Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00047

 

 

 

 

 

 

 

 

2022 12 28 210/МА2023/00047

 

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/03287 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: Х. ,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.И

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Тавилга, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн болох хавтан зүсэгч, суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 10,200,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагч Х. н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Х. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.М нь Х. , Д.И, Г.Ц нартай хамтарч 2021 оны 07 сард тавилга үйлдвэрлэхээр тохиролцсон. Үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг Б.М өөрийн 12,500,000 төгрөгөөр худалдан авч, түрээсийн байранд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зөөн байрлуулж, үйл ажиллагаанд ашиглаж байсан.

1.2 2021 оны 11 сард Х. , Д.И нар нь хамтран ажиллах боломжгүй гэснээр дахин хамтран ажиллаагүй. Улмаар миний бие өөрийн мөнгөөр худалдан авсан төхөөрөмжөө авах гэтэл Х. , Д.И нар хууль бусаар түрээсийн байранд саатуулан авч, үндэслэлгүйгээр эзэмшиж эхэлсэн.

Иймд Х. гаас хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2021 оны 07 дугаар сард бид Б.М, Г.Ц нартай тавилга хийхээр хамтран ажилласан. Нэхэмжлэгчид хөлсийг нь төлж захиалгын зургаа хийлгэдэг байсан. Х. нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Н ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компани байгуулах болон ажлын байр түрээслэх ажилд Б.М, Г.Ц нарын оролцоо байхгүй.

2.2 Миний бие тавилга үйлдвэрлэх үндсэн тоног төхөөрөмжөө зарын дагуу хайж 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр unegui.mn сайтанд нийтэлсэн зарын дагуу хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжийг Д.Дөлгөөнөөс 12,500,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 3 сард багтаан төлөхөөр тохиролцсон. Х. , Э.Ит нарт тухайн үед иргэний үнэмлэх байгаагүй тул гэрээг Б.Мтэй байгуулсан. Мөн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлөх мөнгөгүй надад байгаагүй тул Б.М, Г Ц нар нь бусдаас зээлээд төлөх боломжтой гэсэн. Бид уг зээлийг хийсэн ажлын хөлснөөс төлөхөөр тохирсон.

Үүний дагуу 6,000,000 төгрөгийг Б.М, Г.Ц нар хүнээс зээлж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг Д.Дөлгөөнд шилжүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний бие Э.И, Б.М, Г.Ц нарын хамт Д.Дөлгөөний ажил дээр очиж тоног төхөөрөмжүүдийг аваад түрээсийн байрандаа тээвэрлэн авчирч суурилуулсан. Б.М, Г.Ц нарын хүнээс зээлсэн гэх 6,000,000 төгрөг болон тоног төхөөрөмжүүдийн үнэ бидний хийсэн ажлын төлбөрөөс бүрэн төлөгдсөн.

Иймд дээрх тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг Б.М төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Х. н сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Хамтран ажиллах явцад Б.Мийн төрсөн дүү н.Сүүнээ болон түүний нөхөр Ш.Мөнхбаяр нарын Алтай хотхонд байрлах гэрт 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 40,800,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга хийж өгсөн. Энэхүү тавилгын материалыг бид өөрсдийн хөрөнгөөр авч хийж гүйцэтгэсэн бөгөөд тавилгын урьдчилгаа мөнгө болгож 3,000,000 төгрөгийг Ш.Мөнхбаяр шилжүүлсэн гэж Б.М хэлсэн. Ш.Мөнхбаярын гэрт хийж өгсөн гал тогооны тавилгын орлого нь 4 хүний хамтын орлого тул энэ тавилгын нийт төлбөр 40,800,000 төгрөгөөс өөрт ногдох 10,200,000 төгрөгийг Х.Мээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Х. тай хамт Ш.Мөнхбаяр болон түүний эхнэр н.Сүүнээ нарт тавилга хийж өгөхөөр гэрээ, хэлцэл байгуулаагүй. Мөн Х. н хөрөнгөөр тавилга үйлдвэрлэж өгөөгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд Э.Иын тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Э.И нь Б.М, Х. , Г.Ц нартай хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллах хугацаанд бүх захиалгын мөнгийг Б.М, Г.Ц нарын дансаар авч байсан бөгөөд маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн мөнгийг бид орлогоосоо төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

5.2 Захиалгын мөнгийг дансаар авахаас гадна зарим тохиолдолд захиалагчтай шууд харьцах байдлаар ажлаа явуулдаг байсан. Б.М, Г.Ц нар нь бусдаас 6,000,000 төгрөг зээлсэн бөгөөд тэр 6,000,000 төгрөг болон тоног төхөөрөмжүүдийн үнэ бидний хийсэн ажлын төлбөрөөс бүрэн төлөгдсөн. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг Б.М, Г.Ц төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Г.Цийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1 Б.М нь тавилга үйлдвэрлэх үйл ажиллагааг явуулдаг байсан бөгөөд Г.Ц нь хамтран ажилладаг байсан. Х. , Д.И нарын хувьд зарим тавилга үйлдвэрлэх ажилд оролцож, оногдох төлбөрийг авдаг байсан. Тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Б.М өөрийн олон тооны тоног төхөөрөмж, багаж, машин гэх зүйлүүдийг ашигладаг байсан.

6.2 Хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорогч төхөөрөмжүүдийг Б.М нь өөрөө худалдан авч, төлбөрийг нь төлсөн бөгөөд миний зүгээс болон Х. , Д.И нар төлбөр төлж байгаагүй. Дээрх тоног төхөөрөмжүүд нь Б.Мийн өмчлөлийн зүйл гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаарр зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Х. , Н ХХК нарт холбогдуулан гаргасан тоног төхөөрөмж гаргуулах тухай Б.Мийн нэхэмжлэлийг, Б.Мд холбогдуулан гаргасан ашиг орлогоос оногдох хувь 10,200,000 төгрөг гаргуулах тухай Х. гийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 214,950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1 Б.М өөрийн хөрөнгөөр хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжүүдийг худалдан авч өмчлөх эрх үүссэн. Б.М нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Дөлгөөнтэй худалдах-худалдан авах гэрээг байгуулан дээрх төхөөрөмжүүдийг худалдан авч, өөрийн биеээр хүлээн авсан. 8.2 Гэрээний төлбөрийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн найзаас зээлэн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр худалдагч Д.Дөлгөөнд төлсөн. Уг зээлсэн 5,000,000 төгрөгийг Б.М нь өөрийн үеэл ах болох Г.Болор-Эрдэнээс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г.Цийн дансаар дамжуулан зээлэн авч, мөн өдөр Д.Дөлгөөний дансруу шилжүүлэн зээлийг эргүүлэн төлсөн.

Б.М нь өөрийн данснаас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 3,000,000, төгрөг, 3,100,000 төгрөг гэсэн хоёр шилжүүлгийг Г.Цийн дансруу хийсэн бөгөөд мөн өдөр Г.Цийн данснаас 6,240,000 төгрөгийг Г.Болор-Эрдэнийн дансруу шилжүүлэн түүнээс авсан зээлийг буцаан төлсөн.

Иймд уг урьдчилгаа төлбөрийг хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоор төлсөн гэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлгүй.

8.3 Гэрээний дараагийн төлбөр 2,500,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Мээс худалдагч Д.Дөлгөөний дансруу, 500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.Цийн данснаас худалдагч Д.Дөлгөөний дансруу тус тус шилжүүлэн төлсөн. Мөн гэрээний төлбөр 2,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2,500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.М худалдагч Д.Дөлгөөнд тус тус дансаар төлсөн.

8.4 Хариуцагч нь хэрэв нэхэмжлэгчийн шаардаж буй тоног төхөөрөмжүүд нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл биш, хамтран ажиллах гэрээний дагуу олсон орлогоос төлбөрийг нь төлсөн, хамтран ажиллах гэрээний дагуу Б.М худалдагч Д.Дөлгөөнөөс худалдаж авсан гэж маргаж байгаа үндэслэлээ баримтаар нотлох, ингэхдээ Б.Мийн дансаар төлөгдсөн мөнгөний эх үүсвэр нь Б.М, Г.Ц, Д.И, Х. нарын ямар хамтын ажиллагааны, хэнд ямар ажил, үйлчилгээ үзүүлсэн, хэдэн төгрөгний орлогын хэдэн төгрөгөөр төлөгдсөн төлбөр болохыг тус тус баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрийн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа X. гаас авахаар шаардсан боловч тэрээр үндэслэлгүйгээр өгөхөөс татгалзсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааны дагуу нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгийг Х. болон түүний Н ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Х. нь хариу тайлбартаа уг тоног төхөөрөмжүүдийг 4 хүн хамтран худалдан авсан мэтээр нэг тайлбарладаг, эсхүл өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг, захирлаар нь ажилладаг Н ХХК-ийн өмч мэтээр худал тайлбаруудыг хийдэг боловч энэ 2 нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй тайлбар буюу ямар ч баримт нотлогооны үндэслэлгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогддог.

8.5 X. н хариу тайлбартаа ...надад биеийн байцаалт байгаагүй учир Б.Мээр гэрээ хийлгэсэн гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, түүний өгсөн уг тайлбарт урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлөх мөнгөгүй байсан гэсэн нь хоорондоо логик байдлаар холбогдохгүй буюу тэр иргэний үнэмлэхгүй болоод гэрээ байгуулаагүй юм уу, эсхүл мөнгөгүй болоод Б.Мийг худалдаад ав гэсэн юм уу гэсэн асуултууд эргэлзээ дагуулдаг. Гэтэл гэрч Д.Дөлгөөний өгсөн мэдүүлэгт ...Б.М бусдыгаа төлөөлж гэрээ байгуулсан гэсэн зүйл байхгүй.

Б. мөнгөгүй болоод өмнө нь худалдан авч чадаагүй Б.Мийг тоног төхөөрөмжийг худалдаж авахыг зөвшөөрч, Д.Дөлгөөнтэй өмнө нь хийсэн хэлцлээсээ татгалзсаны дагуу Б.М тусдаа гэрээ байгуулан төлбөрийг нь төлж дуусгаж Д.Дөлгөөний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өмчлөгч болсон.

8.6 Х. шүүхэд гаргасан тайлбартаа ...Б.М, Г.Ц нар 5,000,000 төгрөг хүнээс зээлээд олох боломжтой гэх, Д.И шүүхэд гаргасан тайлбартаа ...Б.М, Г.Ц нар нь бусдаас 6,000,000 төгрөг зээлсэн гэх мэдүүлгийг тус тус өгсөн атал тоног төхөөрөмжүүдийн үнэ бидний хийсэн ажлын төлбөрөөс төлөгдсөн гэх тайлбарыг өгч, дундын өмчлөлийн зүйл болгож буй нь үндэслэлгүй. Тэд энэхүү тайлбар мэдүүлгээ нолоогүй.

Б.М бусдаас зээл авч, үүрэг хүлээсэн харилцааны үр дүнд бий болсон мөнгөөр тоног төхөөрөмжийн үнийг төлж барагдуулсан нь бусад гурван этгээдэд хамааралгүй буюу тэдгээрт эрх үүсгэхгүй, үүрэг хүлээлгэхгүй харилцаа. Гэтэл шүүх тусдаа эрх зүйн харилцаануудыг нэг эрх зүйн харилцаа мэтээр дүгнэж, бодит байдал болон хуульд үл нийцсэн тайлбарыг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Гэрч Д.Дөлгөөний өгсөн мэдүүлэгт ...хамгийн анх Баяраа, Шагай гэх залуу ярьж байсан. Ярьсны маргааш очиж уулзаад тоног төхөөрөмж үзээд явж байсан, ...авна гэж байгаад хэсэг чимээгүй болсон, ...10 гаруй хоносон байх, ...Дараа нь хэн ирж уулзсан бэ гэхэд Дөрвүүлээ ирж уулзаад хоёр дүүдээ үзүүлж харуулна гэж байсан гэх мэдүүлэг болон Х. н өөрийнх нь тайлбарт дурдсанчлан мөнгөгүй байсан тул Б.М гэрээ байгуулж авсан гэх үйл баримтууд нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг нь төлж эд хөрөнгийг худалдаж авснаар өмчлөгч болсон.

Өөрөөр хэлбэл, худалдаж авсан эд хөрөнгийн өмчлөгч нь Иргэний хуулийн 111 дүгзэр зүйлийн 111.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Б.М.

8.7 Талуудын тайлбар болон дансны хуулгаас үзэхэд тэд өөр өөрсдийн олсон захиалгыг тус бүртээ авч, захиалагчийн өгсөн төлбөрөөс материалын зардлыг гаргаад ажил хийсэн оролцоонд нь тааруулж цалин хөлс бие биедээ өгдөг байсан нь тогтоогддог. Гол тохиролцоо нь бусдын өмчлөлийн түрээсийн үл хөдлөх хөрөнгө дотор Б.Мийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан өөр өөрсдийн олсон ажлыг хийх. Ингэхдээ бусдын ажилд оролцсон тохиолдолд тухай бүрд нь тохирсон хөлсийг өгөх замаар ажилладаг байсан. Гэтэл шүүх Б.М болон Б.Ц нарын дансны хуулгыг дүгнэхдээ бүх орлого, зарлага нь X. , Д.И, Б.М, Г.Ц нарын хамтын үйл ажиллагааны орлого гэж үзэн, уг орлогоор тавилгын үнийг төлсөн, хамтын ажиллагаанаас олсон ашгийг тэнцүүлэн хуваарилуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх Б.М болон Г.Ц нарын дансны хуулгыг дүгнэж, уг дансны орлого 4 хүний хамтын үйл ажиллагааны орлого гэсэн атлаа X. , Д.И нарын дансны хуулгаар орсон орлогын талаар болон нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсанчлан тус тусдаа захиалга авч бусдад тавилгаа хийж өгдөг байсан гэх тайлбарын талаар дүгнэлт өгөөгүй. Эдгээр 4 хүн өөр хоорондоо шилжүүлж байсан мөнгө нь бараа материал авахад бие биедээ туслах, зарим ажил дээр бусдын орлогыг өмнөөс нь бие биедээ шилжүүлэх зэрэг өөр өөр эрх зүйн харидлаа байсныг бүгдийг нь хамтран ажиллах гэрээ гэж дүгнэх боломжгүй.

8.8 Дээрх эд хөрөнгийг Н ХХК-ийн өмч мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Н ХХК-ийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл Х. нь Б.Мийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор худал мэдүүлэхээс гадна, шүүхийг төөрөгдөлд оруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түрэзсийн байрны хаягаар өөрийн үүсгэн байгуулсан Н ХХК-ийг бүртгүүлж, уг байранд Н ХХК үйл ажиллагаа явуулдаг мэтээр зохиомол байдлыг гаргасан.

Б.М, Г.Ц, Д.И нарын мэдүүлгээр Н ХХК-аар үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь тогтоогдог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Х. н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 Хамтран ажиллах үйл явцад бий болсон 4 хүний өмчийг Б.М шаардах эрхгүй. Гэрч н.Дөлгөөн нь ...анх худалдах-худалдан авах гэрээний саналыг Х. болон н.И нар тавьсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүгчээс худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж ойлгосон бэ гэхэд компанитай гэж хариулсан. Мөн н.Дөлгөөн нь худалдагч авагч талыг 4 хүнд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн тоног төхөөрөмж нь 4 хүний өмчлөлийн зүйл бөгөөд Б.Мийн өмчлөлийн зүйл биш. Тавилга үйлдвэрлэхэд 4 хүн оролцдог тул ажил үүргийн хуваарилалтын тухайд Д.И нь будаг болон тавилга угсралтын ажил гүйцэтгэдэг. Анх худалдах-худалдан авах саналыг Д.И болон Х. нар тавьсан. Тухайн үед компанийн үйл ажиллагаагаа 4 хүн хамтарч байсан. Гэрч н.Дөлгөөн нь худалдах-худалдан авах гэрээг компанитай байгуулсан гэж ойлгосон. Компанийн ихэнх хөрөнгө нь Г.Цийн дансанд төвлөрдөг байсан. Дансны хуулгаас харахад тавилга үйлдвэрлэхэд оролцож буй Д.И, Х. , Г.Ц нарын дансанд орж ирсэн мөнгийг Б.Мийн данс руу шилжүүлдэг байсан. Дансны хуулгаар Г.Ц болон Б.М нар төлсөн мэт харагдаж байгаа боловч 4 хүний тавилга үйлдвэрлэж, олсон мөнгөнөөс төлж буй орлого. Тухайн цаг үед худалдах-худалдан авах гэрээг байгуулах боломжгүй байсан гэдгийг гэрч н.Дөлгөөн хүлээн зөвшөөрсөн гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

10.1 Бид нар аман хэлэлцээр хамтран ажиллахаар болж 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн гэрчилгээ гарч, компаниар явъя гэхэд Г.Ц, Б.М нар хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед компанийн данс нээгдээгүй байсан тул Б.М, Г.Ц нарын дансаар орлого, зарлага хийж байсан. Тоног төхөөрөмжийг Д.И бид хоёр анх хэлэлцээр хийж, авъя гэж тохиролцсон бөгөөд нөгөө хоёртой санал тавьсан. Бид хоёр урьдчилгаа мөнгийг нь гаргачихъя, тэгээд дөрвүүлээ хамтран явъя гэхэд болж байна гээд хамтарч ажиллах болсон.

Компанийн орж ирсэн захиалга, орлогоосоо бид нар ажлаа гүйцэтгэж, үлдэгдэл ашгаасаа түрээсийн төлбөрөө төлдөг байсан. Б.М, Г.Ц нар нь төлж байгаа гэж хэлдэг байсан. Сүүлд орлого, зарлага нь мэдэгдэхээ болиод хэцүү болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Х. , Н ХХК-д холбогдуулан тавилга, үйлдвэрлэлийн хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 10,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

3.1 Б.М, Х. нар нь тавилга, үйлдвэрлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сараас хамтран ажиллахаар тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарыг хүртэл хамтран ажилласан нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх 1, 19-21, 2хх 3/

3.2 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна. Мөн зүйлийн 477.4 дэх хэсэгт зааснаар дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.

3.3 Талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон, маргааны зүйл болох тоног төхөөрөмжүүд нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө мөн эсэхэд зохигчид тухайн гэрээнээс гарах үедээ маргаагүй. Өөрөөр хэлбэл, хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүд нь талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд, мөн талуудын төлсөн хураамжийн хэмжээгээр бий болсон дундаа өмчлөх хөрөнгөд хамааралгүй, харин нэхэмжлэгчийн эсхүл, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэхэд маргасан байна.

Иймд дээрх тоног төхөөрөмжийг талуудын төлсөн хураамж, мөн дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон талуудын дундаа өмчлөх хөрөнгө гэж үзэхгүй.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

4.1 Б.М нь дээрх тоног төхөөрөмжийг Д.Дөлгөөнтэй байгуулсан гэх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу 12,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний төлбөрт 5,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5022634505 дугаар данснаас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр, 500,000 төгрөгийг Хаан банк дахь Г.Цийн эзэмшлийн 5032714285 дугаар данснаас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2,000,000 төгрөгийг мөн банк дахь өөрийн эзэмшлийн 5022634505 дугаар данснаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2,500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, нийт 12,500,000 төгрөгийг Д.Дөлгөөнд шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны хуулга, ноу-хау /нууц/ худалдах, худалдан авах гэрээ /1хх 5-12, 74-102/-ээр нотлогдож байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчээс Д.Дөлгөөнд тоног төхөөрөмжийн төлбөрт 12,500,000 төгрөг шилжүүлснийг үгүйсгээгүй.

4.2 Хариуцагч Х. нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь өөрийгөө тухайн тоног, төхөөрөмжийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон дээрх нотлох баримтыг баримтаар үгүйсгэх үүрэгтэй.

4.3 Хэрэгт Хаан банк дахь Б.Мийн эзэмшлийн 5022634505 дугаар дансны, Х. гийн эзэмшлийн 5925096514 дугаар дансны, Э.Иын эзэмшлийн 5166017996 дугаар дансны, Г.Цийн эзэмшлийн 5032714285 дугаар дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга тус тус авагдсан байна. /1хх 74-102, 161-176, 219-239/ Уг баримтаар Х. гаас тоног, төхөөрөмжийн үнэ 12,500,000 төгрөгийг Б.Мд төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Х. гийн ...тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгчид төлсөн гэх татгалзал үндэслэлгүй. Иймд Х. г тоног, төхөөрөмжийн хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч гэж үзэхгүй.

4.4 Дээрх тоног, төхөөрөмж нь хариуцагч Х. гийн эзэмшилд байгаа талаар зохигч маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х. гийн хууль бус эзэмшлээс тавилга, үйлдвэрлэлийн хавтан зүсэгч, суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч, үртэс сорох төхөөрөмжүүдийг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгчийн тухайн тоног төхөөрөмжийг өмчлөх эрхийг хариуцагч Н ХХК зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-иас шаардах эрхгүй.

6. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Х. гаас тавилга, үйлдвэрлэлийн хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ ШШ2022/03287 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х. гаас хавтан зүсэгч суурин хөрөө рам, хавтангийн ирмэг наагч төхөөрөмж, үртэс сорох төхөөрөмжийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Мд холбогдох 10,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х. гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Х. гаас 214,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт орж байна. за нэхэмжлэгч нэр бүхий тоног төхөөрөмжүүдийг аа ийм бүрдэл хэсэг маягтай, ийм нэр бүхий ийм тоног төхөөрөмжүүдийг хууль бус эзэмшлээс шаардсан, за энэ бүрдэл хэсэг бүхий энэ тоног төхөөрөмжүүд н эзэмшил хашаанд нь байгаа гэдэг ийм үйл баримт тогтоогдсон юм байна. За нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор энийг бол би худалдаад авчихсан, миний одоо хувийн өмч юм гэдгээ нотлохоор гэрээ мөнгө төлсөн баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг эш татдаг юм байна. За ингэж өөрийнхөө энэ өмчлөлийн хөрөнгө гэдгээ нотолсон байгаа нөхцөлд хариуцагч энэ хашаанд нь байж байгаа төхөөрөмжийг хууль ёсоор эзэмшиж байгаа бас мөн одоо юу гэдэг юм хууль ёсны дагуу олж авсан, өөрийнх нь өмч ч гэдэг юм уу энэ нөхцөл байдлаа бол нотлох үүрэг д ноогдож байгаа за энэ нэхэмжлэгчийн гаргасан гэрээ, мөнгө төлсөн баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг бол няцаасан баримт бол гаргаагүй, за талууд нэг 4 нэр бүхий 4 иргэн хамтран ажиллаж байсан, ийм үйл баримт тогтоогдсон хэргийн баримтаас харах юм бол хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон гэсэн ийм тайлбар хэлдэг дуусгавар болох үед одоо ашиг алдагдал хуваасан талаар ийм баримт бол хэрэгт авагдаагүй, энэ ийм маргаангүй одоо үйл ажиллагаа дуусгавар болчихсон гэсэн ийм үйл баримт бол маргаангүй байгаа. За тэгэхээр энэ нотлох баримтуудад үндэслээд хууль бусаар эзэмшиж байна, өөрийнхөө хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгээ нотлоогүй, эзэмшил нь хууль ёсных болох нь тогтоогдоогүй учраас энэ төхөөрөмжүүдийг гаас гаргуулж нэхэмжлэгч Мд олгохоор ингэж заасан ийм өөрчлөлт орж байна, за 10,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн тул давж заалдах журмаар гомдол гаргаагүй. За шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь мөн улсын тэмдэгтийн хураамжийн хэсэгт өөрчлөлт орж байгаа, за шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад бол энэ төхөөрөмжүүдийн нэрсийг бол нарийн зааж өгнө, яагаад вэ гэхээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой, за ийм агуулгаар магадлал гарч байна

Н ХХК-д бол холбогдох хэсэг нь бол хэрэгсэхгүй болж байна, н эзэмшил хашаанд нь ингээд байж байгаа учраас ийм өөрчлөлт орж байна.