Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 478

 

                                                             Д.Бт холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар цагаатгах тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Д.Бт холбогдох 1921000020053 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харгана овогт Д.Б нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Бийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт холбогдох 1921000020053 дугаартай хэргийг прокурорт буцааж, Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Д.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Од 3.500.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Т.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ:

“...Дээд шатны прокуророос Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Учир нь:

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23/, хохирогч Б.О, гэрч Ж.Х, Д.Э, Д.Б, Д.М, Т.Т нарын өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сүмбэрийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчээр гаргасан: “Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай
 хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан, мөн ажлын байрны тодорхойлолтын үндсэн 2 дугаар чиг үүргийн 2.5-д заасныг зөрчсөн. Иймд дээрх албан тушаалтан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сахин хангуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлт /хх-ийн 69-70/ болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Бямбасүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Бадмаа нарын шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05-092/47 дугаар дүгнэлт /хх-ийн 76-77/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч Д.Бийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн эс үйлдлийн улмаас хохирогч Ж.Бын амь нас хохирсон болох нь тогтоогдсон тул Д.Бт холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Тухайлбал: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сүмбэрийн гаргасан 2019.03.07-ны өдрийн 12-06-003 дугаартай дүгнэлтэд: “...Монгол Улсад машины нүхэн зогсоол түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт дүрэм журам батлагдаагүй, мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасныг зөрчсөн ...ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д /үйлдвэрлэл үйлчилгээний нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах/ гэсэн байх тул БЭХС ТӨХК-ийн ХХАААБ инженер ажилтай Д.Бийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сахин хангуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн. Мөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын хөдөлмөр нийгэм хамгаалал, тусгай хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 05-092/47 дугаар дүгнэлтэд: ....ДБЭХС ТӨХК-д ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад бий болж байгаа сөрөг хүчин зүйлийг илрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй техник зохион байгуулалтын арга хэмжээ авч тухайн машины засварын яам буюу нүхийг аливаа осол гаргахаас урьдчилан сэргийлж хаалт хамгаалалт хийгээгүй нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг, мөн хуулийн 28.1.4-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Шүүгдэгч Д.Б нь “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн захирлын тушаалаар Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагааны байцаагч инженер албан тушаал эрхэлдэг бөгөөд энэхүү ажил албан тушаалын “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажлын байрны үндсэн чиг үүрэг нь:

1.Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт арга зүйгээр хангах гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар... заасан байна. Мөн ажлын байранд хийгдэх ажлын нэгдүгээр үндсэн чиг үүргийн хүрээнд ...1.4-т ажлын байрны нөхцлийн талаар судалгаа дүгнэлт хийх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх гэж заажээ. Харин хоёрдугаар үндсэн чиг үүргийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоод дагаж мөрдөх журам, заавар боловсруулж батлуулахаар тус тус зааж өгсөн байгаа нь дээрх Монгол улсад машины нүхэн зогсоол түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт дүрэм журам батлагдаагүй гэснийг үгүйсгэж, дотооддоо дээрх хуульд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах зайлшгүй шаардлагатай болохыг харуулж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд мөн дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дэлгэрэнгүй тусгаж өгсөн болно.

Түүнчлэн амь хохирогч Ж.Б нь ээлжийн хамгаалалтын ажилтан тул дээрх нүхэн зогсоол руу орж ямар нэг засвар үйлчилгээ хийх үүрэггүй, зөвхөн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг талаар гэрч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байх тул уг нүхэн зогсоол руу орох шаардлагагүй төдийгүй уг нүхэн зогсоолыг автогаражийн урд байгааг мэдсээр байж унаж нас барсан нь энэхүү компанийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа бүрэн хангагдаагүй болохыг тодорхой харуулж байна. Прокуророос шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирогч Ж.Б нь автогаражийн гаднах яамны нүхэнд унаж гавал тархины гэмтлийн улмаас нас барсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байтал шүүхээс Д.Бийг ...хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байхаар хуульчлан тодорхойлсон байх ба шүүгдэгч Д.Бт холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Тус аймаг орон нутгийн хэмжээнд эрчим хүч, барилга угсралт, ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, томоохон аж ахуй нэгж, цэргийн анги нэгтгэлүүд олноор байрладаг бөгөөд эдгээр аж ахуй нэгжүүдийн автомашин механизмуудын өдөр тутмын техникийн үзлэг, тохиолдолд нүхэн зогсоол дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт дүрэм журам батлагдаагүй гэх шалтгаанаар гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх сөрөг үр дагавар бүхий шүүхийн практик тогтох нөхцөл байдал үүсэж байгааг зөвтгүүлэн, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Д.Бт холбогдох хэргийг цагаатгасан, нөгөөтэйгүүр шүүхээс мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 27-ны өдрийн 125 дугаартай цагаатгах тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 сарын 17-ны өдрийн 26 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан хэлсэн саналдаа: “Тусгайлан хэлэх саналгүй“ гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Д.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасныг хангалтгүй биелүүлсний улмаас ажилтан Ж.Б нь төрийн өмчит хувьцаат компаний автогаражийн яамны нүхэнд унаж, гавал тархины гэмтлийн улмаас амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ Д.Б хангалтгүй биелүүлсэн эс үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Д.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, инженерийн хувьд ажлын байран дээрээ эрсдлийн үнэлгээ хийж, ажилтнуудын эрүүл мэндэд гэм хор учруулж болох осол нөхцлийг урьдчилан тооцоолж, бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй, энэ нь хуулийн 18.2.1-д заагдсан байна, энэ талаар бичсэн аймгийн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа эсэргүүцлийг хүлээж аваагүй нь ойлгомжгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Д.Бийг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагааны байцаагч инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн ажлын байрны тодорхойлолтын үндсэн 2 дугаар чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” гэж заасныг тус тус хангалтгүй биелүүлсний улмаас ажилтан Ж.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн автогаражийн гадаа байрлах нүхэн зогсоолд унаж гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, өөрөөр хэлбэл Д.Бийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4/98 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Монгол улсад авто машины нүхэн зогсоол, түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журам батлагдаагүй, мөн “ДБЭХС” ТӨХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7-д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн талаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 12-06-033-003 тоот дүгнэлтийг /хх-58/ үндэслэн шүүгдэгч  Д.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Бийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу Д.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “…Д.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах инженерийн хувьд ажлын байран дээр эрсдэлийн үнэлгээ хийж, ажилтнуудын эрүүл мэндэд гэм хор учруулж болох осол нөхцлийг урьдчилан тооцоолж түүнийг аль болох бууруулах арга хэмжээ авах үүргийн хүрээнд авто машины нүхэн зогсоолыг таглах, хилийн хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах боломжтой байсан хэдий ч дээрх арга хэмжээг аваагүй эс үйлдэхүй болон амь хохирогч Ж.Б автогаражийн гадаа байрлах автомашины нүхэн зогсоолд унаж нас барсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл амь хохирогч Ж.Б нь тус компанийн автогаражид ээлжийн манаачаар тасралтгүй 20 гаруй жил, үүнээс 2016 оноос харуул, хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан тул автогаражийн гадаа байрлах автомашины нүхэн зогсоолын талаар мэдэж байсан бөгөөд тэрээр ямар нөхцөлд нүхэн зогсоолд унасан болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Бийг амь хохирогч Ж.Бын үхэлд буруутгах боломжгүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Бт холбогдох хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Д.Бийг Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерээр ажиллаж байхдаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тус компанийн харуул, хамгаалалтын ажилтан Ж.Б автогаражийн гадаа байрлах нүхэн зогсоолд унаж нас барах үндсэн шалтгаан болсон гэж шууд буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Тухайлбал, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Ж.Б нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед өөрийн ажлын байранд буюу тус компанийн автогаражийн гадаа байрлах нүхэн зогсоолын зүүн талын хойд буланд байрлах 60 см урттай төмөр труба бүхий хаалтны цоожийг гартаа барьсан чигээрээ нүхэн зогсоолд унаж нас барсан байх бөгөөд тухайн өдөр цас орноос болж нүхэн зогсоол руу буух шатны гишгүүрт хальтиргаа үүссэн зэрэг нөхцөл байдал нь мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагаас хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд бичигдэж, фото зургаар /хх-ийн 15-27/ бэхжүүлэгджээ.

Түүнээс гадна амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мөрдөн байцаалтад “талийгаач 2010 онд тархины хавдар оноштой хагалгаанд орж байсан… Баруун хөлөө 2018 оны 4 сард гэмтээж байсан. Бага зэрэг доголж хөлөө бага зэрэг чирж явдаг байсан” /хх-24/ мөн “... тэр яамыг машин ороогүй тохиолдолд цоожилдог үүрэгтэй юм, өөрийнх нь ажлын үүрэг нь тэр байсан. Байнга л цоожилж эргэж тойрдог байсан...” /хх-28/ гэсэн мэдүүлэг өгснийг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж үзэхэд амь хохирогч Ж.Баттулгыг золгүй байдлаар нас барсан гэж үзэхээр байна.

Учир нь дээр дурдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаас харахад Монгол улсад авто машины нүхэн зогсоол, түүн дээр ажиллах аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журам батлагдаагүй хэдий ч Д.Б нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Хөдөлмөр хамгаалал, ашиглалт, аюулгүй ажиллагааны байцаагч инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, мөн зүйлийн 28.1.4-д “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн ажлын байрны тодорхойлолтын үндсэн 2 дугаар чиг үүргийн 2.5-д заасан “Үйлдвэрлэл, үйлчилгээний бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах” албан үүргийн хүрээнд тус компанийн автогаражийн гаднах нүхэн зогсоолыг автомашины засвар үйлчилгээ хийгээгүй үед бүрэн битүүлж хүн унахаас сэргийлэх боломжтой байсан бөгөөд ийнхүү нүхэн зогсоод хүн унаж аюултай нөхцөл байдал үүсч болох эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй болон харуул хамгаалалтын ажилтан Д.Баттулгын ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу автомашины нүхэн зогсоолын хаалт төмрийг тайлах, эсхүл түгжих үедээ золгүй байдлаар унаж нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Д.Бийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Д.Бт холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаар цагаатгах тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын зөвлөх Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН