| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0179/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч А.Х,
шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003570161 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, *******, мэргэжилтэй, *******ьд ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө ******* тоот өөрийн гэртээ эхнэр А.Х-г бусадтай хардаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож биед тархи доргилт, цээжний баруун талын 4-5 дугаар хавирга ясны далд хугарал, дух, баруун хацар, зүүн шанаа, баруун, зүүн нүд, зулайн хуйх, цээж, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, баруун өвдөг гуяны язарсан шарх, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар *******, тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Х-г бусадтай хардсаны улмаас зодож биед нь тархи доргилт, цээжний баруун талын 4, 5-р хавирга ясны далд хугарал, баруун хацар, зүүн шанаа, баруун, зүүн нүд, зулайн хуйх, цээж, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, баруун өвдөг, гуяны язарсан шарх, зүүн шууны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Б-ийн өгсөн: “Хэрэг болсон өдөр би эхнэрээ ажлаас аваад, бага хүүхэдтэйгээ цуг хөдөө эгчийнхээ гэр рүү явсан юм. Тэнд ээж маань хөдөөнөөс ирсэн байсан. Бид тэнд очоод хамаатнуудтайгаа уулзаж, овоо тахихдаа хэрэглэсэн ээжийн авчирсан архинаас уусан. Бидний уусан архинаас А.Х уугаагүй байсан учраас машинаа бариад гэртээ ирсэн. Биднийг гэртээ ирэхэд манай эхнэрийн найзууд нь хотоос ирсэн учир нэг газар сууж уулзъя гэхээр нь би эхнэртээ хандаж “Чи найзуудтайгаа уулзаж байгаад ир, харин би хүүхдээ хараад гэртээ үлдье” гэж хэлээд эхнэрээрээ хоёр шил пиво авахуулаад үлдсэн. Тэгээд А.Х-г явснаас хойш 2 цагийн дараагаар манай охин уйлаад байхаар нь эхнэр рүүгээ залгаж, “Хүүхэд уйлаад байна. Ирээд хүүхдээ хөхүүлээрэй” гэж хэлсэн. Би эхнэр рүүгээ утсаар ярьчихаад гэртээ машинтайгаа шууд хашаандаа орж ирэх байх гэж бодоод хашааныхаа хаалгыг онгойлгочихоод хүлээж байтал манай эхнэр гэрийн гадаа жижиг жийпнээс буусан. Би тэр орой бага зэрэг архи уучихсан байсан болохоор эхнэрийгээ өөр хүний машинаас буухыг нь хараад тэсэж чадалгүй маргалдаж улмаар түүнийг зодсон. Өөр хэлэх зүйл алга” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Х-н өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4 цаг 30 минутад миний ажил тарах үеэр В.Б намайг ирж авахаар бага зэрэг халамцуу ирсэн. Тэгэхдээ надад “Ээж хөдөөнөөс ирсэн байна” гээд гордок явах тухай хэлсэн. Би замаар дэлгүүрээс чихэр, жимс, архи авчихаад хойд хороо орж, өөрийн бага охин болон том эгчийгээ авч явсан. Бид тэнд очоод суврага босгох ёслолын тухай ярилцаж хэсэг суусан. Тэнд байсан хүмүүс ээжийн авчирсан архинаас уусан. Харин би машин барьж байсан учраас архи уугаагүй. Намайг гордокод байхад манай найз над руу залгаад “Өнөөдөр гийн төрсөн өдөр юм байна. Ойрд уулзаагүй юм чинь уулзаж хэсэг сууя” гэж хэлсэн. Би энэ тухай нөхөртөө хэлэхэд “Надад хоёр пиво аваад өгчих. Харин би гэртээ охиноо хараад гэртээ үлдье. Чи найзуудтайгаа уулзчихаад ир” гэж надад хэлэхээр нь би дэлгүүрээс хоёр пиво авч өгчихөөд, охиноо хөхүүлж унтуулчихаад оройн 22 цагийн үед гэрээсээ гарсан. Манай найзууд Налайхын 02 дугаар хороонд байрлах Голдмоон нэртэй рестораны Караокед бүгдээрээ уулзаад сууж байсан. Би тэнд нэг цаг гаран болоод байж байтал 23 цагийн үед над руу залгаад “Охин уйлаад байна. Чи ирээд хөхүүлчихээд, буцаад яв” гэж надад хэлсэн. Тэгээд манай найзын нөхөр нь эрүүл байсан учир намайг хашааны гадаа хүргэж өгөхөөр надтай хамт манайх руу явсан. Манай найзын нөхөр намайг хашааны гадаа хүргэж өгөхөд манай хашааны хаалга онгорхой байсан. Би машинаас буугаад хашаагаар тойроод гэр рүүгээ орох гэхэд манай нөхөр намайг шууд үстэж аваад, гэрт орох хүртлээ чирсэн. Ер нь энэ хүн надаас тайлбар асуухгүйгээр шууд өөрийнхөө шийдээд цохиод авдаг. Цохихдоо намайг байнга үстэж аваад, газар унагааж, толгойгоор хана мөргүүлдэг. Үүнээс болж би байнга мартаж санадаг, барьсан тавьсан зүйлээ санахгүй болчихдог болсон. Би одоо энэ хүнээс болж байнга зүрхний эм, даралтны эм хэрэглэдэг болсон. Энэ хүнд хүнийг хайрлана, зодохоо болъё гэж ерөөсөө боддоггүй. Тухайн хэрэг болсон өдөр намайг найзууд гэрт ирж байж В.Б-г зогсоосон. Хэрэв тэр өдөр манай найзууд буцаж гэрт ирээгүй байсан бол би өнөөдөр амьд байхгүй байсан байх гэж бодож байгаа. Тэр өдөр гэртээ өмсөж байсан ажлын төмөр хамгаалалттай гутлаараа миний толгой, хавирга, гэдэс рүү цохиод, тэгээд В.Б-ийн бах нь ханахгүй болохоороо миний өмсөж байсан бүдүүн өсгийтэй гутлаар миний хөл, гар руу цохисон. Хамгийн анх 2011 онд бид хоёр гэр бүл болоод 2011 оны 01 дүгээр сарын 15-ны бидний том охин төрсөн. Би охиноо төрүүлчихөөд 7 сар гарантай байхад нь аргагүй эрхэнд ажилдаа орсон. Өрхийн тэргүүн хүн байж гэр бүлийнхнийгээ тэжээхгүй, намайг ажлаасаа гараад гэртээ суухад дагаж ажлаасаа халагдаад гэртээ суучихдаг байсан. Тэгээд би МСS интернэйшнэл компанид Өмнөговьд сургалтын инженерээр 14 хоног гэртээ амраад, 14 хоног Өмнөговь аймагт ажилладаг байсан юм. Би ажилдаа ороод 6 сар гаран ажиллаж байтал 21 хоног хөдөө ажиллаад, 7 хоног гэртээ амардаг болсон. Миний ажил явах газар нь хол, ажиллах цаг нь их болсон мөн хүүхдээ санаад байхаар нь буцаад чөлөө авч гэртээ байхаар болсон. Намайг ажил хийхгүй байгаа юм чинь, энэ хүнийг амьдралаа авч явахын төлөө тэмцэх байлгүй гэж найдахад мөн л урьдынхаараа байсан. Би гэртээ сууж байх хугацаандаа зүгээр суухгүй гээд энергийн оношилгоонд суралцаж, айлуудаар явж оношилгоо хийж байсан. Би мөн удалгүй хоёр дахь хүүгээ гэдсэндээ тээгээд 4 сар гаран болж байхад В.Б хоёр дахь удаагаа намайг зодсон. Харин эхний удаа зодох болсон шалтгаан нь бол би Алаг толгой руу нүүрсэнд явах гээд охины айлд өгч явуулах гээд цуйван хийгээд байж байтал, манай охин өмдөндөө баачихаар нь В.Б-д хандаж “Би хоол хийж байна. Чи охиныхоо баасыг цэвэрлэчих” гээд нэлээн олон удаа хэлэхэд В.Б дуугарахгүй байхаар нь гурил элдэж байсан гурилынхаа модоор хөл рүү нь хальт цохиход намайг босч ирээд өмсөж байсан цамцаар минь миний хоолойг боосон. Харин дараагийн удаад буюу 2013 оны 02 дугаар сард манай бэр намайг “Заяа муутай айлын хүүхэд” гэж намайг доромжлохоор нь би яахаараа намайг ингэж доромжилдог юм бэ гээд уурлаж В.Б-с утсаа өгчих гэхэд намайг шууд цохиод, хамар руу мөргөсөн. Түүнээс болоод миний хамар хугарсан. В.Б-н энэ үйлдэлд нь би гомдоод, нөхрөөсөө салаад хүүхдүүдээ дагуулаад аавындаа очиж амьдарсан. Энэ хүн дандаа эрүүл үедээ намайг зоддог. Харин 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр л согтуугаар намайг зодсон. Харин 2017 оны 05 дугаар сарын 21-ны өдөр том охин маань нэгдүгээр ангид суралцаж үсэглэлийн баяр болж ангийн багшаа баярлуулах гээд салхинд гаргахаар тэрэлж рүү явсан. Тэгээд бид хэд явах ёстой өдрөөсөө өөр өдөр буюу өмнөх өдөр нь гэнэт явахаар болсон учир би ажил дээрээсээ шууд эцэг, эхчүүдтэй хамт тэрэлж явсан. Би энэ тухай нөхөртөө хэлэхэд намайг байгаа газарт чинь таксигаар очоод авъя гэж хэлсэн. Намайг хэсэг сууж байхад энэ хүн намайг таксигаар ирж авсан. Би таксинд суугаад хөдлөхөд намайг шууд В.Б зодож эхэлсэн. В.Б намайг гэрийн гадаа буугаад шууд үстэж гэрт оруулаад зодсон. Би тэр явдлаас болоод гурван хоног босч чадахгүй гэртээ хэвтсэн. Ингэж хэвтэж байхдаа би дүүрүүгээ утастаж болсон явдлын тухай хэлэхэд манай аав, дүү хоёр гэрч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагаас В.Б-г баривчлуулах уу гэхэд нь би өөрөө шээж ч чадахгүй байсан учраас өөрийгөө асруулмаар байна гээд нөхрөө баривчлуулалгүй авч үлдсэн. Түмээ багшийн 5 жилд нэг удаа болдог тэмцээн болно гэж байна. Түмээ багш надтай тараад намайг “Заавал ирж тоглоорой” гэж хэлсэн гээд В.Б-д хэлсэн. Надтай хамт тоглох охидууд над руу залгахгүй байхаар нь больсон юм байна гэж бодоод өглөө гэрээсээ сүүнд гарахаар дэлгүүр орох гээд явж байхад дэлгүүрийн үүдэнд цуг тэмцээнд орох байсан охидууд “Чиний утас болохгүй байна. Одоо шууд тэмцээн рүү явъя” гэж хэлээд намайг аваад явсан. Тэгээд би нөхөртөө хэлж чадалгүй шууд тэмцээн рүү шууд явсан. Би тэмцээндээ оролцчихоод гэртээ ирэхэд намайг В.Б худлаа ярьж явсан гэх шалтгаанаар зодсон. Би хүүхдүүдээ бодоод энэ хүнийг элэг бүтэн байлгая гээд их тэссэн. Одоо бол үнэхээр чадахгүй байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.гийн өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цагийг нь санахгүй байна намайг гэртээ байх үед манай эгч А.Х утсаар яриад В.Б намайг зодоод байна хүрээд ирээч гэж дуудсан учир хаягаар нь цагдаагийн газарт дуудлага өгөөд өөрөө аав ын хамт гэрт нь очсон юм. Ингээд намайг аавын хамт гэрт нь орох үед нүүр, гар нь хавдартай орондоо хэвтэж байсан харин Б хажууд нь сууж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24-27 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн: “Х хүүхдээ тэврээд газар суучихсан цаана нөхөр нь хажууд нь зогсож байсан бөгөөд тэр үед Х-н нүүр, толгой, хөл, гар нь цус болчихсон мөн хүүхдийнх нь толгой хэсэг нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өсгөн: “үүдэндээ Х хүүхдээ тэвэрсэн маш их цус болчихсон нөхөр нь хөл рүү нь өшиглөж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “Х хүүхдээ тэвэрчихсэн газарт суучихсан /маш их цус болчихсон/ нөхөр нь хөл рүү нь өшиглөж байснаа бид нарыг хараад шууд цаана очоод суучихсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-33 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 314 дугаартай:
1. Х-н биед тархи доргилт, цээжний баруун талын 4, 5-р хавирга ясны далд хугарал, баруун хацар, зүүн шанаа, баруун, зүүн нүд, зулайн хуйх, цээж, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, баруун өвдөг, гуяны язарсан шарх, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 42 дугаар хуудас/
Хохирогчийн эмнэлгийн байгууллагад үзүүлсэн тухай яаралтай тусламжийн үйлчилгээний хуудас, хохирогчийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 43-44, 59-64/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч А.Х, шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг дүгнэхэд шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар *******, тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Х-г бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг санаатай зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний баруун талын 4, 5-р хавирга ясны далд хугарал бүхий хүндэвтэр, баруун хацар, зүүн шанаа, баруун, зүүн нүд, зулайн хуйх, цээж, зүүн өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, баруун өвдөг, гуяны язарсан шарх, зүүн шууны цус хуралт бүхий зулгаралт, шарх хохирлыг учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас В.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн марк тодорхойгүй хар өнгийн дэлгэц салсан гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, good morning гэх бичиглэлтэй хагарсан шаазан аяганы хэлтэрхийг устгах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт В.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар В.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хүлээлгэсүгэй.
3. В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн марк тодорхойгүй хар өнгийн дэлгэц салсан гар утас 1 ширхэгийг хохирогч А.Х-д буцаан олгож, good morning гэх бичиглэлтэй хагарсан шаазан аяганы хэлтэрхийг устгасугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар В.Б-д хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, В.Б-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ