| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1434/э |
| Дугаар | 1586 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: М.Эрдэнэзаяа
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ
хохирогч:Д.Э
шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я овогт Б А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806056881720 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я овогт Б А, 19 оны дугаар сарын 27-ны өдөр Д аймагт төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Холбоо толгойн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Холбоо толгойн дугаар гудамжны тоотод Д.Э маргалдах явцдаа гараараа түүний толгой, цээжин тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нөхөр хүүхэдтэйгээ гэр орны асуудал гараад Э, А нарын гэрт 7-10 хоног амьдарч байсан. Гэрт нь байхдаа хүүхдүүдийг нь хардаг байсан. Энэ хоёр өглөө 05.00 цаг гээд гэрээсээ гараад микронд яваад орой ирдэг байсан. Тэгээд ер нь бол гэрт нь хүүхдүүдийг нь хардаг байсан болохоор бид гурвыг гэртээ байлгах дуртай байсан. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр би 12.00 цагийн үед энэ 2 ажлааса ирээгүй байсан. Эдний 3 хүүхэд гадаа байсан. Миний 6 сартай охин орон дээрээс унасан. Би ээжтэйгээ утсаар яриад хүүхэд орноос уначихлаа гэж хэлсэн. Гэтэл ээж хүүхэдээ яах гэж орон дээр суулгасан юм бэ? газар суулгаж байхгүй яасан юм бэ? гэж хэлэхээр нь би тухайн үедээ яаж газар тавих юм бэ? гээд жаахан ярвайгаад хэлчихсэн. Тэгсэн А гэртээ орж ирээд сонсчихсон байсан. Тэгээд уурлаад өөрөө хүүхдээ унагасан биздээ гээд зүүн шанаа руу гараараа цохьсон. Тэгээд би яаж байгаа юм бэ? гэтэл. Толгой руу цохьсон. Тэгээд би болиоч гээч орилсон чинь нөхөр нь ирээд бас 2 удаа намайг цохиход би манараад юу болоод байгааг мэдэхгүй болсон. Тэгээд би хүүхдээ тэврээд гараад явсан. Гэтэл араас биеэ үнэлж байсан биздээ гэх мэтээр доромжилж орилсон. Би уйлаад гараад явж байтал нэг айлын эгч намайг гэртээ оруулаад цагдаа дуудсан. Тэгээд би цагдаагийн газар очоод мэдүүлэг өгчихөөд эргэж ирээд айлаас хүүхдээ авсан. Тэр үед ээж, нөхөр 2 ирсэн байсан. Тэгээд би ээж нөхөр 2-ын хажууд уурлаад А дахиад чи яагаад намайг зодож байгаа юм бэ? гэтэл намайг дахиад цохьсон. Би тухайн үед жирэмсэн байсан доошоо цус алдсан. Би эмэгтэйчүүдийн эход харуулсан чинь 7-10 хоногтой 2, 3 сартай жирэмсэн байсан. Тэгээд доошоо их юм гарсан ураг яах бол эмчээ гэтэл ер нь тоонуус ихтэй байна. Эрсдэл гарах магадлалтай гэж хэлсэн. Тэгээд би эрсдэл гарч магадгүй, хүүхдэд юу ч болж магадгүй гэж айгаад хүслээрээ хүүхдээ авахуулсан. Би залуу хүн уг нь жирэмсэн болсноо мэдээд нөхөртэйгээ охин хүүхэдтэй болох нь гээд баярлаад ярьж байсан. Одоо дээшээ босоод явахад доошоо татаж өвддөг. Би энэ хэргээс болж эмнэлэгээр олон хоног үзүүлээд мөнгө их гарсан учир нөүтбүүкээ ломбарданд тавиад эмчилгээний мөнгө олсон. Тэгээд нөүтбүүк маань ломбарданд алдах гээд байхаар нь би А руу яриад надад мөнгө хэрэгтэй байна. Би надад мөнгө олоод өгөөч, би эмчилгээнд их мөнгө зарцуулсан, одоо нөүтбүүк маань зарагдах гээд байна гэтэл намайг элдвээр доромжилж мөнгө өгч чадахгүй гэсэн. А миний 6 сартай охиныг сэгсэрсэн. Би хүүхдээ томографикт харуулсан зүгээр байна гэсэн. Гэхдээ тухайн үед миний хүүхэд 3,4 сартай жаахан байсан. Нэг хэсэгтээ шөнө уйлаад тавгүй байсан. Одооо бол даарч байгаа юм шиг эвгүй чичрээд байдаг болсон гэв.
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 06 дүгээр сарын 25-ны 05 цагийн орчим нөхөр Э хамт ажилдаа яваад гэртэй ирсэн ирээд цайгаа чанаад бэр Э хөргөгчинд мах байгаа хүүхэддээ бантан хийж өгөөч гэхэд надруу муухай хараад байсан тэгээд ээж рүүгээ залгаад хүүхдээ орноос 2 удаа унагалаа хүүхдээ газар тавьж болохгүй байна гэж ярьж байгаад утсаа салгахаар нь би чи хог шороотой байвал шүүрдээд хөнжил таиад хүүхдээ газраар хэвтүүлэхгүй дээ манай хүүхдүүд адилхан газар тоглож өссөн одоо өвдсөн хавдсан зүйл байхгүй гэхэд надад уурлаад байхаар нь би чи хүүхдийг газар унагаагаагүй байхад намайг унагасан юм шиг надруу яагаад уурлаад байгаа юм бэ битгий олон юм яриад байгаарай гэхэд өөдөөс хэрэлдээд байхаар надруу бас дайраад байхаар нь хойшоо суу гээд түлхсэн чинь босож ирээд байхаар гараараа 2 удаа хацарлуу нь алагдсан өөр цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: БЗД-ийн 17-р хороо Холбоо толгойн тоотод нөхрийн ах Э, түүний эхнэр Ал хамт тэднийд 7 хоног хамт амьдарсан. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед 8 сарын охин орон дээрээс унахаар өөрийн ээжтэйгээ утсаар ярьсан чинь хөдөлгөөн орж байгаа хүүхдийг газар тавихгүй яасан юм бэ гэж хэлэхээр газар тавих боломжгүй гэж хэлсэн. Тэр үед Э болон түүний эхнэр А хоёр сонсож байгаад өөрөө хогоо шүүрдэж хүүхдээ газар тавихгүй яасан юм бэ гээд уурлаад байхаар нь гайхаад өөдөөс нь харсан чинь үглэж уурласаар байгаад хүрч ирээд гараа атгаж байгаад зүүн шанаа хэсэг рүү цохихоор нь хүүхэдээ тэврээд сууж байсан учир Босоод яагаад цохиж байгаа юм бэ гээд орилсон чинь хэд хэдэн удаа толгой руу цохиж, хоолой боож хэвлий хэсэг зүү өвдөглөөд, охиноо тэвэрсэн байхад сэгсчээд байхаар нь босож ирээд орилоод аллаа, цагдаа дуудаж өгнө гэхэд нөхөр Энхбаатар хүрч ирээд дуугүй бай чи гэж хэлээд зүүн шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь толгой манарсан Хүүхдээ тэврээд тэндээс гараад зугтаасан чинь А араас гарч ирээд өдий 30 нас хүртлээ хүнтэй суугаагүй юугаа хийгээд явсан юм бэ биеэ үнэлж, янхандаж явсан биз дээ гэж хэлсэн. Гудамжинд уйлаад орилоод явж байтал нэг эгч хашааныхаа завсраар хараад гэрийнхээ үүдэнд зогсож байхаар нь тэр эгчид хандаж би хүнд зодуулчихлаа та цагдаа дуудаж өгөөч гэж хэлсэн чинь цагдаад дуудлага өгөөд охинд оо, угж өгсөн Ийм л юм болсон. / хх-н 22-25/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Эхнэр бид хоёр Энхбаатар ахын хашаанд гэрт амьдарч байгаад гэрээ шатаагаад түр тэднийд амьдарч байсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Хүүхдээ орон дээрээс унагаачихаад байж байхад ах, бэр эгч хоёр орж яагаад хүүхдээ унагаасан юм бэ газар суулгахгүй яасан юм бэ гэж хэлснээс болж маргалдсан юм шиг байн алээ. Хэн нь хэнийгээ зодсоныг мэдэхгүй байна гэжээ. хх-н 26/
Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би хуулийг ойлголоо, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэжээ /хх-ийн 52/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хүн бүрийг цээжээр мэдэхгүй компьютерт байгаа мэдээллийг хархад 2018. 07.19-нд Э гэх эмэгтээд хэт авиа оношлогоо хийсэн Оношлогоогоор 7 недел 5 өдөртэйгээр жирэмсэн, ургийн зүрхний цохилт 156 удаа /хэвийн/ жирэмсний бага зэргийн тонустай боловч ураг зулбах хэмжээнийх биш байсан. Ерөнхийдөө жирэмслэлт хэвийн байсан. Ямар нэгн ураг зулбах шинж тэмдэг байхгүй гэжээ. / хх-н 55-56,57/
Шинжээч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Э учирсан хүзүү, цээж, баруун хөх, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй тус тусдаа нэг нэг удаагийн мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Харин тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шинэ 1 гэмтэл /хх-н 53-54/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8169 дугаартай шинжээчийн дүгнэлт :
1.Д.Э биед хүзүү, цээж, баруун хөх, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугцаагаар саринулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх-н 31/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 32/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11161 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Х. Е биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-н 34/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35/
Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 38/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/
Б.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 50-51/
Б.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 45/, прокурорын тогтоол /хх-н 46-47/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/ зэрэг болно.
Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн дугаар гудамжны 1011б тоотод Д.Э маргалдах явцдаа гараараа түүний толгой, цээжин тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.А гараараа нүүрэн тус газар цохисоноос Д.Э биед хүзүү, цээж, баруун хөх, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. гэмтэл нь мохоо зүйлийн тус нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 8169 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-н 31/, хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би тухайн үедээ яаж газар тавих юм бэ? гээд жаахан ярвайгаад хэлчихсэн. Тэгсэн А гэртээ орж ирээд сонсчихсон байсан. Тэгээд уурлаад өөрөө хүүхдээ унагасан биздээ гээд зүүн шанаа руу гараараа цохьсон. Тэгээд би яаж байгаа юм бэ? гэтэл толгой руу цохьсон гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... надруу яагаад уурлаад байгаа юм бэ битгий олон юм яриад байгаарай гэхэд өөдөөс хэрэлдээд байхаар надруу бас дайраад байхаар нь хойшоо суу гээд түлхсэн чинь босож ирээд байхаар гараараа 2 удаа хацар луу нь алгадсан өөр цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Иймд Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.А цохиулсаны улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан зардал болох 700.000 төгрөг нэхэмжлэнэ гэснээс хэрэгт өгсөн эмчилгээний зардлын талаарх баримтыг үндэслэн тооцож үзэхэд нийт 568.712 төгрөгийн баримт байгаа тул Б.А дээрх мөнгийг гаргуулж Д.Э олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э нь Б.А хэд хэдэн удаа толгой руу цохиж, хоолой боож хэвлий хэсэг зүү өвдөглөөд, охиноо тэвэрсэн байхад сэгсчээд байхаар нь босож ирээд орилоод аллаа, цагдаа дуудаж өгнө үү гэхэд нөхөр Энхбаатар хүрч ирээд дуугүй бай чи гэж хэлээд зүүн шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон чинь толгой манарсан гэж мэдүүлэж байгаа боловч хэрэгт авагдсан гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлдлээр үүснэ гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Э учирсан хүзүү, цээж, баруун хөх, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй тус тусдаа нэг нэг удаагийн мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Харин тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шинэ 1 гэмтэл гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.А хоёр удаа алгадсан, манай нөхөр цохиогүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.Тухайн үед Д.Э өөрийн хүүхдээ тэврээд зогсож байсан түүний хэлсэнчлэн хэвлий рүү өвдөглөх, хоолойг боох, мөн нөхөр Э нь цохисон байх боломжгүй байна. Мөн Б.А цохисоноос болоод ургаа авахуулсан гэж мэдүүлж байх боловч эмэгтэйчүүдийн эмч Бурмаагийн ...Би хүн бүрийг цээжээр мэдэхгүй компьютерт байгаа мэдээллийг харахад 2018.07.19-нд Энхтуул гэх эмэгтэйд хэт авиа оношлогоо хийсэн Оношлогоогоор 7 недел 5 өдөртэйгээр жирэмсэн, ургийн зүрхний цохилт 156 удаа /хэвийн/ жирэмсний бага зэргийн тонустай боловч ураг зулбах хэмжээнийх биш ерөнхийдөө жирэмслэлт хэвийн байсан. Ямар нэгэн ураг зулбах шинж тэмдэг байхгүй гэсэн мэдүүлгээр, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн өөрөө сайн дураар урагаа авахуулсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шууд урагаа хөндөхгүй бол болохгүй ийм нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэв.
Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн төрөөд нэг сар гаруй хугацаа болох гэж байгаа нярай хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Я овогт А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөрө тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ас 568.712 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 1-339 тоотод оршин суух регистрийн дугаартай Дн Эд олгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН