Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00132

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00132

 

Өны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03251 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө

Хариуцагч: ЫБ ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,508,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Талууд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АҮ/201/100 дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр 1500 тн улаан буудайг 870,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон хэдий ч 1000 тн улаан буудайг ЫБ ХХК хүлээн авч, төлбөрт нь 580,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 121,005,756 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй.

Хариуцагч гэрээний үүргээ тул АҮ/2017/66 дугаар гэрээний 3.3, 5.2, 5.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 60,502,878 төгрөг байна.

Иймд үндсэн төлбөрт 121,005,756 төгрөг, алданги 60,502,878 төгрөг, нийт 181,508,634 төгрөгийг ЫБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талууд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр АҮ/2017/66 дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр 500 тн улаан буудайг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон. Урьдчилгаанд нийт төлбөрийн 10 хувийг төлж, үлдэх төлбөрийг 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр график тохирсон. Худалдан авагчийн зүгээс гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болсон.

2.2 Үүний дараа талууд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АҮ/201/100 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр 1500 тн улаан буудайг 870,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон хэдий ч 1000 тн улаан буудайг ЫБ ХХК хүлээн авч, төлбөрт 580,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Гэрээний дагуу үлдэх 500 тн улаан буудайг аваагүй. Харин хүлээн авсан улаан буудайнхаа төлбөрийг хэсэгчлэн төлсөөр 121,005,756 төгрөгийг төлөөгүй ба үүнийг хүлээн зөвшөөрч байна.

2.3 Гэрээний дагуу тооцсон алданги болох 60,502,756 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, ЫБ ХХК-ийн хувьд Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авсан улаан буудайнхаа үнийг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлж барагдуулан, үүргийн зөрчилгүй байсан. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид-19 халдварт өвчний улмаас төлөвлөгөөний дагуу ирэх байсан тахианы хоол, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн товлосон хугацаандаа ирэх боломжгүй болсон зэргээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

ЫБ ХХК-д үүсээд буй энэхүү санхүүгийн хүндрэл, бэрхшээл, үйл ажиллагааны доголдол нь биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас бий болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЫБ ХХК-иас 145 206 907 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Өнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 36 301 727 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЫБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 883 985 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ЫБ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр болох 121,005,756 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин алданги 60,502,756.0 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг бүхэлд нь чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж маргасан. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр талуудын нягтлан бодогч нар тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан. Тухайн актаар ЫБ ХХК-ийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр нь 121,005,756 төгрөг бөгөөд үүнээс өөр төлбөр байхгүй талаар дурдсан. Талууд ийнхүү акт үйлдсэнээр талуудын хооронд дээрх төлбөрөөс өөр төлбөр, өөрөөр хэлбэл алдангийн төлбөрийг үндсэн төлбөр дээр нэмж тооцогдоогүй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг хэрэгт, хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

4.2 Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид-19 халдварт өвчний улмаас бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

4.3 ЫБ ХХК нь компанийнхаа үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай өөрөөс шалтгаалах бүхий л боломжуудыг ашиглаж, холбогдох төрийн захиргааны байгууллагууд болох ХААЯ, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, хилийн боомт байрлах орон нутгийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх мэтчилэн бүхий л газар өөрсдийн үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулж, бидний үйл ажиллагааг дэмжин хилээр орж ирэх гээд хүлээгдэж буй захиалгат ачаа, барааг татан авахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, ачаа, барааг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн боловч нэг ч газар нааштай хариу өгөхгүй байсаар 2021 оны 12 сар хүрч, энэ хугацаанд бидний үйл ажиллагаа доголдож, доройтсоор байсан. Үүнээс шалтгаалан гэрээний дагуу төлбөл зохих төлбөр, татвар, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тогтсон хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бид энэ талаараа нэхэмжлэгч байгууллагад удаа дараа илэрхийлж, төлбөр төлөх хугацааг хойшлуулахыг хүсэхэд бидний гаргасан хүсэлтийг хүлээн авч өнөөдрийг хүрсэн. Бид энэ хугацаанд ажлын байраа хэвээр хадгалах, тахианы аж ахуйгаа бүр сүйрүүлэхгүй гэх үүднээс өөрөөс шалтгаалах бүхий л нөөц, боломжийг ашиглаж, өнөөдрийн байдлаар санхүүгийн хувьд туйлдаж гүйцээд байна. Үүнийг бидний санхүүгийн тайлангаас тодорхой харж болно.

ЫБ ХХК-д үүсээд буй энэхүү санхүүгийн хүндрэл, бэрхшээл, үйл ажиллагааны доголдол нь биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас бий болсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байгаа.

Дээрх нөхцөл байдлыг нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс алдангийн төлбөрийг бүхэлд нь чөлөөлж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ЫБ ХХК-аас алдангид 24,201,151 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 ЫБ ХХК нь 2018 онд гэрээ байгуулаад манайхаас улаан буудай авсан. Талуудын хоорондын гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 3 хувийн алданги тооцохоор заасан. Гэрээнд зааснаар алдангийг тооцоход үндсэн төлбөрөөс давсан учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилсэн.

Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд алдангийг тодорхой хэмжээгээр бууруулсан. Иймд алдангийг хангалттай бууруулсан гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө нь хариуцагч ЫБ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 181,508,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 121,005,756 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АҮ/2018/100 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ө нь худалдан авагч ЫБ ХХК-д 1500 тонн улаан буудайг 870,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. /хх 26-28/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.1 Хариуцагч нь гэрээнд заасан 1500 тонн улаан буудайгаас 1000 тонн улаан буудайг худалдан авч, төлбөрт 121,005,756 төгрөг төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 121,005,756 төгрөгийг шаардах эрхтэй.

3.2 Талууд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. /хх 30/ Уг актаар хариуцагчийг дээрх гэрээний үүрэгт 121,005,756 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болохыг гэрээний талууд тооцоо нийлж харилцан баталгаажуулсан. Уг актад нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардахгүй талаар тусгаагүй байна. Иймд хариуцагчийн ...алдангийн төлбөр үндсэн төлбөр дээр нэмж тооцогдохгүй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.3 Гэрээний 5.2-т алдангийн хэмжээг худалдан авагчийн төлөөгүй төлбөрөөс хоног тутамд 0,1 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

3.4 Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн. Иймд алдангийн хэмжээг дахин багасгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан зохих зохицуулалтыг баримтлаагүй байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232 дугаар зүйлийн 232.4 гэснийг хасч, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүйг залруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/03251 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232 дугаар зүйлийн 232.4, гэснийг хасч,

2 дахь заалтад 41.1.3 гэсний дараа , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН