Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00052

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00052

 

Г.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04527 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.На

Хариуцагч: Х.У

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 1,235,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Х.У нь Г.Над захиалга өгч, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хуаран 87А дугаар байр, 30 тоот хаягт байрлах орон сууцны тагтны хэсэгт 1,235,000 төгрөгийн үнэ бүхий 7.7 м.кв хуванцар хаалтыг хийлгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь захиалгын дагуу 7.7 м.кв хуванцар тагтны хаалтыг хийж гүйцэтгэн, хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Гэвч Х.У нь хэлэлцэн тохиролцсон хөлс 1,235,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй. Төлбөрт нь 2 хүнийг жолооны дамжаанд суулгаж өгнө гэсэн боловч дамжаанд суулгаагүй. Иймд 1,235,000 төгрөгийг хариуцагч Х.Угаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хийсэн ажил болон үнийн дүн дээр маргаан байхгүй. Ажлын хөлсөнд 2 хүүнийг жолооны дамжаанд суулгана гэж тохиролцсон бөгөөд 2 хүнийг бүртгэлд оруулсан. Мөн ажлын хөлсөний зөрүү 35,000 төгрөгийг төлсөн. Би жолооны сургуулийн захирал бөгөөд суралцахад нээлттэй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х.Угаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,235,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Над олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцаанд бүрэн дүгнэлт хийгээгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн боловч төлбөрийг хэрхэн барагдуулах талаар амаар хэлцэл байгуулж тохирсон талаар бүрэн дүгнээгүй. Талууд нэг суралцагчийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тохиролцож, нийт 1,200,000 төгрөгт тооцож нэхэмжлэлийг тодорхойлсон. 2 хүнийг жолооны сургалтад суралцуулах үйлчилгээ үзүүлж, үлдэгдэл 35,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохирсон.

Үүний дагуу хариуцагч 35,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн. Харин 2 хүнийг жолооны сургалтанд суралцуулахаар бүртгэсэн боловч тухайн иргэд сургалтандаа өөрсдийн санаачилгаар хамрагдаагүй. Гэвч шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй буюу 2 хүнийг жолооны сургалтанд хамруулж харилцан үйлчилгээ үзүүлэх замаар төлбөрийг төлөх бус шууд жолооны үнэмлэх гаргаж өгөх замаар тохирсон хэмээн буруу дүгнэлт хийсэн. Х.У нь жолооны сургалтын үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд болохоос жолооны үнэмлэх гаргаж өгөх эрх бүхий этгээд биш.

4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид өөрийн тайлбарыг нотлох үүрэгтэй боловч хариуцагч Х.Угийн зүгээс хууль эрх зүйн мэдлэггүй иргэн байдаг. Үүнээс үүдэн өөрийн татгалзаж буйг нотлох шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэвч шүүх хэргийг бүрэн бодитой шийдвэрлэхийн тулд өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх эрхтэй атал уг эрхээ эдэлж дээрх хоёр иргэн ямар шалтгааны улмаас сургалтанд бүрэн хамрагдаагүй буюу хариуцагчийн буруутай үйлдлээс, эсхүл өөрсдийн буруутай үйлдлээс хамааралтайг тогтоолгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3 Анхан шатны шүүхээс талууд төлбөрийг мөнгөн хэлбэрээр бус харилцан үйлчилгээ үзүүлж зөрүү мөнгийг төлөхөөр тохирсон нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Ямар үндэслэлээр хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах болсон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагч нь 1,235,000 төгрөгийн зөрүү 35,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн талаар шүүхэд мэдэгдэж нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Гэвч уг төлбөрийг үндсэн мөнгөнөөс хасалгүй бүхэлд нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/171, А/496 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын 4.1-д Жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд тухайн сургалтын байгууллагатай гэрээ байгуулна гэж заасан. Гэтэл Х.У болон Шижир хүлэг ХХК-ийн хооронд сургалтын гэрээ байгуулагдаагүй. Анхнаасаа жолооны сургалтад суулгах хэлбэрээр ажлын хөлсийг төлөхөөр тохиролцоогүй.

5.2 Тухайн үед Х.У нь 1,235,000 төгрөгийн төлбөрт жолооны үнэмлэх гаргаж өгөх саналыг нэхэмжлэгчид тавьсан бөгөөд саналыг зөвшөөрсөн. Мөн гомдолд үлдэгдэл 35,000 төгрөгийг өгсөн гэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үүнийг авсан талаар хүлээн зөвшөөрөөгүй. Талууд ажил гүйцэтгэсний дагуу төлөх төлбөртэй холбоотойгоор маргасан. Х.У нь хаалтыг бодитоор авсан хэр нь жолооны үнэмлэх гаргаж өгөхгүй хуурсан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.На нь хариуцагч Х.Уд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 1,235,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Г.На нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хуаран 87А дугаар байр, 30 тоот хаягт байрлах орон сууцны тагтанд 7.7 м.кв хуванцар хаалт хийж гүйцэтгэх, Х.У нь ажлын хөлс 1,235,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

Талууд ажлын хөлсний хэмжээ, нэхэмжлэгч дээрх ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.

3.1 Хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч ...хөлсийг 2 хүнийг жолооны дамжаанд хамруулж төлсөн, ...мөн зөрүү 35,000 төгрөгийг төлсөн гэх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд ажлын хөлсийг бусдыг жолооны дамжаанд суралцуулахаар төлсөнд тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...талууд нэг суралцагчийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцон, 2 хүнийг жолооны дамжаанд суралцуулж, нийт 1,200,000 төгрөгийн төлбөрийг ажлын хөлсөнд тооцохоор тохиролцсон гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

3.2 Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хэргийг бүрэн бодитой шийдвэрлэхийн тулд өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, мөн түүнтэй холбоотой баримт бүрдүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.3 Түүнчлэн, хууль, эрх зүйн мэдлэггүй нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 34,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН