| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2022/01517/И |
| Дугаар | 210/МА2022/02138 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/02138
...........-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/03092 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........-, хариуцагч ............. ХХК болон ..........нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,653,600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нэмэлт ажлын зардал 13,580,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...........-, түүний өмгөөлөгч Д.Янжинхорлоо, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ...........- нь ............. ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Чингилтэй дүүрэг, .... хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд амьдран суух зориулалттай дүнзэн торх хийцлэлтэй амины орон сууцыг 75,600,000 төгрөгөөр барьж, түлхүүр гардуулах нөхцөлөөр тохиролцсон. ...........- гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрийг төлсөн. ............. ХХК-аас Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа 30,000,000 төгрөгийг авч ажлын эхлүүлсэн ба байшин барих газар нь цэвдэгтэй байна суурийн ажлыг хийхэд зардал гарна... гэж хэлэхэд ...........- суурийн ажилд оролцсон. Суурийн ажлыг гүйцэтгэхэд тус компани нь мэргэжлийн инженер, ажиллах хүчгүй болохыг тухайн үед мэдсэн. Мөн гэрээний дагуу дүнзэн торхыг бэлэн болгох авч ирж суурьт бэхлэх ажлыг эхлүүлэх үед 20,000,000 төгрөг өгөх үүргээ биелүүлсэн. ............. ХХК-ийн захирал ... Хятад улсын хил хаах гээд байна хурдан материалаа татах шаардлагатай байна ... гэж 25,600,000 төгрөгийг авсан боловч хувийн сууцыг хүлээлгэн өггөх үүргээ биелүүлээгүй.
............. ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангахгүй байсан учраас засан сайжруулахаар н.Ганболд, н.Жамбалдорж нартай гэрээ байгуулан хийлгэж байшинг ашиглал танд оруулахад нэмэлтээр 31,653,600 төгрөгийн материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал гаргасан тул уг зардлыг хариуцагчаас гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин ...........- нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 20,000,000 төгрөгийг дутуу төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээг өөрчилснөөс манай компанид 13,580,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ............. ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ...........-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...........-аас 13,580,000 төгрөгийг гаргуулж хариуцагч ............. ХХК-д олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж,
3.2. ...........-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,218 төгрөг, хариуцагч ............. ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,850 төгрөгийн тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч ...........-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,850 төгрөг гаргуулж хариуцагч ............. ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ...........-аас 13,580,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Хариуцагч үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. ............." ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалж ...........-д 31,653,000 төгрөгийн хохирол учирсан. Гэрээний 2.1-т Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, Зуун мод зусланд байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах амьдран суух зориулалттай дүнзэн торх хийцлэлтэй амины орон сууцыг барих буюу аяган суурийн ажлыг гүйцэтгэх, дотор болон гадна талбайн цэвэр, бохирын инженерийн шугам сүлжээ, халаалт, дулаалга, гэрэлтүүлэг, агаар сэлгэлтийн ажлыг иж бүрэн, цогц байдлаар нь гүйцэтгэх бөгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын үр дүн байна гэснийг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч О.Ганболдын ... намайг очиход ерөнхийдөө 50 хувьтай байсан. Би цонх, хаалга, дотоод рейк, дулаалга гэх мэт бүх ажлыг хийж түлхүүр гардуулах нөхцөлийг хийж гүйцэтгэсэн. ... барилгын гадна талыг хийгээгүй... гэх болон гэрч Б.Ануухай нарын мэдүүлэг, гар утсанд хийсэн үзлэг зэргээр тогтоогдоно.
Гэрээний 2.3-т зааснаар ажлыг гэрээнд заасан материалаар хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байсан боловч харилцан тохиролцсон ажлыг дутуу гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэгчийн гэм буруугаас гэрээ цуцлагдаж захиалагчид нэмэлт зардал гарсан. Гэтэл шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.2. Талууд Зуун мод зусланд байрлах газар дээр дүнзэн торх 56 м.кв, дулаан зогсоол 17 м.кв нийт 14,000,000 төгрөг, бонус террас 20 м.кв, нийт үнэ 75,600,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд заасан байшингийн хэмжээ загвар өөрчлөгдөж, нил суурь шалтай, 2 унтлагын өрөө, зочны өрөө, лоунж, ариун цэврийн өрөө, техникийн өрөө бүхий нийт 80 м.кв талбайтай, дулаан зогсоолгүй байшин баригдсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зураг, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ, барилгын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэсэн. Зохигчдын байгуулсан гэрээний 2.2-т заасан ажлын хөлс, барилгын зураг хэмжээ огт өөрчлөгдөөгүй байшингийн батлагдсан зургаар байшингийн нийт хэмжээ 75 м.кв хэвээр, террас 16 м.кв байгаа нь (хх-8) гүйцэтгэх ажлын анхны тохирсон хэмжээ огт өөрчлөгдөөгүй, зөвхөн бонус ажил болох террас л үл ялиг багассан байхад шүүх 80 м.кв гэж дүгнэсэн. Түүний дутуу гүйцэтгэсэн ажлыг О.Ганболд, Р.Жамбалжамц нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрч У.Анухай, Д.Алтангэрэл нар ажлыг бүрэн дуусгаагүй гэдгийг нотолсон. Эдгээр гэрч нар тухайн компанид хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд орж ажилладаг ажилчид биш бөгөөд хариуцагч компани нь төсвийн зарцуулалт тайлан тооцоог Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн шаардлага хангасан баримт хэрэгт огт гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн хариуцагчийн тайлбарын зарим хэсэгт тулгуурлан таамаглалаар дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирол, нэмэлт зардал гаргасан зардлаа нотолсон баримтуудыг үгүйсгэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл 13,580,000 төгрөгийг ямар нотлох баримтыг үнэлж, гаргуулахаар шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийг шаардлага хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд суурийн ажлын талаар зөв дүгнэлт хийгээгүй хийгээгүйн улмаас Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй. Гэрээгээр тохиролцсон үнийн дүнд өөрчлөлт орж байгаа талаар болон тохиролцсон ажил нэмэгдэж байгаа талаар албан ёсоор танилцуулаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. ...........-тай гэрээ байгуулахад 56 м.кв талбай байсан боловч ажил хийж гүйцэтгэх явцад 80 м.кв талбай болсон. Хил, гааль хааж, үлдэгдэл тооцоог хийх гэж 2-3 удаа ажлын газар нь очиход чамд хангалттай мөнгийг чинь өгсөн тул дахиж төлбөр төлж чадахгүй гэж хэлсэн. Мөн ...........-ы гэр бүлийнхэн дарамт шахалт их үзүүлдэг байсан бөгөөд 81 м.кв талбайг 1,100,000 төгрөгөөр бодоход 89,100,000 төгрөгийн тооцоо байхад миний дансанд 60,800,000 төгрөг орсон. Суурийн ажилд миний нэхэмжилсэн 13,580,000 төгрөг бөгөөд аяган суурийг 3,500,000 төгрөгөөр хийх ёстой байтал нил суурь хийж 17,000,000 төгрөгийн ажил хийгдсэн. н.Ганболд, инженер н.Жамбалдорж нар гэрээ байгуулж, ажлыг нь хийж дуусгасан.
Нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол биш. Харин анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрөө гэрээний дагуу манай ажлыг хийгээгүй тул 31,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж байна. Тухайн 31,000,000 төгрөгийн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад уг баримтууд нь 9-89 дүгээр хуудсанд авагдсан. Нэхэмжлэлийн шаардлага нь ............. ХХК-тай байгуулсан гэрээнээс учирсан хохирол биш өөрийнхөө байшинд зарцуулсан байшингийн бүтээгдэхүүний мөнгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ...........- хариуцагч ............. ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 31,653,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэмэлт ажлын зардал 13,580,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин гэрээг цуцалсанд хэн нь буруутай болох, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэмэлт ажил хийгдсэн эсэх, ажлын хөлс илүү, дутуу төлөгдсөн эсэх, хохирол шаардах эрхтэй эсэх талаар тус тус маргажээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч ... амины орон сууцыг суурийн ажлыг ямар байдлаар гүйцэтгэсэн болон доголдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах... хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2022/08478 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
3.1.Талуудын хооронд хийгдсэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д гэрээний зүйлийг ..... түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын үр дүн гэж тодорхойлсон, ажлыг тодорхой хэсгээр үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцоогүй тул гэрээ цуцлагдах хүртэл хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, барилгын суурийн ажил, барилгын ажлын талбайн хэмжээ өөрчлөгдсөн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
3.2. Дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хариуцагч талаас гаргасан ...амины орон сууцанд үзлэг хийлгэх, ... суурийн ажлыг ямар байдлаар гүйцэтгэсэн болон чанарын доголдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тэдгээр хүсэлтийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг тодруулах замаар эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна. (хх-ийн 139,182,....6,212)
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/03092 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ...........-ы урьдчилан төлсөн 542,068 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.... дүгээр зүйлийн 1.....2, 1.....4, 1.....7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Н.БАТЗОРИГ