Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,

Улсын яллагч: Х.Энхтуул,

Хохирогч: А.О,

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Б-ийн А холбогдох 1835003430193 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 2-23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОВ90111711 дугаарын регистртэй, Х ургийн овогт Б-ийн А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой Улаангом сумын 9-р багийн нутагт хохирогч, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой Улаангом сумын 9-р багийн нутаг, 2-23 тоотод байрлах өөрийн гэртэээ хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч А.О-ийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Амарсанаа ХХК-д засалчин хийдэг.  Сүүлийн үед Амарсанаа ХХК-ийн 5 давхар орон сууцны барилгаа ашиглалтанд оруулах гээд би ажил ихтэй байгаа тул хэд хоног ажлаасаа оройтож ирж байсан. Манай нөхөр Б.А нь намайг ажлаас оройтож ирж байна, гэр оронгүй юм шиг аашилж байна. Ээжийгээ дагаж заваардаг, гэр орон бохир байна, муу гичий, янхан, олж байгаа орлого байхгүй пизда минь гэж намайг сүүлийн 7 хоног үг хэлээр доромжилж, дарамталж гэрт тайван байлгахаа больсон. Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед ажлаасаа ирээд гэртээ хувцас хунараа угааж, гэр ороноо цэвэрлээд дуусаж байтал манай нөхөр Б.А хэрүүл маргаан эхлэж хүн хоосон хонуулдаг арчаагүй пизда, янхан, гичий гэхээр нь би чи гэртээ байж мах шөлөө гаргаад өөрөө хоолоо хийж идэхэд яадаг юм бэ, би хүмүүстэй адилхан ажил төрөл хийж байж цалин авдаг юм байгаа биз дээ, хүн ажил хийж байхад чинь дандаа үглээд байх юм арчаагүй юм чинь гэж хэлэхэд манай нөхөр Б.А нь амаа тат, дуугүй бай авгай минь гэж хэлэээд над руу зурагтны удирдлага шидээд би аяга угаагаад сууж байтал миний араас нуруу руу нэг удаа өшиглөөд миний толгой руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр маргалдаж байтал манай хадам ээж Б гаднаас орж ирээд та  нар юу болж байгаа гэж асуухад би бүх учрыг тайлбарлаж хадам ээждээ хэлэхэд манай хадам ээж чиний олсон орлого чинь хаана байна санаа бодол чинь нийлэхгүй байгаа бол салахгүй юу гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн төрсөн ээж Н.О-д та нар миний байгаа байдлыг ирж үз, би та нарт хэлэхгүй зөндөө олон удаа тэвчиж өнгөрүүлсэн гэж утсаар хэлсэн байсан учраас манай ээж Н.О төрсөн эгч А.Ш хүүхэдтэй хамт ирсэн бөгөөд гэрт орж ирж амжаагүй байхад манай эгчийг та яах гэж ирсийм бэ таны хэрэг байхгүй гэж түлхсэн юм. Тэгээд манай хадам ээж миний ээж рүү та нар яах гэж ирсэн юм бэ гэж дайраад янз бүрээр хэл амаар доромжилсон. Цагдаа нар ирж бид нараас байцаалт авсан. Би өөрийнхөө төрсөн ээжийг дагаж төрсөн гэртээ очсон. Б.А бид хоёр 2015 онд гэр бүл болсон, одоо хоёр хүүхэдтэй айл юм. Миний нөхөр Б.А нь урьд өмнө нь намайг хэд хэдэн удаа намайг зодож цохиж байсан, миний толгой руу олон удаа цохиж байсан. Нөхөр Б.А нь ихэвчлэн бид хоёр гэртээ хоёулахнаа байсан үед намайг цохиж байсан. 2017 оны зун миний төрсөн эгчийн хүүхэд Ц.Б-ээ манайд зуны амралтаараа ирээд манай хүүхэд харж өгч байхад миний нөхөр Б.А намайг цохиж миний хамраас цус гаргасан. Би тухайн үед нөхөр Б.А-д зодуулсан талаар цагдаагийн байгуулага болон эмнэлгийн байгуулагад огт хандаж байгаагүй. Хоёр хүүхдээ бодоод гэр бүлд иймэрхүү асуудал байдаг байх гэж бодоод би тэвчээд өнгөрдөг байсан. 2018 оны 02 сард хүүхдээ загнаад байхаар нь өмөөрсөн чинь намайг зодсон. 2018 оны 05 сард намайг толгой руу цохиод намайг зайл гэж хэлэхэд би нөхөртэй чи намайг яаж авч ирсэн тэр чигээр нь буцаагаад хүргээд өгчих гэж хэлэхэд намайг 2 хүүхэдтэй минь хамт машинаар авч явж миний төрсөн аавын гэрийн гадна буулгачихаад явсан юм. Тэгээд би аавынхаа гэрт байж байхад сарын дараа өөрөө уучлалт гуйгаад ирж авсан юм. Тухайн үед би одоо засрах байх гэж бодсон. Би гэртээ өөрийн дураараа эд зүйл авахад манай нөхөр Б.А нь мөнгө үрж байна гэж надад уурладаг. Одоо миний биед толгой байнга өвдөж, эм уусан үед зүгээр болдог бусад үед байнга өвддөг. Надад нөхөр Б.А-гаас эмчилгээний зардал болон бусад зардалд мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр Б.А-д гомдолтой байна. Одоо хүртэл надаас уучлалт гуйсан зүйл байхгүй” /хх-ийн 12-15 тал/ гэх мэдүүлэг,

          гэрч А.Ш-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 22 цагт манай ээж Н.О над руу утсаар яриад чи машинтайгаа хүрээд ир би хүргэн А-гийнд очно гэж хэлсэн. Тэгээд ээж Н.О, миний том хүү Ц.Б нарын хамт манай төрсөн дүү А.О-ийн нөхөр Б.А-гийн гэрт яваад очиход манай хүргэн Б.А над руу хандаж таны хэрэг энд байхгүй, та гарч яв гэж намайг гэрээсээ хөөсөн. Манай ээж Б.Ад би наадахаар чинь бараа хийж явна би машинтай нь хамт ирсэн юм гэж хэлсэн. Тэнд Б.А-гийн ээж Б чи яах гэж энэ хүмүүсийг дуудсан юм гэж А.О-д хэлсэн, тэр үед А.О би өөрийнхөө амьдралыг танилцуулах гэсэн юм, би байнга чамаар яаж зодуулж байх юм бэ гэж хэлсэн. Миний дүү уйлж байсан.” /хх-ийн 16 тал/ гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Ц.Б-ний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2017 оны 7 сард өдрийг нь сайн санахгүй байна, зуны амралтаараа Улаангом суманд байдаг хүргэн ах А-гийн гэрт очиж тэдний хүүхдийг харж өгч байхад манай хүргэн ах Б.А нь нагац эгч А.О-ийг нэг удаа зодож байсан. ...Манай хүргэн ах Б.А нь эгч А.О-ийг хамар луу цохиж цус гаргасан нэг удаа алгадсан юм. Б.А ах тухайн үед эрүүл байсан, түүнээс өөр А.О эгчийг зодож цохиж байгааг би хараагүй” /хх-ийн 17 тал/ гэх мэдүүлэг,

 

гэрч Ю.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед нэг хашаанд хамт амьдардаг хүү Б.А-гийн гэрт ороход манай хүү Б.А эхнэр А.О хоёр хоорондоо маргалдаж хэрэлдсэн байдалтай байсан. ...Тэгээд удалгүй цагдаа нар ирээд манай хүү Б.А, бэр А.О нарыг авч явж мэдүүлэг авсан юм. Намайг Б.А-гийн гэрт орсоноос хойш тэдний гэрт ямар нэгэн зодоон цохион болоогүй. Миний хүү Б.А нь 2015 онд А.О-тэй гэр бүл болсон 2 хүүхэдтэй айл юм. Б.А нь архи дарс уудаггүй, худлаа ярьдаггүй, хүнд тусархуу, даруухан ааштай хүүхэд юм.” /хх-ийн 18 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Н.О-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “А.О нь миний 4 дэх хүүхэд юм. Манай охин А.Оийг нөхөр Б.А нь урьд өмнө нь хоёр удаа хувцастай нь хамт манай гэрт хүргэж ирж өгч байсан. Удалгүй манай хүргэн Амарсанаа нь ирж уучлалт гуйгаад эвлэрээд буцаад суусан юм. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 22 цагийн үед манай төрсөн охин А.О над руу утсаар залгаад надад та аавтай хамт манайд хүрээд ир, миний амьдралыг өөрсдөө ирж газар дээр нь үз, би та нараас амьдралаа урьд нь нууж байсан. Миний нөхөр Б.А намайг зодож цохиж байна, намайг яв гээд гэрээс хөөж байна гэж хэлсэн би за за гэж гээд утсаа тасалсан. Удалгүй 20 орчим минутын дараа манай охин А.О дахин над руу утсаар залгаад та нар ирж байна уу гэж хэлсэн... Миний охины нөхөр Б.А нь их огцом ууртай түрэмгий дээрэлхүү зантай хүн юм. Айлын ганц хүү жаахан дураараа өссөн хүн юм шиг байна лээ. Би хүргэн Б.А болон охин А.О нарыг хоорондоо учраа олоод хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйгээр цаашид амьдраад яваасай гэж эх хүний хувьд бодож байна. Энэ хоёр хүнийг салгах сарнулах бодол надад байхгүй байна” /хх-ийн 19-20 тал/ гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2015 оноос А.Отэй нэг гэр бүл болсон хоёр хүүхэдтэй. Том хүү А.Анар нь 4 настай 5-р цэцэрлэгт сурдаг, бага хүү А.Мөнгөн-Оньс 1 нас 3 сартай Ивээл 3 цэцэрлэгт сурдаг. Манай эхнэр О нь 2018 оны 07 сарын дундаас Улаангомд хувиараа барилгын засалын ажилд орсон ба эхнэр А.О ажлаасаа сүүлийн үед байнга гэртээ оройтож ирдэг болсон. Тэрнээс болоод эхнэр О бид хоёрын дунд хэрүүл маргаан байнга гардаг болсон. Би эхнэртээ чи нялх хүүхэдтэй хүн эртхэн гэртээ ирж бай гэж хэлсэнээс болоод маргаан болдог. Мөн манай эхнэр А.О 2018 оны 6 дугаар сарын 09-нээс 7  дугаар сарын 09-ний хооронд Улаанбаатар хот явж ажил хийнэ гээд явсан. Тэр үед бас маргаантай байж байгаад хот явсан, хотод байхдаа миний том хүү А-ын нэр дээр байдаг хадгаламж барьцаалаад 400.000 төгрөгний зээл авсан байснаа надад тухайн үед хэлээгүй 2018 оны 9 дүгээр сард надад хэлсэн. Уг мөнгийг юунд зарцуулсан талаараа одоо хүртэл надад хэлээгүй байгаа. Мөн хотод байхдаа өөрийн бага хүү А.М-ийн гарыг хаалганд хавчуулаад хумсыг нь гэмтээсэн байснаа надад бас тухайн үед нь хэлээгүй. Эдгээр шалтгаануудаас болоод эхнэр А.О бид хоёр маргалддаг болсон. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний эхнэр А.О 17 цагийн үед ажлаасаа ирсэн. Би оройтож ирлээ гэж би дотроо бухимдалтай байсан. Тухайн үед манай гэрт хоол хийгээгүй хүүхдүүд хоолгүй хоосон байсан. Миний эхнэр А.О нь сүүтэй цагаан будаатай хоол хийгээд хүүхдүүддээ өгөөд надад хоол аягалж өгөөгүй. Би чи тогоо шанагаа цэвэрлэхгүй байна гэж хэлэхэд миний эхнэр А.О тэгвэл чи сайхан угааж цэвэрлэдэг юмаа олж аваарай гэж надад хэлэхэд би уурлаад тэгвэл чи зайгаа тавиад өгчих гэж хэлсэн.  Тэгээд би чамтай хэрэлдмээргүй байна гэж хэлээд хувцасаа өмсөөд гэрээс гарах гэж байгаад би гартаа барьж байсан телевизорын удирдлагаа эхнэр А.О рүү шидэхэд уг удирдлага А.О-ийг оноогүй юм. Би гарах гэж байснаа болиод буцаад сууж байхад миний эхнэр А.О амандаа үглээд байхаар би уурлаж очоод эхнэр А.О цааш хараад аяга угаагаад сууж байхад хойноос нь хөлөөрөө нуруу руу нэг удаа жийгээд би баруун гараараа толгой руу нь нэг удаа чичээд цохьчихсон юм. ...Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн байгуулага дээр авч ирж мэдүүлэг авсан, түүнээс хойш манай эхнэр А.О гэртээ ирээгүй байгаа юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэл байхгүй. Би өөрөө Тыва улс руу явж хүн болон ачаа тээвэрлэж бизнес хийдэг байсан” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “А.О-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, толгойн хуйханд эмзэглэлтэй, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх 664 дугаар дүгнэлт бүхий нотлох баримтууд хамаарна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хэргийн үйл баримтаар 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.А нь гэртээ эхнэр А.О-тэй үл ялих зүйлээр буюу хоол унд хийсэнгүй, ажлаасаа оройтож ирлээ гэх шалтгаанаар хэрэлдэж, маргалдсан, улмаар эхнэрийнхээ нуруу хэсэгт өшиглөж, толгой руу цохисон болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А-гийн хохирогч А.О-ийг зодсон дээрх үйлдлийн улмаас хохирогч А.Оийн эрүүл мэндэд тархины доргилт, толгойн хуйханд эмзэглэл бүхий гэмтэл учирсан байх ба энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 664 дүгээр дүгнэлт /хх-ийн 25 тал/-ээр тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 664 дүгээр дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж юуг ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд нарийвчлан зохицуулсан.

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Б.А, хохирогч А.О нар 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон, өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн тухай хуулинд заасан эхнэр, нөхөр байх ба тэдгээрийн дундаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү А.А, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү А.М нар төрсөн болох нь хэргийн 66-68 дугаар талд авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар баримтуудаар нотлогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдэд хамаарна. 

 

Түүнчлэн шүүгдэгч Б.А нь хохирогч буюу эхнэр А.О-ийн бие махбодид халдсан, нэг бус удаа зодож байсан болох нь хохирогчийн “...2017 оны зун миний төрсөн эгчийн хүүхэд Ц.Б-ээ манайд зуны амралтаараа ирээд манай хүүхэд харж өгч байхад миний нөхөр Б.А намайг цохиж миний хамраас цус гаргасан. ...2018 оны 02 сард хүүхдээ загнаад байхаар нь өмөөрсөн чинь намайг зодсон. 2018 оны 05 сард намайг толгой руу цохиод намайг зайл гэж хэлсэн”, насанд хүрээгүй гэрч Ц.Б-ний “...манай хүргэн ах Б.А нь нагац эгч А.Оийг нэг удаа зодож байсан, ...эгч А.Оийг хамар луу цохиж цус гаргасан нэг удаа алгадсан юм...”, шүүгдэгчийн “..эхнэр А.О рүү удирдлага шидэхэд оноогүй юм. Миний эхнэр А.О амандаа үглээд байхаар би уурлаж очоод эхнэр А.О цааш хараад аяга угаагаад сууж байхад хойноос нь хөлөөрөө нуруу руу нэг удаа жийгээд баруун гараараа толгой руу нь нэг удаа чичээд цохьчихсон юм.” гэх хэн алиных нь мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А-гийн хохирогч буюу эхнэр А.О-ийн бие махбодод халдаж, хохирогчид тархины доргилт, толгойн хуйханд эмзэглэлтэй хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж прокуророос ял сонсгож, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Б.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “ ...Нөхөр Б.А-гаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.    

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Э.Д, Ю.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2200 тоот тодорхойлолт, улсын бүртгэлийн газар болон автотээврийн төвөөс авсан лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18, 23, 39, 41, 55, 59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 02-23 тоотод ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, шөнийн захад лангуу түрээслэж наймаа эрхэлдэг, хувьдаа 4445 УВА улсын дугаартай Тоуота Пробокс загварын тээврийн хэрэгсэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.А-гийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.А-д хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х ургийн овогт Б-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х ургийн овогт Б-ийн А 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА