Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0031

 

 2019 оны 01 сарын 16 өдөр         Дугаар 221/МА2019/0031                           Улаанбаатар хот

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Д.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.3-тендер заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Б-ыг урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Б-ын ажилгүй байсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 4.888.302 төгрөгийг зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Нийслэлийн Татварын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаартай шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 7 дахь хэсэгт “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “... хангалтгүй биелүүлсэн ... “ гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэснийг үндэслэсэн боловч үр дүнгийн гэрээг дүгнэсэн асуудлыг удирдлага болгон авч үзэж үр дүнгийн гэрээ дүгнэх хугацаа болоогүй, үр дүнгийн гэрээг зөвхөн дээрх асуудлыг дүгнэх үндэслэл болгон тайлбарлаж шийдвэрээ гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Татварын алба болон татварын улсын байцаагчийн үндсэн чиг үүрэг бол улс, орон нутгийн төсвийн төлөвлөгөөг ханган биелүүлэхэд оршдог. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн Татварын газрын даргын өмнө хариуцан тайлагнах бөгөөд Д.Б нь Нийслэлийн төсвийн төлөвлөгөөг 100 хувь ханган биелүүлэх байснаас 83.3 хувиар биелүүлсэн. Энэ нь дээрх Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд тайлбарласан хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан гэдэгт хамаарна гэж үзэж байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-д “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэснийг баримтлан Д.Б-ын асуудлыг шийдвэрлэхдээ тухайн шатны Засаг даргатай зөвшилцөөгүй, хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Б-ыг хуульд, эрх зүйн үндэслэлийн хувьд албан тушаалаас чөлөөлөөгүй бөгөөд зөвхөн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэн албан тушаал бууруулсан юм. Тийм учраас Засаг даргатай зөвшилцөх үндэслэл байхгүй.

Иймд хууль тогтоомжийг буруу хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар “Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж 2018 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 12,026,766,2 сая төгрөг төвлөрүүлэхээс 83,3 хувиар биелүүлж, Нийслэлийн төсвийг 2,013,885,7 сая төгрөгөөр тасалсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-ыг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас бууруулж, татварын улсын /ахлах/ байцаагчийн өөр албан тушаалд томилох эсэх асуудлыг Татварын ерөнхий газарт уламжилжээ.

Хариуцагч Б/60 дугаар тушаалыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.3-д зааснаар татварын улсын байцаагч нь үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол “албан тушаал, эсхүл цол бууруулах”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэжээ.  

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд мөн хэсгийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу тогтоосон байхыг ойлгохоор байна.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах үндэслэл болсон “Нийслэлийн төсвийн орлогыг тасалдуулсан” гэх үйл баримтыг Төрийн албаны тухай хуульд заасан тогтоосон журмаар буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу үнэлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эсэх талаар хариуцагч шалгаж, тогтоогоогүй байна. Нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах үндэслэл хэрхэн бүрдсэн талаар үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна.

Нэхэмжлэгчээс “үр дүнгийн гэрээ дүгнэх хугацаа болоогүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, дүүргийн Татварын хэлтсийн дарга Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Дүүргийн төсөв гэсэн 3 төрлийн татварын орлогыг төвлөрүүлдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг татварын орлогыг Улсын төсөвт 42 хувь, Нийслэлийн төсөвт 83.3 хувь, Дүүргийн төсөвт 126.7 хувь, дундаж 109.6 хувь гүйцэтгэлтэй байсан” гэж маргасан нь үндэслэлтэй.

Түүнчлэн, хариуцагч Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг ямар үндэслэлээр 12,026,766,2 сая төгрөг төвлөрүүлэхээр баталсан, уг төлөвлөгөө тасалдахад нэхэмжлэгчийн буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байсан талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр захиргааны акт гаргасан нь буруу байна.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалтыг баримталж, сахилгын шийтгэл хүлээлгээгүй. Харин “ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг заасан. Ийнхүү захиргааны үйл ажиллагаа  нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-ийн “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “албан тушаалаас чөлөөлөөгүй ... сахилгын шийтгэл хүлээлгэн албан тушаал бууруулсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу Нийслэлийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлж чадаагүй гэдэг үндэслэлээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч уг үндэслэлийг эс зөвшөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлсэн гэж актыг хүчингүй болгуулахаар маргасны дагуу шүүх маргаан бүхий актыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасанд нийцсэн эсэхийг хянаж, дүгнэлт өгсөн нь зөв байна.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... томилохдоо зөвшилцсөн байтлаа, ажлаас чөлөөлөхдөө зөвшилцөөгүй. Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4-д “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасныг баримтлаагүй” гэсэн үндэслэлийг няцаах зорилгоор хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.3-д зааснаар “албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ” авсан гэж мэтгэлцэж, давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар няцаагдсан, маргаан бүхий актыг энэ үндэслэлээр хүчингүй болгоогүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт сонсох ажиллагаа явуулах талаар зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байх тул хассан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ