Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0309/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Б.Ихтамир, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Т.Бор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хангайтан Батжаргалын Баасанжавт холбогдох эрүүгийн 1818004070289 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанд иргэн Т.М ууж байгаа архинаас нэхэж, хэрүүл маргаан үүсгэлээ хэмээн эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, цоорол, баруун чихний дээд дэлбэн, хамар, нурууны зулгаралт, зүүн гуяны цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Б.Б өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 18-ний орой 18 цагаас Шунхлай шатахуун түгээх станцын салбар дээр ажилд гарч үүрэг гүйцэтгэсэн. Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө ажлаасаа буусан. Тэгээд гэр лүүгээ явах гээд Тосгон явдаг таксины буудал дээр ганцаараа алхаж явахад найз О, Б нартай таарсан. Тухайн үед манай найз О, Б нар халамцуу явж таарсан. Тэгээд ганц шил архи уумаар байна гэхээр нь халаасандаа байсан 10 000 төгрөгөө гаргаж өгсөн. Б яваад нэг шил архи, хиам, талх, чанасан өндөг аваад ирсэн. Бид гурав зам дагаж алхсаар байгаад МСҮТ-ийн дотуур байр, хичээлийн байр хоёрын голоор ороод ертөнцийн зүгээр зүүн тийшээ гарсан. Тэгэхэд байрны голын харалдаа зүүн талын цахилгааны шонгийн цементэн хөлнүүд байсан. Бид гурав тэр хөлнүүд дээр суугаад дэлгүүрээс авсан зүйлүүдээ идээд сууж байсан. Тэгэхэд талийгаач ертөнцийн зүгээр зүүн талаас явган хүний хаалгаар ороод бид гурав дээр хүрээд ирсэн. Талийгаач бид гурав дээр согтуу ирээд банди нараа архинаасаа нэг хийгээд өгчих гэж хэлсэн. Би талийгаачийг хоёр найзтайгаа хэрэлдэж маргалдах байх гэж бодоод талийгаачийг миний найз хүмүүстэй маргалдах гээд байх юм цаашаа явчих гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач над руу гарын салаавч гаргаад та нар намайг амжихгүй шүү гээд агсам тавиад байсан. Би талийгаачийг найз нараасаа холдуулаад сууж байсан газраасаа холдуулах санаатай бетон шонгоос баруун тийшээ аваад явсан. Тэгэхэд талийгаач над руу чи муу одоо хэн бэ гээд дайраад байсан. Талийгаач над руу гарын салаавч гаргаад ам руу хийгээд чамайг ингээд байвал яах уу одоо чи муу яах юм гээд байхаар нь гэнэт миний уур хүрээд талийгаачийн цээжин хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би өөрийнхөө өшиглөсөн хүчиндээ хойшоо саваад унасан. Харин талийгаач газарт зэрэгцээд унасан. Талийгаач надаас түрүүлж газраас босоод хоёр байрны голоор гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ авто машины зам талаар банди нарыг яахыг чинь харна аа гэж хэлээд гүйгээд явчихсан. Хохирогчийн ар гэрт 8 200 000 төгрөг өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Бусадтай зодоон цохион болох вий гэж болгоомжилсноос ийм асуудал боллоо. Талийгаачийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг аль болох өгөхийг эрмэлзэж байсан. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөөч гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим гэртээ ганцаараа байхад гаднаас талийгаач ганцаараа нэлээд согтуу орж ирсэн. Намайг О найз нь хөлөөрөө хэвлий рүү өшиглөсөн гэж хэлсэн. Намайг өвчин намдаах эм авч ирээд өгөөч гэж хэлсэн. Би гэрээсээ гараад эмийн сан орж өвчин намдаах деклодик 100 авчирсан. Талийгаачид нэг ширхгийг өгсөн. Тэгэхэд талийгаач жаахан байж байгаад зүгээр болохгүй байна. Миний хэвлийгээр өвдөөд байна гээд байхаар нь дахин нэг ширхэг эм өгсөн. Тэгж орон дээр хэвтэж байгаад талийгаач маань унтаад өгсөн. Талийгаач орой 21 цагийн орчим сэрээд миний хэвлийгээр өвдөөд зүгээр болохгүй байна гэж хэлсэн. Би дахин нэг ширхэг эм өгөхөд талийгаач өвдөөд байна гэхээр эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирэхгүй удаад дуудлага ихтэй байна гэхээр нь би өөрийн дүү Дөлгөөнийг дуудаад эмнэлэгт хүргэсэн. Тэгэхэд эмч талийгаачийг үзээд эхоны эмчийг дуудаад хэвлийг нь харуулсан. Тэгэхэд эмч талийгаачид та амь насны заалтаар хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгээд одоо уулзах хүмүүсээ дуудаарай гэж хэлсэн. Би талийгаачийн Улаанбаатар хотод байдаг дүү Б руу утсаар яриад ах чинь хүнд хагалгаанд орох гэж байна. Уулзах хүн байвал хурдан уулзуул гэж байна. Та нар одоо наашаа гар гэж хэлсэн. Би эмчид нь нөхрийн маань ах, дүү нар Улаанбаатар хотод байдаг ирж амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийг маань хагалгаанд авч орсон. Бид нарт эмч хагалгаа амжилттай болсон. Таны нөхрийн нарийн гэдэс их том задарсан байна харин бусад эрхтэн нь зүгээр байна гэж хэлсэн. Бид нарт тэгэхдээ тийм их найдаад хэрэггүй шүү гэж хэлсэн. Бид нарт эмч 3 хоногийн дараа дахин хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань эмнэлэгт хоёр хоноод нас барсан. Оршуулгын зардлын нэхэмжлэлээ авсан. Талийгаачийн нэр дээр 1 940 000 төгрөгийн зээл байдаг. Түүнийхээ 50 хувийг ч болтугай төлүүлмээр байна гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Хохирогч Т.М 2018.5.19-ний өдөр гэрчээр өгсөн: Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим хуучин Дарханаас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойд талын шатан дээр хадам ах У хамт нэг шил архи хувааж уусан. Тэгээд би хадам ахыгаа ганцааранг нь гэр лүү нь явуулсан. Хадам ах бид хоёрын архи ууж байсан газрын ойролцоо манай найз О үл таних хоёр найзтайгаа хамт архи уугаад сууж байсан. Тэгээд би О өөдөөс ганцаараа алхаад очсон чинь О хамт байсан үл таних хоёр залуугийн нэг залуу н миний өөдөөс гүйж ирээд хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газар унаж босож ирээд гэр рүүгээ явсан. Яагаад намайг өшиглөснийг мэдэхгүй байна шууд гүйж ирээд л өшиглөчихсөн гэх мэдүүлэг /хх 57-58/,

 

            Гэрч Д.О өгсөн: Би Б, Б нарын хамт архи уугаад сууж байхад талийгаач намайг таниад хүрээд ирсэн. Бид гурав дээр талийгаач ирээд Б архи тойруулаад сууж байхад талийгаач ирээд банди нараа нэг архи хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Б би чамд архи өгмөөргүй байна гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач гарын салаавч гаргаад Б руу банди минь чи амжихгүй шүү гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Б уурлаад талийгаачийг чи яв гээд гараараа түлхээд явуулсан. Бид нарын сууж байсан урт бетоны хажууд байсан модны цаагуур яваад орсон. Харин Б бид хоёр газар дээрээ суугаад үлдсэн. Тэгэхэд тэр хоёр модны цаагуур орчихоод чанга чанга яриад маргалдаад байх шиг байсан. Тэгээд удаагүй Б хүрч ирээд саяны залууг яв гээд гэр лүү нь хөөгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед маргалдаж байгаад нэг удаа цохих чимээ гарсан. Би гараараа юу хөлөөрөө юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Тэр хоёр тэгж их удаан маргаагүй. Тэр үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд Б бид хоёр дээр ирэхэд талийгаач та нарыг харнаа гээд согтуу орилоод яваад өгсөн. Би модны ард сууж байсан болохоор хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 59, 60/,

 

            Гэрч М.Б өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр найз Б хамт найз О нь аваад бид гурав МСҮт-н төвийн ард талд 2 шил архи хувааж уусан. Ингээд бид гурвыг 2 дахь архиа хуваагаад уугаад байж байхад О таньдаг гэх үл таних нэг согтуу залуу бид нарын хажууд ирж суучихаад Б маргалдах гээд байх шиг байсан. Тэгээд Б тухайн залууг түлхээд хөөгөөд явуулсан. Харин би Б тухайн залууг цохиж зодсоныг нь огт хараагүй. Тэгээд бид гурав 2 шил архиа тэндээ хувааж уучихаад салсан гэх мэдүүлэг /хх 61/,

 

            Гэрч А.О өгсөн: Намайг 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө гэртээ хүүхдүүдийн хамт байхад нөхөр маань ажил дээрээ хонож ажиллаад өглөө 10 цаг гээд ирэх ёстой байсан. 14 цагийн орчим согтуу ирсэн. Би хаана хэнтэй архи уусан талаар асуухад Бямбасүрэнтэй архи уусан гэж хэлсэн. Тэгээд орой болоод унтаж байхад нь шөнө хоёр цагдаа ирээд Б аваад явсан. Би маргааш өглөө нь хадам ээж М-д Б шөнө хоёр цагдаа ирээд аваад явсан талаар хэлсэн. Тэгээд байж байхад хадам ээж над руу утсаар яриад ажлаасаа буусан өдрөө хоёр найзтайгаа архи уух гээд сууж байхад нэг залуу ирээд маргалдаж байгаад нөгөө согтуу ирсэн залууг нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн гэнэ. Тэр өшиглөсөн хүн нь эмнэлэгт сэхээний тасагт бие нь маш муу байна гэж хэлсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 62/,

 

            Гэрч Х.У өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг гээд гэрээсээ гараад Залуучуудын 1-р гудамжинд “Мөнх” хүнсний дэлгүүрийн шатыг цементлээд янзлаад сууж байсан. Тэгэхэд хүргэн М ганцаараа над дээр эрүүл гэрээсээ ирлээ гээд хүрээд ирсэн. Би ажиллаж байсан “Мөнх” хүнсний дэлгүүрээс ажлын хөлсөнд суутгаад нэг шил 0,5 л архи аваад хамт 2-р техник мэргэжлийн сургуулийн ард хувааж уусан. Бид хоёр архи уугаад дуусаад удаагүй байхад сургуулийн дотуур байрны хойгуур ертөнцийн зүгээр зүүн талаар 3 залуу гараад ирсэн. Тэгэхэд талийгаач намайг та гэр лүүгээ явж бай гэж хэлсэн. Талийгаачаас хаашаа явах гэж байгаа юм гэхэд тэр 3 залуугийн нэг залуу нь надтай хамт ажилладаг залуу байна гэж хэлээд 3 залуугийн зүгт ганцаараа яваад өгсөн. Би гэр рүүгээ ганцаараа явсан. Би гэртээ ороод унтаж байгаад гэрээсээ гараад дэлгүүр орж 200 гр нэг шил архи авч уугаад гадуур явж байгаад эргээд гэртээ орой орж ирэхэд талийгаачийн бие нь өвдөөд байна гээд хэвлийгээ гараараа дараад хэвтэж байсан. Би талийгаачаас хүнтэй маргалдсан юм уу гэхэд талийгаач танаас салаад очсон 3 залуугийн 1 нь миний хамт ажилладаг О байсан. Намайг О хамт явж байсан залуу хэвлий хэсэг рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд өвдөөд байна гээд байхаар нь дүү Энх-Амгалан эмнэлгийн байгууллагад талийгаачийг өвдөөд байгаа талаар дуудлага өгсөн. Удаагүй дүү маань эгч С хүү Д машинтай хүрээд ир гэж хэлээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд талийгаач маргааш нь хагалгаад ороод эмнэлэгт 2 хоноод нас барсан гэх мэдүүлэг /хх 63/,

 

            Гэрч Б.Д өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим ажлаасаа буугаад гэртээ байж байхад эгч Э өөрийн дугаараас залгаад нөхөр М өдөр хүнд  хэвлий рүүгээ өшиглүүлсэн гээд хэвлийгээр нь өвдөөд байна. Би эм өгсөн боловч зүгээр  болохгүй байна гээд хурдан хүрээд ир эмнэлэгт хүргүүлмээр байна гэж хэлсэн. Би өөрийн сонота-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа эгчийн гэрт яваад очсон. Тэгээд М ахын гэрт ороход М ах өөрийн орны урд талын сандал дээр нэлээд зовиуртай хэвлийгээ гараараа дараад сууж байсан. М ахын цаана ах У орон дээр сууж байсан. Харин эгч Э эмнэлэг явах бэлтгэлээ хийгээд зогсож байсан. Тэгээд намайг гэрт ороод ирэхэд М ах өөдөөс босож ирээд нэлээд зовиуртай тонгойгоод гэрээсээ эхнэрийн хамт миний машинд суугаад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн. Тэгээд эгч талийгаачийг авч яваад эхоны эмч нарт үзүүлээд явж байсан. Надад талийгаач хэнд зодуулсан талаараа ерөөсөө яриагүй. Талийгаач ах маань бие нь өвдөөд нэлээд зовиуртай байсан гэх мэдүүлэг /хх 65/,

 

     Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Талийгаач нь нарийн гэдэсний урагдал, цоорол, хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвслийн улмаас ерөнхий хордлогоор нас баржээ.

2.Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, цоорол, баруун чихний дээд дэлбэн, хамрын нурууны зулгаралт, зүүн гуяны цус хуралт, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Талийгаачийн биед элэг өөхлөлт, гол судас, бөөр, зүрхний артериол, судасны хатуурал, ходоод, бөөрний архаг үрэвсэлт өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй байна.

4.Талийгаач нь О I-р бүлгийн цустай байна.

5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэвлийн тус газар хүчтэй өшиглөх үед үүсгэгдэх боломжтой.

6.Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй./эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн/

7.Т.М биед тавьсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, сэхээний тасгийн 3261 тоот өвчний түүхийн үндсэн оношинд тусгагдсан “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл” гэх онош тавигдсан бөгөөд тавьсан онош, хийгдсэн эмчилгээ нь зөв болно гэжээ /хх 70-72/,

 

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 124-126/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь ууж байгаа архинаас нэхэж, хэрүүл маргаан үүсгэлээ хэмээн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.М хэвлийн тус газар өшиглөсөн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.М үйл явдал болсны маргааш буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан "нарийн гэдэсний урагдал, цоорол" бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл нь дээрх болсон үйл явдалтай цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой уг гэмтлийн улмаас хохирогч "хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвслийн улмаас ерөнхий хордлогоор нас барсан" болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7 300 000 хохирол төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан шүүгдэгчээс 970 000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 хоногийн завсарлага авсан байна.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 8 200 000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд ирүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э ирүүлсэн “миний бие өөрт учирсан хохиролд оршуулгын зардалд 8 200 000 төгрөг авсан. Цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлтээр шүүгдэгч Б.Баасанжавыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд 2017 оны 4 дүгээр сарын 08-ны орой согтуурсан үедээ бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэн, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 130-132/ тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Б нь өмнөх гэмт хэргийн тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан" Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасан байх тул шүүгдэгч Б.Баасанжавын шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт 1 жил хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ялын төрөл байхгүй тул тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж,

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэгт дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8 200 000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх бөгөөд хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүй, түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч,

 шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдралын хувьд үл хөдлөх эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй /154-156/, 2-17 насны гурван хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй, шүүгдэгч хэрэгт татагдахын өмнө шатахуун түгээх станцад түгээгч ажил эрхэлж сард 261 220 - 666 160 төгрөгийн цалин авч байсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнээс шүүгдэгчийн амьдралын түвшин сайн биш болох нь харагдаж байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчид 8 200 000 төгрөг төлсөн нь хохирогчийн ар гэрт боломжийн хэрээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

            5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ

 

                  ШҮҮГЧИД                         Б.ИХТАМИР

                 

                                                             Г.ГЭРЭЛТ-ОД