Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00040

 

 

............- элчин сайдын яамны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/02607 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............- Элчин сайдын яамны хариуцагч ..........-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний барьцаа 11,966,304 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гараашийн хаалганы үнэ 14,608,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булган, түүний өмгөөлөгч О.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ............- Элчин сайдын яам нь ..........-той 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулж Хан-Уул үүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, Их Монгол Улсын гудамж, 112 дугаар байр, ..... тоот хаягт байрлах 388,57 м.кв талбай бүхий орон сууцыг Кувейт улсын Элчин сайдын яам нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 1 жилийн хугацаанд хөлсөлж, нэг сарын төлбөрт 4,200 ам.долларыг төлөхөөр тохиролцсон. Кувейт Улсын Элчин сайдын яам нь барьцаа 4,200 ам.долларыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Гэрээний 3.4-т Хөлслүүлэгч нь дэнчинг дараах тохиолдолд хөлслөгчид буцаан олгоно: (а) энэхүү гэрээний хугацаа дууссан буюу түүнээс өмнө дуусгавар болж, орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгснөөс хойш ажлын 10 хоногийн дотор... гэж заасан. Орон сууц хөлслөх гэрээ 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж Ж.Солонгын нөхөр Г.Батбаярт орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл хөлслүүлэгч нь барьцаа 4,200 ам.долларыг буцаан олгоогүй. Иймд ..........-ос барьцаа 4,200 ам.доллар буюу 11,996,304 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ..........- нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион Оргил, Их Монгол гудамж, 112 дүгээр байрны .... тоот хаягт байрлах орон сууцыг хөлслүүлэхээр ............- Элчин сайдын яамтай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Элчин сайдын яам ... удаан хугацаанд хөлслөн суух тул тавилга хэрэгсэл тавьж өгөөч, гэрээгээ 1 жилээр хийгээд цаашид сунгаад явна... гэсэн тул худалдахаа больж, удаан хугацаанд хөлслүүлнэ гэсэн итгэлээр тухайн орон сууцыг их мөнгө гаргаж тохижуулсан. Тухайлбал, гал тогоо болон зочны өрөөний хооронд тусгаарлагч хаалга хийх, мастер унтлагын өрөөнд шинээр угаалгын өрөө гаргах, хоёр дугаар давхрын угаалгын өрөө бүрд хүссэн тоноглолыг суулгах гэх мэт ажлуудыг хийсэн. Гэвч Элчин сайдын яамнаас гэрээг сунгаагүй 1 жил хөлслөөд гэрээ дуусгавар болсон. Элчин сайдын яам нь гэрээний хугацаа дуусахад орон сууцыг ..........-д хүлээлгэж өгөөгүй. Элчин сайдын яамны ажилчдыг байрнаас гарсны дараа орон сууцыг шалгаж үзэхэд эвдэрч гэмтсэн эд зүйлс олон байсан. Энэ талаар Элчин сайдын яаманд мэдэгдсэн боловч арга хэмжээгүй аваагүй.

Гэрээний 1.3-т Хөлслөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх болохоо баталж хөлслүүлэгчид орон сууц хөлслөх нэг сарын төлбөр болох 4,200 ам.долларын барьцааг төлнө. Барьцаа гэрээ дуусгавар болмогц хөлслөгчид буцаан олгоно. Хөлслөгч, хөлслөгчийн гэр бүл, хөлслөгчийн гэрт зочилсон хүмүүсээс шалтгаалж орон сууцад гэмтэл учирсан тохиолдолд хөлслөгч нь барьцаанаас хохирлоо төлж, үүгээр хязгаарлахгүйгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

............- Элчин сайдын яам орон сууцыг зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй, гэрээний 6.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Элчин сайдын яам орон сууцыг орхин явсны дараа эд зүйлийг шалгахад гараашийн хаалга, унтлагын өрөөний орны дээд талын таазны гоёлын хүрээ, паркетан шал, 2 унтлагын өрөөний хаалга, ус буцалгагч эвдэрсэн, цоожны голыг сольсон байсан. Энэ талаар Элчин сайдын яаманд удаа дараа мэдэгдэж, орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч арга хэмжээ аваагүй. Гараашийн хаалгыг засварлаж өгөөгүй. Ти энд Жи ХХК-аас үнийн санал авахад 14,608,000 төгрөгөөр засварлах санал өгсөн. Гэрээний 4.1-т Энэхүү гэрээг зөрчсөний улмаас хөлслөгч нь хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан аливаа хохирлыг хариуцна гэж, мөн 4.2-т "... Орон сууцыг зориулалтын бусаар ашигласан эсхүл гэмтээсэн тохиолдолд нөхөн төлбөр, засварыг хөлслөгч хариуцна" гэж тус тус заасан. Дээрхээс үзвэл, хөлслөгчөөс шалтгаалан орон сууцад учирсан аливаа эвдрэлийн (хэвийн элэгдэл, хорогдол орохгүй) засварын зардлыг хөлслүүлэгчид төлж барагдуулах үүрэгтэй. Иймд ............- Элчин сайдын яамнаас гараашийн эвдэрсэн хаалгыг солих зардал 14,608,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

............- Элчин сайдын яам тус орон сууцанд үйл ажиллагаа явуулаагүй. Харин орон сууцанд 1 дипломатч амьдарч байсан. Түүнчлэн, аливаа эвдрэл гэмтэл учруулаагүй болно. Нэхэмжлэгч талаас гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, хөлслүүлэгч буюу түүний нөхөр Г.Батбаярт /өөрийгөө хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүн гэж мэдэгдэж байсан/ 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг аливаа эвдрэл гэмтэлгүйгээр хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Түүнчлэн, гараашийн хаалга эвдэрсэн талаар бидэнд удаа дараа мэдэгдэж байсан гэсэн нь үндэслэлгүй. Иймд гараашийн хаалга засварлах зардал 14,608,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ..........-ос орон сууц хөлслөх гэрээний барьцаа 11,996,304 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............- Элчин сайдын яаманд олгож, хариуцагч Ж.Солонгын нэхэмжлэгч ............- Элчин сайдын яаманд холбогдуулж гаргасан эвдэрсэн гараашийн хаалганы үнэ 14,608,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............- Элчин сайдын яамны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,411 төгрөг, хариуцагч Ж.Солонгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,990 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........-ос 206,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............- элчин сайдын яаманд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан щатны шүүх Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцаа 4,200 ам.доллар буюу 11,966,304 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Шүүх талуудын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 3.3-т хөлслүүлэгч нь хөлслөгчөөс шалтгаалан орон сууцанд учирсан эвдрэлийн засварын зардлыг нөхөхийн тулд зохих хэмжээний мөнгийг барьцаанаас суутгах эрхтэй мөн 4.1-т Энэхүү гэрээг зөрчсөний улмаас хөлслөгч нь хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан аливаа хохирлыг хариуцна болон 4.2-т ... Орон сууцыг зориулалтын бусаар ашигласан эсхүл гэмтээсэн тохиолдолд нөхөн төлбөр, засварыг хөлслөгч хариуцна гэсэн заалтыг хэрэглэхгүй Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн заалтыг зөрүүтэй тайлбарласан. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно гэж заасан ба дээрх хуулийн заалтын дагуу дэнчин авсны дараа үүрэг биелэгдээгүй бол дэнчинг авч үлдэх, үүний зэрэгцээ дэнчингээс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй байхаар заасан. Гэтэл шүүх хөлслөгч нь орон сууц хөлслөх гэрээний 4.1-т Энэхүү гэрээг зөрчсөний улмаас хөлслөгч нь хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан аливаа хохирлыг хариуцна болон 4.2-т ... Орон сууцыг зориулалтын бусаар ашигласан эсхүл гэмтээсэн тохиолдолд нөхөн төлбөр, засварыг хөлслөгч хариуцна гэж тус тус заасан үүргээ биелүүлэлгүй гараашийн хаалганы моторт эвдрэл үүсгэн хөлслүүлэгчид 14,608,000 төгрөгийн хохирол учруулсан байхад дэнчинг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.2. Шүүх Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйл болох орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гэрч Г.Батбаяр ... Ахмэд, Солонго хоёр ажилтай завгүй байсан. Ахмэдээс түлхүүрийг нь авчих орон сууцаа орж шалгая гэж Солонго ... хэлсэн. Ахмэдтэй уулзаж байрны түлхүүрийг авч Солонгод өгсөн. Ахмэд нь мөн залгаж хэлсэн. Уулзаж хүлээлцэх цаг тохирсон. Хоёулаа амжихгүй түлхүүрийг нь авчих гээд хүлээж авсан. Ахмэд өөрөө өгсөн, түлхүүрийг аваад Солонгод өгсөн... мэдүүлсэн. Орон сууц нь хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй тул орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйл болох орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул гэрээнд зааснаар барьцаа болох 4,200 ам.долларыг хариуцагч нь буцаан өгөх үүрэгтэй болно гэж дүгнэсэн. Элчин сайдын яам орон сууцыг ..........-д хүлээлгэн өгөөгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны түлхүүрийг шилжүүлэн өгснөөр хүлээлгэн өгсөнд тооцохгүй. Түүний дотор тавилга нэг бүрийг шалгаж акт үйлдсэнээр, эсвэл хүлээлгэн өгснөөр гэрээний зүйлийг бүрэн бүтэн эргүүлж өгөх үүргээ биелүүлсэнд тооцдог. Орон сууцыг акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй.

6.3. Анхан шатны шүүх Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлэх хаягийг мэдэхгүй хүргүүлэх хаягийг мэдэхгүй байсан гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 11.2.а-д нэхэмжлэгчийн хаягийг нь тусгасан байх тул мэдэгдэх боломжгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хаягийг мэдэхгүй гэсэн тайлбар гаргаагүй. Гараашийн хаалгыг эвдэрснийг мэдмэгц хөлслөгчийн хаягаар орон сууцыг хүлээлгэн өгөх, тус хаалгыг засварлах талаарх албан бичгийг ..........- нэг хувь үйлдэж Элчин сайдын яаманд хүргүүлэн байсан талаар шүүхэд удаа дараа тайлбарласан. Элчин сайдын яам орон сууцыг хүлээлгэн өгөөгүй талаар гэрч Г.Батбаяр тайлбарласан. Дээрх үзвэл, гэрч Г.Батбаяр нь Элчин сайдын яамнаас орон сууцыг албан ёсоор хүлээлцээгүй, гараашийн хаалга эвдэрсэн байсан талаар нотолсон байхад шүүх уг баримтыг үнэлээгүй.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн албан бичиг, мэдэгдэл, шуудангийн хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт шаардлагыг хангаагүй талаар тайлбарласан. Мөн мэдэгдэл гэх баримтад гэрч Г.Батбаяр гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, ..........- орон сууцыг Г.Батбаяр хүлээн авах талаар итгэмжлэл олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчийн нөхөр Г.Батбаярт хүлээлгэн өгсөн. ..........- нь завгүй байсан тул орон сууцыг хүлээн авах эрхийг Г.Батбаярт олгосон. Хариуцагч нь түлхүүрийг аваад нэхэмжлэгчид мэдэгдэх боломжтой байсан. Гэтэл хүлээлгэж өгснөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд эвдрэл гэмтлийн талаар мэдэгдэж байгаагүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэлийг амаар болон бичгээр гаргах боломжтой, аппликейшнээр хэлсний дагуу амаар тохиролцож дараа нь гараар бичиж өгсөн. Хариуцагч талаас баримтыг гаргуулахаар шаардсан боловч гаргах боломжгүй гэсэн тул өөрт байгаа хэлбэрээр буюу хуулбар үнэн гэж баталгаажуулж хуулийн шаардлага хангаж гаргаж өгсөн. Гэрчийг асуух үед даргалагч энэ таны гарын үсэг мөн үү гэхэд минийх мөн юм шиг байна гэж хариулсан. Шүүх Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасныг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх талуудын хооронд үүссэн орон сууц хөлслөх гэрээний үүрэгт болон дэнчинд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ............- Элчин сайдын яам нь хариуцагч ..........-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөрт төлсөн 4,200 ам.доллар буюу 11,966,304 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны гараашийн хаалганы засварын зардал 14,608,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч ..........- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж 112 дугаар байрны 2 тоотод байрлах 388,57 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлэх, хөлслөгч ............- Элчин сайдын яам нь орон сууц хөлсөлсний төлбөрт нэг сарын 4,200 ам.доллар төлөхөөр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302 дахь хэсэгт орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (хх-ийн 23-27)

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хөлслүүлэгч ..........- нь орон сууц хөлслөх гэрээний дагуу дээрх хаягт байрлах орон сууцыг хөлслөгч ............- элчин сайдын яамны эзэмшилд шилжүүлэн өгсөн үйл баримт болон хөлслөгч нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны хөлсийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Харин талуудын хооронд орон сууцыг хүлээлгэн өгсөн болон гараашийн хаалга эвдэрсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

1.2. Талууд орон сууц хөлслөх гэрээний 1.3-д Барьцаа: хөлслөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх болохоо баталж хөлслүүлэгчид орон сууц хөлслөх нэг сарын төлбөр болох 4,200 ам.долларыг барьцааг төлнө. Барьцааг гэрээ дуусгавар болмогц хөлслөгчид буцаан олгоно. Хөлслөгч, хөлслөгчийн гэр бүл, хөлслөгчийн гэрт зочилсон хүмүүсээс шалтгаалж орон сууцад гэмтэл учирсан тохиолдолд хөлслөгч нь барьцаанаас хохирлоо төлж, үүгээр хязгаарлахгүй хариуцлага хүлээнэ, 3.4-д хөлслүүлэгч нь барьцааг дараах тохиолдолд хөлслөгчид буцаан олгоно. Үүнд: а/энэхүү гэрээний хугацаа дууссан эсхүл гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болж, орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгснөөс хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор, эсхүл б/энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд хөлслүүлэгч хөлслөгчийн эсрэг сүүлийн үлдэгдэл нэхэмжлэл гаргасныг барагдуулснаас хойш ажлын 10 /арав/ хоногийн дотор гэж тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Мөн хуулийн 233 дугаар 233.2 дахь хэсэгт гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцаа 4,200 ам.доллар буюу 11,966,304 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч ..........-ос 11,966,304 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ............- элчин сайдын яаманд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Талууд орон сууц хөлслөх гэрээний 3.3-д Хөлслүүлэгч нь хөлслөгчөөс шалтгаалан орон сууцанд учирсан аливаа эвдрэлийн /хэвийн элэгдэл, хорогдол орохгүй/ засварын зардлыг нөхөхийн тулд зохих хэмжээний мөнгийг Барьцаанаас суутгах эрхтэй. Хөлслүүлэгч нь суутгасан дүнг тооцоход гарсан бодит зардлыг баримтжуулсан нотлох баримтыг үндэслэн хөлслөгчөөс хөлслүүлэгчид учирсан аливаа хохирол болон бодит төлбөрийг нөхөхийн тулд Барьцаанаас суутган авна гэж заасан.

 

Нэхэмжлэгч ............- элчин сайдын яамнаас хариуцагч ..........- барьцаа төлбөр 4,200 ам.долларыг буцаан шилжүүлэх талаар мэдэгдэхэд тэрээр хөлслөгч орон сууцыг эзэмших хугацаандаа гэмтээсэн буюу гараашийн хаалгыг эвдсэн талаар мэдэгдэж байгаагүй байна.

 

2.1. Хариуцагч ..........- орон сууцыг хүлээн аваагүй, орон сууц хүлээн авах итгэмжлэлийг Г.Батбаярт олгоогүй гэж тайлбарлан маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. Гэрч Г.Батбаярын ...Ахмэд, Солонго хоёр ажилтай завгүй байсан. Ахмэдээс түлхүүрийг нь авчих байраа орж шалгая гэж Солонго хэлсэн. Ахмэдтэй уулзаж байрны түлхүүрийг авч Солонгод өгсөн. Тэгээд Солонго очиж үзээд байрыг шалгаад их асуудалтай байна гэж хэлсэн. ...Солонго ч хэлсэн, Ахмэд ч бас аппликейшнээр залгаж хэлсэн. Уулзаж хүлээлцэх цаг гэж тохирсон. Хоёулаа амжихгүй түлхүүрийг нь авчих гээд хүлээж авсан. Ахмэд өөрөө өгсөн, түлхүүрийг аваад Солонгоод өгсөн гэсэн мэдүүлгээс дүгнэвэл ..........- нь орон сууцыг хүлээн авах эрхийг Г.Батбаярт олгосон гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, хариуцагч ..........- гараашийн хаалгыг засварлах талаар нэхэмжлэгч ............- элчин сайдын яаманд мэдэгдэж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн төлсөн барьцаа 4,200 ам.долларыг гараашийн засварын төлбөрт тооцох эрхгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/02607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 231,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ