Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00007

 

 

 

 

...............-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02291 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...............-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ............ ХХК-д холбогдох орон түрээсийн талбайг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн улмаас учирсан хохирол 69,619,095.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ...............-ХХК болон ............ ХХК нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг байгуулан түрээслүүлэгчийн өмчлөлийн нийт 227.3 м.кв талбайгаас 137 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээсэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулан түрээсийн талбайн хэмжээг 116.5 м.кв болгон багасгасан. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг шинээр байгуулж, гэрээний 2.2-т Энэхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түрээслэгчид хандаж гэрээг сунгах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, төлбөрийг төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Түрээслүүлэгчийн зүгээс гэрээг цуцалж талбайг чөлөөлөх мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний хооронд удаа дараа хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Улсын онцгой комиссын шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй уялдан түрээсийн талбайг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхийг цахим хаягаар мэдэгдсэн бөгөөд түрээслэгч нь үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч түрээслэгч нь уг хугацаанд түрээсийн талбайг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, түрээсийн талбайг чөлөөлөхгүй, чадахгүй гэсэн тайлбарыг хүргүүлсэн. Түрээсийн талбайг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн хугацаанаас хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 19,447,713.29 төгрөг, алданги 12,834,508.56 төгрөг, нийт 32,282,221.58 төгрөг гаргуулна.

1.2. Түрээслэгч нь түрээсийн талбайг анх хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж, ердийн хэмжээнээс илүү элэгдэлд оруулсан. Түрээсийн талбайн цонх цууралт үүсэж хагарсан, шал нь байнгын хүнд бараа материалыг зөөж тээвэрлэсний улмаас бүхэлдээ элэгдэж муудсан зэргийг түрээслэгчид мэдэгдэж хохирлыг нөхөн төлөх эсхүл хэвийн хэмжээнд хүртэл засан сайжруулахыг шаардсан боловч биелүүлэхээс татгалзсан. Манай байгууллага тус түрээсийн талбайг оффисын зориулалтаар ашиглахаар төлөвлөж 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш удаа дараа түрээсийн талбайг чөлөөлөхийг мэдэгдэж засвар үйлчилгээг хийх байгууллагын ажилчид удаан хугацаагаар ажилгүй сул зогсолт хийж, хүлээгдэж байгааг мэдэгдсэн боловч Түрээслэгч талбайг хүлээлгэн өгөөгүй. Түрээслэгчийн түрээсийн талбайг эвдэж сүйтгэсэн хөшиг, шал, хагарсан хаалганы шилийг шинэчлэн засварлах, шаардлагатай бараа материалын ажлын хөлс нь 19,800,300 төгрөг, байгууллагын ажилчдыг ажлын байраар хангаагүй сул зогсолтын олговор 17,536,573.54 төгрөг, нийт 37,336,873.54 төгрөг, бүгд 69,619,095.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Жамъяан гүнийн гудамж, 12а байрны 1 тоот хаягт байрлах, 227.3 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайгаас 137 м.кв талбайг хэсэгчлэн үйлчилгээний зориулалтаар ашиглахаар 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан. Үүний дараа 2015 оны 10.21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 137 м.кв талбайг 116.5 м.кв болгож, нэг сарын төлбөрийг 4,660,000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үйлчилгээний талбайн түрээсийн гэрээний хугацаа дуусахад буюу 2019 оны 10 сарын 21-ний өдөр тухайн гэрээний 2.2-т зааснаар дахин нэг жилээр, ижил нөхцөлөөр сунгасанд тооцно гэснийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гэрээний харилцаа хэвээр үргэлжилнэ гэж ойлгосон. Тодорхойгүй хугацаагаар түрээсийн гэрээ сунгагдсан, талбайг эзэмшин ашиглаж байх хугацаанд түрээслүүлэгчээс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байр чөлөөлөн өгөх тухай 30 хоногийн мэдэгдлийг түрээслүүлэгчээс ирүүлэхэд ... 30 хоногийн дотор бизнесийг нүүлгэн шилжүүлэхэд богино хугацаа байна ... гэж хариу мэдэгдсэн. Гэтэл ...............-ХХК хөл хорионоос үл хамааран 2021 оны 04 дүгээр сарын 22-ны дотор түрээсийн талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн. Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 10-ны цар тахлын улмаас хөл хорио тогтоож, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Хөл хорионоос үл хамааран ............ ХХК нь ...............-ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн 80 м.кв талбайг чөлөөлж хүлээлгэн өгсөн. Дэлгүүрийн эд хогшил, 1,000 гаруй шил дарс зэргээс болоод түрээсийн талбайн үлдсэн хэсэг болох дэлгүүрийн талбайг чөлөөлөх боломжгүй байсан. ...............-ХХК нь цар тахлын хатуу хөл хорио тогтоосон байсан үед дэлгүүрийн цахилгааныг тасалсан. Дэлгүүр цахилгаангүй тул хажуу барилгаас цахилгаан авч дэлгүүрийг ажиллуулсан. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ...............-ХХК нь дэлгүүрийн орцны хаалгыг түгжиж түрээслэгчийг оруулах боломжгүй болгосон. ...............-ХХК 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дэлгүүрийн үүдний лацыг эвдэж, байрыг чөлөөлөх зорилгоор "............ ХХК-д нэвтрэх эрхийг олгох тухай мэдэгдсэн. ............ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн.

2.2. Түрээсийн талбайн үүдний хэсгийн хагарсан шилийг шинэчлэх 1,199,000 төгрөгийн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин барилгын шал биднийг түрээсэлж эхлэхэд нэлээн эвдрэлтэй байсан бөгөөд бидний ашиглалтаас болж ямар нэгэн эвдрэл үүсээгүй. Харгалзах зургийг үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан болно. Анх түрээсэлж эхлэхэд хэрэглэж байсан хөшиг болон байр чөлөөлөхөд байсан хөшиг хоёр яг ижил. Ажилчдын цалин хөлс, сул зогсолтын олговрыг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ............ ХХК-аас 3,170,933 (гурван сая нэг зуун далан мянга есөн зуун гучин гурван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...............-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 66,448,162.39 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Нэхэмжлэгч Могнголиан Пропертис ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506,045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ ХХК-аас 65,685 (жаран таван мянга зургаан зуун наян таван) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...............-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх 116.5 м.кв талбайг хэсэгчлэн түрээсэлсэн тул гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа хохирол шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасан. Мөн шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт буюу гэрэл зургийг үнэлж түрээслэгч түрээсийн талбай дахь эд хөрөнгийг ердийн элэгдлээс муутгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж заасны дагуу ............ ХХК-ийг түрээсийн төлбөрөө төлж дуусгавар болгохыг шаардаж саатуулан барьсан. Гэтэл анхан шатны шүүхээс битүүмжилсэн хугацааны хохирлыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн.

4.3. Талууд гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон. Гэтэл мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Түрээсийн талбайг ердийн элэгдлээс илүү муутгаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Үүдний шилэн хаалга эвдэрсэн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цагаас хүлээн зөвшөөрсөн. Дээрх элэгдэл хорогдолд хууль зүйн хувьд шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.

5.2. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт зааснаар аж ахуйн хэвийн үйл ажиллагааг явуулахад ашиглах зорилгоор эд хөрөнгийг саатуулах эрх дуусгавар болох зохицуулалттай. Үйл ажиллагааны явуулсан нөхцөл байдалд талууд маргаагүй, гэрээний зориулалтын дагуу ашиглаж байсан. Ашиглахдаа тодорхой хэмжээний дийлэнх хэсгийг хүлээлгэж өгсөн байхад үлдэх хэсэгт саатуулан барьж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5.3. Нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцалсан талаар тайлбарласан. Иймд алданги шаардах эрхгүй. Барьцааны үнийн дүн шийдвэрт тусгагдаагүй орхигдсон. Иймд гомдлыг

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ...............-ХХК хариуцагч ............ ХХК-д холбогдуулан түрээсийн талбайг хугацаанд нь чөлөөлж өгөөгүйгээс түрээсийн төлбөр 19,447,713.39 төгрөг, алданги 12,834,508.56 төгрөг, засан сайжруулалтын төлбөр 19,800,300 төгрөг, ажилчдыг ажлын байраар хангаагүй сул зогсолт хийсэн хугацааны зардал 17,536,573.54 төгрөг, нийт 69,619,095.39 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. ...............-ХХК болон ............ ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ...............-ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн Жамъян гүний гудамжны 12 дугаар байрны 1А тоот хаягт байрлах 227.3 м.кв талбайгаас 116.5 м.кв талбайг түрээслэгч ............ ХХК-д түрээслэх, түрээслэгч нь 1 м.кв талбайг 40,000 төгрөгөөр тооцож сард 4,660,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Талууд дээрх гэрээний хугацааг сунгах зорилгоор жил бүр гэрээнд өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөрийг сард 6,089,688 төгрөгөөр тогтоосон болон түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа хуанлийн 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэхээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч ...............-ХХК хариуцагч ............ ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/39 дугаар албан бичгээр 30 хоногт багтаан түрээсийн талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч хариуцагч дээрх хугацаанд түрээсийн талбайг чөлөөлөхийг зөвшөөрөөгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасан. Гэвч түрээслүүлэгч ...............-ХХК нь өөрийн хэрэгцээ шаардлагад үндэслэн түрээсийн талбайг ашиглахаар түрээсийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан тул дээрх хуульд заасан хугацааг баримтлах шаардлагагүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч ............ ХХК нь мэдэгдэл хүлээн авсан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 60 хоногийн дараа буюу мөн оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор түрээсийн талбайг чөлөөлж хүлээлгэн өгөх үүрэгтэй байжээ. Гэвч түрээслэгч ............ ХХК үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан талбайг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан 39 м.кв талбайг мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожигдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч ............ ХХК нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны хөлсийг нэхэмжлэгч ...............-ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч ............ ХХК нь түрээсийн талбайн хөлсийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл төлсөн талаар маргаагүй байна. Иймд хариуцагч түрээсийн 116.5 м.кв талбайг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн тул мөн хугацааны хөлс 1,217,938 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч нь дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан 39 м.кв талбайг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул мөн хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй болно.

 

Гэвч нэхэмжлэгч ...............-ХХК нь дэлгүүрийн зориулалтын 39 м.кв талбайг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл битүүмжилсэн тул мөн хугацааны хөлсийг шаардах эрхгүй юм. Иймд хариуцагч нь 39 м.кв талбайн түрээсийн хөлсөнд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хөлс 41 хоногийн хөлс болон 2021 оны 07 дугаар сарын 22-27-ны өдрийн хөлс нийт 3,985,097 төгрөг, бүгд (3,985,097+1,217,938) 5,203,035 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

2. Талууд түрээсийн гэрээний 5.4-т Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан төлөх хугацаанаас хэтрүүлбэл төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн. Гэвч нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцалснаар нэмэлт үүрэг нэгэн адил дуусгавар болсон гэж үзэх тул хариуцагчаас алданги 12,834,508.56 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргуулахаар тогтоосон 5,203,035 төгрөг бол түрээсийн төлбөр бус Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасан хохиролд хамаарах тул анз тооцохгүй.

 

3. Түрээсийн талбай дахь хөшиг (лантекс жальюз) эвдэрсэн тул үнэ 2,084,465 төгрөг, үүдний хэсгийн шилний үнэ 1,397,500 төгрөг, модон шалыг шинэчлэх материал, ажлын хөлс 15,787,235 төгрөг, дотор заслыг засан сайжруулалт 531,100 төгрөг, нийт 19,800,300 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зохицуулсан байна.

 

Түрээслэгч ............ ХХК түрээсийн талбайг муутгасан, гэмтээсэн гэх тайлбараа түрээслүүлэгч ...............-ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч ............ ХХК нь хөшиг, модон шал, дотор заслыг ердийн элэгдэл хорогдлоос муутгаагүй болох нь түрээсийн талбайг анх хүлээлгэж өгсөн үеийн гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь засан сайжруулалтын төлбөр 19,800,300 төгрөг гаргуулах шаардах эрхгүй.

Харин хариуцагч ............ ХХК нь түрээсийн талбайн үүдний шилний үнэ 1,199,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимтай нийцнэ.

 

4. Хариуцагч ............ ХХК нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч ...............-ХХК түрээсийн талбайд компанийн ажилчдын ажлын байраар хангаагүй тул 2021 оны 4,5 дугаар сарын ажилчдын сул зогсолтын олговор 17,536,573.54 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

Талууд гэрээний 6.3-т Талуудын аль нэгний санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор хэлэлцэн тохиролцсон тохиолдолд гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ тухай нөгөө талдаа хуанлийн 60 хоногийн өмнө бичгээр мэдэгдэл хүргүүлнэ гэж тохиролцсон ба хариуцагч ............ ХХК нь түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээн авсан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 60 хоногийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлөх үүрэг үүссэн байна. Иймд нэхэмжлэгч ...............-ХХК нь дээрх хугацаанд ажилчдын ажлын байраар хангаагүй гэх үндэслэлээр хохирол буюу сул зогсолтын олговор 17,536,573.54 төгрөгийг шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл нь алданги 12,834,508.56 төгрөг гаргуулахаар шаардсан байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагад хамааралтай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байгааг зөвтгөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Талууд түрээсийн гэрээний 5.5-т Түрээсийн хугацаанд түрээслэгч нь үйлчилгээний талбайг гэрээнд заасны дагуу түрээслэх баталгаа болгон 1 (нэг) сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг түрээслүүлэгчид барьцаа болгон байршуулах ба түрээслэгчтэй урьд байгуулсан гэрээний түрээсийн төлбөрийн нийт хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор түрээслэгч барьцааны төлбөрийн зөрүү 158,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч барьцаа төлбөрт 5,638,600 төгрөгийг төлсөн болон түүнийг буцаан авсан эсэх талаар шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02291 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-аас 5,203,035 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ...............-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,416,060.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 65,685 гэснийг 98,199 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 507,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ