Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00014

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00014

 

Д. ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/04332 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.

Хариуцагч: М ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д. нь М ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу ажилтан Д. нь Гачууртын халзангийн аманд байрлах, 20 айлын амины орон сууцны 4 төрлийн эскиз, ажлын зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид хулээлгэн өгсөн. Гэтэл ажил олгогч М ХХК нь ажлыг хүлээн авсан боловч хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 4.1.3, 2.2.2 дугаар зүйлийн 2.2.2.1-д заасан үүргээ зөрчиж тавдугаар сарын цалин 1,700,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй. Иймд М ХХК-аас цалин 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Д. нь хэрэглэх боломжгүй эскиз зураг хийсэн тул М ХХК нь Гачууртын халзангийн аманд байрлах, 20 айлын амины орон сууцанд уг зургийг хэрэглээгүй. Мөн Д. нь мэргэжлийн шалгалтанд бэлдэх шаардлагатай байна, цаашид ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, гэрээг цуцалсан ба нэг сарын бүтэн цалин 1,700,000 төгрөгийг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын цалин хөлс 1,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д. д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2022 оны 7 дугаар сарын 04-ний төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д. д олгож, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу ажил олгогч нь ажилтны гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд түүнд олгох үүрэгтэй бөгөөд энэ талаар гэрээндээ тусгаж өгсөн. Харин Д. ы гаргасан гэх эскиз зургийг М ХХК Гачууртын халзангийн аманд байрлах 20 айлын амины орон сууц-ны зурагт хэрэглээгүй буюу хэрэглэх боломжгүй.

4.2 Түүнчлэн, хариуцагчаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу гэрээний төслийг нэхэмжлэгчийн и-мэйл хаягт явуулсан огноогоос эскиз зураг хүлээн авсан 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 12 өдрийн цалин хөлсөнд 927,273 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч нэг сарын цалин 1,700,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлгүй.

Хэрэв 4 төрлийн эскиз, ажлын зураг боловсруулах ажлыг бүрэн гүйцэт, хийж дуусгасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу ажилтны гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлс буюу нэг сарын цалин 1,700,000 төгрөгийг өгөх үүргээ хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс 1,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 927,273 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.1 Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ажилтан Д. нь амины орон сууцны эскиз болон барилгын зураг төсөл боловсруулах, ажил олгогч М ХХК нь ажилтанд нэг сарын 1,700,000 төгрөгийн цалин хөлс төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. /хх 4/

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт зааснаар зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

2.2 Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 02, 13, 20-ны өдөр, 06 дугаар сарын 22-ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид цалин хөлс 1,700,000 төгрөг олгоогүй эсэхэд маргаагүй.

2.3 Талууд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсний хэмжээг ажлын гүйцэтгэлээр буюу үр дүнгээр тооцохоор тохиролцоогүй байхаас гадна нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй гэх татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нэг сарын цалин хөлс 1,700,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хариуцагч нь дээрх цалин хөлсийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/04332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН