Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Д.П- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.П-д холбогдох эрүүгийн 1838005640393 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.П-

Шүүгдэгч Д.П- нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт иргэн Б.М- нүүрэн тус газар нь цохиж эрүү ясны хугарал, нэг ширхэг арааны булгарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.П- нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт согтуурсан үедээ хохирогч Б.М- нүүрэн тус газар нь цохиж эрүү ясны хугарал, нэг ширхэг арааны булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь: Шүүгдэгч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байхаа өдрөө сайн санахгүй байна. …Тэгээд М-тай нийлж архи уухаар болоод гарсан. Гадаа гараад бүжгийн газрын урд талд байдаг сааданд М-, Б-, Б-ын найз залуугийн хамтаар дөрвүүлээ 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан. Уг архийг ууж дуусчхаад дахиж архи ууцгаахаар болоод манай дүү А-ын гэр лүү явцгаасан. Манай дүүгийн гэр лүү явж байх замд буюу Аяны жолоо дэлгүүрийн урд талд би М-тай эмэгтэй хүний асуудлаас болоод маргалдсан. Маргалдаж байхдаа би түүний нүүр рүү гараараа 3 удаа цохисон. М- надад цохиулчхаад надаас салаад харилаа гээд явсан. Мөн би ч гэсэн харилаа гээд салаад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19, 33 дугаар хуудас/,

Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед байх Мөрөн сумын 6 дугаар багт байрлах Баясахуй нэртэй бүжгийн газарт ганцаараа очсон. Тэнд очоод бүжиглэж байгаад зүс таних П- гэдэг залуутай таарсан. П-тэй хамт архи уухаар болоод бүжгийн газраас гарсан. П-гээс гадна 3 хүн явж байсан. Тэгээд бид нар саадан дотор 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи уусан. Уг архийг ууж дуусчхаад би явлаа гэж хэлэхэд П- байж бай дүүгийнд очиж ганц юм олж ууя гээд явуулаагүй. Тэгээд П-тэй хамт "Аяны жолоо"-гийн урд талд явж байхад П- гэнэт л уурлаад миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон. Тэгэхэд П- надаас салаад явсан. Тэгээд би тэндээсээ гэр лүүгээ харьсан. Тухайн үед ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаартай “ 1.Б.М- биед эрүү ясны хугарал, нэг ширхэг арааны булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. Б.М- биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлэг /хх-ийн 22,26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн 1838005640393 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

 Шүүгдэгч Д.П- нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт согтуурсан үедээ хохирогч Б.М- нүүрэн тус газар нь цохиж эрүү ясны хугарал, нэг ширхэг арааны булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, хэргийн үйл баримт нь хохирогч Б.М- мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын шинж байдлын талаарх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.П-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Д.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүгдэгч Д.П- нь хохирогч Б.М-т 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгож шийдвэрлэв.

Эрүүгийн 1838005640393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Д.П-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.П- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс Д.П-с 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-т олгосугай.

5. Эрүүгийн 1838005640393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       М.ЭРДЭНЭ-ОЧИР