| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0279/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/294 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Хохирогч Б.Г-
Шүүгдэгч П.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-ид холбогдох эрүүгийн 1838006480328 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.С-,
Шүүгдэгч П.С- нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Г-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.С- нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт хохирогч Б.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Б.Г-ийн толгойн тус газар нь гараараа түлхэх маягийн зүйл болсон. Тэрнээс өөр айхтар зодоон хийгээгүй. Б.Г- нялх хүүхэд тэвэрсэн байсан болохоор би зодоогүй гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/, Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...П.С- гэдэг хүн жижиг цагаан машинтай давхиж ирээд намайг муу цагаачин. Чи мэддэг юм уу наад модоо буулга гээд ачааны татлагыг тайлаад модоо буулгасан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод гэнэт гараараа толгойн тус газар цохисон. Тэгээд модоо буулгаж байхдаа дахиж ирээд намайг модоор толгой тус хэсэгт цохисон. Тэгсэн чинь толгой хэсэг дүүрээд байхаар нь сууж байгаад би П.С-той юм яриагүй намайг доромжлоод цохиж байхад хажууд хүмүүс байсан мөртлөө бид нарыг салгахгүй хараад зогсож байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгээд модоо буулгах гээд явж байхад голын гарамны ойролцоо хүүхэд тэвэрсэн нэг хүн гараа өргөөд зогс гээд байхаар нь бид нар анзаарахгүй яваад өгсөн. Тэгээд бид нар модоо буулгах гээд машин дээрээ яваад очиж байтал нөгөө хүн араас ирэхээр нь харсан чинь Б.Г- гэдэг хүн та нар энд мод буулгахгүй гэхээр нь Б.Г-т хүү минь энд мод буулгахгүй яах юм гэхэд манай дүү нар П.С- нь Б.Г-той барилцаад авч байснаа түлхэж унагаасан. Тэгээд П.С- нь Б.Г-ийн зүүн шанаа тушаа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би дүүгээ салгаад яах гэж байгаа юм боль гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаад байснаа нэг харсан чинь П.С- нь хаанаас юм нэг гишүү аваад шидэж байгаа харагдсан. Тэгээд бид нар модоо буулгаад манай дүү нар буцаад яваад өгсөн ... гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 406 дугаартай: 1.Б.Г-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Б.Г-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838006480328 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч П.С- нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг 3 дугаар багт хохирогч Б.Г-ийг өөрийнхөө газарт мод буулгахгүй гэхэд нь зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Г-, гэрч С.Д- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Нотлох баримтын хэмжээнд комьпютер томографийн оношилгоо хийлгэсэн баримтыг үндэслэн шүүгдэгч П.С-оос 60.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-т олгох нь зүйтэй.
Харин хохирогч нь дахин шинжилгээ хийлгэх, эмчилгээ хийлгэх зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдлаа. Эрүүгийн 1838006480328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч П.С-оос 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-т олгох, хохирогч нь дахин шинжилгээ хийлгэх, эмчилгээ хийлгэх зардал, хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн 1838006480328 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР