| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0799/э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д.Г-д холбогдох эрүүгийн “1811024080921” дугаартай, 186/2018/0799/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой барилгачин мэргэжилтэй, Аж Мөнгөн Алтай ХХК-нд барилгын гадна пасадчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг Хонгорморьт 1-р хэсэг 121 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Д.Г /РД:............... /,
Холбогдсон хэргийн талаар;
Д.Г нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хайлаастын 1-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Оюунтүлхүүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн шуу ясны доод булууны цууралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.Г нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Оюунтүлхүүрийн:..2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед нийтийн байрандаа байж байхад нөхрийн найз нар болох Нарангэрэл, Базараа 2 ирэхдээ Нийслэл нэртэй 2 литрийн пиво авч орж ирсэн. Тэгээд манай нөхөр хоер найзтайгаа уг пивоо хувааж уучихаад намайг найз Нарангэрэлтэйгээ хардаад байсан. Тэгээд миний үгэнд орохгүй найзтайгаа хардаад толгой руу гараараа 2 удаа, баруун нүдрүү гараараа 1 удаа, гэдэсрүү гараараа 1 удаа, зүүн гарын шууны хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тухайн үед л намайг найзтайгаа хардаж зодсон. Тэрнээс бол урд нь болон хэрэг болсоны дараа зодож байгаагүй гэх мэдүүлэг. /хх-19/,
2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7070 тоот актын:
1.2. О.Оюунтүлхүүрийн зүүн шуу ясны доод булууны цууралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Урьд өмнө зодуулж байсан гэх байдал тогтоогдсонгүй.
4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боложтой.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт. /хх-25/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. гэмт хэргийн талаар гаргасан хохирогчийн гомдол /хх-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7070 дугаартай дүгнэлт /хх-25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, урьд захиргааны зөрчилд холбогдож байсан эсэхийг шалгасан баримтууд болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хайлаастын 1-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Оюунтүлхүүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн шуу ясны доод булууны цууралт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Оюунтүлхүүрийн:..2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед нийтийн байрандаа байж байхад нөхрийн найз нар болох Нарангэрэл, Базараа 2 ирэхдээ Нийслэл нэртэй 2 литрийн пиво авч орж ирсэн. Тэгээд манай нөхөр хоер найзтайгаа уг пивоо хувааж уучихаад намайг найз Нарангэрэлтэйгээ хардаад байсан. Тэгээд миний үгэнд орохгүй найзтайгаа хардаад толгой руу гараараа 2 удаа, баруун нүдрүү гараараа 1 удаа, гэдэсрүү гараараа 1 удаа, зүүн гарын шууны хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тухайн үед л намайг найзтайгаа хардаж зодсон. Тэрнээс бол урд нь болон хэрэг болсоны дараа зодож байгаагүй гэх мэдүүлэг. /хх-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7070 тоот дүгнэлт болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Ганбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Оюунтүлхүүр нь шүүгдэгч Д.Г-тай эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г-ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ