Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1579

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Батболд

шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт Т овогт Б Ж холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806080351871 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тойн овогт Б Ж, 19 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр   аймгийн  суманд              төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, РД:       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод буюу гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.З зодож, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 02-ны  орой  би 7 цагт гэртээ ирээд скиз зураг зурж байсан. Гэтэл орой 23.00 цагийн үед хаалга тогшихоор нь очоод хэн бэ? гээд дурангаар хартал хүн харагдаагүй. Тэгээд хүүхэд дуугарах шиг болохоор нь хаалгаа онгойлгосон чинь эхнэр, том хүү 2 орж ирсэн. Тэгээд эхнэр маргаан үүсгэх маягтай ярьж эхэлсэн. Тэгээд би скиз зургаа хураагаад байж байтал эхнэр индүүний оосроор намайг ороолгосон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд  эрүүлжүүлэхэд очиж хоносон гэв.

          Шүүгдэгч  Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 02-ны орой  23.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  тоот гэртээ  зураг зураад сууж байтал гэрийн хаалга тогшсон. Дурангаар хартал дуранг хаагаад хаалга ширүүн цохиод байсан. Тэгэхээр нь хэн бэ гэхэд дуугарахгүй байснаа манай хүүхэд дуугархаар нь би хаалгаа тайлтал Зл гэрт орж ирэнгүүтээ хэн байвал тайлдаг хэн байвал тайлдаггүй юм гэсэн. Би өмнөөс нь юм хэлээгүй зурж байсан зургаа хураасан. Гэтэл  индүүний оосроор миний нуруу, хөл, гарлуу хэд хэдэн удаа цохиод авсан. Би тухайн үед болиоч уурлахаа боль гээд цамцнаас нь татаад орон дээр суулгасан. Тэгээд орон дээр суучихаад чи энэ гэрээс яваад өг, чамайг явбал бид 3 сайхан амьдармаар байна гээд байсан. Тэгээд миний нуруу руу дахиад индүүний  утсаар ороолгосон. Намайг янз бүрээр хэлээд хэрүүл өдөөд байхаар нь би гарья гэж бодоод үүдэнд хувцасаа өмсөөд байж байтал миний цүнхийг үүдээр гаргаад шидчихсэн. Би хүүгээ аавынхаа цүнхийг аваад өг гэтэл наадах чинь чиний эцэг биш гээд орцоор нэг орилоод байсан. Намайг үүдэнд байж байхад толгой руу сандалаар 2 удаа цохисон мөн хоолой ам самардаад чамайг цагдаад хэлсэн цагдаа хөөгөөд явуул гэсэн гээд янз бүрийн хүний нэр бариад дайраад байсан. Манай хаалга онгорхой Зожаргал орилоод байж байтал 2 цагдаа шатаар өгсөөд ирсэн. Гэтэл наадхаа аваад яв наадах чинь агсам тавиад байна гэсэн. Тухайн өдөр би нэг их согтуу байгаагүй. Золжаргал Бөмбөгөр худалдааны төв дээр лангуу ажиллуулдаг юм. Тэгээд архи их ууна, заримдаа гэртээ ирж хонохгүй явдал байдаг. Өнгөрсөн 7 дугаар сард намайг найзтайгаа Урлан бүтээх төвд байж байхад согтуу ирээд миний уран бүтээлийг эвдэж сүйтгээд бөөн юм болсон. Ийм асуудлаас нь болоод цагдаад мэдэгдэж байсан боловч өрөвдөөд өргөдлөө буцаан авч байсан. З дахин ийм асуудал гаргахгүй гэж ам өгч байсан юм. Би ер нь Золжаргалыг зодож байгаагүй харин тэр л намайг зоддог байсан. Би 2008 оны 3 дугаар сарын үед бааранд Зай танилцаж байсан юм. Золжаргал бид хоёр хамтран амьдраад 2 хүүхэд төрүүлсэн гэжээ. /хх-ийн 17-18/

          Хохирогч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 2-ны орой 23.00 цагийн орчимд би хүүхдийнхээ хамт гэртээ ортол манай нөхөр Ж согтуу байж байснаа шууд миний нүд рүү цохисон. Тэгээд намайг цагдаа дуудах гэсэн чинь миний гар утсыг булаагаад авсан. Өмнө нь намайг байнга зоддог байсан гэжээ. / хх-н 5-8/

          Насанд хүрээгүй гэрч Ж.П хууль ёсны төлөөлөгч Б.Аг, сурган хүмүүжүүлэгч М.Ц нарыг байлцуулан байцаасан тэмдэглэл: 2018 оны 10 дугаар сарын 2-ний өдөр би ээж З ажлыг нь тарахаар хамтдаа гэртээ ирээд хаалгаа цохиод орсон. Аав хаалга тайлж өгсөн. Аав, ээж хоёр гэрт ороод юу ч яриагүй. Гэтэл аав ээжийн нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд аав ээжийн үснээс зулгаагаад коридорт чирсэн. Мөн аав юм бичдэг балаар ээжийн гарын шуун дээр чанга дарж зурсан. Аав индүүний оосроор ээжийн гуя руу цохисон  чинь ээж булааж аваад аавын гуя руу мөн цохисон. Аав, ээж хоёр хэрэлдээд байсан. Тэгээд ээж миний утсаар цагдаа руу ярьсан. Аав архи уусан үедээ хааяа ээжийг зоддог. Намайг гэр орны ажлаа хий гэж хэлээд хааяа цохидог. Манай ээж архи уудаггүй, хааяа найзуудтайгаа вино уудаг гэжээ. / хх-н 24/

         Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Зн төрсөн эгч нь юм. Миний дүү З нь Ж 2013 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Энэ амьдрах хугацаандаа манай дүү шөнө орой болсон үед заримдаа Жагаа согтуу ирээд гэр орон буулгаад, зодлоо  гэж ярьдаг байсан. Надтай утсаар л ярьдаг байсан. Зодуулаад манай дүү Ө очдог байсан юм байлаа гэжээ./ хх-н 25/

         Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ээлжтэй ажиллаж байсан. Одоо цагийг нь сайн санахгүй байна. Сүлд-10-аас дуудлага дамжуулсаны дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байрны 30 тоотод цагдаа ахлах ахлагч  Б хамт очиход гэрийх нь хаалга онгорхой эхнэр нь уйлчихсан энэ намайг зодсон энийг аваад яв гээд уйлсан байдалтай орилж байсан. Тэгэхээр нь коридороос нь нөхрийг нь аваад эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Уг эмэгтэй нүүр лүү цохисон, намайг зодсон гэж байсан гэжээ.  / хх-н 28/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11993 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1,Б.З биед зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зүүн доод хэсэг болон зүүн нүдний дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэг, баруун гуяны урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 11/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14/

          Хохирогч Б.З Натур төвд толгойн компьютер томографид үзүүлсэний зардлын баримт /хх-н 13/, Хохирогч Б.Золжаргалын биед учирсан гэмтлийг   гэрэл зургаар харуулсан баримт /хх-н 15-16/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 30/

          Б.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 23/

         Б.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35-36/

         Б.Ж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 29/, прокурорын тогтоол /хх-н 31-32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/

          Б.З, Б.Ж нарын гаргасан хүсэлтүүд /хх-н 37-38/ зэрэг болно.

          Б.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод буюу гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.З зодож цохиж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай нөхөр Жаргалсайхан согтуу байж байснаа шууд миний нүд рүү цохисон. Тэгээд намайг цагдаа дуудах гэсэн чинь миний гар утсыг булаагаад авсан. Өмнө нь намайг байнга зоддог байсан   гэсэн мэдүүлэг, Ж цохисоны улмаас Б.Зн биед  зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зүүн доод хэсэг болон зүүн нүдний дээд зовхийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэг, баруун гуяны урд дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдсон,  гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... цагдаа ахлах ахлагч  Барсболдын хамт очиход гэрийх нь хаалга онгорхой эхнэр нь уйлчихсан энэ намайг зодсон энийг аваад яв гээд уйлсан байдалтай орилж байсан. Тэгэхээр нь коридороос нь нөхрийг нь аваад эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Уг эмэгтэй нүүр лүү цохисон, намайг зодсон гэж байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 28/ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

         Б.Ж нь орой эхнэрээ гэрт орж ирэхэд нь маргалдаж улмаар харилцан зодолдсоны  улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Хохирогч Б.З шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.              

          Б.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Т овогт Б Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Б.Ж нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Б.Ж нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Ж нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ж авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН