Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.С.А-,

Шүүгдэгч С.А-, Т.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-, Т.У- нарт холбогдох эрүүгийн 1838007680375 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.А-,

Монгол улсын иргэн, Т.У-,

Шүүгдэгч С.А-, Т.У- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цагаан-Нуур сумын Асгатын хад гэх газарт хохирогч Б.Э-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А-, Т.У- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Асгатын хад гэх газарт согтуурсан үедээ хохирогч Б.Э-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... Заяа Б.Э-ыг чи одоо боль согтчихлоо Рэнчинлхүмбэ рүү мотоциклио барьж явж чадахаа байлаа би мотоциклийг чинь барьж явна гэж хэлэхэд Б.Э- би өөрийнхөө хөрөнгийг өөрөө мэднэ би өөрөө барьж явна гээд байсан тэр үед би Б.Э-д чи мотоцикпь барьж явж чадахгүй өнөөдөр угаасаа Лхүмбэ орохгүй юм байна гэж хэлэхэд Б.Э- чамд ямар хамаатай юм гэж над руу агсарсан тэгээд Б.Э- бид хоёр маргалдаж байгаад зодолдсон... би тэр үед Б.Э-ыг гараараа хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон тэгээд унасан байхад нь нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /ххийн 14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... эхний хоёр шил архийг ууж дуусаж байх үед С.А-, Б.Э- нар маргалдаж эхэлсэн тэгээд тэр хоёр зодолдоод болохгүй байхаар нь Б.Э-ын мотоциклийг Хишигдаваагаар бариулаад араар нь Б.Э-ыг суулгаад явуулах гэсэн чинь С.А- байж бай гэсэн гээд тэр хоёр явахгүй Б.Э-, С.А- хоёр маргалдаад байсан тэгээд Б.Э-ыг мотоциклийг Хишигдаваагаар бариулаад араар нь Б.Э-ыг суулгаад явуулах гэсэн чинь С.А- байж бай гэсэн гээд тэр хоёр явахгүй мотоциклиосоо буугаад ирэхээр нь би Б.Э-ын урдаас нь очиж түлхээд яв гэхэд явахгүй байсан тэгэхээр нь би Б.Э-ыг хальт алгадаж нэг удаа шанаа руу нь цохисон ... би Б.Э-ыг явахгүй мотоциклиос буух үед нэг удаа шанаа руу алгадаж цохисон тэр үедээ Б.Э-ыг газарт унасан байхад нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөж авсан....” гэх мэдүүлэг /ххийн 16-18 дугаар хуудас/,

Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... эхний нэг шил архиа ууж дуусаад хоёр дахь архийг ууж байх үед би нилээд согтоод муудсан байсан тэр үед С.А- надтай юм ярьж байснаа чи миний найз охинтой унтсан гэсэн маягтай зүйл ярьж сууж байснаа шууд миний нүүр лүү гараараа 2 удаа цохиж авсан. Тэр үед би газарт унасан байхад С.А- миний найз охинтой унтах гоё байна уу гээд нуруу нүүр лүү өшиглөөд нүүр лүү цохиод байсан тэр үед Заяа Хишигдаваа хоёр С.А-г салгаж авч байсан тэгээд С.А-г салгаад холдонгуут Т.У- бас гүйж ирээд намайг газарт хэвтэж байх үед мөн нуруу, нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /ххийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... нэг шил архиа ууж дуусгаад хоёр дахь архиа ууж эхэлж байх үед Б.Э- согтоод байсан тэгсэн чинь С.А- Б.Э-ыг чи миний найз охинтой унтсан гэл үү гээд нүүр лүү нь гараараа цохиж аваад дараа нь унасан байхад нь мөн нүүр лүү нь өшиглөж байсан. Тэр үед Заяа бид хоёр салгаж байх үед Т.У-, Б.Э-ын нуруу руу 3-4 лав өшиглөсөн...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Н.З-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: : “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ... Хамаг монгол гэдэг архи авчирсан тэрийг ууж байх үед С.А- Б.Э-ыг нүүр лүү гараараа нэг хоёр удаа цохиод авахаар би салгасан... С.А- гараараа Б.Э-ын нүүр хэсэг рүү 2 цохих үед Б.Э- газарт хэвтэж унасан. Тэр үед С.А- нэг удаа Б.Э-ын цээж хэсэг рүү өшиглөж байсан.” /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 506 дугаартай: 1. Б.Э-ын биед духны баруун хэсэг, зүүн хэсэг, зүүн шанаа, зүүн хацар, дагзны төвгөр, хүзүүний ар гол хэсэг, зүүн чамархайн дээд хэсэг, зүүн чихний дэлбэн, ар хэсэгт зулгаралтын нөсөөжилт, баруун дээд зовхи, доод зовхи, зүүн дээд зовхи, доод зовхинд цус хуралт, доод уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Б.Э-ын биед үүссэн эмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч С.А-, Т.У- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цагаан-Нуур сумын Асгатын хад гэх газарт хохирогч Б.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргахгүй байх бөгөөд, дээрх шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Э-, гэрч Б.Х-, Н.З-, Б.Б- нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.А-, Т.У- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А-, Т.У- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч С.А-, Т.У- нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч С.А-, Т.У- нар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Э-д тус бүр 300.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгч нараас 300.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй./хх-ийн 55 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838007680375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлйин 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А-, Т.У- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.У-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.А-гээс 300.000 төгрөг, шүүгдэгч Т.У-аас 300.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д олгосугай.

5. Эрүүгийн 1838007680375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-, Т.У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР