| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0267/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/293 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Ө.Д-, С.П- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Д-, С.П- нарт холбогдох эрүүгийн 1838003870321 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ө.Д-,
Монгол Улсын иргэн, С.П-,
Шүүгдэгч С.П- нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод иргэн Ө.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ө.Д- нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод иргэн С.П-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.П-, Ө.Д- нар нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод төрөл, садангийн хувийн таарамжгүй шалтгаанаар маргалдан, харилцан зодолдсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ө.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой 20 цаг 10 минутын үед манай бэр С.П- манай гэрт орж ирсэн. ... Би тэгээд байж байхдаа С.П-аа миний охин та нар байшингийнхаа бүх өрөөг обойдож яадаг юм бэ зөвхөн гал тогооны өрөө, угаалгынхаа өрөөгөө л обойдчихгүй бусад нь хэвээрээ байж байг эрүүл мэндэд сайн гэсэн гэж хэлэхэд яадаг юм бэ би обой наана гэж хэлээд миний хажуугаар гараад орон дээр байсан хүүхдийнхээ хувцсыг авчхаад үүд рүү явж байсан. Тэгэхэд үүдний тийшээгээ очингуутаа шал руу нулимсан мөн үүд рүү маань нулимчхаар нь би очингуутаа түүнийг алгадсан. Тэгсэн С.П- намайг энэ тэндээс маажаад зүүн талаар минь унагаасан. Би тухайн үед унасан байхдаа түүний үснээс зулгааж хажуу тийш нь унагаагаад дээрээс нь цээжин хэсэг дээр нь дараад байж байсан. Тэгэхэд С.П- намайг гэнэт л энд тэндгүй маажаад цохиод өшиглөөд байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23- р хуудас/
Шүүгдэгч С.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой би 21 цагийн үед ажлаа тарчхаад охин Бүжинлхамыг авах гээд хадам эгч Ө.Д-гийнхээ гэрт очсон. ... би охиныхоо хувцас хунарыг авч явах гээд бэлдэж байхад Ө.Д- эгч та нар байшингийнхаа дотор талыг обойдож яах гээд байгаа юм бээ, урдаа өртэй ширтэй байж гэж хэлсэн тэгэхээр нь бид хоёр өр ширээ өөрсдөө дардаг л биз дээ гэж хэлчхээд гарах гээд байшингийн коридорт явж байхад Ө.Д- эгч миний араас ирсэн. Түүнийг ирэхээр нь би эргээд харахад намайг алгадаж авснаа чам шиг муу сэхүүн хүүхэн настай хүнээс үг сонсож чадахгүй хаа явдаг юм бэ чамайг зодоход яадаг юм бэ гэж хэлсэн. Ө.Д- эгч чи муу ямар овоо юм бэ гэж хэлснээ миний гар утсыг булааж аваад утсаар маань миний толгой руу хоёроос гурван удаа цохисноо намайг газарт унагаагаад миний дээр гараад суучихсан гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд би засвараа үргэлжлүүлэн хийж байхад барагцаагаар 30 минутын дараа эхнэр маань надруу залгаад энэ Ө.Д- чинь намайг зодоод байна чи хурдан хүрээд ир гэж орилж ярихаар нь би шууд гэрээсээ гараад такси бариад Ө.Д- эгчийн гэрт очсон. Намайг очиход Ө.Д- эгч, эхнэр С.П- хоёр хэрэлдэж байсан тухайн үед эхнэр маань эмээгийн хажууд орон дээр суучихсан, Ө.Д- эгч хажууд нь босоод зогсчихсон хоёулаа хоорондоо маргалдаж зодолдсон гэмээр биеийн харагдах хэсэг маажуулчихсан гэмээр байсан. Би тухайн үед тэр хоёрыг хэрэлдэхээ боль гэж хэлсэн тэгэхэд тэр хоёр миний үгийг тоохгүй хэрэлдээд байхаар нь би эхнэр С.П-ыг хүчээр чирээд гарсан гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Намайг Ө.Д- эгчийнд байж байтал Ө.Д- эгчийн бэр болох нэг хүүхэн орж ирээд Ө.Д- эгчтэй байшингийн талаар ярьж байснаа маргалдаж эхэлсэн. Тэгж хэрэлдэж байгаад орж ирсэн хүүхэн гараад явтал хойноос нь Ө.Д- эгч гараад тамбар дотор чимээ шуугиан болж байснаа Ө.Д- эгчийн хамар, нүүр, хоолой, гарыг маажсан бололтой аймаар болчихсон орж ирсэн. Хойноос нь нөгөө бэр гээд байсан хүүхэн орж ирээд уйлж хашхичаад хөлөө дэвхцээд байхаар нь би зөрөөд цүнхээ аваад хамаатныхаа айлд очиж хоносон гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Р.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... ямар ч байсан үүдний тамбарт тэр хоёр чанга чанга орилоод л байсан. Би тухайн үед аягаа угаачхаад аяганыхаа усыг асгах гээд үүд рүү гарах гээд коридорын хаалга онгойлгоход хаалгаар Ө.Д- эгч, С.П- эгч хоёр үс үснээсээ зулгаалцалдсаар орж ирэх үед Ө.Д- эгчийн цээж нь маажуулчихсан гэмээр улаачихсан, нүүрнээс нь болон гарнаас нь цус гарчихсан байсан. С.П- эгчийн нүүр нь маажуулчихсан гэмээр нэлэнхүйдээ улайгаад цус гарчихсан байсан. Гэрт орж ирсэн байхад Ө.Д- эгч С.П- эгчтэй хэрэлдэж байгаад алгадаж унагаагаад толгой руу нь гараараа цохисон гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р хуудас/
Гэрч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн үед би гадаа зурагтын сатанцыг тохируулчихаад байшин руу явж ороход Ө.Д- гэх эмэгтэй нэг хүүхэнтэй хэрэлдээд байж байсан. Тэгээд би зурагтыг нь тохируулж өгчхөөд шууд явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаартай “хохирогч С.П-ын эрүүл мэндэд тархинд доргилт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, хамар болон нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, С.П-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 37-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 230 дугаартай “хохирогч Ө.Д-гийн эрүүл мэндэд баруун хацар, хамар, цээж, баруун шуу, зүүн бугуйнд зулгаралт, цээж, баруун зүүн бугалга, хэвлий, баруун зүүн гуя, баруун шагайн үед цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Ө.Д-гийн биед учирсан гэмтэл нь нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838003870321 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.П-, Ө.Д- нар нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ... тоотод төрөл, садангийн хувийн таарамжгүй шалтгаанаар маргалдан, харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч Ө.Д-г, С.П- нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-, Ч.Э-, Д.Н-, насанд хүрээгүй гэрч Р.Д- нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.П-, Ө.Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.П-, Ө.Д- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.П-, Ө.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.
Шүүгдэгч С.П-, Ө.Д- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Эрүүгийн 1838003870321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.П-, Ө.Д- нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Д-, С.П- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.П-, Ө.Д- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838003870321 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-, Ө.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР