| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1529/э |
| Дугаар | 1588 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Алтанцэцэг
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806069731965 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 19 оны 3 дугаар сарын 06-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн сумын дүгээр баг дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, одоо Хл аймгийн сумын дүгээр баг дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр зах дээр өөрийн эхнэр М.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би үнэн зөв мэдүүлэг өгч байсан гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би эхнэртэйгээ 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгаас гараад 21-ний өдөр хотод ирсэн. Хотод орж ирээд Баянмонгол хороололд нэг айлд юм оруулж өгөөд машиндаа эргэж суусан. Гэтэл утсаар нэг хүн над руу залгаад танай эхнэр ангийхаа Н гэдэг залуутай нэг гэрт хоносон гэж хэлсэн. Эхнэрийн 10 жилийн уулзалт 7 сард суманд болсон юм. Тэгээд би эхнэртээ чи яагаад намайг хуураад байгаа юм би чамд итгээд 3 хүүхдээ хараад гэртээ үлдсэн гэхэд чамд хэн нь юу хэлээд байгаа юм наад утсаа аваад ир гээд орилсон. Тэгэхээр нь би гартаа барьсан байсан утасны цэнэглэгчээр цохитол нүүрэн хэсэгт нь оносон. Тэгээд Өгөөмөр зах дээр ирээд машинаасаа буугаад би сална амиа хорлоно гэхэд эхнэр аав, ээж дээрээ очоод үхээрэй гээд бариад авахаар нь би гараараа хоёр удаа цохисон. Хаашаа цохисноо хараагүй. Одоо би эхнэртэйгээ эвлэрсэн байгаа гэжээ. /хх-ийн 22/
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр аймгаас өглөө 07.00 цагийн үед Улаанбаатар хотод орж ирээд Баянмонгол хороололд байх манай нөхрийн дүү А ороод гарсан. Гэтэл манай нөхөр дүүгээсээ намайг ангийнхаа хүүхэдтэй явалдсан гэсэн юм сонсоод уг айлаас гарангуутаа машинд ороод янхан гэж хэлээд үснээс зулгаагаад нүүр лүү цохиж хамраас цус гоожуулсан. Энэ үед бид нартай хамт явж байсан Б бид хоёрыг салгасан. Түүнээс хойш намайг олон удаа зодсон. Манай нөхөр архи хааяа уудаг гэхдээ намайг зодож байгаагүй. Надад хүзүүний ар талд хавдсан, баруун хацар урагдсан хамар хөндүүр болсон гэмтэл учирсан гэжээ. /хх-н 14-19/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10333 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.М.М биед тархи доргилт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх-н 24/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 31/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/
Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/
Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/ зэрэг болно.
Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр зах дээр өөрийн эхнэр М.М ангийнхаа уулзалтад явахдаа өөр хүнтэй нэг гэрт хоносон гэж бусдын хэлсэнээс болж хардсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...Б.Б цохисоны улмаас уурлаж эхнэр Мн үснээс зулгаагаад нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн дүгнэлт, хохирогч М.. манай нөхөр дүүгээсээ намайг ангийнхаа хүүхэдтэй явалдсан гэсэн юм сонсоод уг айлаас гарангуутаа машинд ороод янхан гэж хэлээд үснээс зулгаагаад нүүр лүү цохиж хамраас цус гоожуулсан. Энэ үед бид нартай хамт явж байсан Б бид хоёрыг салгасан. Түүнээс хойш намайг олон удаа зодсон. Манай нөхөр архи хааяа уудаг гэхдээ намайг зодож байгаагүй. Надад хүзүүний ар талд хавдсан, баруун хацар урагдсан хамар хөндүүр болсон гэмтэл учирсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б ... би гартаа барьсан байсан утасны цэнэглэгчээр цохитол нүүрэн хэсэгт нь оносон. Тэгээд Өгөөмөр зах дээр ирээд машинаасаа буугаад би сална амиа хорлоно гэхэд эхнэр аав, ээж дээрээ очоод үхээрэй гээд бариад авахаар нь би гараараа хоёр удаа цохисон гэс эн мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Иймд Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М гомдол саналгүй, бид эвлэрсэн гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН