Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Т.Хүрэлбаатар, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Иргэдийн төлөөлөгч О.М,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э,

Шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-т холбогдох эрүүгийн 1838000000038 дугаар хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Ө-, Шүүгдэгч Б.Ө- нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 7 дугаар багт байрлах гэртээ иргэн Н.Ү-ыг хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт: Бид нар архи уугаад талийгаач бид хоёр гэрт үлдсэн юм. Бид хоёр 1 цаг орчим унтсан. Унтаж босож ирээд хоол хийж идэх гэсэн юм. Тэгээд би ногоо арилгах гэж байсан. Тэгтэл талийгаач над дээр унаж ирэх гээд байсан. Би талийгаачийг цаашаа байж бай гээд түлхсэн юм. Тэгтэл ийм зүйл болчихлоо. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би найзыгаа санаатай алаагүй гэв.

Шүүгдэгч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Ү-ыг санаатай алъя гэж бодож алаагүй. Санамсаргүй байдлаар түүний амь насыг бүрэлгэсэн. Би тухайн үед Ү-г цаашаа байж бай гээд түлхсэн тэгж түлхэхдээ санамсаргүй байдлаар хутгалчихсан байсан. Бид хоёр хоол хийж идэх ногоогоо арилгах гээд байж байтал Ү- манай унтлагын өрөөнд байж байснаа махаа авахгүй яасан юм гээд уурлаад над руу дөхөөд хүрээд ирсэн. Тэгэхэд нь би цаашаагаа өрөө рүүгээ ороод хэвтэж бай би хоол хийчихье гээд түлхсэн. Тэгэхдээ санамсаргүй хутгатай гараараа/ баруун/ түлхсэн. Бас зүүн гараараа Ү-ы баруун мөр лүү түлхсэн. Би тэр үед хутгаа баруун гартаа барьсан байсан бөгөөд Ү-г түлхэхдээ түүн рүү чиглүүлж бариагүй. Урд иртэй хэсгийг хөндлөн буюу бие рүү орохоогүйгээр барьчихсан байсан. Тухайн үед яагаад Ү-ы бие рүү орчихсоныг гайхаад байгаа юм. Ү- над руу зүтгэж байсан байсан учраас хөдөлгөөний чиглэл, биеийн байрлал нь хутганд өртөхөөр таарчихсан юм шиг байна лээ. Тэрнээс бид хоёрын хооронд ямар нэг маргаан зодоон цохион болоогүй. Бид хоёр 10 жилд байхаасаа л найзалж нөхөрлөж ирсэн хүмүүс. …Б, Б хоёр харилаа гээд явцгаасан. Ү- бид хоёр үлдээд миний нойр хүрээд унтчихсан. Би унтаад орой сэрсэн. Намайг сэрэхэд Ү- газар хэвтчихсэн унтаж байсан. Би босоод гал түлэх, юм олж уух гээд сав суулга, зуухны таг зэрэг эд зүйлүүдийг түжигнүүлж байхад Ү- сэрээд босоод ирсэн. Ү-г сэрсний дараа би хоол хийх санаатай ногоо арилгах гээд хутга гартаа барьчихсан байж байгаад ийм асуудал болчихсон юм. Би хутгалчихлаа гэдгээ мэдээд шууд эмнэлэг рүү өөрийнхөө утаснаас залгаад цус алдаад байна. Хурдан яаралтай ир гээд хаягаа өгсөн. Тэгэхэд гадуур дуудлагатай явж байна гэж хариу өгөхөөр нь гар нүүрний ягаан өнгийн алчуурыг аваад Ү-ы биеэс цус гарсан хэсэгт дараад Ү-д ингээд дараад байж байгаарай гэж хэлээд би өөрөө хувцсаа өмсөөд хойшоо гараад 1 дүгээр сургуулийн урд талын засмал замаар гүйгээд эмнэлэг дээр очоод яаралтай тусламжийн тасагт ороод хүн цус алдаад байна. Яаралтай очооч гэж хэлээд дахиж хаягаа өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 153-156-р хуудас/ Хохирогчийн Н.Х- шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүгдэгч Б.Ө-т гомдолтой байна. Шүүгдэгч энэ хэргийг санамсаргүй болсон хэрэг гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Би шүүгдэгчийг тухайн хэрэг болсны дараа тэр даруйд нь анхны тусламж үзүүлсэн гэж үзэхгүй байна. Хүүрийн толбо гэдэг нь удаан арилдаг зүйл. Би энэ хэргийг гэрт олуулаа байхдаа үйлдэгдсэн байх гэж үзэж байна. Тухайн хэрэг болсон газар нь эмнэлэгтэй ойрхон байсан. Хэрвээ санаандгүй болсон зүйл бол талийгаачийг үүрээд гүйхгүй яасан юм бэ? би шүүгдэгчийн хэлж байгаа үгэнд итгэхгүй байна. Талийгаач нь миний бага дүү байгаа юм. Миний ээж өндөр настай хүн байдаг. Надад өнөөдөр ийм байгаа юм чинь миний ээжид ямар байдалтай байгаа нь тодорхой. Өнөөдөр миний ээжийн эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Байнга асаргаанд байдаг. Би шүүгдэгчээс талийгаачийн оршуулгын зардлыг нэхэмжилсэн байгаа. Шүүгдэгч нь 4.000.000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн мөнгийг нь шүүгдэгчээс гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өөрөө 4 хүүхэдтэй. Талийгаач миний хамгийн бага хүүхэд байсан. …Яагаад ямар учраас хүүгийн минь амь насыг хөнөөх болов.Яагаад тэр дор нь түргэн тусламж дуудаагүй вэ гэдгийг гайхаж байна. Энэ байдлыг шалгаж өгөхийг хүсэж байна. Би буруутай этгээдийг нэлээд болсны дараа эмнэлэгт мэдэгдсэн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46- р хуудас/

Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Сүүлийн хэд хоног Ө- гэртээ байнга архи ууж байгаа. Би тэднийхээр ордоггүй юм. Өчигдөр шөнө архи ууж шуугилдаж хоноод өнөөдөр мөн өдөржин уусан. Өнөөдөр тэднийхээр ямар хүмүүс байсныг мэдэхгүй. Би тэднийхээр ороогүй ...Орой зурагтаар ардын буйдан нэвтрүүлэг үзэж байхад Ө-ынд юм түжигнээд ойролцоогоор 5 минут болсон. Тэгээд тэднийхээс хөлийн чимээ гараад хүмүүс гараад явсан. Тэрнээс хойш ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Тэр хүмүүсийн хөлийн чимээнээс сонсоход 3, 4 хүн байсан байх. Түжигнэсэн чимээ нэлээн чанга сонсогдсон. Тухай үед хоорондоо зодолдсон байх, шал доргисон. Мөн хүмүүс хоорондоо яриад байх шиг боловч манайд хүний яриа тод сонсогддоггүй юм. Энэ явдал ойролцоогоор 19 цагийн үед болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49, 199-р хуудас/,

Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Тэр авчирсан хоёр шил архины нэг шил архийг уугаад арай дуусаагүй байхад нь Б- гэр лүүгээ харихгүй бол болохгүй гээд Б- бид хоёр задлаагүй үлдсэн шил архиа аваад Б-гийн гэр лүү явсан. Б-гийн гэрт очоод авч очсон архиа задлаад ганц хоёр хундагыг ууж байтал Б- унтлаа гээд унтаад өгсөн. Б-г унтчихаар нь би Б-гийн хүүхдийн утсыг гуйж аваад Ө-ын гар утас руу залгасан чинь Ө- надад Ү- өнгөрчихлөө гэж хэлэхээр нь худлаа тоглоод байгаа байлгүй гэж бодоод Б-гийн гэрээс гараад такси аваад Ө-ын гэрт яваад очтол цагдаа нар оччихсон байсан. ... Тэр хоёр хоёулаа цаад талын өрөөнд буюу телевизор байдаг өрөөнд үлдсэн. Ө- бид хоёрыг гарахад буйдан дээр сууж байгаад Б- бид хоёрыг гарахад босоод хаалгаа түгжсэн. Ү- пийшин налсан маягтай суугаад үлдсэн. Тэр хоёр хоорондоо маргалдсан зүйл огт байгаагүй гэх мэдүүлэг, /хх-ийн 52-58, 196-р хуудас/

Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ө-ын гэрт очиход цаг барагцаагаар өдрийн 12 цаг болж байсан байх. Тэдний гэрт очиход З, Ө-, Ү-, Э дөрөв архи уучихсан сууж байсан. Би ороод нөгөө архинаас нь уугаад архи ч дууссан тэгэхээр нь би Ү-тай хамт гараад 3-р сургуулийн урд талд байдаг Хийморь нэртэй дэлгүүрээс нэг шил 0,75 литртэй архи ундаа, тамхи зээл аваад буцаад Ө-ын гэрт очиж авчирсан архийг бид нар ууж дуусгасан. …Би тэр хоёр шил архинаас нэг шил архийг нь уулцаад согтоод муудаад эхлэхээр нь Ө-ын гэрээс гарсан. Тэгээд цааш хаагуур явсныг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд гэртээ сэрсэн бөгөөд орой 20, 21 цагийн орчим Ө- өөрийнхөө утаснаас над руу залгаад цагдаа ирчихсэн. Ү-ыг үхчихсэн гээд байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ одоо очлоо гэж хэлээд хувцсаа өмсөөд гэрээс гартал манай байрны гадаа цагдаагийн машин ирж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 59-63-р хуудас/

Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Ө-ын гэрт ганцаараа очсон. Намайг очиход Ү-, Ө- нар байсан бөгөөд намайг очоод удаагүй байж байхад араас Эрдэнэбат орж ирсэн. Бид дөрөв Ө-ын гэрт 20-ны өдрөө архи ууж өнжөөд тэндээ хоноод байж байтал 21-ний өглөө Ө-ын дүү У өглөөгүүр 7 цаг болж байхад гаднаас орж ирээд унтсан. Бид нарыг унтаж байхад өглөөгүүр 10 цагийн орчим Г гаднаас орж ирээд бид нар сэрцгээсэн. …Г- яваад Ө-, Э, Ү- бид дөрөв буцаж Ө-ын гэрт ороод би дахиж гарч яваад Сангийн далай дэлгүүр лүү очиж дахиж 0,5 литртэй Хараа нэртэй архи аваад буцаж ороод нэг шил архийг нь арай дуусаагүй байж байхад би харилаа гээд явах гэхэд Э хамт явъя гээд задлаагүй үлдсэн нэг шил архийг аваад бид хоёр манай гэр лүү явсан. Ө-, Ү- хоёр унтлагын өрөөнд суугаад үлдсэн. Манай гэрт очоод Э бид хоёр авч очсон архиа задлаад жаахан ууж байгаад миний нойр хүрээд унтчихсан. Өнөө өглөө ажил дээр ирээд сургалтад суух гээж байж байтал Г-, Э хоёр над дээр ирээд Ү-ыг нас барсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64-66-р хуудас/,

Гэрч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр ээлжээ хүлээн аваад ажиллаж байсан юм. Тэгэхэд орой 20 цаг өнгөрч байхад утас дуугарахаар нь аваад ярьтал хэвлийгээрээ юм руу уначихсан хүн байна гэсэн утгатай зүйл ярьсан тэгэхээр нь хаяг болон бусад тодруулах зүйлийн талаар асуухад хариу өгөхгүй байж байгаад утас нь тасарсан. Тэгж утсаар ярьснаас хойш удалгүй нэг залуу гүйж орж ирээд 7-23-01 тоотод хүн хэвлийгээрээ юм руу уначихлаа цус гараад байна дуудлага өгөх гэсэн юм гэж хэлснээ буцаад гараад гүйчихсэн тэгэхэд нь би хамт байсан бага эмч Энхбаярыг араас нь гаргаж нөгөө дуудлага өгсөн залууг буцааж оруулж ирээд ямар учиртай дуудлага болон холбоо барих утасны дугаар нэрийг нь тэмдэглэж аваад явуулсан. Би дуудлага хүлээн аваад тэр дороо ээлжинд гарч байсан Ч луу залгаж Мөрөн сумын 7-23-01 тоотод яаралтай дуудлага ирлээ гэж дуудлага өгсөн. Ч дуудлага өгснөөс хойш хэсэг хугацааны дараа над руу яриад нас барсан хүн байна яах вэ гэхээр нь цагдаад дуудлага өгөөд иртэл нь байж байгаарай гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-р хуудас/

Гэрч Х.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг орой 4-р хороонд дуудлагатай явж байхад манай 103-ын дуудлага хүлээн авагч эмч Ж над руу 20 цаг 36 минутад залгаж Мөрөн сумын 7-23-01 тоотод гэдсээрээ юм руу унасан, цус алдсан хүн байна гэнэ яаралтай очоорой гэсний дагуу би өгсөн хаягийн дагуу яваад хаягийг нь олохгүй болохоор нь дуудлага өгсөн хүний утас руу залгахад Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн урд талд байдаг Орчлон дэлгүүрийн энд хүрээд ир гэхээр нь дэлгүүрийн гадаа очоод байж байтал нэг эрэгтэй хүн ирээд хаягаа зааж өгсөн. Хаяган дээр очоод би дуудлага өгсөн эрэгтэй хүнтэй хамт байшин руу ороход үүдний өрөөний цаад талын өрөөнд цус алдсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд үзлэг хийхэд амьсгал зүрх судас зогсчихсон, хүүхэн хараа өргөсчихсөн нас барсан хүн байсан. Би нас барсан гэдгийг нь мэдээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нарыг иртэл тэр газарт байсан. Намайг анх орж үзэхэд нас барсан хүн зүүн талаараа хэвтсэн байдалтай байсныг дээш нь харуулж үзлэг хийсэн шархан дээр ягаан өнгийн алчуур тавьчихсан байсан. Шархнаас цус гараад хэвтэж байсан газрын шал нь цус болчихсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12-р хуудас/, Хэрэг учрал гарсны газрын ерөнхий байдлын схем зураг /хх-ийн 13-р хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-17-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/, Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/, Хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай “1.2. Задлан шинжилгээгээр талийгаач Н.Ү-ы цогцост хэвлийн зүүн доод /зүүн цавинаас/ хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэсгийн шинэ зулгаралт, зүүн өвдөг, баруун шилбэнд хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх шарх гэмтэл нь талийгаачийг амьд ахуйд нас барахаас хэдэн хормын өмнө ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн байна. Харин биеийн бусад хэсгүүдэд үүсгэгдсэн цус хуралт гэмтлүүд ондоо хугацаануудад үүсгэгдсэн ба үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд юм. 5 Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно. 6.7. Талийгаач Ү- нь хэвлийн доод буюу зүүн цавины хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас тухайн цаг хугацаандаа цочмогоор цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ. Эдгээр нь дээрхи онош болон протокол хэсгээр батлагдаж байна. Задлан шинжилгээний явцад бэхжүүлсэн 27,0 кадр гэрэл зургийг дүгнэлтэд хавсаргав. 8. Шүүх химийн шинжилгээгээр талийгаач Н.Ү-ы цогцосноос авсан цусанд 3.4 хувийн этилийн спирт- илэрсэн ба энэ нь хүчтэй зэргийн согтолтод нь талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.9. Талийгаач Н.Ү-д нас барахаас өмнө цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байсан ч амь аврагдах магадлал бага хувьтай” гэх дүгнэлт, /хх-ийн 87-88-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан эрээн өнгийн цамцанд үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлээр үүссэн зүсэгдэлт байна. 2. Уг цамцанд үүссэн гэмтэл нь хэргийн газраас хурааж авсан хар цагаан өнгийн хуванцар бариултай хутгаар үүсэж болно гэх дүгнэлт, /хх-ийн 101-р хуудас/ Гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 102-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас 1 ширхэг гарын мөр илрэв. 2. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илрүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 106-р хуудас/ Гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 107-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1764 дугаартай “1. Яллагдагч Б.Ө-ын гэх хумсанд цус болон биологийн ул мөр илрээгүй. 2. Цус болон биологийн ул мөр илрээгүй тул №2 болон №3- т хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт, /хх-ийн 105-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1763 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн нийт урт нь 26 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт нь 17 см хэмжээтэй бариулын хэсэгт цагаан болон хар өнгийн оруулгатай хутган дээр цус илрээгүй. 2. Цус илрээгүй тул асуулт №2 болог №3-т хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт, /хх-ийн 118-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1761, 1762 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Ү-ы гэх юүдэнгийн хэсэгт бор өнгийн үстэй хар хөх өнгийн даавуун куртка, цэнхэр өнгийн оруулгатай ногоон өнгийн зузаан цамц, шар өнгийн оёдолтой цагаан өнгийн путболка, саарал өнгийн оруулгатай хар өнгийн эрэгтэй дотоож, ягаан өнгийн алчуур, Б.Ө-ын гэх хар өнгийн куртка, хар хөх даавуун өмд зэрэгт цус илэрч байна. 2. Илэрсэн цус нь Н.Ү-ы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт, /хх-ийн 123-124-р хуудас/

Шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай “1. Б.Ө- нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй, үзүүлж байгаагүй, 2. Б.Ө-ын гэмт хэрэг үйлдэх үеийн өөрийгөө хянах чадвартайг тогтоох боломжгүй. 3. Б.Ө- болсон хэргийн талаар үнэн зөв ярина. 4. Б.Ө- нь хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэх дүгнэлт, /хх-ийн 128-р хуудас/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: “би 1 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 10 минутанд үзлэг хийх ажиллагааг хийж эхэлсэн. Хүүрийн толбо арилахгүй байна гэдэг нь 20 болон түүнээс дээш цаг хугацаанд нас барсан тохиолдолд арилдаггүй. Гэхдээ тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад хааш хаашаа 2 цагийн хэлбэлзэлтэй байдаг. ...тэгэхээр талийгч өдрийн 14 юмуу оройн 18 цагийн үед ч нас барсан байх боломжтой гэсэн үг. … Талийгчийн хэвлийн зүүн доод хэсгийн арьс, гялтан хальс, сэмж, чацархайг нэвтлэн зүүнээс баруун доороос дээш чиглэлтэй чацархайн артер, хэвлийн гол судас хүртэл ир ирмэгтэй зүйл нэвтэрсэн гэж бодохоор барагцаагаар 10 см болон түүнээс дээш хэмжээтэй хэвлийн гүнд ир ирмэгтэй зүйл нэвтрэн орсон байна” /хх-ийн 132-133-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 158-р хуудас/, Б.Ө-ын цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 159-р хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газар хилийн 0257 дугаар ангийн тодорхойлолт /хх-ийн 162-163-р хуудас/, Түрэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл /хх-ийн 166- 168-р хуудас/, Мобиком корпораци ХХК-ний албан бичиг, 95847447 дугаарын утасны ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 169-171-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 4341 дугаартай дүгнэлт /хх-ийн 207-211-р хуудас/, Юнител ХХК-ний 2018 оны 4 сарын 24-ний өдрийн албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 230-235-р хуудас/, Эрдмийн далай цогцолбор сургуулийн захирал, нийгмийн ажилтан, анги удирдсан багш, биеийн тамирын багш нарын тодорхойлолт /хх-ийн 238-243-р хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19-20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 7 дугаар баг, 23 дугаар гудамжны 1 тоотод байрлах хашаа, байшинд шүүгдэгч Б.Ө- нь согтуурсан үедээ хохирогч Н.Ү-ы хэвлийн зүүн доод хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас Н.Ү- нь цочмогоор цус алдаж нас барсан үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар шүүгдэгч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ц, Н.Б-, Ч.Э, Н.Г-, Л.Ж, Х.Ч нарын мэдүүлэг, хохирогч Н.Ү-ы амь хохирсон талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ө- нь “Би Ү-ыг санаатай алъя гэж бодож алаагүй. Санамсаргүй байдлаар түүний амь насыг бүрэлгэсэн. Би тухайн үед Ү-г цаашаа байж бай гээд түлхсэн тэгж түлхэхдээ санамсаргүй байдлаар хутгалчихсан байсан. Бид хоёр хоол хийж идэх ногоогоо арилгах гээд байж байтал Ү- манай унтлагын өрөөнд байж байснаа махаа авахгүй яасан юм гээд уурлаад над руу дөхөөд хүрээд ирсэн. Тэгэхэд нь би цаашаагаа өрөө рүүгээ ороод хэвтэж бай би хоол хийчихье гээд түлхсэн. Тэгэхдээ санамсаргүй хутгатай гараараа/ баруун/ түлхсэн” хохирогчийг санамсаргүй байдлаар хутгалсан гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй, болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж маргаж байх боловч, Гэрч Б.Ц-ын “Орой зурагтаар ардын буйдан нэвтрүүлэг үзэж байхад Ө-ынд юм түжигнээд ойролцоогоор 5 минут болсон. … Түжигнэсэн чимээ нэлээн чанга сонсогдсон. Тухай үед хоорондоо зодолдсон байх, шал доргисон” гэх мэдүүлэг, хохирогч Н.Ү-ы амь хохирсон нөхцөл байдал, хохирол, гэмтэл учирсан шинж байдлын талаарх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн “Талийгчийн хэвлийн зүүн доод хэсгийн арьс, гялтан хальс, сэмж, чацархайг нэвтлэн зүүнээс баруун доороос дээш чиглэлтэй чацархайн артер, хэвлийн гол судас хүртэл ир ирмэгтэй зүйл нэвтэрсэн гэж бодохоор барагцаагаар 10 см болон түүнээс дээш хэмжээтэй хэвлийн гүнд ир ирмэгтэй зүйл нэвтрэн орсон байна” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс үзэхэд: Шүүгдэгч Б.Ө-ын хохирогч руу чиглэсэн баруун доороос дээш чиглэлтэй хөдөлгөөн буюу амь хохирогчийн хэвлийд хутгалсан идэвхтэй үйлдэл нь түүний эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж, үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийн шинж тогтоогдож байх ба шүүгдэгчийг цагаатгах буюу эргэлзээтэй үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж үнэллээ. Иймд шүүгдэгч Б.Ө-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Б.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд: Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж, чанар, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдал, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, оногдуулах ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид 4.000.000 төгрөг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х- нь нотлох баримтын хэмжээнд амь хохирогчийн оршуулгын зардалд 6.831.388 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Ө- нь 4.000.000 төгрөг төлсөн талаарх ХААН банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул үлдэх 2.831.388 төгрөгийг шүүгдэгч Б.Ө-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй. Эрүүгийн 18380000000038 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд, хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, заазуур 2 ширхэг, хайч 2 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 2 ширхэг, Б.Ө-ын баруун, зүүн гарын 10 хурууны хумс, хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй хар өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулгатай ногоон өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн фудболк 1 ширхэг, саарал өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, дүрс бичлэг бүхий DVD 4 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 192 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ө-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т 8/ найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 8/ найман/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 192/нэг зуун ерэн хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Ө-аас 2.831.388 /хоёр сая найман зуун гучин нэгэн мянга гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-д олгосугай.

6. Эрүүгийн 18380000000038 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд, хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, заазуур 2 ширхэг, хайч 2 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 2 ширхэг, Б.Ө-ын баруун, зүүн гарын 10 хурууны хумс, хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй хар өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн оруулгатай ногоон өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн фудболк 1 ширхэг, саарал өнгийн оруулгатай дотоож 1 ширхэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед өмсөж явсан гэх хар өнгийн куртик 1 ширхэг, өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, дүрс бичлэг бүхий DVD 4 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-ын урьд авсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, төрийн сангийн 100170005350 тоот данснаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Ө-т буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      М.ЭРДЭНЭ-ОЧИР

ШҮҮГЧИД                        Т.ХҮРЭЛБААТАР Ц.АЛТАНГАДАС