Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0496/з |
Дугаар | 001/ХТ2021/0004 |
Огноо | 2020-12-23 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/0004
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Сангийн яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 6-1/3924 тоот албан бичгийн “Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/3104 дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0517 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 575 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд “И” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0517 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 29.5, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 6-1/3924 тоот албан бичгийн “Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/3104 дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 575 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гуравдагч этгээд “И” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг биелүүлж чадаагүй учраас шүүхийн магадлал нь тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Мөн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироолоо. Үүнд:
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сангийн яамны шийдвэрээр дахин үнэлгээ хийсний дараа дахин энэ агуулгаар буюу “Т” ХХК тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй гэсэн гомдол гарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан шалгах хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин гомдлыг хянасан нь үндэслэлгүй, хуулийн энэ заалтад нийцээгүй байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх баталгаажуулан “...”И” ХХК-аас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь зохицуулалтад нийцээгүй” хэмээн дахин хууль зүйн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
5. Манай “И” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газраас зарласан “Ариутгал, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл нийлүүлэгч сонгох” МЭТШ/2020/03/007 дугаартай тендерийн 1-р багц болох “Халдваргүйтгэлийн 3 төрлийн бодис худалдан авах” тендерт оролцсон юм.
6. Тухайн тендерийн материалыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авч, тухайи өдрийнхөө 14:15 цагт нээсэн бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/534 дугаар албан бичгээр уг тендерийн 1-р багцад хүргүүлсэн манай тендер шалгараагүй талаар мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан боловч тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4 дэх заалтуудын дагуу тендерийн үнэ “хамгийн бага харьцуулсан үнэ”-тэй бус гэсэн шалтгаанаар шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
7. Манай компанийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад хандан хууль тогтоомжид заасны дагуу “тендерийн сонгон шалгаруулалт явуулсан үнэлгээний хорооны гишүүдийг сонгож, томилсон тушаал, уг тендерийн 1-р багцад шалгарсан “Т” ХХК-ийн тендерийн баримт бичиг, тендерийн сонгон шалгаруулалт явуулсан үнэлгээний хорооны гишүүдийн хуралдааны протокол” зэргийг гаргуулан авах талаар хүсэлт гаргасан. Мал эмнэлгийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/552 дугаар албан бичгээр тендерт шалгарсан оролцогчийн тендерийг цахимаас хянан үзэх боломжтойг дурдаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн.
8. Улмаар манай компанийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17/2020 албан тоотоор тухайн тендерийн шалгаруулалт нь хууль бусаар явагдаж, “Т” ХХК-ийг шалгаруулсан гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд хандан гомдол гаргасан. Учир нь:
9 Үнэлгээний хорооны гишүүн Ж.Г АЗ гэрчилгээгүй нь хуулийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчсөн, дээрх тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн “хамгийн сайн” гэж шалгаруулсан оролцогч “Т” ХХК нь малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ч, нийлүүлэх бэлдмэл нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд, Монгол улсад хэрэглэх пестицид, гербицид, ариутгал халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад ороогүй гэх зэргээр захиалагчийн шаардлагыг хангаагүй, “Т” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн ТОӨЗ 12.1(а)-(ё)-д техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт бичиг (Хлорын шохой, суперкилл, роксицидын гарал үүслийн гэрчилгээ байхгүй, роксицид нь Монгол улсад 2020 онд ашиглаж болох пестицидийн жагсаалтад ороогүй)-ийг ирүүлээгүй.
10. “Т” ХХК нь тендер ТОӨЗ-ийн 19.4 дэх заалт буюу Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар ирүүлээгүй. “Т” ХХК нь тендер ТОӨЗ-ийн 18.1(а)-д заасны дагуу роксицид бэлдмэл үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсаргаагүй. “Т” ХХК-ийн тендер нь ТОӨЗ-ийн 18.1(б)-д заасны дагуу санхүүгийн тайланг ирүүлээгүй. “Т” ХХК-ий тендер нь ТОӨЗ-ийн 18.1(г), ТОӨЗ-ийн 18.2(б)-д заасны дагуу 2019 оны ижил төстэй ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй байдаг.
11. Манай “И” ХХК-ийн зүгээс дээр дурдсан алдаа дутагдалтай тендерт оролцогчийг захиалагч буюу Үнэлгээний хороо хуйвалдаанаар, хууль бусаар шалгаруулсныг илрүүлсний үндсэн дээр Сангийн яаманд хандсан юм.
12. Дээрх зөрчил дутагдлуудтай холбоотой манай гомдлыг Сангийн яамнаас хянаад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 6-1/3276 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг Мал эмнэлгийн ерөнхий газарт хаяглан, хувийг манай компанид ирүүлсэн.
13. Тус Сангийн яамны гомдол хянасан тухай бичигт манай компанийн гаргасан гомдлыг үндэслэн “...захиалагч нь “И” ХХК-ийн тендерээс хуулийн 28 дугаар зуйлийн 28.7.4-ийг үндэслэн татгалзсан шийдвэр үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье” гэжээ.
14. Сангийн яамнаас манай компанийн гаргаж тавьсан 8 асуудлаас 7 асуудлыг нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд “Т” ХХК нь гаргасан зөрчлүүдээ залруулаагүй, залруулах ч боломжгүй юм.
15. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01/627 тоот албан бичгээр манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.
16. Энэ нь захиалагчийн зүгээс үйлдсэн ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд огт ойлгомжгүй хариу байсан. Өмнө нь Мал эмнэлгийн ерөнхий газар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/534 дугаар албан бичгээрээ манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь заалтын дагуу шаардлага хангасан тухай хариуг ирүүлээд байсныг бид дээр дурдсан.
17. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр шаардлага хангаагүй “Т” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл өгч, манай компанийг тендерт шалгаруулаагүй хууль зүйн үндэслэл нь өөрчлөгдсөн байсан тул Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандах нөхцөл байдал шинээр үүсэж бий болсон. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газар нь тендерийн хүчинтэй хугацаа Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дууссан талаар нэмж гомдол гаргасан. Гэтэл шүүхээс зөвхөн өмнөх асуудлаараа дахин гомдол гаргасан гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал бид 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/2020 албан тоотоор дараах асуудлаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан бөгөөд үүнээс дахин нэг асуудлаараа гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байна.
18. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр тендерийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг дахин шалгаруулсан.
19. Нөгөөтэйгүүр тус гомдлыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаад 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт хаяглан хувийг манай компанид хаяглан ирүүлсэн хариу бичигт “И” ХХК-ийн Голомт банкны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 110OLCBD01359 дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтад тендерийн баталгаа гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх... гэж заасныг үндэслэн уг гомдлыг хянан үзэх боломжгүйг үүгээр уламжилж байна. “Түүнчлэн захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 421DBG/20/3104 дугаар бүхий тендерийн баталгаа хүчингүй болсон байх тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгон, дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
20. Мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Мал эмнэлгийн ерөнхий газрын 01/722 тоот албан бичигт: “Тус тендер шалгаруулалттай холбоотойгоор Сангийн яаманд 2 удаа гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3924 тоот албан бичгээр Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах ТЭТШ2020/03/007 дугаартай тендерийн нэгдүгээр багцад гарсан гомдлыг хянан үзэх боломжгүй бөгөөд тендерийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг шалтгаанаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахыг мэдэгдсэн байна. Иймд захиалагчийн зүгээс Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах МЭТШ2020/03/007 дугаартай тендерийг хүчингүй болгон дахин зарлах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
21. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийхийн оронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, манай компанийг хохироосон шийдвэр, магадлал гаргалаа.
22. Мөн давж заалдах шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногт багтаан шийдвэрлэсэн бол гэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Хариуцагч нь 14 дэх хоног нийтээр амрах өдөр таарсан учраас дараагийн ажлын өдөр асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй талаар маргасан. Энэ талаар шүүхээс оновчтой дүгнэлт хийж чадаагүй байна. Харин заавал 14 дэх хоног дээр нь шийдсэн нь буруу гэх хандлагатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Зүй нь Сангийн яам гомдол хянах хугацаагаа хэтрүүлсэн үү, хэтрүүлээгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай болохоос бус хэд дэх хоног дээрээ шийдвэрлэсэн эсэх нь маргаанд хамааралгүй байна.
23. Анхан шатны шүүх “...Сангийн яамнаас дахин үнэлэхийг даалгасны дагуу Үнэлгээний хороо дахин үнэлсэн, энэ хугацаанд захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй нь тодорхой болсон тул захиалагч хуульд зааснаар хугацаа сунгах хүсэлтийг гаргасан, энэ хугацаанд тендерийн хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх болгоомжтойгоос илүү шаардлагатай байхад хүсэлтийг тендерийн хүчинтэй хугацаанд багтааж шийдвэрлэх үүргээ Сангийн яам хэрэгжүүлээгүй орхигдуулсан буруутай” гэжээ. Нэхэмжлэгч талаас тендерийн хугацаа сунгаагүйг хуульд бусд тооцуулах талаар нэхэмжлэл гаргаагүй, талуудын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийсэн байдаг.
24. Гэтэл Давж заалдах шатны шүүх энэ талаар маргасан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй энэ асуудлаар дүгнэлт хийж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
25. Анхан шатны шүүх “Сангийн яамны оролцогчийн 2 дахь удаа гаргасан гомдлыг шалгахгүй буцаах эсэхээ даруй шийдвэрлээгүй, хянан шалгах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, гомдлыг хянан шалгаагүй атал ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай, өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчимд нийцэхгүй байна” гэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх баталгаажуулсан дүгнэлт хийсэн байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчимд эсрэгээрээ харшилж байгаа юм. Манай байгууллагын өргөдлийг хугацаандаа /тендерийн баталгааны хугацаанд/ шийдээгүй гэж үзвэл манай байгууллагын эрх ашгийг хохироох үр дагавартай болохоос “Т” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамааралгүй юм.
26. Анхан шатны шүүх хуралдаан дээр тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг гуравдагч этгээдийн зүгээс тайлбар хэлэх гэхэд шүүгчээс зогсоож, зөвхөн маргаж буй захиргааны акт буюу албан бичгийн талаар мэтгэлцэх талаар сануулсаар ирсэн. Гэтэл шүүх өөрөө маргааны зүйл буюу тухайн албан бичигт хамааралгүй тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар дүгнэлт хийж, “Т” компанийг шалгаруулсан, дахин үнэлгээ нь үндэслэлтэй гэх зүйлс бичжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харахад шүүх Сангийн яамны албан бичгийн эрх зүйн үндэслэлийн талаар бус харин үнэлгээний хорооны гишүүдийн ажлыг дүгнэсэн мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
27. Энэ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс огт дүгнэлт хийхгүйгээр орхигдуулж, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироолоо.
28. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 525 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
29. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
30. Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл худалдан авах” МЭТШ2020/03/007 дугаартай тендер зарласан, уг тендерийн нэгдүгээр багцад нэхэмжлэгч “Т” ХХК, гуравдагч этгээд “И” ХХК оролцохоор тендер ирүүлсэн, Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн” гэж тендерээр шалгаруулсан, “И” ХХК-иас “... Үнэлгээний хорооны гишүүн АЗ гэрчилгээгүй, шалгарсан оролцогчийн нийлүүлэх бэлдмэл нь .../техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй/, ... санхүүгийн тайланг ирүүлээгүй, 2019 оны ижил төстэй ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй ... байхад “Т” ХХК-ийн тендерийг шалгаруулсан” гэх гомдлыг Сангийн яаманд гаргасан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/3276 дугаар албан бичгээр “... “И” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, ... үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж” шийдвэрлэсэн, үүний дагуу Үнэлгээний хороо 2020 оны 05 дугаар сарын 19-нд дахин үнэлгээ хийж, мөн “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан, захиалагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/627 дугаар албан бичгээр “И” ХХК-д “... танай компанийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ... 27.1, 27.3-т заасан шаардлагыг хангаагүй ... /тул/ тендер шалгараагүй” гэж мэдэгдсэн, гуравдагч этгээд “И” ХХК-иас уг шийдвэрт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд мөн гомдол гаргажээ.
31. Сангийн яам “И” ХХК-ийн гомдлыг хянаад, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 6-1/3924 дүгээр албан бичгээр “... “И” ХХК-ийн /болон/ “Т” ХХК-ийн ... банкны тендерийн баталгаа хүчингүй болсон /хугацаа дууссан/ тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгон дахин зохион байгуулахыг мэдэгдэж” шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “Т” ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин “И” ХХК-иас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, шүүхэд гомдол гаргаж маргаагүй байна.
32. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх”-ээр заасан байх тул хариуцагч нь “И” ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдлыг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан хянан шийдвэрлэх үүрэгтэй гэж үзнэ, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
33. Өөрөөр хэлбэл, хариуцагч “И” ХХК-ийн гомдлыг хуульд заасан хугацааны дотор хянаад 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөрт багтаан шийдвэрлэсэн бол энэ хугацаанд “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны “тендерийн баталгаа” хүчинтэй байсан бөгөөд маргаан бүхий Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3924 дүгээр албан бичгээр ирүүлсэн шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдэхээр байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн... 14 хоногт багтаан шийдвэрлэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... 14 дэх хоног нийтээр амрах өдөр таарсан учраас дараагийн ажлын өдөр асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй, ... шүүхээс оновчтой дүгнэлт хийж чадаагүй”, “... манай өргөдлийг хугацаандаа шийдээгүй гэж үзвэл манай байгууллагын эрх ашгийг хохироох үр дагавартай болохоос “Т” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хамааралгүй” гомдлыг хүлээж авахгүй.
34. Харин, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “... төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... /өмнө нь/ шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзах”-аар заасан нь эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргахыг хязгаарласан агуулгатай, энэ тохиолдолд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/3276 дугаар албан бичгээр “.../”Т” ХХК-ийн/ санал болгож байгаа барааны гарал үүслийн гэрчилгээг ирүүлээгүй, ... /барааны/ үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар хавсаргаагүй байгаа нь ... ТШӨХ-д заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй ... /байх тул/ “И” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй” гэж “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан, Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийж гаргасан шийдвэрт “...санал болгож буй бараа нь тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй болох нь тогтоогдсон байхад ... дахин шалгаруулсан” гэх агуулгаар гаргасан гомдлыг “өмнө нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргасан” гэж үзэхгүй, энэ талаар шүүхүүд буруу дүгнэлт хийжээ. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-ын “... шүүхээс өмнөх асуудлаараа дахин гомдол гаргасан гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... дахин нэг асуудлаараа гомдол гаргаагүй” гэх тайлбар үндэслэлтэй. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.
35. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий актаар “И” ХХК-ийн гаргасан гомдлыг “...хянаад” шийдвэр гаргасан гэх боловч, маргаан бүхий актаар “гомдлыг хянасан” гэж үзэх боломжгүй, гомдол, гомдлын үндэслэлд дурдагдсан асуудалд хамаарахгүй, “банкны тендерийн баталгаа хүчингүй болсон” гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь энэ тохиолдолд хууль бус, уг шийдвэрийн улмаас тендерт шалгарсан “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ, гуравдагч этгээд “И” ХХК Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын маргаан бүхий шийдвэрийн талаар маргаагүй тул хяналтын шатны шүүх “И” ХХК-нд холбогдуулан дүгнэх шаардлагагүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчимд эсрэгээрээ харшилж байгаа” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.
36. Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үүрэгтэй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар болон маргаан бүхий актын үндэслэлд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... тендерийн хүчинтэй хугацаа дууссан, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр тендерийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг дахин шалгаруулсан” гэх зэрэг гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.
37. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд “И” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 575 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “И” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “И” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА