| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0164/э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч П.Д-ын өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: П.Д, Ч.Л, А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Чулууны Л, Шаавай овогт Аюушийн А, Шаавай овогт Пүрэвжавын Д нарт холбогдох 1835003090181 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, одоо Увс аймаг Тариалан сумын Эрүүл мэндийн төвд бага эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тариалан сум 5 дугаар багийн 04-03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОМ79110414, Ш овогт Ч-ны Л.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тариалан сум 5 дугаар багийн 05-25 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОМ78071836, Ш овогт П-ын Д.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо Увс аймгийн Тариалан сумын 1 дүгээр сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Тариалан сум 5 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОМ81070737, Ш овогт А-ийн А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Л нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хохирогч А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж мөн хохирогч П.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, яллагдагч П.Д, А.А нар нь бүлэглэж, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нар нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж, зодолдсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Л-гийн хохирогчоор хэрэг бүртгэлтэнд өгсөн “Өчигдөр өглөө би жимсний талбайн тор татах гээд гэрээс шонгоо аваад талбай дээрээ очоод шонгийн нүх малтаад байж байтал өдөр 13 цагийн үед Дгийн талбай дотор А, Д гурав явж байсан. Би шонгийн нүх малтаад сууж байтал Д ирээд чамайг Д ах дуудаж байна гэхээр нь шон торны талаар ярих гэж байгаа юм байна гэж бодоод хамт дагаад очиход тэр гурав нилээн согтуу байсан. ...Тэгээд авч ирсэн архиа задлаад А Д ахад өгөөд тойрч байтал Д ах надад чи сонгуулиар миний талд ажлаагүй Бадамсэрээжидын талд ажилласан гээд байхаар нь гэнэт болоод өнгөрсөн зүйлийн талаар одоо яриад яах вэ гэхэд А миний номын аавыг дэмжээгүй юм байна гээд 2-3 удаа зодох гээд босоод байхаар нь Аийг чи бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан байхгүй чи бид хоёр найз нөхдийн холбоотой ийм асуудал байж болохгүй гэхэд А миний нуруу руу өшиглөөд авахаар нь хойшоо ухраад тэр хэдээс холдоход дахиж ирээд миний хөл рүү өшиглөөд авсан. Тэгсэн чинь А Лодой ах нааш ир та бид хоёрын хооронд ийм юм байж болохгүй гэхээр нь А рүү очсон. Гэтэл Лодой чи зодоонч чинь шүү дээ, чи миний эгчийг бас зодож байсан биздээ гэхээр тэр чинь өнгөрсөн асуудал, цохье гэж цохиогүй би хүнтэй зодолдож байтал дундуур орж салгах гэж байгаад цохиулсан гээд Аээс салах гээд гарыг нь тавиулах гэж байтал Д нүүрэн тус газар тас гээд цохиод авсан. Тэгээд нэг хэсэг манараад ухаан орох шиг болсон чинь А хажууд байхаар нь Аийг нэг цохиж унагаагаад Дыг араас түлхэж унагаагаад газар дээр дараад авсан чинь Дын өмсөж явсан фудволк дээр нь цус миний нүүрнээс дусаад байхаар нүүрээ арчихаад үзэхэд цус байхаар нь Дын дээрээс буугаад газар дээр дээшээ хараад хэвтсэн юм. Надад А, Д хоёртой ямар нэгэн өш хонзонгийн зүйл байхгүй Д ах сонгуулиар намайг миний талд ажиллаж өгсөнгүй гэж хэлээд зодоон болсон юм.” /хх-ийн 04-05 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч А.А-ийн хохирогчоор хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө Д бид хоёр уулзаад хөрөөны банк нь цоорчлоо гэхээр манай номын аав Даминсүрэн ах дээр очье гээд бид хоёр гэрт очиход гэртээ байсан. Тэгээд энэ банкийг янзлах арга байна уу гэхэд номын аав Д цавуугаар янзлаж өгсөн юм. Бид гурав тэдний гэрт 0,5 л ерөөл нэртэй архи хувааж уугаад номын аав Дгийн жимсний талбай руу бид гурав машинтай очсон. Д талбайгаа эргээд явж байгаад Лтэй хамт хүрээд ирсэн. Тэр хоёр талбайн тор шон татна гээд ярьж байсан юм. Тэгээд би хүний талбайн өвс хадаж авах гэж байгаа юм чинь нэг юм задлахгүй бол болохгүй гээд машинтай сумын төв ороод би гэрээс 0,75 л Улаанбаатар нэртэй архи аваад буцаад Л-гийн талбайн дээд талд суугаад авч ирсэн архиа уугаад сууж байтал Л, Д хоёр намын талаар маргалдаад байсан. Д-г өмөөрөөд Л-тэй барьцалдаад маргаж эхэлсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгтэл Л миний толгой руу өшиглөөд нүд рүү цохисон удалгүй эмнэлэгийн машин ирээд Лд эм тариа хийгээд байх шиг байсан юм. Тухайн өдөр Л, Д бид нар хоорондоо маргах зүйл гарсан одоо надад Лд гомдоод, хохирол төлбөр барагдуулж өг гээд байх зүйл байхгүй.” /хх-ийн 07-09 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч П.Д-ын хохирогчоор хэрэг бүртгэлтэнд өгсөн “2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ...Лгийн талбайн дээд талд зогсож машинаас архи гаргаж ирээд архиа уугаад дуусаад байхад Д, Л хоёр намын талаар хоорондоо маргалдаж байсан. Тэгтэл миний утас дугараад утсаар ярьж байтал хүмүүс маргалдаад зодолдох шиг болохоор нь гүйгээд ирэхэд Л, А хоёр зодолдож байхаар дундуур нь ороод салгах гэхэд Л миний зүүн гарыг мушгаад газар унагаагаад нүүр лүү цохиод авахаар нь би босоод зугатахад А, Л нар дахиад хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Би яаж хамт явчихаад хаяад явах уу гээд эргээд очиж явтал Л Аийг цохиод газар унагаахаар нь Лг болиочээ гэхэд над руу гүйж ирээд миний цээж рүү өшиглөөд нүүр лүү гараараа цохисон юм...” /хх-ийн 11-12 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Д-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Өчигдөр өглөөгүүр А, Базраа хоёр манайд хөрөөны банк нь цоорчихлооо нааж тогтоох арга байна уу гэж ирэхээр нь би нааж янзлаж өгөөд манайд нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи ууж дуусаад жимсний талбай орж үзье гээд талбай ороход Л талбай дээрээ байсан. ...Тэгээд бид 4 жимсний талбайн хажууд очоод авч ирсэн архиа уугаад сууж байтал А Л хоёр хоорондоо маргалдаад байсан. А, Б хоёр манайд ирэхээс өмнө архи уучихсан тэгээд сүүлд авч ирсэн архинаас уугаад нилээн муудсан. Л, А хоёр маргалдаж байсан юу болсныг хараагүй, би цаашаа эргээд бие засаад ирэх хооронд А газар дээр хэвтэж байсан, Л Б-г газар дараад хэвтчихсэн чи яагаад миний хамар луу цохиж байгаа юм гээд маргалдаж байхаар нь тэр хоёрыг залгаад байж байтал эмнэлэгийн машин ирээд сумын эмч Л-гийн хамарын цус цэвэрлээд тариа хийж өгсөн юм. Би Л-тэй сонгуулийн талаар ярилцаж байхад А, Л рүү чи миний номын аавыг дэмжээгүй юм уу гээд босож ирээд байсан, тэрнээс болж хоорондоо зодолдсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 91 тал/,
гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би нөхөр Д-тай гэр бүл болоод 13 жил болж байна. Бид хоёр 3 хүүхдийн эцэг, эх манай нөхөр Д нь хүмүүсийн эвийн олж харьцдаг, догшин ширүүн зан ааш байхгүй, бид хоёр гэр бүл болоод амьдрах хугацаанд хүнтэй маргаж зодоон хийж байсан удаа байхгүй, гэр бүлдээ анхаарал халамжтай сум орон нутгийн хүмүүс бүгд л ам сайтай байдаг юм. Манай нөхөр Д хүмүүс хоорондоо маргалдаж байвал маргалдаж байгаа хүмүүсийг хооронд эвлэрүүлдэг хүнтэй маргах тохиолдол гарвал өөрийнхөн зөв байсан ч түрүүлж уучлалт гуйж чаддаг. Ах дүү нартаа нэр хүндтэй бусдын төлөө байнга санаа зовж явдаг юм. Би Улаанбаатар хот яваад буцаад Увс аймаг руу явж байхдаа нөхөр П.Д руу өглөө 7 цагийн үед залгаж ярихад манайд А багш өвс хадаад өг гэж ирлээ гэхээр нь би хэрэггүй өөрийнхөө ажлаа хийгээч гэхэд хадаад өгөөч гээд гуйгаад байна, бид хоёр өвс хадахаар явлаа. Би Аийн өвсийг хадаж дуусаад чамайг Хартолгойгоос очиж тосно гэж ярьсан юм. ...Миний утсанд дуудлага ирээд утсаа авахад чи хаана байгаа юм бэ танай нөхрийг чинь Л эмч зодоод байна гэж ярихаар би Улаанбаатар хотоос буцаад аймаг явж байна, одоо Сонгино суманд явж байна, юу болсон юм бол гэхэд Л танай нөхрийг зодож байна, нөхрөө ирж салгаж аваач гэж хэлээд утсаа таслахдаа А багш яагаад босохгүй байгаа юм бэ гэж хэлээд утас нь тасарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14,18-19 тал/,
гэрч Ж.Л-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ Би тухайн өдөр би айлын жимс түүж байтал Д миний жимс түүж байсан айлын талбайн ойролцоо хүмүүстэй хамт явж байх шиг болохоор эхнэр О рүү залгаад танай нөхөр энд хүмүүстэй муудалцаад байх шиг байна, ирж салгаж ав гэж ярихад эхнэр нь би Улаанбаатар хотоос гараад аймаг руу явж байна гэж ярьсан юм. Би хэн, хэн хоорондоо зодолдож байхыг хараагүй харах боломж ч байгаагүй хүмүүс зодолдож байсан газраас би хол байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 585 тоот “Иргэн Ч.Л-гийн биед хамар яс хугарсан, таславч муруйлттай, хамар дээр язарсан шархтай, 2 нүдний эргэн тойрон зовхи хавантай, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо хүчний хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 592 тоот “Иргэн П.Д-ын биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь мохоо хүчний хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 591 тоот “Иргэн А.Аийн биед хамар ям хугарсан, таславч муруйлттай, зүүн нүдний эргэн тойрон зовхи хавантай, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчний хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Л нь А.А, П.Д нарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч А.А, П.Д нар нь бүлэглэн Ч.Лг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ц.Д, А.А, П.Д нар архи ууж согтуурсан үедээ Увс аймгийн Тариалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байх Ц.Д-гийн жимсний талбайд өвс хадах зорилгоор очсон байх ба тэнд Ч.Л-тэй тааралдаж үргэлжлүүлэн архи уусан нөхцөл байдал нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Ч.Л-гийн эрүүл мэндэд хамар яс хугарсан, таславч муруйлттай, хамар дээр язарсан шархтай, 2 нүдний эргэн тойрон зовхи хавантай, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 585 дугаар дүгнэлтээр, А.А-ийн эрүүл мэндэд хамар ям хугарсан, таславч муруйлттай, зүүн нүдний эргэн тойрон зовхи хавантай, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 591 дүгээр дүгнэлтээр, П.Д-ын эрүүл мэндэд зүүн мөрний үений зөөлөн эдийн няцралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 592 дугаар дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.
Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” бол гэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11-д “бүлэглэж” гэж тус тус хүндрүүлэх шинжийг заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.
Хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.А нь шүүгдэгч Ч.Л-той миний номын ах Ц.Дг сонгуульд дэмжээгүй юм уу гэж маргаан үүсгэж, улмаар түүний нуруу, хөл рүү өшиглөсөн, энэ үед шүүгдэгч П.Д Ч.Л-гийн нүүрэн тус газар цохисон байгааг шүүгдэгч А.А, П.Д нар Ч.Л-гийн бие махбодид халдаж, гэмтэл учруулахдаа санаатай нэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.А, П.Д нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, Ч.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хуулинд заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг, мөн шүүгдэгч Ч.Л-гийн А.А, П.Д нарыг зодож, хоёр этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хуулинд заасан “хоёр ...хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
Иймд прокуророос шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйчлэл тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч А.А, П.Д нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Лг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Л, П.Д, А.А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн болохыг тогтоосон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон Б.О, Б.Б, Б.А, Г.Ц, О.О, Т.Ө нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Тарилан сумын Хөхөө багийн Засаг даргын 382, 385 дугаар тодорхойлолт, тэдгээрийн иргэний үнэмлэхний лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн болон Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгөтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 14-17, 39, 43, 44, 46, 48, 58, 60, 64, 67, 103-104, 106, 110, 112, 114 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нар нь өөрсдөд учирсан хохирлын талаарх нотлох баримт хэрэгт хавсаргаж ирүүлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь гаргуулах хохиролгүй, гомдол тэмцэл байхгүй талаар мэдүүлсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нарын хувийн байдал болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэж, тус бүрт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нарт хуулинд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ч-ны Л, Ш овогт А-ийн А, Ш овогт П-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Ч-ны Л, Ш овогт А-ийн А, Ш овогт П-ын Д нарт тус бүрт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоног үгүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүйг тус тус дурдсугай.
5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Л, А.А, П.Д нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА