Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02013

 

 

 

2022           11           21                                         210/МА2022/02013

 

 

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02744 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..........-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,056,986 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Оюунмандах, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч ..........-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “............” ХХК нь С.Мөрөн, ..........- нартай 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЗГ1105411363 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 8,020,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч С.Мөрөн нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсныг хамтран зээлдэгч ..........- 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр банканд мэдэгдэж зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргасан. Зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаа 117 хоног хэтэрсэн. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,470,245.98 төгрөг, зээлийн хүү 415,836.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,146.44 төгрөг, нийт 6,892,288.46 төгрөгийн өр үүссэн.

1.2. “............” ХХК болон С.Мөрөн нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/340675442 дугаар кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ340675442 тоот кредит картын гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/340675442-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж сунгасан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй  хугацааг 3 сараар хэтрүүлсэн. Үндсэн төлбөр 1,049,009.45 төгрөг, зээлийн хүү 104,218.40 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр 4,952.10 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 6,577.41, нийт 1,164,757.76 төгрөг төлөөгүй байна. Зээлийн үндсэн төлбөрт 49,009.85 төгрөг илүү бодогдсон нь “............” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 185 тоот тушаалын Хавсралт 1-т заасан Зээлийн эрх хэтрүүлэх хэмжээ 5 хувь гэж заасан эрхийн хэмжээнд зээлдэгчийн ашигласан зээл болно. Иймд ..........-аас 8,056,986 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийг ах С.Мөрөн авсан бөгөөд тэрээр 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан. Ах С.Мөрөнг зээл авах үед оюутан байсан бөгөөд зээл авах хүсэл, санаа зорилго байгаагүй. Мөн 6 жилийн өмнөөс татаж унадаг болсон бөгөөд мэдрэлийн саатал оноштой, байнгын эмчийн хяналтад байдаг. Эцэг маань 2000 онд, эх маань 2020 онд нас барсан. Том ах хөгжлийн бэрхшээлтэй. ..........- нь өөрийн хэрэглээг зохицуулах боломжгүй, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа тул бусдын авсан зээлийг төлөх боломжгүй. Гэрээнд гарын үсэг зурах үед үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй атлаа зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6,470,245.98 төгрөг, зээлийн хүү 415,836.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,146.44 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу үндсэн төлбөр 1,049,009.85 төгрөг, зээлийн хүү 104,218.40 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр 4,952.10 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 6,577,41 төгрөг, нийт 8,056,986.22 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ1105411363 тоот зээлийн болон барьцааны гэрээнд ..........-ь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь ямар эрх, үүрэгтэй оролцсон нь тодорхойгүй гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний 1.1-д “С.Мөрөн, ..........- (цаашид зээлдэгч гэх) нар (хамтад нь “Талууд” гэх) гэж тусгасан тул гэрээний 3.1, 3.2-т заасан эрх, үүргээс ..........- чөлөөлөгдөх үндэслэлгүй. ..........- нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай. Түүнийг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахын тулд хуурч мэхлээгүй. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан.

4.2. С.Мөрөн болон “............” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 37340675442 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнд ..........- нь ямар эрх, үүрэгтэй оролцох нь тодорхойгүй, ойлгомжгүй, мөн гэрээний оролцогч биш байх тул ..........-аас гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, өвлүүлэгч С.Мөрөнгийн хууль ёсны өвлөгчөөс ЗГ/340675442 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх боломжийг хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Зээлийн төлбөрийг төлнө гэж байсан боловч одоогийн байдлаар төлөх боломжгүй байна. ..........- оюутны төлбөрийг төлж чадахгүй, улирч сурах эсхүл сургуулиас гарна гэсэн хүсэлт гаргасан. Цалин орлоготой байсан бол ахынхаа зээлийн төлбөрийг төлнө. Зээлийг авсан талаар мэдээгүй. Иргэний үнэмлэхтэйгээ ирээд зээлийн гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу зурсан. Банк хамтран зээлдэгчээр оролцохыг зөвшөөрч байна уу гэж асуугаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч “............” ХХК хариуцагч ..........-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,470,245.98 төгрөг, зээлийн хүү 415,836.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,146.44 төгрөг, нийт 6,892,228.46 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт үндсэн зээл 1,049,009.85 төгрөг, зээлийн хүү 104,218.40 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 4,952.10 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 6,577.41 төгрөг, нийт 1,164,757.76 төгрөг, бүгд 8,056,986.22 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.б. “............” ХХК болон С.Мөрөн, ..........- нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “............” ХХК 8,020,000 төгрөгийг зээлдэгч С.Мөрөн, ..........- нарт зээлдүүлэх, зээлдэгч нар 8,020,000 төгрөгийг 30 сарын хугацаанд жилийн 18 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. “............” ХХК дээрх зээлийн гэрээний дагуу С.Мөрөнгийн нэр дээр зээлийн данс нээж 8,020,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн байна. (хх-ийн 23-24) Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

1.в. Дээрх бичгээр үйлдсэн зээлийн гэрээнд зээлдэгч С.Мөрөн, ..........- нар гарын үсэг зурсан тул тэдгээрийг Иргэний  хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч ..........- зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийн гэрээнээс үүсэх үр дагаврыг хамтран хариуцах үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн, зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг өөрт нь олгох талаар зээлдүүлэгчид шаардлага гаргаж байгаагүй байна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул гэрээнд гарын үсэг зурах үед үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй нь хамтран зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

1.г.  Зээлдэгч С.Мөрөн зээлийн төлбөрөөс үндсэн зээл 1,549,745.023 төгрөг, зээлийн хүү 788,696.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 717.37 төгрөг, нийт 2,339,167.75 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна. (хх-6) Иймд зээлдүүлэгч “............” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч ..........-, С.Мөрөн нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх шаардах эрхтэй.

Зээлдэгч С.Мөрөн зээлийн төлбөрөөс үндсэн зээл 6,470,245.98 төгрөг, зээлийн хүү 415,836.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,145.44 төгрөг нийт 6,892,228.46 төгрөг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тооцооллын талаар хариуцагч ..........- маргаагүй болно.

Зээлийг авснаас хойш үндсэн зээлдэгч С.Мөрөн зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан талаар буюу хамтран зээлдэгч ..........- зээлийг төлөх боломжгүй болсон талаар банкинд мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул  Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хамтран зээлдэгчээс “үндсэн зээлдэгч нас барсан” гэх хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах /зээлийн хүүг зогсоох хүсэлт/ саналаа зээлдүүлэгчид мэдэгдсэн гэж үзнэ.

Зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтож, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсныг зээлдүүлэгч мэдсэн бол зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоогоогүй, мөн ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т заасан гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж, хариуцагчийн санал болгосон хугацаагаар гэрээг цуцлагдсанд тооцох нь зүйтэй.

Иймээс зээлдэгч С.Мөрөн 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барснаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ мөн өдрөөр цуцлагдсан гэж үзэх тул нэхэмжлэгч “............” ХХК дээрх хугацаанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ..........-аас үндсэн зээл 6,470,245 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

            2. “............” ХХК болон С.Мөрөн нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/340675442 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдаж 1,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө авсны сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцжээ. Талууд дээрх зээлийн гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/340675442-2 дугаар гэрээгээр 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 2 жилээр сунгасан байна. (хх-25-29)

Дээрх зээлийн гэрээний харилцаанд ..........- оролцоогүй учир түүнээс үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу “............” ХХК шаардах эрхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч “............” ХХК хариуцагч ..........-аас зээлийн гэрээний үүрэгт 1,164,757.76 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан үндэслэлээ хууль ёсны өвлөгчөөс шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь өвийг хүлээн авсан, өвлөгчөөр тогтоогдсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хууль ёсны өвлөгчөөс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх боломжийг хязгаарласан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/02744 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ..........-аас 6,470,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “............” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,586,741.22 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч ..........-аас 118,474 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “............” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 143,862 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

                                         ШҮҮГЧИД                                Т.БАДРАХ

                                                                                          Н.БАТЗОРИГ