Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0326/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Мөөг Жигмэдийн Цоггэрэлд холбогдох эрүүгийн 1818006980404 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 4-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 23-р байрны 23 тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Б.Д маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн 23-р байрны 23 тоот өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Б.Д маргалдан, зодож эрүүл мэндэд “тархи доргилт, баруун тохой, баруун, зүүн алга, зүүн бугалганд цус хуралт, дал, баруун өвдөг, зүүн тавхай, хөлийн 4-р хурууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Ж.Ц өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 03-ны орой ажлынхантайгаа архи уугаад гэртээ очоод эхнэр Д маргалдаж гар луу нь цохиж, түлхэж байснаа санаж байгаа. Цааш нь юу болсныг санахгүй байгаа. Эхнэрээ зодсон нь миний буруу. Би архи уусан үедээ тасарчихдаг. Өөрөөр хэлбэл хийж буй үйлдлээ мэддэггүй гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Хохирогч Б.Д өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 04-ны шөнө унтаж байхад нөхөр Цоггэрэл 01 цаг болж байхад хаалгаа түлхүүрдэж орж ирсэн. Тэгээд унтах гээд хэвтсэнээ гэнэт чи муу янхан авгай энэ тэр гээд над руу дайраад байхаар нь "чи яагаад   худлаа яриад архи уучихаад ирж байгаа юм. Эгчтэйгээ явж хонь авчирна гэж хэлчихээд архи уугаад ороод ирэх юм"  гэхэд чиний яриа таалагдахгүй байна гээд миний толгой руу гараараа 1 удаа цохиод авахаар нь миний уур хүрээд нүүр рүү нь цохиод, түлхээд хэрэлдсэн.Тэгэхэд манай охин Үүрийнцолмон сэрээд уйлаад унтмаар байна аав унт гэхэд чи юу гээд байгаа юм гээд охиныг загнаад байсан. Тэгэхээр нь би чи ер нь согтуу орж ирчихээд унтуулахгүй амраахгүй яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэсэн чинь шууд босож ирээд миний толгой, гар, хөл рүү цохисон. Тэгээд би аргаа бараад цагдаа дуудсан. Бид хоёр албан ёсны гэр бүл бөгөөд 15 жил хамт амьдарсан дундаасаа 3 хүүхэдтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Цоггэрэл надаас уучлалт гуйсан дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн гэх мэдүүлэг /хх 7-9/,

 

            Гэрч Ө.М өгсөн: 5-6 жилийн өмнөөс Ц архи уугаад, агсам согтуу тавьж хэл амаар доромжлоод байна гэж Д ярьдаг байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд архи уух нь багасаж, зан ааш нь зөөлөрсөн гэж ярьдаг болсон. Яг миний хажууд Ц нь агсам согтуу тавьж байгаагүй. Урд өмнө нь зодож цохисон асуудлыг нь би мэдэхгүй. Харин сая 9 дүгээр сарын 03-ны шөнө зодуулсан гээд хоёр гарынхаа булчинг харуулсан. Тэр нь хөхөрчихсөн байсан. Өөр гэмтэл шарх харуулаагүй. Ц хардаад л архи уусан үедээ хэрүүл маргаан хийдэг. Эрүүлдээ ч хардаад байдаг юм. Д нь гадуур яваад гэр бүлээс гадуур харьцаа үүсгээд байдаггүй гэх мэдүүлэг /хх 10/,

     Гэрч Д.Ж өгсөн: Ц зан байдлын хувьд түргэн, огцом ууртай. Сүүлийн үед архи уусан үедээ огцом уурлаж элдэв буруу үйл хийгээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Яг миний хажууд ийм үйлдэл гаргаж байгаагүй. Сүүлийн үед энэ цагдаад шалгагдаж байгаа үйлдлээс нь сонсоход нөгөө огцом зан нь илэрч эхнэрээ цохисон юм шиг байсан. Маргааш нь хэсгийн цагдаа намайг дуудаж хэлсэн. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 914 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1. Б.Д биед тархи доргилт, баруун тохой, баруун, зүүн алга, зүүн бугалганд цус хуралт, дал, баруун өвдөг, зүүн тавхай, хөлийн 4-р хурууны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Уг цус хуралт, зулгаралтнь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.  2.Дээрхи цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 13/,

            Аюулын зэргийн үнэлгээ /хх 23-24/, Дархан сумын 13-р багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 28-37/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгоно гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Ц, хохирогч Б.Д нар нь 15 жил хамт амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл" гэж ойлгоно гэсэн бөгөөд,

 

Шүүгдэгч Ж.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шөнийн цагаар өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Б.Д маргалдан, зодож эрүүл мэндэд “тархи доргилт, баруун тохой, баруун, зүүн алга, зүүн бугалганд цус хуралт, дал, баруун өвдөг, зүүн тавхай, хөлийн 4-р хурууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 58-р хуудсанд авагдсан хохирогч Б.Д "Миний бие нь нөхөр Ц эвлэрэн хамт амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн гомдол саналгүй" гэх тайлбараар шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ж.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ж.Ц нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ц ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Ц 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ц оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ