| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0340/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\367 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018\ШЦТ\367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0340/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Э.Д,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Октябрьням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Иргэд******* холбогдох эрүүгийн 1818001220246 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Ноён хонгор” гэх газраас иргэн Э.Д 5 000 000 төгрөгийн үнэ бүхий хүрэн халзан зүсмийн азарга, Н.Т 800 000 төгрөгийн үнэ бүхий хүрэн морийг бэлчээрээс нь хулгайлж нийт 5 800 000 /таван сая найман зуун мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Өсвөр насны шүүгдэгч П.Б өгсөн: 2018.02.08-ны орой Энхбаярын хамт түүний танил Гүндалай гэх хүний машинтай Ноён хонгор ороод бэлчээрт явж байсан адууг өвөлжөө рүү тууж очоод хүрэн халзан азарга, хар хүрэн морийг барьж аваад ******* явуулсан. Э бид хоёр морийг нэг нэгээр нь унаад Дархан сум руу орж ирээд Э урьд нь мал маллаж байсан Зоригоо ахаасаа мах авдаг хүний дугаарыг олоод тэр хүн рүү нь ярьсан чинь Т гэж хүн байсан. Тэр хүнтэй ногоон зоорины тэнд 9-р худаг орчим уулзаад 2 адуугаа нийлүүлж 800 000 төгрөгөнд өгөхөөр тохирч 650 000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр орой нь Г ахыг гар утсаар нь дуудаж байгаад 50 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь Э бид хоёр хувааж авсан. Би 250 000 төгрөгийг ээж рүүгээ явуулсан. Тэгээд тэр орой Энхбаяр бид хоёр Орхон аймаг руу вагонаар явсан. Тэнд Э найзтай уулзсан нэрийг нь санахгүй байна. Маргааш нь вагонаар буцаад Дархандаа ирсэн. Бид хоёрыг Орхон аймагт явж байхад морь худалдаж авсан Т гэж эгчээс танихгүй хүнийг гуйж байгаад дансанд 100 000 төгрөг шилжүүлж авсан. Тэр мөнгө Эрдэнэтэд үрсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Д өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө манай адуунаас 2 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Манай адууг Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Ноёнхонгор гэх газарт ******* гэж хүн малладаг юм. 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим адуугаа тоолж үзэхэд бүрэн байсан. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим тоолоход хүрэн халзан азарга болон хүрэн морь алга болсон байсан. Хүрэн халзан азарга нь миний өөрийн азарга байсан бөгөөд би 2013 онд 5 000 000 төгрөгөөр Улсын алдарт уяач******* гэж хүнээс худалдаж авч байсан. Харин хүрэн морь нь манай адуунд байдаг Т гэж хүний морь байсан. Би тухайн үед энэ азаргыг худалдаж авахдаа бэлэн 2 500 000 төгрөгийг өгөөд үлдсэн 2 500 000 төгрөгөнд нь хивэг бодож өгсөн. 2 500 000 төгрөгийг бэлнээр нь өгсөн банкны баримт бол байхгүй харин бэлэн мөнгө гаргасан зарлагын баримт байгаа. Шүүгдэгч нараас нийт 1 сая төгрөг авсан. Миний азарга гэдгийг мэдсээр байж аваагүй. Амьдралын боломж муугаас санамсаргүйгээр авсан. Үлдэх хохирлоосоо татгалзаж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Н.Т өгсөн: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Ноёнхонгор гэх газар нутагладаг Б гэх залууд миний эзэмшлийн 2 морь байдаг. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 08-ны шөнө миний нэг морь тэр айлын нэг азаргатай хамт хулгайд алдагдсан талаар нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө надад утсаар хэлсэн. Тэгтэл харин сүүлд цагдаа нар хулгай хийсэн хүмүүсийг олсон байна гэж сонссон гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч Р.Г өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эхэлж яваад адууг нь олоогүй. Маргааш нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бас дахин явсан. Би Э ээжийг нь таньдаг Э надаас дахин дахин гуйгаад байсан юм. Э хэлэхдээ бид хоёр хүний адуу харах гээд байгаа юмаа эзэн нь Улаанбаатар хот руу явсан харж байгаарай гэсэн юм танд бензиний мөнгийг нь өгнө бид хоёрыг тэр адуун дээр хүргээд л өгчих бид хоёр тэндээ үлдэнэ гээд байсан. Тэгэхээр нь хүний адуу харж өгөх гэж байгаа юм байна гэж бодоод хүргэж өгсөн. Би тэр хоёрыг адуу зарж борлуулсан талаар нь мэдээгүй надад бензиний мөнгө гээд өгөхөөр нь би тэр 30 000 төгрөгийг нь авсан. Эхний өдөр яваад адууг нь олоогүй. Тэгээд маргааш нь дахин залгаад адууг нь олохгүй бол болохгүй байна адууны эзэн нь адуу харж байгаарай гээд утсаар яриад байна та адуун дээр хүргээд өгөөч бензин хийж өгье адуу нь алга болох гээд байна гээд байхаар нь маргааш нь дахин хүргэж өгөөд адууг нь олоод энэ адуу гээд хүргэж өгсөн юм. Би тэр хоёрыг морь хулгайлж байна гэж огт мэдээгүй гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Б.Т өгсөн: Би нөхөр болох Ц.Д 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт явж байтал 86***288 дугаарын утаснаас өөрийгөө Улаанаа гэж танилцуулсан хүн залгаад 2 адуу авах уу гэж хэлэхээр нь ханш тохирвол авна гэсэн. 2018 оны 2 дугаар сарын 08-ны орой гэртээ ирэх гээд явж байхад нөгөө дугаараас залгаад Дархан ороод ирчихсэн байна гэхээр нь гэрээ зааж өгсөн.Толгойтын 9-р худагны тэнд байж бай гэж хэлчихээд яваад очиход 17-18 насны 2 залуу 2 морь эмээлгүй унаад ирчихсэн байсан. Хазаартай байсан. Огт танихгүй 2 залуу байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас ирсэн гэж байсан. Худалдаж авсан морь нь хүрэн зүсмийн магнай дээрээ нарийн цагаан зураастай, дэлтэй азарга байсан. Тамга нь харагдаагүй. Нөгөөх нь хар хул зүсмийн морь тамга нь мэдэгдэхгүй байсан. Тарга хүчний хувьд туранхай байсан бөгөөд өчигдөр нядлаад зах руу оруулаад махыг нь Дэгжих гал хиамны цехэд 1 кг-г 3800 төгрөгөөр зарсан. Тэр 2 залуу хэлэхдээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Х гэж хүний адуу гэж хэлсэн. Би 750 000 төгрөгөөр авсан. 650 000 төгрөгийг бэлнээр өгөөд 100 000 төгрөгийг 509075011 дугаарын данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх 29-30/,
Гэрч Ц.Д өгсөн: Би Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу мал авах гэж яваад 4 хоноод буцаад Орхон аймагт явж байхад манай эхнэрийн хамаатны залуу З эхнэр Т руу залгаад манайд малчин хийж байсан залуу адуу зарна гэнэ та авах юм уу гээд яриад байсан. Тухайн үед би согтуу байсан учраас юу ярьж байгааг нь ойлгоогүй. Тэгээд гэртээ 19 цагийн үед ирээд байж байхад утсаар ярьсан залуу гэрийн доор байдаг 9-р худаг дээр ирсэн байна гээд залгасан. Яваад очиход 2 залуу нэг нэгээр нь уначихсан байж байсан. Би очоод дагуулаад хашаа руугаа авч орсон. Тэгээд нэг өдөр гэртээ өнжөөгөөд бямба гарагийн өглөө зах руу оруулж бүртгүүлэхэд туранхай байсан учир авах хүн олдохгүй байхаар нь Дэгжих гал хиамны цехэд оруулсан гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч Б.У өгсөн: Би модны захын хойд талд Г ахын ажиллуулдаг түүхий эд авах цэгт жолооч, ачигч хийдэг. Манай ажил малын гаралтай бүх төрлийн түүхий эд авдаг юм. Өчигдөр өглөө 09 цагийн үед захын урд талын хаалган дээр малын түүхий эд аваад зогсож байтал махны ченж хийдэг эхнэр нөхөр хоёр болох Д, Т хоёр цагаан өнгийн Портер машинтайгаа гаднаас захруу орох үедээ надад Г бичүүлчихээрэй гээд хоёр ширхэг адууны нойтон арьс буулгаж өгчихөөд яваад өгсөн. Бичүүлчихээрэй гэдэг нь Гончиг ахад өртэй юм шиг байна лээ. Тэгээд өрнөөсөө суутгаад бичээрэй гэсэн байх. Тэр хоёр адууны арьс нь нэг нь маш их дэл ихтэй, азарга байж болохоор хар хул гэж хэлэх юмуу, би сайн зүсэлж мэдэхгүй байна, тиймэрхүү зүстэй, тамгыг нь анзаараагүй, нөгөөх нь хүрэн өнгөтэй, нөгөөхөө бодвол дэл багатай, тамгыг нь анзаараагүй адууны арьс байсан. Тэгээд би авсан. Аваад Гтооцоогоо хийх үедээ би хэлсэн. Тэр хоёр адууны арьс нойтон байсан гэх мэдүүлэг /хх-32/,
Гэрч Б.Ба өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой манай адуу бүрэн байсан. 02 дугаар сарын 09-ний өглөө адуугаа тоолсон чинь манай адуунаас хоёр адуу дутсан нэг нь Д гэж хүний хүрэн халзан азарга нөгөө нь Т гэж хүний хүрэн морь хоёр алга болсон байсан. Би энэ Д гэж хүний адууг өөрийн адуутайгаа нийлүүлж малладаг юм. Т гэж хүний 2 морь манай адуунд байдаг юм. Нэг адуу нь алга болсон байхаар нь би тэр хоёрт гар утасаар адуу нь алга болсон талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх 33/,
Гэрч Н.З өгсөн: Би тэд нарыг адуу хулгайлсан талаар огт мэдэхгүй. Сүүлд нь харин Туяа эгч 2 залуу адуу зараад тэр адуу нь хулгайн адуу байсан талаар хэлсэн. Би тухайн үед гэртээ байгаагүй манай эхнэр Н руу Э залгаж адуу зарах гэсэн юм. Махны ченж байна уу гэхэд нь Т эгчийн дугаарыг өгсөн юм билээ. Түүнээс биш хулгайн адуу зарах гэсэн юм хаана зарах вэ гэж надаас болон манай эхнэрээс асуусан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 34/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/, “Капитал Зууч” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх 45-46/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч П.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан "бусадтай бүлэглэн бусдын мал хулгайлах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь У.Э бүлэглэн бусдын 2 тооны адууг хулгайлсан байх бөгөөд прокурорын шатанд яллагдагч У.Э холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ У.Э нь ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь У.Э хохирлоос чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул түүний хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч П.О ногдох хохирлыг тооцож гаргуулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д 5 000 000 төгрөгийн, хохирогч Н.Т 800 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож үүнээс өсвөр насны шүүгдэгч П.Б, иргэний хариуцагч П.О нар нь хохирогч Э.Д тус бүр 500 000 төгрөг, хохирогч Н.Т тус бүр 100 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 161, 162-р хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Хохирогч Э.Д нь үлдэх хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, хохирогч Н.Т хохирлоос нөхөн төлөөгүй 600 000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч П.О, Б.Октябрьням нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Н.Т олгох нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд өсвөр насны шүүгдэгч П.Б нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 79/ тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн үүргэвчтэй өмд, хар өнгийн тэлээ, 4 ширхэг түлхүүр, хар цүнх зэргийг өсвөр насны шүүгдэгч П.Б буцаан олгож, хөх өнгийн комбинзон, цэнхэр хар судалтай тэлээ, хазаар 2 ширхэг, ногт 1 ширхэг, 6 метр 30 см урттай сур зэргийг устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлэхийг даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б хууль ёсны төлөөлөгч Б.О 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, иргэний хариуцагч П.О 300 000 /гурван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж Н.Т олгосугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн үүргэвчтэй өмд, хар өнгийн тэлээ, 4 ширхэг түлхүүр, хар цүнх зэргийг өсвөр насны шүүгдэгч П.Б буцаан олгож, хөх өнгийн комбинзон, цэнхэр хар судалтай тэлээ, хазаар 2 ширхэг, ногт 1 ширхэг, 6 метр 30 см урттай сур зэргийг устгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч П.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ