Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00045

 

 

........-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/03559 дугаар шийдвэртэй,

........-гийн нэхэмжлэлтэй, ........-т холбогдох,

10,855,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ........- нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Турк улсаас н.Мэргэнхүүгээр зуучлуулан 8,000,000 төгрөгийн үнэ бүхий унтлагын өрөөний иж бүрдэл тавилгыг худалдан авсан. Тээвэр зуучлалын Турк улсын "Nexton" компаниар тавилгыг Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон. 2021 оны 10 дугаар сарын эхээр ачуулсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тээвэр зуучлалын компанийн тээвэрлэлт хариуцсан ажилтан ........- тавилгыг хүргэж ирсэн. Тавилгыг хүлээн авахад хайрцаг сав, баглаа боодол нь задарсан, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байсан. ........-ын хэлсний дагуу түүний Богд банк дахь 8080025552 тоот данс руу 1,000 ам.доллар буюу 2,855,000 төгрөгийн тээвэрлэлтийн хөлсийг бүрэн төлсөн. Маргааш нь тавилга угсардаг хүн хөлсөлж уг тавилгыг угсрахад хээнүүд нь хугарсан, булан ирмэгнууд эвдэрсэн, шүүгээ нь угсрагдахгүй, ихэнх иж бүрдэл нь дутуу, орны хажуу талын хоёр шүүгээний иж бүрдэл дутуу, дотуур хувцасны шүүгээ байхгүй, гоо сайхны ширээний иж бүрдэл дутуу, дотуур хувцасны шүүгээ байхгүй байсан тул зургийг нь авч ........-т утсаар мэдэгдсэн. Тэрээр ирж үзээд компанитайгаа өөрийн хувийн тооцоотой учраас өөрөө хариуцаж хохирлыг барагдуулахаар баталгаа бичиж өгсөн болно. Хохирол барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч боломжгүй байна гэсээр 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр энэ тавилгыг зараад хохирлыг чинь барагдуулна гэж дээрх тавилгыг ачаад аваад явсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд утсаа авахгүй, эсвэл тавилга зарагдаагүй. Иймд ........-аас буцаагдсан тавилгын үнэ 8,000,000 төгрөг, тээвэрлэлтийн хөлс 2,855,000 төгрөг, нийт 10,855,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ........- нь Турк улсад карго тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг "Hexton" компанид Монгол талыг хариуцсан ажилтан байсан. Турк улсаас Монгол улс руу газрын тээвэр буюу машинаар ачаа зөөвөрлөхөд 1 кг ачаа 3 ам.долларын үнэ өртөгтэй байдаг. Уг үйлчлүүлэгчийн ачаа нь тус тусдаа боодолтой 31 ширхэг, 771 кг ачаа байсан ба ачааг Туркийн улсын Бурса хотоос Истанбул хот дахь ачаа бараа хүлээн авах байранд хот хоорондын тээврийн машинаар явуулсныг хүлээж авсан. Ачааг үйлдвэрээс боож явуулсан сав баглаа боодлыг нь тоолж жинлэж шалгаж авсан. Байнга ачаа бараа өгч манайхаар үйлчлүүлдэг Бурса хотод амьдардаг н.Мэргэнхүү уг ачааг явуулсан гэж утсаар мэдэгдсэн. Тухайн үед ачаа барааг хүлээж авсан зураг дарж баримтжуулсан. Ингээд нийт 771 кг х 3 ам.доллар = 2313 ам.долларын үнэ төлөх ачаа ачигдсан. Намайг Монгол улсад ирсний дараа уг ачаа 10 дугаар сарын сүүлээр Монголд буусан учраас ачаа тараалтад оролцсон. Ингээд 1 тонны даацтай автомашин 3 ачигчийн хамт хөлсөлж хүргэж өгсөн. Ачааг хүлээлгэж өгөхөд 31 биш 28 боодол байсан. Шалгаж үзэхэд 3 ширхэг хайрцаг нь гааль дээр шалгагдан задарсан байсан. Тэгээд гэмтэлтэй байсан учраас 1,000 ам.долларын төлбөр аваад 1,310 ам.долларын хөнгөлөлт үзүүлсэн. Хэд хоногийн дараа дахин над руу утасдаж эд анги байхгүй, угсрах зураг байхгүй, зарим нэг нь эвлэхгүй байна гэж мэдэгдсэн. Тухайн үед нь бид өөрсдийн хүмүүстэйгээ очоод угсраад эвлүүлээд өгье гэхэд үгүй ээ буцааж ав гэдэг тайлбар тавьсан. Иймд ........-тай гэрт нь очиж уулзаад миний виз гарахаар дахиад шинэ тавилга Турк улсад угсарч үзэж явуулъя гэдэг санал тавьсан. Тэгээд 2 сарын дотор өөр тавилга Турк улсаас ачуулахаар шийдсэн. Гэтэл миний виз гараагүй Турк улс руу одоог хүртэл явж чадаагүй байна. Цагаан сар хүртэл энэ тавилга энэ айлд угсраатай байсан. Тэгээд зар тавиад зарах гэтэл хайрцаг сав баглаа боодол нь байхгүй тул бид өөрсдөө шинэ сав баглаа боодолтой очиж авсан. Тэгээд авчраад угсарч үзсэн бүгд эд анги нь бүрэн байсан. Зар тавиад зарах гэж 2 сар хүлээсэн. Иймд би тухайн тавилгыг Хөвсгөл аймагт оршин суудаг дүү рүүгээ явуулж заруулах гэсэн боловч одоог хүртэл бэлэн мөнгөөр авах хүн олдохгүй байна. Сүүлд ........- өөрөө над руу ярихдаа би буцааж тавилгаа авья, тээврийн зардалд төлсөн 3,000,000 төгрөгийг намайг буцааж төл гэсэн. Ийм байдлаас болж би сэтгэл санааны болон эд материал, санхүүгийн маш их хохирол амсаж байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ........-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,855,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 188,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 10,855,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийг зөв тодорхойлоогүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, хариуцагчийн эрхийг эдлүүлэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэн ........- нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Турк улсаас унтлагын өрөөний тавилга захиалж тээвэр зуучийн Nexton компаниар зуучлуулан Улаанбаатар хүртэл тээвэрлүүлсэн байдаг. ........- тээвэр зуучийн компаний хүлээсэн үүргийг хүлээх хүлээх ёсгүй. Миний бие ........-тай тээвэр зуучийн гэрээ байгуулаагүй. ........- өөрөө тухайн тавилгыг сонгож авч тээвэр зуучийн компаниар зуучлуулсан мөртлөө надад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоолгүйгээр надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би тухайн асуудлын талаар компаний өмнө үүрэг хүлээгээгүй учраас энэ мөнгийг хариуцаж төлөх ёсгүй, Компани нь ........-тай ямар нөхцөлөөр тохиролцож гэрээ байгуулж үүрэг хүлээснийг би мэдэхгүй. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа тавилгын бүрэн бүтэн байдлын талаар хэн ямар үүрэг хүлээсэн нь тодорхойгүй байхад шууд надаар тухайн тавилгын үнийг төлүүлэхээр шийдвэрлэснийг илт хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ........- нь тавилгыг хүлээн авахад ачаа задарсан гэсэн тайлбар өгчээ. Энэ талаар ч миний бие ямар нэг үүрэг хүлээгээгүй юм. Гаалийн үзлэг хийхэд задалж үздэг л байх. Намайг цагдаагийн байгууллагад удаа дараа өгч айлган сүрдүүлж дарамталж байсан. Хэрвээ миний бие гэрээгээр үүрэг хүлээсэн бол тухайн тавилга эд хогшил бүрэн байдлыг өөрөө хариуцаж бүрэн бүтэн байдлыг шинжээчээр дүгнэлт гаргуулж байж шийдвэрлүүлсэн бол илүү бодитой болно. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 уны 10 дугаар сарын 18-ны едрийн 102/ШШ2022/03559 тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож хариуцагчийг зөв тодорхойлж шийдвэрлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч ........-гийн хариу тайлбарын агуулга: Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа илт худал мэдээлсэн байна. Анх тохиролцсон үнээс эвдрэл, гэмтлийн үнийг хасаж, ачаа тээвэрлэж авчирсан. ........- миний бие 2021 оны 06 дугаар сард Турк улсад амьдардаг танилаараа дамжуулан н.Мэргэнхүүтэй холбогдож урьдчилгаа 2,300,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг 2 сараа дараа өгч, 10 дугаар сард авахаар тохиролцсон. н.Мэргэнхүү нь өөрийн хуурай эгч ........-тай утсаар танилцуулсан. Гэтэл 10 дугаар сард Нэсктон ХХК-д миний тавилга ирсэн гэж аман байдлаар гэрээ байгуулсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. ........- нь дүрст дуудлага хийж, бүрэн бүтэн хүлээж авч, санаа зоволтгүй гэж хэлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч нь миний худалдаж авсан тавилгыг дугаарлаж, Нэкстон ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулж, надад хүлээлгэж өгөх баримт бичиг үйлд гэж хэлсэн. Тээвэрлэгч нь Турк дэх каргонд манай охин ажилладаг тул би бүрэн хариуцна гэж хэлэн өөрийн биеэр авчирч өгсөн. Хариуцагч нь удаа дараа залилангийн шинжтэй үйлдэл гаргасан тул миний бие харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн тавилгыг би өнөөдөр зарж, маргааш мөнгийг чинь өгье гэж 1 дүгээр сард авч явсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нь миний хохирлыг барагдуулаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын тайлбарт тулгуурлан маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв боловч хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч ........- хариуцагч ........-т холбогдуулж, тавилгын үнэ 8,000,000 төгрөгийг тээврийн зардалд төлсөн 2,855,000 төгрөгийн хамт нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар хэргийн талаарх зохигч талуудын гаргасан тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Нэхэмжлэгч ........- Турк улсаас иргэн н.Мэргэнхүүгээр зуучлуулан 8,000,000 төгрөгийн үнэ бүхий унтлагын өрөөний иж бүрдэл тавилгыг худалдан авсан, уг тавилгыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тээвэр зуучлалын компанийн тээвэрлэлт хариуцсан ажилтан ........- нэхэмжлэгчийн гэрт хүргэж өгсөн, тавилга бүхий ачааг задалж угсрахад иж бүрдэл дутуу, зарим тавилгын булан эвдэрсэн, хээ нь хугарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан, улмаар хариуцагч ........- уг тавилгын буцааж авч явсан зэрэг үйл баримт зохигчдын хэн алины тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 1-2, 19-20/

 

Мөн нэхэмжлэгч тавилгын үнэд 8,000,000 төгрөг, тээвэрлэлтийн хөлс 2,855,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх-ийн 3-7/

 

4. Хэдийгээр талуудын хооронд тээвэрлэлтийн болон тээвэр зуучийн үүргийн харилцаан үүсээгүй боловч хариуцагч ........- нь иж бүрдэл дутуу, зарим тавилгын булан эвдэрсэн, хээ нь хугарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй гэх ачаа буюу тавилгыг өөрөө буцааж авч явсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч ...тэгээд 2 сарын дотор өөр тавилга Турк улсаас ачуулахаар шийдсэн.... гэсэн тайлбар гаргасан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэлийн үнийн дүнд тавилгын үнэ болон түүнтэй холбоотой төлөгдсөн тээврийн хөлс орсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарч байна.

 

5.Талуудын тайлбар, бусад баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй тул ... шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй... тээвэр зуучийн компаний хүлээсэн үүргийг хариуцах ёсгүй. ........-тай тээвэр зуучийн гэрээ байгуулаагүй... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралд нь биечлэн оролцуулаагүй мэтгэлцэх боломжоор хангаагүй гэсэн хариуцагчийн гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй. Шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшилсон ба шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагч гарын үсэг зурсан. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг түүнийг эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад хариуцагч гэдэг үгийг 2 удаа бичсэн, Иргэний хуулийн 492.1.1-д заасныг хэрэглэсэн атлаа мөн хуулийн 492.1 дэх заалтыг давхар баримталсан, 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг хэрэглээгүй байгаа зэрэг алдааг залруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/03559 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас "492.1," гэснийг хасч, "хариуцагч хариуцагч" гэснийг "хариуцагч" гэж, өөрчилж,

 

2 дахь заалтын "57 дугаар зүйлийн 57.1" гэсний өмнө "56 дугаар зүйлийн 56.1" гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ