| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0743/э |
| Дугаар | 806 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.А-эд холбогдох эрүүгийн “1811011790743” дугаартай, 186/2018/0743/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1972 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдозарын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 38А-62 тоотод оршин суух бүртгэлтэй, Б овогт Д.А /РД:................/,
-1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Зүүнбаян хүрээний цэргийн тусгай шүүхийн 43 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 1992.06.07-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
-1994 оны 06 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн 22 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 1, 125 дугаар зүйлийн 2-д зааснаар нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1997.02.17-нд хугацаа дуусч суллагдсан,
-1999 оны 12 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын 2-р шүүхийн 75 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын баривчлах ял шийтгүүлж, 2000.05.17-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
-2004 оны 10 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 539 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2006.07.05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар:
Д.А нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамж, 11027г тоотод суух Р.Амартүвшингийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын цонхыг эвдэж буюу нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт, индукцин плитка хулгайлж 280.680 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч, мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Амартүвшингийн:...би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг руу хувийн ажлаар яваад 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим гэртээ ирэхэд монгол гэрийн амбаарын вакум цонхыг түлхэн хулгай орсон байдалтай байхаар нь гэртээ ороход манай зурагт, плитка зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан, TLC маркийн 32 инчийн ЛСД загварын хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай зурагт, цагаан өнгийн хүрээтэй хар өнгийн ширэмтэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй индукц плитка байсан. Зурагтыг 2015 онд BSB худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр, плиткыг 2017 оны 06 сард Номин худалдааны төвөөс 55.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг. /хх 26-27/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Нармандахын:...би Р.Амартүвшин гэх хүнийг муухан танина садан төрлийн холбоо байхгүй манай зүүн талын хашаанд амьдардаг залуу байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим манай зүүн талын хашааны залуу болох Амартүвшин намайг гаднаас дуудахаар нь гараад очсон чинь би хөдөө яваад ирсэн чинь манай гэрийн үүдэний амбаарын вакум цонхыг түлхэн хулгай орж эд зүйл алдагдсан талаар надад хэлээд харсан үзсэн юм байна уу гэхээр нь хулгай орсон талаар мэдсэн. Эхнэр бид хоёр гадуур гарах үедээ Р.Амартүвшингийн гэрийг харж байхад гэрийн амбаарын хаалга цоожтой харагдаад байдаг байсан. Манай гэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй тэр хавийн ганц нэгэн архи уудаг хүмүүс орж гардаг, хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай эхнэрийн дүү болох Төмөрсүх нь нөхөр Алтансүхийн хамт ирээд манайд 5 хонож байгаа одоо манай гэрт байгаа болно. Надад 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд манай хажуу хашаанд ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Д.А нь манай гэрт байж байгаад манай хажуу хөрш болох Р.Амартүвшингийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрээс нь зурагт, плитка хулгайлсан талаар түүний эхнэр болох Төмөрсүх нь манай эхнэрт утсаар хэлсэн. Тэгээд манай эхнэр Төмөрсүхээс дахин лавлаж асуухад уг айлын эд зүйлийг хулгайлсан авсан эд зүйлээ ногоон өнгийн бүтээлгээр ороон авч явсан талаар хэлсэн. Тийм учраас уг айлын эд зүйлийг Алтансүх хулгайлсан болох нь үнэн болно...гэх мэдүүлэг./хх 30-33/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2968 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэсэн дүгнэлт./хх-37/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2967 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Нармандахын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Нармандахын гарын дардас Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэсэн дүгнэлт. /хх-43/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Улсын яллагч: хавтаст хэргийг 8-12 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 26-27 дугаар хуудас хохирогч Р.Амартүвшингийн мэдүүлэг, 30-31 дүгээр хуудас гэрч Б.Нармандахын мэдүүлэг, 49-50 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээний тайлан, 54 дүгээр хуудас яллагдагч Д.Алтансүхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:.. хавтаст хэргийн ял шийтгэл эдлэж байсан тухай баримт, хавтаст хэрэгт хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамж, 11027г тоотод суух Р.Амартүвшингийн эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын цонхыг эвдэж буюу нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт, индукцин плитка хулгайлж 280.680 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р.Амартүвшингийн:...би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг руу хувийн ажлаар яваад 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим гэртээ ирэхэд монгол гэрийн амбаарын вакум цонхыг түлхэн хулгай орсон байдалтай байхаар нь гэртээ ороход манай зурагт, плитка зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан, TLC маркийн 32 инчийн ЛСД загварын хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай зурагт, цагаан өнгийн хүрээтэй хар өнгийн ширэмтэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй индукц плитка байсан. Зурагтыг 2015 онд BSB худалдааны төвөөс 650.000 төгрөгөөр, плиткыг 2017 оны 06 сард Номин худалдааны төвөөс 55.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг. /хх 26-27/, гэрч Б.Нармандахын:...би Р.Амартүвшин гэх хүнийг муухан танина садан төрлийн холбоо байхгүй манай зүүн талын хашаанд амьдардаг залуу байгаа юм. ....Д.А нь манай гэрт байж байгаад манай хажуу хөрш болох Р.Амартүвшингийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрээс нь зурагт, плитка хулгайлсан талаар түүний эхнэр болох Төмөрсүх нь манай эхнэрт утсаар хэлсэн. Тэгээд манай эхнэр Төмөрсүхээс дахин лавлаж асуухад уг айлын эд зүйлийг хулгайлсан авсан эд зүйлээ ногоон өнгийн бүтээлгээр ороон авч явсан талаар хэлсэн. Тийм учраас уг айлын эд зүйлийг Алтансүх хулгайлсан болох нь үнэн болно...гэх мэдүүлэг./хх 30-33/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Аийг нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Р.Амартүвшин нь шүүгдэгч Д.Аээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан талаар тус дүүргийн шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.А-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Аийг 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Аэд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ