Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч П.Ц-,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж

Шүүгдэгч В.М- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.М-ад холбогдох эрүүгийн 1838005700291 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, В.М-,

Шүүгдэгч В.М- нь 2018 оны 07 дугаар сарын19-ний орой Хөвсгөл аймгийн Галт сумын төвд хохирогч П.Ц-ийн нүд рүү нь цохисны улмаас тархи доргилт, баруун дээд зовхинд, доод зовхинд, баруун нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч В.М- нь 2018 оны 07 дугаар сарын19-ний орой Хөвсгөл аймгийн Галт сумын төвд хохирогч П.Ц-ийн нүд рүү нь цохисны улмаас тархи доргилт, баруун дээд зовхинд, доод зовхинд, баруун нүдний алиманд орших торлог бүрхэвчийн шар толбоны орчимд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч В.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой сумын төвийн клубын гадаа мотоцикль дээрээ сууж байхад манай сумын зүс таних П.Ц- гээд залуу согтуу ирээд надаас архины мөнгө нэхсэн ... тэгсэн П.Ц- дахиж над дээр ирээд хадам ахаасаа морь авсан биздээ тэр морио чи азаргатай уралдуулаад байгаа шүү наадах чинь морь шүү чи одоо болимоор байна гээд над руу дайраад байсан. Би уур хүрээд миний азарга морь биш азарга шүү дээ гэж хэрэлдэж байгаад би П.Ц-ийг дагуулж жорлонгийн хажуу талд аваачиж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн П.Ц- цохиулаад суугаад авахаар нь би яваад өгсөн. Би П.Ц-ийн нүд рүү нэг л удаа цохисон”гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 дугаар хуудас /,

Хохирогч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2018 оны 07 дугаар сарын 19-ны орой морь хамт уясан найзуудтайгаа хамт 3 ширхэг 2,5 литр пиво уучихаад манай 2 найз морин дээрээ очиж унтана гээд би сумын соёлын төв орсон. ... гарч ирэхэд манай сумын В.М- гээд залуу зогсож байсан. В.М-тай уулзаад зогсож байхад В.М- намайг мотоцикль дээр чинь хүргээд өгье гэж дагуулж яваад миний дээлний бүснээс барьж явж байснаа гэнэт миний баруун нүд рүү цохисон. Тухайн үед нүдэн дээр гал манараад явсан. ... энэ хэргээс болж одоог хүртэл эмнэлэгээр явж байна эмч нар хараа орох үгүйг хэлж мэдэхгүй байна гээд байгаа. Одоогоор эмнэлэгт үзүүлж хэвтэж эмчлүүлсэнтэйгээ нийлээд 6 сая гаран төгрөгний зардал гарч байна. ... 10 гаран сая төгрөгний хохирол учираад байгаа юм. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 6-12 дугаар хуудас /,

Хохирогч П.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод Болор Мэлмий гэх хувийн эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Тэр эмнэлэгийн эмч Монголд таны харааг салгах боломжгүй. Харин Энэтхэг улсад таны харааг салгах эмчилгээ хийдэг гэж хэлсэн. Хэрвээ хоёр нүднийхээ харааг салгуулахгүй бол зүгээр байгаа нүдэндээ нөлөөлж хоёр нүдний хараа байхгүй болно гэж хэлсэн. Хараагаа салгуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо хараа салгах эмчилгээ хийлгэхэд туслалцаа үзүүлнэ үү гэж хэлмээр байна гэв. Гэрч А.Гэрэлсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай дүү манай нөхрийг хөтлөөд орж ирсэн манай нөхрийн нүд, нүүр дээл хувцас нь нилэнхүйдээ цус болсон орж ирсэн. Нөхөр маань би Мөнгөөд зодуулчихлаа гэсэн. Тэгээд гайгүй байх гэж бодоод цусыг нь арилгачихаад унтуулсан” гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 дугаар хуудас /,

Гэрч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай хүргэн ах П.Ц- ах Мөнгөө ах энэ хоёр уулзаад байж байсан. Би буцаад клуб руу ороод 30 минут хэртэй болсон байх буцаад клубээс гарч ирэхэд Мөнгөө ах бөөн хүмүүс дотор нөгөөтөхийг чинь цохиод хаячихлаа гээд ярьж байхаар нь Цээрээ ахыг цохичихсон юм байна гэж бодоод жорлонгийн тийшээ очиход Цээрээ ах газарт унчихсан цустайгаа холилдсон, ахыг нь Мөнгөө цохичихлоо миний нүд сохорчихоод өвдөөд байна гээд орилоод байсан. ... би Мөнгөө ахтай таараад та одоо очиж Цээрээ ахын нүдийг хар гэсэн чинь морь доромжлоод байхаар нь би цохисон юм би маргааш очиж уулзана гээд байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай “ 1. П.Ц-ийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд, доод зовхинд, баруун нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. П.Ц-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэх дүгнэлт / хх-ийн 26 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 520 дугаартай нэмэлт шинжилгээний: “1.Хохирогч П.Ц-ийн биед баруун нүдний алиманд орших торлог бүрхэвчийн шар толбоны орчимд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Энэ гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдэх бүрэн боломжтой. 3. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд цаашид бүрэн хараагүй болох, хараа эргэн сэргэх зэрэг нь дээрх шар толбоны цус хуралтын шимэгдэлтийн байдлаас бүрэн хамаарна. Өөрөөр хэлбэл цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь бүрэн эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарах болно.

Урьд гаргасан шинжээч эмчийн 371 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн 1838005700291 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч В.М- нь 2018 оны 07 дугаар сарын19-ний орой Хөвсгөл аймгийн Галт сумын төвд хохирогч П.Ц-ийг морь доромжилсон гэх шалтгаанаар түүний нүд рүү нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхинд, доод зовхинд, баруун нүдний алиманд орших торлог бүрхэвчийн шар толбоны орчимд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч маргахгүй байна.

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл, үйл баримтын талаар хохирогч П.Ц-, гэрч А.Г-, А.Ц- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж, байдлыг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцэж байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч В.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч В.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн санаатай хэлбэр, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч В.М-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч В.М- нь хохирогч П.Ц-эд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд 508.000 төгрөгийн хохирол төлсөн байх бөгөөд хохирогч П.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч В.М-ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838005700291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.М- нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байчууд овогт В.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-ыг дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч В.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838005700291 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч П.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч В.М-ас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР