Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/00119

 

 

 

...........-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01429 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........-ийн хариуцагч ..........- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нарандэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...........- нь ..........- ХХК-д 2017 оноос эхлэн сошиал медиа хариуцсан менежерийн албан тушаалд ажилласан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа авсан. Энэ хугацаанд хөлөө хугалж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан тул чөлөө авсан боловч онлайнаар зарим ажлаа хийж байсан. 2020 оны 10 дугаар сард хөл эдгэрч ажилдаа орох хүсэлтээ гаргасан. Гэтэл ажил олгогч ... ажлаас халсан, өөр ажилтан авсан... гэх хариу өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас дээрх асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс 2020 оны 12 дугаар сард дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түүнчлэн, ажил олгогчоос ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар удаа дараа лавласан боловч хариу өгөөгүй. 2021 оны 12 дугаар сард ажлаас халах тухай 01/02 дугаартай тушаалыг хүргүүлсэн. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасныг үндэслэл болгосон байсан. Хэрэв ажилтныг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж буй бол үүнийгээ нотлох буюу эрүүл мэндийн хувьд тухайн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг нь тогтоосон эмнэлэг болон хөдөлмөрийн магадлах комисс шийдвэр байх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т мөн дээрх хэм хэмжээг тусгахдаа ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол, 144.1 дэх хэсэгт Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй гэж заасан. ...........-ийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдоогүй. Иймд ...........-ийг ..........- ХХК-ийн сошиал менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...........- нь ..........- ХХК-д сошиал медиа хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сард ээлжийн амралт авсан. Энэ хугацаанд хөлөө хугалсан гэж 2 удаа эмнэлгийн магадлагаа өгсөн. Эмнэлгийн магадлагааны хугацаа дууссан буюу 2020 оны 08 дугаар сарын 27-31-ны өдрүүдэд эмнэлгийн магадлагаа өгөөгүй.

...........- 2020 оны 09 дүгээр сарын дунд хүртэл эмнэлгийн магадлагаа болон албан ёсны чөлөө авах хүсэлт гаргаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 удаа эмнэлгийн магадлагаа өгсөн. Түүнээс чөлөө аваагүй. Ажил олгогчийн зүгээс ............-ийг онлайнаар ажиллах үүрэг өгсөн боловч цаг хугацаанд нь биелүүлээгүй. ............- 2020 оны 10 дугаар сард ажлын 1 хоног, 11 дүгээр сард ажлын 21 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, нийт ажлын 44 хоног ажил тасалсан. ...........-ийн албан тушаалд өөр ажилтан аваагүй. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасныг үндэслэн ...........-ийг ажлаас халсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ..........- ХХК-д холбогдох сошиал медиа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11,921,858 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Ажил олгогч маргаан болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан (1999) оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл ...........- мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй. Эрүүл мэндийн хувьд тодорхой хугацаанд ажилдаа ирэх боломжгүй байхад ажилтныг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй ажлаас чөлөөлсөн.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 80 дугаар зүйлийн 80.1.3-т мөн дээрх хэм хэмжээг тусгахдаа ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол, 144.1 дэх хэсэгт "Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүрэгтэй гэж зохицуулсан.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх .............- ХХК-ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар тушаалаар ...........-ийг ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг 2021 оны 12 дугаар сард хүргүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ ...........- тайлбарлаж байх бөгөөд шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхийн хуульд заасан хугацаа дууссан байна. Өөрөөр хэлбэл, ...........- хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тушаалыг 12 сард хүлээн авсан байх тул 2022 оны оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэх боловч хэрэгжүүлээгүй, мөн шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн эсэх, өгсөн бол тухайн нотлох баримт нь хариуцагчийн гаргаж буй татгалзал, тайлбар, үйл баримтыг хангалттай нотолж байгаа эсэхийг дүгнэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэж үзсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хугацаа сэргээгдэж, давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож, шүүхийн шийдвэртэй танилцсан. Гэтэл ямар шалтгаанаар 2022 оны 10 дугаар сард хугацааг сэргээсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд өвчтэй байсан гэж дурдагдсан боловч 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж амралтаа авч, 08 дугаар сарын 16-ны өдөр орох байсан боловч ирээгүй. Чөлөөний хуудас 2 удаа өгч, 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эмнэлгийн магадлагаагаар нотлогдож, тухайн хугацаанаас хойш он гартал ажилдаа ирээгүй. Цахим сүлжээгээр ажил гүйцэтгүүлэхээр даалгавар өгсөн боловч удаа дараа биелүүлээгүй бөгөөд ажилдаа ирээгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирлын тушаалаар ажлаас халсан. Манай зүгээс ажлын байраа орхиж явсан, мөн өөрөө өвчтэй гэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилдаа тэнцэхгүй байна гэх үндэслэлээр тушаалыг гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай (1999) оны хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

1. Нэхэмжлэгч ...........- нь хариуцагч ..........- ХХК-д холбогдуулан тус компанийн сошиал медиа хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.1. ...........- нь ..........- ХХК-д 2017 оноос эхлэн сошиал медиа хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байгаад тус компанийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна. (хх-ийн 5) 

Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Ажилтан ...........- ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн дээрх тушаалыг ... 2021 оны 12 дугаар сард хүргүүлсэн... гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймд нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн бол ажил олгогчийн шийдвэрийг авсан 2021 оны 12 дугаар сараас хойш 2022 оны 01 дүгээр сард багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах байтал мөн оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан хуульд заасан хугацааг 19 хоногоор хэтрүүлжээ. (хх-ийн 2) 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй эсхүл уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар баримтаар нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно. Иймд нэхэмжлэгчийн дээрх хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана... гэж байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх гомдол үндэслэлгүй.  

2. Нэхэмжлэгч ...........- шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд тусгайлан заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шүүх ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.  

3. Талууд ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар тушаалын талаар маргаж байгаа тул Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулиар зохицуулагдана. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ...........- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ