Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 173

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: А.Н, О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э ургийн овогтой О-ын Н, Н ургийн овогтой А-ийн Н нарт холбогдох эрүүгийн 1835002560185 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр, 14 дүгээр баг, Говил, 100 айл 24а тоотод оршин суух, /РД:ФМ74112212/ Э овогтой О-ын Н.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 10-нд Хөвсгөл сумын Мөрөн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автомеханикийн Инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-10, эхнэр, 8 хүүхдийн хамт Өмнөговь сумын Манлай сумын Жаргалант багт оршин суух, /РД:ФБ61031079/ Н овогтой А-ийн Н.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.Н, А.Н нар нь Увс аймгийн Хяргас сумын Бугат баг, Хяргас сумын “Довны хөшөө” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр загас /Потанины Алтайн сугас/ агнаж, тээвэрлэж экологи эдийн засагт 805.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Н, А.Н нарыг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас /Потанины Алтайн сугас/ агнаж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэлээ. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Би Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын тамгын газарт 5 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн хийдэг. Увс аймгийн Хяргас сумын нутаг Хяргас нуурын Довны хөшөө гэх газар нутаг нь Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг дэвсгэрт хамаардаг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг юм. Уг Довны хөшөө гэх газарт загас агнаж болохгүй. Учир нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах бүс, мөн 2018 оны 7 дугаар сар гэдэг бол загас агнах барихыг хориглосон цаг хугацаа юм. Тухайн цаг хугацаа нь загас үржлэгийн хугацаа юм. Хуулиараа бол жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд загас барихыг хориглосон байдаг. Тухайн бүс нутагт загас агнахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Гэхдээ Улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн тэмдэг тэмдэглэгээ самбар хангалттай байгаа. Тиймээс иргэд өөрсдөө Улсын тусгай хамгаалалтай газар нутагт загас агнаж болохгүй гэдгийг мэдэх ёстой. Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг Хяргас нуурын Довны хөшөө гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 115 ширхэг загас агнагдсан дүгнэлт гарсан байсан. 1 ширхэг загасыг 7000 /долоон мянга/ төгрөгөөр үнэлсэн тул Хяргас сумын Засаг даргын тамгын газраас 115 ширхэг загасны үнэ төлбөр болох 805.000 / найман зуун таван мянга/ төгрөгийг нэхэмжилж байна. Тус хохирлыг Хяргас сумын байгаль хамгаалах сангийн 100151755402 дугаартай данс руу шилжүүлвэл өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

иргэний нэхэмжлэгч Н.О-ы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “А.Н бид хоёр худ ургийн холбоотой, манай охины хадам. 56-29 ӨМӨ улсын дугаартай Ниссан Кондор авто машин миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би энэ тээврийн хэрэгслийг 2018 оны 5 дугаар сард 20 сая гаран төгрөгөөр худалдаж авч байсан. А.Н тээвэрт яваад ирье гээд 2018 оны 7 дугаар сард надаас машиныг аваад явсан, би түүнийг ямар тээвэрт явах гэж байсныг нь мэдэхгүй. Ойрхон л явж ирнэ гэж тухайн үед хэлж байсан. Би машинаа авмаар байна. Уг нь А.Н ажил төрөлдөө сайн, олон хүүхэд өсгөж өндийлгөсөн хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

гэрч Г.Н-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Хяргас нуурын Хар тэрмэс хэсгийн байгаль орчны байцаагч хийдэг юм. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай хамгаалалтын захиргааны дарга Б утсаар ярьж Хяргас нуурын “Довны хөшөө” гэх газарт амбаартай ачааны автомашин хууль бусаар загас агнаж байна" гэж ярьсан юм. Тэгээд би мэргэжилтэн Ч.Б-ын хамт өөрийн эзэмшлийн 73-16 УВА улсын дугаартай Тоёота Приус загварын авто машинаар "Довны хөшөө" гэх газар луу явсан. Уг газар нь Хар тэрмэс амралтын газраас 48 км орчим зайтай байв. Довны хөшөөнд очиход 56-29 ӨМӨ улсын дугаартай бүхээгтэй ачааны автомашин явж байхаар нь уг машиныг зогсоон шалгаж тээш /бүхээг/-ний хэсгийг онгойлгоход "нохой сугас" гэх нэртэй загасыг их хэмжээгээр агнасан байдалтай байсан юм. Тэгээд би тухайн автомашинтай хүмүүсийг дагуулж Хар тэрмэс амралтын газарт авч ирж саатуулаад дарга Б-д мэдэгдсэн юм. Уг автомашинд 115 тооны нохой сугас нэртэй 55-85 см орчим урттай загаснууд байсан. ...Довны хөшөө гэх газар буюу Хяргас нуур нь 2011 онд улсын тусгай хамгаалалтанд орсон юм. ...Улсын тусгай хамгаалалттай газар ан амьтан агнахыг хуулиар хориглосон байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

гэрч Ч.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хар тэрмэс амралтын баазад гэр бүлийн хамт амарч явахад байгаль хамгаалагч Н надтай уулзаж хамт "Довны хөшөө" гэх газар луу явсан юм. Уг газарт очиход 56-29 ӨМӨ улсын дугаартай автомашинтай хүмүүс явж байхаар нь очиж шалгахад их хэмжээний загас тээвэрлэж явсан юм. Тэгээд Н бид хоёр даргад мэдэгдэж Хар тэрмэс амралтын баазад ирсэн. Уг автомашинтай хүмүүс Хяргас нуур Довны хөшөө гэх газраас загас агнасан байсан юм. ...Хяргас нуур нь Хан-Хөхий нурууны тусгай хамгаалалттай газарт харъяалагддаг юм. Тусгай хамгаалалттай газраас ан амьтан, загас шувуу агнахыг хуулиар хориглосон байдаг юм. Хяргас нуурын Довны хөшөө гэх газраас 56-29 ӨМӨ улсын дугаартай автомашинтай хүмүүс загас агнасан ба Довны хөшөө гэх газар нь бас улсын тусгай хамгаалалттай газарт багтдаг юм. ...Уг автомашинтай хүмүүс загас агнах тусгай зөвшөөрөлгүй байсан. ...Нохой сугас гэх нэртэй 55-85 см орчим урттай, 115 ширхэг тооны загас байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

гэрч Л.О-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би О.Н, Ж.Н, Ш мөн Н-гийн 4 настай охин О-Э нарын хамт Тоуоtа РгоЬох маркийн 76-19 ОРО улсын дугаарын автомашинтай Увс аймаг руу аялал жуулчлалын журмаар амрахаар гарсан. Бид нарын хамт А.Н нэг зүс үл таних хүнтэй өөрийнхөө эзэмшлийн Nissan Condor маркийн 56-29 ӨМӨ улсын дугаартай ачааны автомашинтай ачаа ачиж гарсан юм. Тэгээд замдаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 3 хоноод 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд “Довны хөшөө” гэх газарт очиж буудаллаж амарсан юм. Тэр үед Хяргас сумаас Н-гийн хамаатаны хүмүүс ирж уулзаж нэг хоноод буцсан ба бид нар нуурын хөвөөны ойролцоо байсан нэг айлд очиж нэг хоноод буцаж Хяргас нуурын хөвөөнд очиж 2 хоносон юм. Тэгээд нуурын хөвөөнөөс хөдөлж байгаад байгаль орчны байцаагч нарт саатуулагдсан юм. Би Хяргас нуураас огт загас барьсан зүйл байхгүй. Тухайн үед би нуурын хөвөөнд байхад нуурын усанд ороод гарсан ба майхнаасаа дахиж холдоогүй юм. Учир нь би бие муутай байнга өвчин намдаагч эм хэрэглэдэг юм. Тухайн загаснуудыг хэн барьсан талаар мэдэхгүй. Би А.Н гэх хүнтэй ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Н нь миний эхнэр Н-ийн төрсөн аав байгаа юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

гэрч Ж.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Замдаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 3 хоноод 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд Довны хөшөө гэх газарт очиж буудаллаж амарсан юм. Тэр үед Хяргас сумаас миний хамаатаны хүмүүс ирж уулзаж нэг хоноод буцсан ба бид нар нуурын хөвөөны ойролцоо байсан нэг айлд очиж нэг хоноод буцаж Хяргас нуурын хөвөөнд очиж 2 хоносон. Нуурын хөвөөнөөс хөдөлж байгаад байгаль орчны байцаагч нарт саатуулагдсан юм. Би Хяргас нуураас огт загас барьсан зүйл байхгүй. Тухайн үед би нуурын хөвөөнд байхад нуурын усанд ороод гарсан ба майхнаасаа дахиж холдоогүй юм. Учир нь би 4 настай О-Э-ийг нуурын усанд оруулаад байж байсан ба загасыг миний нөхөр Н, Н нар загас уургаар барьсан байх. Н-тэй найз нөхөр болоод 20 гаруй жил болж байна. Нгийн унаж явсан Nissan Condor  маркийн 56-29 ӨМӨ улсын дугаарын автомашиныг Н-гээс өөр хүн жолоодож яваагүй. Н өөрийнхөө автомашинд ачаа ачиж Увс аймаг руу явж байсан ба тухайн үед манай гэр бүл бас Увс аймаг руу амрахаар явж таарсан юм. ...Би яг хэн барьсныг хараагүй болохоор цуг агнасан байх гэж хэлсэн. Би Н-гийн эхнэр нь, бид 20 гаруй жил болж юм. Манайх 3 хүүхэдтэй, том нь тусдаа гарсан. Дунд охин маань Орхон аймгийн 8 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Бага охин 5 настай цэцэрлэгт явдаг. Миний нөхөр тодорхой эрхэлсэн ажилгүй, унаж татдаг өвчтэй байнгын группт байдаг. Хөдөлмөрийн 70% чадвар алдалттай. Сард 240.000 төгрөг авдаг. Гарын ур дүйтэй мужааны ажил хийдэг боловч ачаалал авахаар бие нь муудаж татаж унадаг. О.Н нь зан байдлын хувьд төлөв даруу, их дөлгөөн зөөлөн зантай, бусдад тусархуу, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

насанд хүрээгүй гэрч Н.Ш-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тухайн үед би нуурын хөвөөнд байхад нуурын усанд ороод гарсан ба майхнаасаа ахиж холдоогүй ба дүү О-Э-ээ нуурын уснаас хамгаалаад майханд сууж байсан. Хэн загас агнасан талаар мэдэхгүй байна. Би Нгийн төрсөн хүүхэд нь байгаа юм. Н нь манай аав Н, ээж Н нарын найз. Нгийн унаж явсан Nissan Condor  маркийн 56-29 ӨМӨ улсын дугаарын автомашиныг Нгээс өөр хүн жолоодож яваагүй. Н өөрийнхөө автомашинд ачаа ачиж Увс аймаг руу явж байсан ба тухайн үед манай гэр бүл бас Увс аймаг руу амрахаар явж таарсан юм.”  гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

шинжээч О.Э-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Ер нь загасыг заагдсан цаг хугацаанд заагдсан аргаар зөвшөөрлөөр агнаж болдог боловч Улсын тусгай хамгаалалттай газар нутагт заасан агнах хугацаанд байсан ч гэсэн загасыг агнаж огт болохгүй. Харин сүргийн бүтэц зохицуулах, судалгаа шинжилгээний зорилгоор яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зөвшөөрөлд заагдсан хэмжээгээр агнаж болдог. Би үхсэн загаснуудыг өөрийн биеэр очиж үзэж дүгнэлтийг гаргасан. Тухайн үед Потанины Алтайн сугас загаснууд байсан. Потанины Алтайн загас морфо-экологийн 3 хэлбэр үүсгэдэг. Морфо- экологи гэдэг нь идэш тэжээл амьдарч буй орчин зэргийг ойлгож болно. Дээрх орчиноос хамаарч 3 хэлбэрээр үүсгэдэг. Үүнд Потанины Алтайн сугас- махан идэшт нохой сугас, ургамал идэшт сугас, шөвгөр хоншоорт хэлбэр гэсэн 3 хэлбэртэй. Тухайн үед миний очиж дүгнэлт гаргасан загаснуудад Потанины Алтайн сугасын Нохой сугас хэлбэр Махан идэштэн, Потанины Аптайн сугасын Шар сугас буюу ургамал идэш хэлбэрт хоёр хэлбэрийн загас байсан юм. Түүнд Потанины Алтайн сугас загас нийт 115 байсан. Нохой сугас гэсэн төрлийн Огеоleuciscus angusticephalus гэсэн латин загасны төрөл байгаа. Бидний үнэлгээ гаргаж байгаа нохой сугас гэдэг маань Потанины алтайн сугас загасыг 3 хэлбэрт ангилдаг бөгөөд түүний нэг хэлбэр нь болох махан идэшт нохой сугам юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

шүүгдэгч О.Н-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Увс аймгийн хүргэн тул энэ жил эхнэрийн нутагт амрах зорилгоор Эрдэнэт хотоос гарсан. Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур дээр ирээд санамсаргүй А.Н ахтай тааралдсан. Тэгээд Н ахыг та буцах замаараа Хяргас нууранд хүрээд ирээч ганц хоёр хоног амраад буцалдаа гэж хэлсэн. А.Н ах Улаангом сум руу ороод ачаагаа буулгаад 1 хоноод 2018 оны 7 дугаар сарын 11-ний үдээс хойш оройхон ирсэн. Тэгээд бид нар тэр өдрөө амарцгааж маргааш нь би нуурнаас загас барих гэж үзэхэд загас баригдахаар нь нутаг буцахдаа найз нөхөддөө нутгийн бренд гэж аваачиж өгнө гэж бодоод барьсан. Би нуурнаас 2 хоног нийт 115 тооны загас барьсан. Тухайн үед барьсан загасаа Н ахын унаж явсан ачааны машины тэвшин дээр ачсан. Тухайн машин хөргүүртэй байсан юм. Тэгээд Хяргас нуурын хөвөөнөөс 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр буцаж засмал зам руу явж байтал Хяргас нуурын байгаль хамгаалагч нар ирж бид нарыг шалгаад тэр өдрөө бид нарыг саатуулж маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад шилжүүлж цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Би ганцаараа загас барьсан. Н ах намайг загас агнаж байхад надтай цуг явсан гэхдээ загас агнаагүй, би Н ахыг та нэг шидэж үзэх үү гэхэд би шидэхгүй би загасны ордных загас агнадаггүй гэсэн. Н ах миний барьсан загасыг машиныхаа амбаар луу аваачиж ачсан. Мөн бид нар буцах болоод явж байхад Н ах ачааныхаа машины амбаарт агнасан загасыг ачаад тээвэрлэж явсан. Манай эхнэр хүүхдүүд бид нараас 500-800 м орчим зайтай нуурын эрэг дээр амарч байсан. Би амарч байсан газраасаа дотогш явж нуурын хошуу хэсэг рүү орж загас барьсан тэр үед надтай цуг Н ахаас өөр хүн байгаагүй. Би хүүхэд байхаасаа загас барих сонирхолтой. Би бага байхдаа Хөвсгөл аймагт байсан Хөвсгөл нуурнаас зөндөө загас агнаж байсан. Би өөрөө загас барих сонирхолтой болохоор миний машинд байнга уурга, дэгээ явж байдаг юм. Би өөрийнхөө уурга, дэгээгээр загас агнасан. 1998 онд Эрдэнэтийн үйлдвэрт ажиллаж байсан Виктор гэдэг миний найз надад уурга, дэгээг бэлэглэж байсан. Би тухайн үедээ улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэдээгүй, миний яг загас агнасан тэр газарт улсын тусгай хамгаалалтай газар нутаг гэдгийг илтгэх зүйл байгаагүй. Хяргас тур гэсэн жуулчны баазын самбар байсан. Тухайн самбар дээр загас агнах зөвшөөрлийн зураг байсан юм. Би 805.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Цаашид гарах хохирлыг мөн барагдуулахаа илэрхийлж байна. Харин ажил төрөл эрхэлдэгүй, 1996 оноос хойш унаж татдаг өвчтэй тул машины үнэ барагдуулна гэж хэлж чадахгүй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад оноох ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,

шүүгдэгч А.Н-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би Өмнөговь аймгийн Манлай суманд ажиллаж амьдардаг хувиараа жолооч хийдэг бөгөөд 2018 оны 7 дугаар сарын эхээр Оы 56-29 ӨМӨ улсын дугаартай авто машиныг аваад Хөтөлийн цементээс цемент ачаад Увс аймаг руу гарсан. Замдаа 3 хоноод 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Хяргас нуур дээр ирэхэд миний танил залуу болох Н гэдэг залуу эхнэр хүүхдүүдийнхээ хамт амарч байсан. Тэгээд намайг та аймгийн төв рүү ачаагаа оруулчихаад буцаад ирээд энд ганц хоёр хоноод амраад цуг явья гэхээр нь би зөвшөөрч Улаангом сум руу орж ирж ачаагаа буулгаад 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой буцаад Хяргас нуурны наад талд машиндаа хоноод 7 дугаар сарын 11-ний орой Хяргас нууран дээр О.Нгийн байсан газарт очиж амарсан. Тэнд очоод би 2 хоносон бөгөөд өглөө нь О.Н намайг нуурын эрэг рүү очъё гэхээр нь би цуг нуурын хошуу руу очиход О.Н өөрийнхөө уурга, дэгээгээр загас барьсан. Тухайн үед барьсан загасаа миний ачааны машинд хадгалсан. Тэр үед Н намайг та нэг шидээд үзээч загас бариач гэхэд би өөрөө загасны орд ах нь загас огт барьдаггүй юм, чи өөрөө л барь гэж хэлсэн. Харин барьсан загасаа миний машинд ачсан. Би тэнд нарлаж суугаад О.Нд хоол, цай хийгээд байж байсан. Тэгээд Хяргас нуурын хөвөөнөөс 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр буцаж засмал зам руу явж байтал Хяргас нуурын байгаль хамгаалагч нар ирж бид нарыг шалгаад тэр өдрөө бид нарыг саатуулсан. О.Н 115 тооны загас агнасан. Би анх удаа Увс аймагт ирж үзсэн. Тухайн үед хууль, дүрэм мэддэггүйгээс болж ийм гэмт хэрэг үйлдсэн. Би хохирол 805.000 төгрөгнөөс 405.000 төгрөгийг төлсөн. Төлөхдөө О.Н-гийн дансаар шилжүүлж төлсөн. Хохирол гарвал төлж барагдуулах болно. Автомашин нь О гэдэг хүнийх, би тээвэрт яваад 500.000 төгрөг өгөхөөр тохирч машиныг авсан байсан. Энэ хүн манай худ байгаа юм. Би хүний машин авч ачаа тээвэрлэсэн тул машины үнийг би л төлөх байх. Машины үнийг 2 жилийн дотор төлж барагдуулж чадах байх гэж бодож байна” гэх мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 229 дугаар албан бичиг, хавсралт болох Химийн лабораторийн сорилтын дүн, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт устгах тухай 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 294 тоот шүүгчийн захирамж, Увс аймгийн Засаг даргын дэргэдэх хураагдсан барааг устгалд оруулах, үнэлгээ тогтоох, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлийн устгалын комиссын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 05-10, 16-17, 20-29, 31-34 тал/,

Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хяргас сумын Довны хөшөө гэх нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалтай газар нутаг. Хяргас нуурын Байгалийн цогцолборт газрын Хязгаарлалтын бүсэд хамрагдана. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18.1-т заасан дагуу загас агнахыг хориглосон. Загас мөн. Мөрөгийнхөн овгийн Алтайн сугасны төрлийн Потанины Алтайн сугас. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18.1-т заасан дагуу загас агнахыг хориглосон, Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” хугацаанд барихыг хориглосон. Нэн ховор болон ховор амьтны ангилалд ороогүй. Иргэн О.Н-гээс хураан авсан 115 ширхэг загас Потанины Алтайн сугас /Oreoleucisus potanini Kessler, 1879/. Энэ загас нь морфо-экологийн гурван хэлбэр үүсгэдэг. Дараах 2 хэлбэрийн загас тохиолдсон Потанины Алтайн сугас-Нохой сугас 81 ширхэг, Потанины Алтайн сугас-Шар сугас 34 ширхэг загас байсан. Загасны экологи эдийн засгийн үнэлгээнд нас хүйс хамрахгүй. “Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Потанины Алтайн сугас загас нь 7000 төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/,

Увс аймаг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 494 тоот “Хяргас сумын “Довны хөшөө” хэмээх N490 081 38.111  E 930 391 54.211 координатад байрлах газар нутаг нь Хяргас сумын нутаг дэвсгэрт хамаарч байна” гэх албан бичиг, Хяргас нуурын байгалын цогцолборт газрын хамгаалалтын бүсийн зураг /хх-ийн 81, 85 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Н, А.Н нар 2018 оны 7 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуурын “Довны хөшөө” гэх газраас Потанины Алтайн сугас нэртэй 115 тооны загас агнаж, тээвэрлэн 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр буцаж засмал зам руу явж байгаад Увс аймгийн Хяргас сумын байгаль хамгаалагчид саатуулагдсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.  

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөцийн газар, дурсгалт газар гэж ангилна” мөн хуулийн 13 дугаар зүйлд “байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ” гэж тус тус заасан.

 

Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 494 тоот албан бичиг, гэрч Хяргас сумын байгаль орчны байцаагч Г.Ням-Очир, шинжээч О.Энхсаруул нарын мэдүүлэг, баримтуудаар хэрэг учрал болсон гэх Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуурын “Довны хөшөө” гэх газар нь 2011 онд улсын тусгай хамгаалтанд орсон, Хяргас нуурын Байгалийн цогцолборт газрын Хязгаарлалтын бүсэд хамаарч байх ба шүүгдэгч О.Н, А.Н нарын агнасан 115 тооны загас нь Потанины Алтайн сугас загас болох нь нотлогдож байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулахыг зөвшөөрсөн бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д байгалийн цогцолборт газарт дээрхээс өөр зориулалтаар ан амьтан агнах, барихыг хоригложээ.

 

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад шүүгдэгч О.Н эхнэрийнхээ нутаг болох Увс аймгийн Хяргас суманд гэрийн бүлийн хамтаар аялаж ирсэн байх ба ингэхдээ нутгийн бренд гэж найз нөхөддөө бэлэглэх зорилготойгоор 2017 оны 7 дугаар сарын 12-14-ний өдрийн хооронд 2 хоног Хяргас нуурын “Довны хөшөө” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 115 тооны Потанины Алтайн сугас загас агнасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 4-д заасан зөвшөөрсөн үйл ажиллагаанд хамаарахгүй, харин мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д заасан хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна.

 

Мөн Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа”-г заасан бөгөөд мөн зүйлийн 9.2.7-д “алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар загас барихыг хориглоно” гэж зохицуулсан.

 

Иймд шүүгдэгч О.Н, А.Н нарын Хяргас нуурын “Довны хөшөө” гэх газраас буюу Хяргас нуураас 115 тооны Алтайн сугас загас агнасан, улмаар А.Нн жолоодож явсан Nissan Condor загварын 56-29 ӨМӨ улсын дугаартай автомашинд ачиж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, ...тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н, А.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагважав нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, ял шийтгэл хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж заасан. Энэ нь 2 ба түүнээс дээш хүн тухайн гэмт хэрэгт хамтран оролцохыг хэлнэ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар бүлэглэн загас агнаж тээвэрлэсэн нь тогтоогдсон тул тэдгээрийг “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргаж байна” гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч А.Н нь өөрийн биеэр загас барьж агнаагүй боловч 2018 оны 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд шүүгдэгч О.Н-тэй хамт “Довны хөшөө” гэх улсын тусгай хамгаалалттай газарт түүний хоол, цайг хийж өгөх, барьсан загасыг ачих, тээвэрлэх зэргээр үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Н, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.  

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан

 

Шүүгдэгч О.Н, А.Н нарын агнасан Потанины Алтайн сугас нэртэй загасны  экологи эдийн засгийн үнэлгээ 7000 төгрөг болох нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ, ”шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байх тул 115 тооны загасны экологи эдийн засгийн үнэлгээ 805.000 төгрөг болж байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуулийн дээр дурдсан заалтуудад байгаль орчинд буюу амьтны аймагт учирсан хохирол, нөхөн төлбөрийг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж тус тус заасан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1.610.000 төгрөг гэж тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Н, А.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

       Шүүгдэгч О.Н, А.Н нар нь “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч О.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р баг Говил, 100 айл гудамж 24а тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, унах татах өвчний улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, байнга оршин суух хаягтаа Ү-2101012684 дугаарт бүртгэлтэй 50 мкв хувийн сууц, Ү-2101014449 дугаарт бүртгэлтэй 199 мкв хувийн сууцтай, Г-2101005619 дугаарт бүртгэлттэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газартай, өөрийнхөө нэр дээр Toyoto Probox маркийн 76-19 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байх ба бөгөөд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний хувийн байдал тогтоосон гэрч Ж.Н, Н.Ш нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэтгэврийн дэвтрийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Орхон аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, О.Н-гийн эмчлүүлэгчийн карт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/865 тоот албан бичиг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 228 тоот албан бичиг /хх-ийн 53, 127-133, 135, 138, 140 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч А.Н нь Өмнөговь аймгийн Манлай сумын 3-р багийн Жаргалантад  эхнэрийн хамт оршин суудаг, хувьдаа эд хөрөнгө үгүй, хувиараа тээвэрт хийж амьдралаа авч явдаг, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдал тогтоосон оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/865 тоот албан бичиг, Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 228 тоот албан бичиг /хх-ийн 138, 140, 145, 146, 148, 161-162 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь 115 тооны загасны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж 1.610.000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч О.Н, А.Н нар 805.000 төгрөгийг орон нутгийн орлогод төлсөн нь хэргийн 124 талд авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч О.Н, А.Н нараас үлдэгдэл 805.000 төгрөгийг гаргуулж,  Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н, А.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, хуулинд заасан дээрх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, заримыг нь нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.  

 

Шүүгдэгч, О.Н, А.Н нар нь 56-29 ӨМӨ улсын дугаартай Ниссан Кондор загварын автомашинд хууль бусаар агнасан 115 ширхэг загасыг ачиж, тээвэрлэж явсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцно.

 Хэрэгт 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5/25 дугаар Прокурорын тогтоолоор битүүмжилсэн  56-29 ӨМӨ улсын дугаартай Ниссан Кондор загварын тээврийн хэрэгсэл нь  шүүгдэгч нарын эзэмшил, өмчлөлийнх биш, хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.О-ых болох нь Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 228 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 34, 140 тал/ баримтуудаар нотлогдож байх тул эзэмшигч Н.Од буцаан олгож, автомашин үнэлсэн тухай тайлангаар тогтоогдсон үнэ 20.625.000 төгрөг /хх-ийн 68 тал /-ийг шүүгдэгч О.Н, А.Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж, төлөгдөөгүй 805.000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн 115 тооны загас, загас агнасан гэх уурга, дэгээ зэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 5/98 дугаар прокурорын зөвшөөрлөөр хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд 115 тооны загасыг хүнсний зорилгоор ашиглах боломжгүй, орчиндоо үмхий үнэртэж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 294 дүгээр захирамжаар устгаж шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр загас агнасан 1 ширхэг уурга, 5 ширхэг дэгээ нь шүүгдэгч О.Н-гийн эзэмшлийн, 1998 оноос хойш 20 жил хэрэглэж байгаа, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох нь тогтоогдсон, мөн улсын яллагч устгах санал гаргасан тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч О.Н, А.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн бөгөөд тэдгээрээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 20.625.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заасны дагуу шүүх шүүгдэгч О.Н, А.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг 2 жилийн дотор буюу тэнссэн хугацаанд биелүүлэх хугацаа тогтоов.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч О.Н, А.Н нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шийдвэрлэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Н, А.Н нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э ургийн овогтой О-ын Н, Н ургийн овогтой А-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э ургийн овогтой О-ын Н, Н ургийн овогтой А-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, А.Н нарт тус бүр гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, А.Н нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Амьтны тухай хуулийн 37.1, 37.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч О-ын Н, А-ийн Н нараас 805.000 /найман зуун таван мянга/ төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг уурга, 5 ширхэг дэгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл болох 56-29 ӨМӨ улсын дугаартай Ниссан Кондор загварын ачааны автомашиныг эзэмшигч Н.Од буцаан олгож, шүүгдэгч О.Н, А.Н нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 20.625.000 /хорин сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг 2 жилийн хугацаанд хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч О.Н, А.Н нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Н, А.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         C.БОЛОРТУЯА