Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Иргэний нэхэмжлэгч Х.Шижиртуяа,

Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл

Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн 1838002450190 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Н-, 

 Шүүгдэгч Г.Н- нь 2016 оны 8 дугаар сард иргэн Г.Н-ы эзэмшилд байдаг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 25 дугаар гудамж, 19а тоотод байрлах хашаа байшинг Хас банкны барьцаанд байхад нь иргэн Д.Т-т 17.000.000 /арван долоон сая/ төгрөгөөр зарж залилсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Н- нь 2016 оны 8 дугаар сард Г.Н-ы өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 25 дугаар гудамж, 19а тоотод байрлах хувийн сууцны зориулалттай хашаа байшинг Хас банкны барьцаанд байхад нь хохирогч Д.Т-т 17.000.000 /арван долоон сая / төгрөгөөр худалдаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т- гэдэг хүнтэй машины наймаа хийсэн. Би тэр хүнээс машин авч машины мөнгөний оронд хашаа байшин өгье гэж тохиролцоод наймаа хийсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25-19 тоот хашаа байшин нь манай ахын хашаа байшин байгаа юм. Манай ах банкны барьцаанд тавиад эргэн төлөлтөө хийж чадахгүй болохоор төрсөн дүүгийн хувиар ахынхаа хашаа байшинг алдчихгүй юмсан гэж ахынхаа өмнөөс эргэн төлөлтийг нь хийж явсан. Тэгээд ахыгаа өрнөөс нь гаргая гэж бодоод хашаа байшинг Т- гэдэг хүнд зарсан” гэв.

Шүүгдэгч Г.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”Би өмнөх мэдүүлэг дээр ээ залруулга хийсээр байна. Би Т-тай 2018 оны 08 дугаар сарын дундуур наймаа хийсэн юм аа. Т- надад тухайн үед Мосттой пронтер маркийн тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгсэн чинь Т- мөнгө байхгүй гэхээр нь би Н- ахын нэр дээр байдаг Мөрөн сумын 4-25-19а тоот хашааг 17 сая төгрөгөөр зарахаар болж Т- надад мостой проентер маркийн тээврийн хэрэгслийг 11-н сая төгрөгөөр өгөөд дээрээс нь 2 хурдан удмын адууг 4 сая төгрөгөөр бодож авсан. Би банкны зээлийг төлөх зорилгоор байшин хашааг зарсан. Тэгээд би хашаа байшингийнх нь бичиг баримтыг авч өгөх гэсэн боловч Т-ын өгсөн мөнгийг би өөр зүйлд хэрэглэсэн байсан болохоор хашаа байшингийнх нь бичиг баримтыг авч өгч чадаагүй юм аа... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 100-101 дүгээр хуудас/,

 Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2016 оны 08 сард би зах дээр мосттой протер маркийн тээврийн хэрэгслийг зарах гээд зогсож байсан чинь Н- гээд залуу ирж машиныг чинь авья оронд нь хашаа байшин өгье гэсэн. Тэгэхээр нь хашаа байшинг нь очиж үзээд мөнгө төгрөг бол өгч чадахгүй өөр юм оролцуулж өгч болох юм гэсэн чинь тэгье гээд Н- бид 2 наймаа хийсэн. …Ингээд хашаа байшингаа шилжүүлж авахаар болоод Н-эс бичиг баримтыг авья гэхэд би хүнд 400.000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа та 400.000 төгрөгөнд 8 хайрцаг калибрын сум өгөөч гэхээр нь би сум өгсөн. Тэгтэл хашаа байшингийн бичиг баримт өгөөгүй. Би анх энэ хашаа байшинг эгч Шижиртуяаг хашаа байшингаа авья гэхээр нь Н-д зуучилж 17 сая төгрөгөөр авч өгсөн юм. Н- тухайн үед надад хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд байгаа гэж хэлээгүй. Н- энэ хашаа байшинг Хас банкны барьцаанд тавьсан байсан юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас/,

Гэрч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би дүү Т-аас 17 сая төгрөгөөр одоогийн оршин сууж, амьдарч байгаа 4-25-19 а тоот хашаа байшинг худалдаж авсан. Гэтэл энэ хашаа байшингийн бичиг баримтыг Н өгөөгүй. Н нь хашаа байшинг банкны барьцаанд байсан гэдгийг мэдсээр байж хашаа байшингаа зарсан нь хуурч мэхэлсэн байна. ...Одоо энэ хашаа байшин нь 2 сая төгрөг 15 мянган төгрөгний барьцаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон байгаа...” /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Анх манайх 2016 оны 78 дугаар сарын 12-ны өдөр мөрөн сумын 4-25-19 тоот хашаа байшинг ах Т-аар дамжуулан Н гэх залуугаас худалдаж авч орсон. …Гэтэл Н хашаа байшингийн бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй өдий хүрч биднийг хуурч мэхэлсээр хашаа байшин нь одоо шүүхийн шийдвэр гүйцтгэх газарт ирээд байна… гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Галбадрах овогтой Н- нь манай төв хас банкны салбар дээр ирж зээл авахаар болж өөрийнхөө нэр дээр байх Мөрөн сумын 4-25-19 а тоот хашаа, 77м квадрат байшин байшин, газар нь 378,6 м квадрат үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж нийт 13 сая төгрөгийг зээлж авсан. Тэгээд зээлийн хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж зээлийн гэрээ зөрчиж явсаар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. …2017 оны 05 дугаар сард 4-25-19 а тоот хашаанд очиход өөр айл байж байсан ба энэ хашаа байшинг зарсан гээд өөр хүмүүс амьдарч байсан. ...Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар зээлдэгч нь барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг банкны зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хас банкнаас нэхэмжлэл гаргаж манай байгууллагад хандсаны дагуу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Н-, Б- нарын мэдэгдлийг гардуулан өгөхөд төлбөр төлөгч Б- нь манай нөхөр Н- хариуцах юм биш түүний төрсөн дүү Н мэдэх асуудал гэсэн тайлбар өгсөн. Н-тэй утсаар ярихад энэ хашаа байшинг худалдаж авсан хүн нь төлнө. Надад хамаагүй гэсэн юм ярьж байсан.Одоо зээлийн үлдэгдэл 2.015.521 төгрөгний асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 Гэрч Г.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би Мөрөн сумын 4-25-19а тоот хашаа байшинг барьцаанд Хас банканд 13 сая төгрөгөнд тавьж эхнэр Б-тэй хамтарч зээл авсан.Тэгээд зээлийн хүүгээ төлж явсаар 1 сая 500 мянган төгрөгний үлдэгдэлтэй болсон.Энэ үлдэгдэлээ төлж чадалгүй дүү Н-д өгсөн.Тэгээд Н нэг хүнд зарсан гэсэн. Банканд 2 сая төгрөгний үлдэгдэлтэй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжсэн гэж Н- надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:Тэгээд манай хадам аав бид хоёр хэрүүл хийгээд хашаа байшингаа нөхөр бид хоёр сулалсан. Н- бид хоёр тэр үед зээлнээс болж их хэрүүл хийсэн. …тэгээд л маргаан болоод Н-д энэ хашаа байшин очсон …гэх мэдүүлэг /хх-ийн 26, 77 дугаар хуудас/, Мөрөн сумын 4-25-19а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 17.710.000 / төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 32 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр 24-ний өдрийн 1153 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас /хх-ийн 50-54 дүгээр хуудас/, Хас банкны зээлийн гэрээ /хх-ийн 79-85 дугаар хуудас/зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Н- нь 2016 оны 8 дугаар сард Г.Н-ы өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 25 дугаар гудамж, 19а тоотод байрлах хувийн сууцны зориулалттай хашаа байшинг Хас банкны барьцаанд байхад буюу бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Т-т 17.000.000 /арван долоон сая/ төгрөгөөр худалдсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Т-, гэрч Х.Ш, М.Д, Л.Г, Б.Г, М.Б-, Г.Н- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Н-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Н-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Н-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. Хохирогч Д.Т- нь нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Х.Ш нь Мөрөн сумын 4 дүгээр баг, 25-р гудамжны 19а тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай Г.Н-ы өмчлөх эрхийн 000311484 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 000500433 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргийг шилжүүлэн авсан нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н овогт Г.Н залилах гэмтхэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Г.Н-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялынарван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.Эрүүгийн 1838002450190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давжзаалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 138.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР