Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02122

 

С. гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03858 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.

Хариуцагч: Ч. т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ХХК-ийн захирал Ч. , С. нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч хариуцагч нь гэрээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлээгүй. Уг гэрээгээр нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүрэг 18 хороо, Тахилтын 2-130 А тоот хувийн байшинг барьцаалж 35,000,000 төгрөг зээлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг хүчингүйд тооцуулна. Ч. С. д мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлийн газар хүний хөрөнгийг хууль бусаар барьцаалсан.

1.2 Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан байна. Иймд 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийн шаардлага, хуульд заасан үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2006 оны 08 дугаар сарын 18-ны зээлийн гэрээг хуульд заасан ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах талаар нэхэмжлэгчийн шаардлага тодорхой бус байна. Гэтэл шүүхэд өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо тайлбарлаж байгаа нь барьцааны гэрээний агуулгатай холбоотойгоор тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн хүсэл зорилго нь барьцааны гэрээтэй холбоотой эд хөрөнгөө шилжүүлж авч улсын бүртгэлд даалгаж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд маргаж байна уу, барьцааны гэрээнд маргаж байна уу гэдэг нь тодорхой бус байна. Мөн зээлийн гэрээгээр үндэслэж маргаж байгаа тохиолдолд уг зээлийн гэрээнд С. хариуцагч байх эсэх гэрээний агуулгаас харахад тодорхой бус байна.

2.2 Гэрээний 1-т ХХК-ийн захирал Ч. гэж зээлдэгчээ тодорхойлсон. Гэтэл хариуцагчаар Ч. ыг тодорхойлсон байна. Маргаан бүхий хэрэгт нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Тухайн зээлийн гэрээний харилцаа Ч. биш ХХК болон иргэн С. нарын хооронд үүссэн харилцаа байсан. Тухайн гэрээ 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан үүнээс хойш өчнөөн жил өнгөрсөн байна. Үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зээлийн гэрээ байгуулагдсан нөхцөл цаг хугацаа зэрэгт талуудаас хууль зүйн үндэслэл дүгнэлт хийж тайлбарлах ёстой. Нэхэмжлэгч С. 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээний 1-т зээлийн гэрээ 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилсэн хугацаатай байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу ерөнхий хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дээрх лавлагааг авч байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хариуцагч Ч. т холбогдох 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч С. гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч С. гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч тал хууран мэхлэх замаар хэлцэл /ИХ-57.1, 59.1,2/-ийг хүчээр хийсэн ба нэхэмжлэгчид 35,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгөөгүй гэдгээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрөөд байхад нэг талын эрх ашгийг хамгаалсан үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хурал дээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 56, 57, 59 заалтууд зөрчигдөж байгааг анхааруулж хэлсэн боловч энэ талаар огт дурдахгүй өнгөрөөж, хариуцагч компани болон захирлаас нь дансаар болон бэлнээр нэг ч төгрөг өгөөгүй болох нь нотлогдсон байгаад дүгнэлт өгч чадаагүй. Гуравдагч этгээд Марко трэйд ХХК-ийн ашигт малтмалын А лиценз, бичиг баримтыг ашиглаж зээлийн болон барьцааны гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл /59.1.2/ болохыг тогтоож чадаагүй.

4.2 Шүүх нэхэмжлэлийг хангахгүй орхихдоо гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хууль хэрэглээний асуудлаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хариуцагчийн 35,000,000 төгрөг өгсөн гэх хууран мэхэлсэн, дүр үзүүлсэн, нэхэмжлэгчид хохиролтой хэлцэл хийсэн үйлдэлд огт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хариуцагч Ч. нь 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч С. г чухам арга замаар хууран мэхэлсэн улмаар түүний бие мах бодид халдсан ямар үйлдлээр хүч хэрэглэж гэрээний эрх зүйн харилцаанд оролцуулсан болох нь тодорхойгүй байна. Гэрээний зүйл болох 35,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд нотолж чадаагүй гэх үндэслэл тогтоогдох боломжгүй бөгөөд ХХК-ийн кассаас бэлнээр олгогдсон талаар тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. Хэрэв нэхэмжлэгч нь тухайн үйл баримыг үгүйсгэж няцааж байгаа бол түүнтэй холбогдох нотлох баримтыг хэрэгт гарган өгч үнэлүүлэх бүрэн эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуулиар хүлээсэн үүрэгтэй атлаа тухайн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

5.2 Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр явагдсан шүүх хуралдаанд 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр гаргасан ...Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай... нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоогүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч. нь талуудын дунд 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-ний эрх үр дагавартай холбоотой нэг ч үйл баримт, нотлох баримтыг иш татаж мэтгэлцээгүй бөгөөд харин ...Тухайн асуудлыг АТГ-т шилжүүлж өгнө үү...Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа... Улсын бүртгэлийн газар хууль бус бүртгэл хийсэн... Барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү... гэх мэт байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

5.3 Талуудын хооронд 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж нотариатаар баталгаажсан байдаг. Гэрээнд зээлдүүлэгч тал ХХК зээлдэгч тал С. нар оролцож гэрээг байгуулсан бөгөөд шүүх гэрээний дээрх нөхцөлийг хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч С. нь анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар ХХК-ийг бус иргэн Ч. ыг тодорхойлж оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөрчсөн. Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тухайн шаардлагатай холбогдуулан хариуцагчаар татсан зохигчдын дунд эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүх тодорхойлж өгсөн хариуцагчийн тайлбар, татгалзалд үндэслэж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.4 Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйл гэж тодорхойлсон бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зүйн зохицуулалтаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох хууль зүйн шинжийг тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, мэдүүлгээс тодорхой харагдах бөгөөд давж заалдах гомдолдоо ч мөн Иргэний хуулийн 56, 57, 59 дүгээр зүйлүүдэд заасан хууль зүйн үндэслэлүүдийг бүхэлд нь иш татаж байгаа ч маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлон зүйлчилж чадаагүй байна. Дээрх байдал нь нэхэмжлэгчээс хууль хэрэглээний талаар эрх зүйн мэдлэг дутмаг гэж дүгнэхээс илүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нэхэмжлэгч өөрийн хуулиар хамгаалсан ямар эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхээ зөв тодорхойлж чадаагүй нөхцөл байдалтай шууд холбоотой юм.

Иймд нэхэмжлэгч С. гийн давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, гомдолд дурдсан агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар нэхэмжлэгч С. гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч С. нь хариуцагч Ч. т холбогдуулан 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1/

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ХХК-ийн захирал Ч. тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг өгөлгүй С. гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 18 хороо Тахилтын 2-130 А тоот хувийн орон сууцыг барьцаалсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулна гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэж маргажээ. /хх 16/

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй үндэслэлийг, харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж хууран мэхэлсэн үндэслэлийг тус тус заажээ.

3.1 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар талууд, мөн тухайн гэрээг хууран мэхэлж байгуулсан эсэх, тухайн зээлийн гэрээний дагуу байгуулсан барьцааны гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай эсэх талаар зохигчид мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, хариуцагч Ч. нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг С. д хүлээлгэж өгсөн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

3.2 Мөн нэхэмжлэгчийн 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь дангаараа бие даасан шаардлага болохгүй. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын үр дагаврыг тодруулснаар талууд тухайн хүрээнд бүрэн мэтгэлцэх боломж бүрдэх учиртай.

4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03858 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН