицуулалт болохыг  хариуцагч байгууллагын төлөөлөгч анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  хариуцагч байгууллагын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131/ШШ2022/00669 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гийн гомдлыг   хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч  байгууллагын  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311000 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Ч.ЭНХТӨР