Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 115

 

Б.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

                                                          Б.Манлайбаатар

Прокурор                                          С.Баттамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Т-т холбогдох эрүүгийн 201609000444 дугаартай, 171/2016/0203/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган  аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг, 15-143 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Шар шувуут  овогт Б-ын Т-  /РД:ГИ99121210/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т- нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 29- нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Хайрхан багийн нутаг дэвсгэрт  01 цагийн үед иргэн О.Бямбацогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь өшиглөж  бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Шар шувуут овогт Б-ын Т-ийг бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг эх З.Гэрэлмаагийн хяналтанд өгч түүний засрал хүмүүжил сурлагад дөхөм үзүүлэх үүргийг хариуцуулж,

-Шүүгдэгч Б.Т- нь хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1,4-т зааснаар Б.Т-т өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Прокурор С.Баттамир давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлд заасан “Насанд хүрээгүй этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” хэрэглэж, мөн зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эх болох З.Гэрэлмаагийн хяналтад өгөхдөө мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан хугацааг тогтоож өгөөгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Баттамир тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна, анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзвэл ...69.1.1.-69.1.4-т заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болохоор заажээ.

Монгол улсын Дээд шүүхийн гаргасан зөвлөмжид “...-Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т нэрлэж заасан арга хэмжээнүүдээс тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн байдал, хувийн онцлог, зан төлөв, засарч хүмүүжих бодит боломж нөхцөл байдалд нийцүүлэн сонгож хэрэглэх ёстой. Нэг болон хэд хэдэн арга хэмжээг давхар хэрэглэж болно.” гэжээ.

Хууль болон зөвлөмжөөс үзэхэд  Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ шүүх хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 69.1.1-д заасан хугацааг заавал хэрэглэх шаардлагагүй болох нь харагдаж байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Т-т Эрүүгийн хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахдаа хууль зөрчөөгүй байна гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин 191 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан “...-Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх шаардлага”-ыг зарим талаар хангаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 191 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69 дүгээр зүйлийн  69.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг насанд хүртэл эх З.Гэрэлмаагийн хяналтанд өгч түүний засрал хүмүүжил сурлагад дөхөм үзүүлэх үүргийг хариуцуулж, Эрүүгийн хулийн 69.2 дахь хэсэгт зааснаар засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг анхааруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                      Б.МАНЛАЙБААТАР