Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0068

 

Н.Ш-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Ш-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Н.Ш-өөс Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Э-д, мөн оны А/257 дугаар захирамжийн Б.Б-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Б, Г.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийг бодит нөхцөлд нотлох баримтыг үнэлээгүй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэг “... Хэрэгт авагдсан иргэн Г.Э, Б.Б нарын газар баталгаажилтын хувийн хэрэг, иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг болон бусад нотлох баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын ... А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-13в тоотыг Б.Б, 23-13г тоотыг Г.Э-д тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлснийг үндэслэн уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41, А/257 дугаар захирамжуудаар тус тус иргэдэд өмчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Ийнхүү иргэн Б.Б, Г.Э-д нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 ... хэсэгт тус тус заасантай нийцжээ ...” т гэж дурдсан байна.

Үүнээс үзвэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй. Учир нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасныг шүүх хууль хэрэглэхдээ хариуцагч нарын газар олголтыг иргэдэд шударгаар, эсхүл тэгш байдлыг хангаж байгаа талаар нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгээгүй. Гуравдагч этгээд болох Г.Э, Б.Б нар нь шүүх хуралд ирдэггүй, тус иргэд нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр н.Б-Э-тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулан /хх-121/ тэр өдрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд миний өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээд Ц-оос та хэнээс авсан талаар асуухад Э, Б нараас гэж хариулдаг. Гэтэл Б-Э-тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж авснаа мэдэхгүй газрын наймаа хийсэн нь илэрч байгаа юм.

Шүүх дүүргийн Засаг дарга иргэдэд шинээр газар олгохдоо захирамж гаргах ажиллагаа нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу зохион байгуулах бөгөөд тус журмын 5, 6 дугаар зүйлүүдэд газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцал, зөрчил байгаа эсэх асуудлыг тодруулах зорилгоор хээрийн судалгаа хийх учиртай. Газрын албаны мэргэжилтнээс үүнийг асуухад хээрийн судалгаа хийгээгүй, тийм баримт байхгүй гэдгээ хэлсэн. Мөн Б, Э нар нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4971, 4972 бүртгэлд нэг өдөр, дараалсан бүртгэлд дугаар авсан дээрх нөхцөл байдал зэрэг нь газрын наймаа явагдсан гэдэг нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Н.Ш “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн Г.Э-д, 2015 оны А/257 дугаар захирамжийн Б.Б-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Б, Г.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... Г.Э, Б.Б нараас өмнө 2008 оноос амьдарч дугуй засварын үйл ажиллагаа эрхэлж, түрүүлж газар эзэмших хүсэлтээ гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй мөртлөө Г.Э, Б.Б нарт тухайн газрын эзэмшүүлсэн ...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Г.Э-д тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23 дугаар гудамжны 13г тоотод байрлах 700 м.кв, Б.Б-д тус гудамжны 13в тоотод байрлах 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар Г.Э, 2014 оны А/257 дугаар захирамжаар Б.Б нарын эзэмшиж байсан дээрх газрын тус тус өмчлүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Н.Ш нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-01а тоот байршилд дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд хавтаст хэрэгт түүний 2016 оны хорооны Засаг даргаар уламжлан хүргүүлсэн гэх “... олон жил амьдарч байгаа тул газрыг эзэмшүүлж өгнө үү” өргөдөл[1] авагдсан байх боловч Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10/679[2], 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10/1856[3] дугаар албан бичгүүд, Өргөдөл, гомдлын бүртгэлийн хяналтын картын маягт[4], Н.Ш-ийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөл[5] зэргээс үзэхэд Н.Ш нь маргаан бүхий газрыг 2017 оноос өмнө буюу гуравдагч этгээдүүдээс өмнө эзэмших талаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна.  

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсоор тухайн эзэмшиж ашиглаж буй газартай давхцаагүй байхыг шаардсан болохоос бус тухайн газрыг хууль ёсоор эзэмших ашиглах хүсэл сонирхлоо илэрхийлээгүй, хууль ёсоор эзэмших ашиглах эрх үүсээгүй тохиолдолд бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхацсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Ш-ийн дугуй засварын зориулалтаар ашиглаж байсан газрыг түүнийг хууль ёсоор эзэмших хүсэл зорилготой байсан гэж шууд дүгнэх боломжгүй юм. Харин нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж тус газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших талаар гуравдагч этгээдүүдээс өмнө эсхүл адил цаг хугацаанд хүсэлт гаргаж байсан, тэр  нь тогтоогдсон тохиолдолд тэрхүү хүсэлтийг нь шийдвэрлээгүй, үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд газар эзэмшүүлэхэд тэгш байдал, шударга ёсыг хангаагүй гэж үзэхээр байна.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч Н.Ш маргаан бүхий газрыг эзэмших талаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “тухайн газарт амьдарч үйл ажиллагаа явуулж газрыг эзэмшиж, ашиглаж байсныг, тухайн газрыг эзэмших хүсэл сонирхолтой байсан гэж шууд дүгнэх, түүнчлэн дан ганц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ын “... тухайн газрыг эзэмшихээр Баянзүрх дүүргийн Газрын албанд би удаа дараа очиж уулзаж байсан, тэгэхэд үерийн ам, усны хамгаалалтын бус тул зөвшөөрөх боломжгүй гээд буцаагаад байсан” гэх тайлбарт үндэслэн шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу тус газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байсан гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар эзэмших хүсэлт гаргасан гэх  цаг хугацаанаас өмнө үүссэн, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-01а тоот байршил бүхий газрыг дээрх хуульд заасан гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаагүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны А/585 дугаар захирамжаар Г.Э-д тус дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23 дугаар гудамжны 13г тоотод байрлах 700 м.кв, Б.Б-д тус гудамжны 13в тоотод байрлах 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг дарга 2015 оны А/41 дүгээр захирамжаар Г.Э, 2014 оны А/257 дугаар захирамжаар Б.Б нарт эзэмшиж байсан газрыг тус тус өмчлүүлсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчөөгүй бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Газрын тухай хуульд заасан газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар болон гуравдагч этгээдүүдийн өмчлөл бүхий газрууд нь байршлын хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/1096 дугаар албан бичиг[6], түүний хавсралт зургууд[7]-аар давхцалтай гэдэг нь тогтоогдож байхаас гадна энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй тул Баянзүрх дүүргийн Газрын албанаас “Бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр газар эзэмших хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэж байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албыг нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй. Мөн Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзэхэд тухайн иргэн газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргасан газартаа заавал амьдрахыг шаардаагүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчийн тодорхойлж, томъёолсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлагдахаар буюу өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Нэхэмжлэгч Н.Ш нь иргэн Б.Ц-д газар өмчлүүлсэн захиргааны актын тухайд маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч нэгэнт Б.Ц-ийн газар өмчлүүлсэн шийдвэрийн үндэслэл болсон захиргааны акттай холбоотой маргасан байх тул шүүхээс түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, холбогдох ажиллагааг хийсэн нь буруу биш байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ  

 


[1] 1ХХ-ИЙН 14 дүгээр хуудас

[2] 1ХХ-ийн 6 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 218 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 219 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 221 дүгээр хуудас

[6] 2ХХ-ийн 112, 113 дугаар хуудас

[7] 2ХХ-ийн 114-120 дугаар хуудас