Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 128/2021/0007

 

“У х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн

 Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Х.Батсүрэн

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Ц.Цогт

Илтгэгч шүүгч:               Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0353 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 559 дүгээр магадлалтай

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг онлайнаар оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0353 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “У х б” ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал А.Энхмэндээс гаргасан, “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/572 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн”-д байршилтай 12604,1 м2 газраас Улаанбаатар хотын банкны эзэмшлийн 10800 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хянан хэлэлцээд 559 дүгээр магадлалаар: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д” гэснийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 144 дүгээр “Эзэмшил ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралтын 7-д Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 1.2 га  багтсан, нэхэмжлэгч уг тогтоолтой маргаагүй” гэх буруу дүгнэлттэй холбоотой тухай давж заалдах гомдлын талаар магадлалдаа дүгнэлт хийгээгүй. НИТХТ-ийн 2009 оны 114 дүгээр тогтоолын хавсралтын 7-д заасан Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 1.2 га-д нэхэмжпэгч Улаанбаатар хотын банкны маргаж буй маргаан бүхий газар багтсан гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдохгүй байхад шүүгч хэт нэг талыг барьж, дээрх тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Учир нь тус тогтоолд дурдсан газарт нэхэмжлэгчийн маргаж буй газар багтаж байгаа нь тодорхойгүй, хэмжээний хувьд маргаан бүхий газраас зөрүүтэй, мөн цэгүүдийг тэмдэглээгүй зэрэг нөхцөл байдал байсаар байхад, шүүх дээрх нөхцөл байдлуудыг тодруулаагүй байж, тус 114 дүгээр тогтоолд дурдсан газар нь маргаан бүхий газар гэж үзэж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 34.3 заасныг тус тус зөрчиж гаргасан шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн “нэхэмжлэгч уг тогтоолтой маргаагүй” гэж анхан шатны шүүх ор үндэсгүй дүгнэлт хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 1630 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 7-р хуудас 1-р догол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: "...энэ маргаан бүхий газар нь 2009.09.23-ны өдрийн 114 дүгээр тогтоолд орсон эсэх нь тогтоогдоогүй 10-р хуудас 1-р догол "...маргаан бүхий актад заасан хориглосон байршилд олгосон нь тогтоогдохгүй байна. Учир нь 2009 оны 114 дүгээр тогтоолд Монгол Ардын намын байрны урд талд гэж ерөнхий заасан. Тухайн 2009 оны тогтоолд заасан хориглосон газарт нэхэмжлэгчийн маргаж буй газар ороогүй. Яг ямар байдлаар орж байгаа нь хэрэгт авагдаагүй. Энэ талаар нотлох баримт гаргаж, нотлох ёстой” гэж маргасан байхад шүүх нэхэмжлэгч уг тогтоолтой маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

5. Нөгөөтэйгүүр, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 114 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт биш бөгөөд хэрэв энэ тогтоолыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох гэж байгаа бол тогтоолтой холбоотой нэмэлт нотлох баримт шаардлагатай талаар нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч хэлсээр байхад шүүх энэ хүсэлтийг хүлээн аваагүй, ЗХШХШТХ-ийн 7.1-т заасан үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, тус 114 дүгээр тогтоолтой холбоотой нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасанд нийцсэн” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын банканд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар газар эзэмших эрх олж авсан боловч энэ хугацаанаас хойш зориулалтын дагуу ашиглаагүй” гэж нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар, хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийсэн. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/463 дугаар захирамж гарснаар хүчингүй болгосон тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.7-д заасны дагуу Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хугацааг 2014 оноос биш, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 2017 оноос тоолно.

7. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжтай маргаж байгаа бөгөөд 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахад газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газар зэмших эрхийн гэрчилгээг цуцлах нөхцөл байдал бүрдээгүй байсан. Гэтэл шүүх ямар үндэслэлээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хугацааг 2014 оноос тоолсон нь тодорхойгүй, Газрын тухай хуульд заасан тухайн газраа 2 жилээс дээш хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдал үүсээгүй болно.

8. Түүнчлэн Засаг дарга маргаан бүхий захирамжаа гаргахдаа 2017 онд сунгах ёсгүй байсан гэж үзээгүй, уг захирамж нь хууль бус байсан гэж үзэж өөрийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох агуулгаар захирамжийг гаргаагүй. Нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийг олж авч хадгалж байгаа үндэслэл нь 2017 оны захирамж бөгөөд тухайн захирамжийн дагуу гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу газрыг нэхэмжлэгч ашиглаж байсан болохыг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлээгүй бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “өмгөөлөгч авах эрхээр хангасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх хугацаанд өмгөөлөгч авах эрх нээлттэй байсан хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, нөгөө талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа нь нэхэмжлэгч байгууллагын хуульч” гэсэн нь дараах байдлаар хууль зөрчсөн. Шүүхээс нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй байж, эрхээр хангасан гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд өмнө нь гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасан байхад анхан шатны шүүх тус заалтыг зөрчиж, өмгөөлөгч авах эрх нээлттэй байсан гэжээ. Өмгөөлөгч авах гэдэг хэргийн оролцогчийн эрх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үед өмгөөлөгч авсан байх ёстой талаар хуульд үүрэгжүүлээгүй, мөн өмгөөлөгч авах хүсэлтийг заавал хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд шүүх хуралдаан дээр гаргах ёстой талаар хуульчлаагүй.

10. Гэтэл шүүх дээрх байдлаар үндэслэлгүй тайлбар хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдалтай холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-т заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “хүнийг ... нийгмийн гарал, байдал, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй” гэж заасныг шүүгч зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13.  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  А/572 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 40 дүгээр  зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2,  нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  “... эзэмшил ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээ олгосон, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “У х б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн; нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор “нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээ”-г тогтоосон, уг тогтоолын үйлчлэлд Сүхбаатар  дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 12604.1 га газар хамаарсан, нэхэмжлэгчээс “...газрыг төсөл хэрэгжүүлэх үндэслэлээ бүрдүүлэх хүрээнд эзэмшиж байгаа, ...газар доорхи байгууламж баригдсаны дараа ч газар, түүний гадарга нь цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр нийтийн ашиглалтад байна, .../энэ тохиолдолд/ газар зохион байгуулалтын төлөвлөгөө зөрчигдөхгүй, ...2 жил зориулалтын дагуу ашиглаагүй байх нөхцөл бүрдээгүй байсан, хууль зөрчсөн, ...маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг нийтийн  эдэлбэр болгон өөрчилж шүүхээр хамгаалуулахаар  зорьсон эрхийг зөрчсөн” гэх зэргээр маргажээ.

14. Анхан шатны шүүх “нийслэлийн Засаг даргын 2019 оны  А/572 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, уг захирамжийн  эрх зүйн зөрчилтэй  үндэслэлүүдэд  хууль зүйн дүгнэлт бүрэн  хийлгүй  “... хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нийцсэн, бодит нөхцөлд тохирсон”  гэх  дүгнэлт хийж, маргааны үйл баримтад холбогдуулан Газрын тухай хуулийн  өөр өөр хэм хэмжээ бүхий ялгаатай зүйл заалтын зохицуулалтыг зэрэгцүүлэн тайлбарлаж хэрэглэсэн нь буруу, энэ талаар  дүгнэж, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт болон баримталсан хуулийн зүйл, заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, анх нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/493 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар зочид буудлын урд талын Монгол-Туркийн найрамдалын цэцэрлэгт хүрээлэн бүхий 1,08 га газрыг хоёр этгээдийн нэр дээр буюу нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, У х б-нд “орчны тохижилттой олон давхар гараж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалт”-аар 5 жилийн хугацаагаар /төсөл хэрэгжүүлэх/ эзэмшүүлэх эрх олгосон; үүний дараа “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлсөн” гэдгээр тус газрыг нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн  А/208 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банкинд эзэмшүүлэх эрхийг 2 жилийн хугацаагаар баталгаажуулсан; мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн  гэрчилгээний хугацааг 15 жилээр  сунгаж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж,  2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 000321495 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон; нийслэлийн Газрын албаны 2018 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 01-06/4137 дугаар “мэдэгдэл”-ээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон талаар “У х б” ХХК-д мэдэгдэж, хариу ирүүлэхийг шаардсан, тус банкны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2/5020 дугаар албан бичгээр “...дизайн гаргах, архитектурын зураг төсөл хийх зэргээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна” гэх хариуг хүргүүлсэн ба үүнд холбогдох аливаа баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, уг үйл баримтуудтай хэргийн оролцогч маргаагүй байна.

16. Түүнчлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажсан нэгж талбарын 18643311679094  дугаартай 10800 м.кв газар нь Улаанбаатар зочид буудлын чанх урд байршилд бөгөөд ногоон зүлэг, мод, бут, сөөг, явган хүний зам, талбай, сандал, сүүдрэвч зэрэг бүхий амарч зугаалах орчинг бүрдүүлсэн, нийтээрээ ашигладаг газар болох нь тогтоогджээ.

17. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл журмыг, 61 дүгээр зүйлд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хууль бус шийдвэр, үйлдлийг хүчингүй болгох, таслан зогсоож шийдвэрлэх эрх хэмжээг тус тусад нь зохицуулсан, энэ тохиолдлын хувьд  нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий  2019 оны А/572 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэсэн  захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр  буюу “зөрчил”-ийн улмаас газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хариуцагч үгүйсгээгүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан “хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох зохицуулалт хэрэглэгдэхгүй, маргаан бүхий уг захиргааны актын үндэслэл зөрчилтэй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна.

18. Иймд, нийслэлийн Засаг даргын гаргасан 2019 оны  А/572  дугаар захирамжид, хоёр өөр бөгөөд нэг нэгийгээ үгүйсгэхүйц үндэслэл зааж    шийдвэрлэсэн  байхад  үүнийг анхан шатны шүүх дүгнээгүй нь буруу, энэ талаарх  давж заалдах  шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  зөв байна.

19. Нөгөө талаар, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар зочид буудлын урд талын Монгол-Туркийн найрамдалын цэцэрлэгт хүрээлэн бүхий 1,08 га  газрыг  анх хоёр этгээдийн нэр дээр буюу Улаанбаатар хотын банк, нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт “орчны тохижилттой олон давхар гараж бүхий цэцэрлэгт хүрээлэн”-гийн зориулалтаар 5 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр эзэмшүүлэх эрх олгосноос үзэхэд, уг төслийг хэрэгжүүлснээр маргаан бүхий газар нь  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2-т заасан “төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашигладаг нийтийн эдэлбэрийн газар”-ын  зориулалтаар ашиглагдах боломжгүй болох нөхцөл байдлыг хариуцагч нотлоогүй болно.

20. Түүнчлэн, нэхэмжлэгчид эзэмших эрх олгосон газар нь байршил, хэмжээгээрээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтын 7-д заасан “Улаанбаатар зочид буудал, МАХН-ын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай  /1,2 га газар/”-т  хамаарч буй  нь илэрхий  ба  шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр бататгасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан “...114 дүгээр  тогтоолд  дурдсан газарт нэхэмжлэгчийн маргаж буй газар багтаж байгаа нь тодорхойгүй, хэмжээний хувьд маргаан бүхий газраас зөрүүтэй, мөн цэгүүдийг тэмдэглээгүй  зэрэг нөхцөл байдал байсаар байхад шүүх нөхцөл байдлыг тодруулаагүй, ...дурдсан газар нь маргаан бүхий газар гэж үзэж шийдвэр гаргасан нь  ЗХШХШТХ-ийн 34.2, 34.3-ыг тус тус зөрчсөн” гэх гомдлын нэг дэх хэсгийг  хүлээж авах боломжгүй.

21. Мөн, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн  А/208 дугаар захирамжийн дагуух 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн 000305757 дугаар гэрчилгээний  2 жилийн хугацаа дуусгавар болсон, харин  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнээс тооцоход 2 жилийн хугацаа болоход 10 хоног дутуу байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон буруу хэдий ч үүгээр тус гэрээний хугацаанд ч, мөн газар эзэмших эрх үүссэнээс хойш 7 жил орчим болж байхад “төсөл”-өө хэрэгжүүлж эхлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

22. Түүнчлэн, нэхэмжлэлийг  шүүх  хүлээн авч  2019 оны 6  дугаар  сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нарын өмгөөлөгч авах эрхийг шүүх хязгаарлаагүй, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд Т.Б ирээгүй учраас нөгөө төлөөлөгч Б.А-аас хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг “өмгөөлөгч авах боломжтой байсан, энэ тухай өмнө нь хүсэлт гаргаагүй, хуулийн  мэргэжилтэй” зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн нь  анхан шатны шүүхийн  бүрэн эрхийн хүрээнд хамаарна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасан эрхийг хэрэгжүүлэх бололцоог нэхэмжлэгчид олгоогүй  гэж үзэхээргүй байна.

23. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны  шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр  сарын 29-ний өдрийн 559 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахад  улсын тэмдэгтийн хурааамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ