Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00124

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/03151 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 66,724,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ХХК нь А ХХК-тай 2020 дугаар 05 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр Б Улаанбаатар худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын өргөтгөл хэсэгт 87,8 м.кв талбайг А ХХК-д түрээслүүлсэн. Гэрээнд зааснаар 1 м.кв-ийг 80,000 төгрөгөөр буюу 87.8 м.кв талбайн түрээсийн төлбөр сарын 7,024,000 төгрөг, менежментийн төлбөрт 1 м.кв тутамд 20,000 төгрөг буюу нэг сарын 1,756,000 төгрөг, барьцаа 14,048,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон.

Манай байгууллагын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй 5460 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй.

1.2 Хариуцагч А ХХК нь түрээсийн төлбөрөө сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. Үр дүнд хүрээгүй тул түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээсийн зүйлийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч А ХХК-аас буцаан авсан.

А ХХК нь түрээсийн төлбөрт 2021 оны 9 дүгээр сард 582,876 төгрөг, 2021 оны 10 дугаар сараас 2022 дугаар 02 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрт сар бүр 7,024,000 төгрөг буюу нийт 5 сарын төлбөрт 35,702,876 төгрөг, менежментийн төлбөрт 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл сар бүр 1,756,000 төгрөг буюу нийт 5 сарын төлбөрт 8,780,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Төлбөр болон менежментийн төлбөрт нийт 44,482,876 төгрөгийг А ХХК нь ХХК-д төлөхөөр байна.

1.3 Гэрээний 8.5 зүйлд заасны дагуу 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд 62,810,264 төгрөгийн алдангийг төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хуваир бодож багасган 22,241,438 төгрөгийн алданги болсон. Хариуцагч нь барьцааны 14,048,000 төгрөгийг манай байгууллагад төлөхөөр тохиролцсон боловч 5,800,000 төгрөг төлсөн.

Бид түрээсийн төлбөрөөс 5,800,000 төгрөгийг хасаж тооцох талаар маргахгүй. Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой 12 сарын төлбөрийг нэхээгүй. Давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой гэрээний заалт нь түрээсийн төлбөрөөс хөнгөлөхтэй шууд холбоогүй.

Иймд А ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр болон алданги нийт 66,724,314 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсэлсэн, төлөх төлбөрийн хэмжээний талаар маргахгүй. Харин барьцааны 2 сарын төлбөрт 14,048,000 төгрөг төлсөн. Уг мөнгийг түрээсийн төлбөрөөс хасуулахад татгалзахгүй. Тухайн орчин нөхцөлийн хувьд өндөр зэрэглэлийн газар учир тодорхой хэмжээнд тохижилт хийх шаардлага гарч манай зүгээс ч гэсэн тодорхой хэмжээний тохижилтыг хийсэн.

2.2 Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогссон. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Харин алдангийн хувьд гэрээ нэгэнт цуцлагдсан тул алданги шаардах үндэслэлгүй.

2.3 Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй байгаа тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар бүртгүүлбэл зохих хэлцлийг бүртгүүлснээр бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. Харин талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хуулийн уг шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч А ХХК-иас 38,682,876 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,041,438 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 654,215 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 351,364 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагчаас шүүхийн ажиллагааны явц болон шүүх хуралдааны дээр тухайн зохигчдын хооронд үүссэн харилцааны эхэн үеэс Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсч, Монгол Улсын Их Хурлаас хууль батлан гаргаж, Засгийн газрын эрх бүхий болон төр захиргааны байгууллагуудын хууль ёсны хязгаарлалт, хориглолтууд бий болсныг дурдаж, мэдэгдсээр байсан. Үүгээрээ хариуцагчид үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл бий болсон нь Хүндэтгэх үзэх давагдашгүй хүчин зүйл хэмээн үзсэн бөгөөд энэ нь нийтэд нэгэнт илэрхий болсон үйл явдал учраас үүнийг зохих хэмжээнд үнэлэн, дүгнэх нь шүүхийн эрх, үүрэг нь гэж найдаж байсан.

Гэвч анхан шатны шүүх шийдвэртээ дээрх бодитой, тодорхой, нийтэд илэрхий болсон, онц хүнд нөхцөл байдлыг талуудын хооронд үүссэн харилцаатай холбон дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэхэд хүргэж байна.

4.2 Хариуцагч нь дээр дурдсан хүнд нөхцөл байдал эхлэхтэй зэрэгцээд ажлаа эхлүүлж дэлгүүрийн үйл ажиллагаандаа зориулан мэргэжлийн хүмүүсийн оролцоо, туслалцаатайгаар интерьер тохижилтыг хийж байсан бөгөөд худалдаалах бараа бүтээгдэхүүнээ шинээр захиалан үйлдвэрлэж байсан нь анхнаасаа нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлаж байсныг батална гэж үзэж байна. Ийнхүү 100,000,000 гаруй төгрөгийн зардал гарган тохижилт засварыг хийж хичээсэн боловч цар тахлын нөхцөл байдал бий болж, худалдаа үйлчилгээ огт хийгдээгүй эсхүл худалдан авагчид огт ирэхгүй болсныг шүүх эрх тэгш, шударгаар үнэлж дүгнэх ёстой байсан гэж үзэж гомдож байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хангасан байгаа үнийн дүнг бууруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч 2021 оноос эхлэн нийт 12 сарын түрээсийн төлбөр шаардаж эхэлсэн. 9 сард Ковидын хөл хорио суларч, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн. Хэрэгт энэ талаар тайлбар, нотлох баримт өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 66,724,214 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алданги 22,241,438 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 14,048,000 төгрөгийг үүргээ гүйцэтгэх барьцааны төлбөрт зориулан төлсөн гэж маргажээ.

3. Талууд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ХХК нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, Б-Улаанбаатар худалдаа үйлчилгээний төвийн 87.8 мк.в талбайг түрээслэгч А ХХК-д бараа, бүтээгдэхүүнийг худалдаалах зориулалтаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, 1 м.кв тутамд, НӨАТ багтсан үнээр 80,000 төгрөг, менежментийн төлбөрт 1 м.кв тутамд, НӨАТ багтсан үнээр 20,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Түрээслэгч нь түрээсийн зүйлийг зориулалтын дагуу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл түрээсэлж, мөн өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 10-22/

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Уг шаардлагыг хангаагүй гэрээ нь мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл хэрэв тухайн түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлтэй нэг бүхэл үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй.

Хэргийн 5 дугаар талд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Уг гэрчилгээгээр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, Сүхбаатарын талбай гудамж, 16 дугаартай барилгын 1 ба 2 дугаар давхрын хэсэг, 3 дугаар давхар тоот хаягт байршилтай 5460,55 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслүүлэгч ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь нотлогдож байна. /1хх 6, 9-22/ Өөрөөр хэлбэл, түрээсийн зүйл болох 87.8 мк.в талбай нь 5460,55 м.кв талбайтай дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй тул гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэв.

3.2 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болох байсан боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээний зүйлийг хүлээн авсан. Хариуцагч нь түрээсийн болон менежментийн төлбөрт нийт 44,482,876 төгрөг төлөөгүй, барьцаа 5,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Түүнчлэн, хариуцагч нь барьцаа төлбөрт 14,048,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 44,482,876 төгрөгөөс барьцаа төлбөр 5,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 38,682,276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд үндэслэлтэй болжээ.

4. Талууд гэрээний 8.5-д алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Харин анхан шатны шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алданги 22,241,438 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.1. Гэрээний 7 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлд тооцогдох нөхцлийг талууд нэрлэн заасан байх бөгөөд тухайн нөхцлөөс шалтгаалан түрээсийн зүйл устсан, гэмтсэний улмаас түрээслэгч түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон тохиолдолд түрээсийн болон менежментийн төлбөрийг хариуцах, хуваарилах талаар зохицуулжээ. /1хх 16/

Дээрх тохиролцоонд ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас түрээсийн төлбөрийг багасгах талаар заагаагүй байна. Түүнчлэн, давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд гэрээндээ өөрчлөлт оруулах, гэрээнээс татгалзах боломжтой байсан.

5.2. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэхгүй байх үүрэгтэй. Харин хуульд түрээсийн төлбөрийг багасгах үүргийг ногдуулаагүй байна. Иймд хариуцагчийн хүндэтгэн үзэх давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үндэслэлээр түрээсийн төлбөрийг бууруулах давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2022/03151 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,364 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН