Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/295

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-ид холбогдох эрүүгийн 1838004820242 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б-,

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны орой Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт оршин суух Э.Б-ийн гэрээс самсунг маркийн S6 эджи маркийн гар утас, самсунг S3 маркийн гар утас, утас цэнэглэгч хулгайлж 356.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт оршин суух Э.Б-ийн гэрээс самсунг маркийн S6 эджи маркийн гар утас, самсунг S3 маркийн гар утас, утас цэнэглэгч хулгайлж 356.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэднийд ороод Ганаа ах гэж дуудсан чинь хүн дуугарахгүй байсан. Тэдний буйдан руу харахад 2 ширхэг гар утас цэнэглэгчийн хамт бахаар нь аваад гэрээс нь гараад явсан юм аа. Тэгээд би шууд гэртээ харихаар явсан. Гэртээ харих замдаа нэг утасных нь гаднах гэр болон 2 гар утасны сим картыг нь аваад гаргачихсан. Тэгээд шууд гэртээ очиж унтсан... Би 2 гар утас хулгайлсан. Өглөө нь харахад Самсунг маркийн эджи S6, S3 маркийн гар утаснууд байсан. S6 маркийн гар утас шинэвтэр шаргал өнгөтэй утас байсан. Харин S3 маркийн гар утас нь хуучин хар өнгөтэй байсан... гэх мэдүүлэг. /хх 27 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 11-ны өглөө босоод ажилдаа явах гээд утсаа хайгаад олоогүй юм. Би тэр орой айлд очиж байж байгаад шөнийн 02 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, гал тогооны гэрэл, гадаа үүдний гэрэл асаалттай байсан юм. Мөн охины гар утас цэнэглэгчийн хамт байхгүй болчихсон байсан. …Г.Б-ийг би нутгийн хүүхэд болохоор 2 гар утасны төлөө шоронд явуулмааргүй байна.Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар хуудас /

Гэрч Б.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны оройн 21 цагийн үед манай нөхрийн найз Гомбоо шим гэсэн архитай манайд ирсэн. Тэр архийг манай нөхөр Гомбоо хоёр хувааж уусан. ...Тэр өдрөөс хоёр хоногийн дараа манай нөхөр самсунг маркийн S6 эджи, S3 гэсэн хоёр ширхэг утас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас /

Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 10-ны шөнө том өрөөнийхөө буйдан дээр Самсунг маркийн S6 эджи, S3 маркийн гар утсуудыг тавиад унтлагынхаа өрөө рүү ороод унтсан. Тухайн үед манай 6 настай хүү Мөнх-Оргил нь хажуу талын өрөөнд унтаж байсан. Буйдантай утас тавьсан өрөөний хажуу талд унтаж байсан гэсэн үг. Тэгээд би унтахдаа хаалгаа хаагаад түгжилгүй унтсан юм аа. Тэр үед манай эхнэр ажил дээрээ байсан. Манай эхнэр бүр шөнө ирчихсэн гэсэн. Би юу ч мэдээгүй унтсан байсан. Тэгээд маргааш өглөө нь утсаа алга болсныг 10 цагийн үед мэдсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 83 дугаар хуудас /

Гэрч М.Б-, шинжээч Ш.Д- нарын мэдүүлэг /хх-ийн 81, 90 дугаар хуудас / Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны орой Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт оршин суух Э.Б-ийн гэрээс самсунг маркийн S6 эджи маркийн гар утас, самсунг S3 маркийн гар утас, утас цэнэглэгч хулгайлж 356.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Э.Б-, гэрч Б.Ү-, Ц.Г-, М.Б- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж, чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн 1838004820242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.Б-т 2 утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгч, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 50 дугаар хуудас/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-ийг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн 1838004820242 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР