Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0341/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тд холбогдох эрүүгийн 1818005040354 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Л.Т нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хайрхан Тоб” ХХК-ны хүдэр баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн дадлага хийж байсан “Дархан-Өргөө” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр дамжааны суралцагч 17 настай Т.Б нь гагнуурын ажил гүйцэтгэж байхдаа 4 метрийн өндрөөс унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Л.Т шүүх хуралдаанд өгсөн: Би ХЭТОЖ ХХК-ны захирал бөгөөд Дархан Уул аймагт Хүдэр баяжуулах үйлдвэр ажиллуулдаг Хайрхан тоб ХХК-ны захирал О гэж хүнтэй ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 4-р сарын 30-ны өдөр байгуулж тухайн үйлдвэрт нь манай компани ажил гүйцэтгэж байсан. Энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр найз Ч.Б гэх хүнийг үйлдвэр дээр нь цэвэрлэгээний ажил хийгээч гэхэд манай найз Ч.Б урьд нь цэвэрлэгээний ажил хийж байсан хүмүүсийг дагуулж ажиллуулсан байсан. Тэр өдөр нь одоо манай компанид ажиллаж байгаа Төгсжаргал гэж хүн өөрийн хүү Т.Б дагуулж очсон юм билээ. Тэгсэн тэр хүүхдийг нь манай найз гагнуурын ажил хийлгэхэд тухайн хүүхэд нь хүдэр баяжуулах үйлдвэрт байшингийн хана тоног төхөөрөмж хоёрын хооронд төмөр трубо гагнах ажил хийлгэхэд нөгөө хүүхэд нь гагнуур хийж байгаад унасан байсан. Энэ талаар Ч.Б надад утсаар тухайн өдөр нь мэдэгдсэн. Манай ХЭТОЖ ХХК нь Хайрхан ТОБ ХХК-тай байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээгээр манай компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг өөрсдөө бүрэн хариуцна бүх шатны зааварчилгаагаар бүрэн хангаж, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гээд заасан болохоор би өөрөө буруудаж байгаагаа ойлгож байна. Одоо би Т.Б хууль ёсны төлөөлөгч Л.Т харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

            Насанд хүрээгүй хохирогч Т.Б өгсөн: Би 2018.6.13, 14-ний өдрүүдэд тухайн үйлдвэрийн гагнуурчныг яаж гагнуур хийж байгааг харж судлаад явж байсан. Харин 2018 оны 6-р сарын 18-ны өдөр намайг аавтайгаа тухайн үйлдвэрт очиход гагнуурчин нь байхгүй байсан бөгөөд тухайн үйлдвэрийн дарга Б гэх ах урьд нь хэдэн өдөр гагнуур хийж байсан юм чинь урт хөндлөвч гагнаад өг гэхээр нь гайгүй чадах юм шиг санагдаад тухайн хөндлөвч болох урт төмрийг гагнахаар болж үйлдвэрийн сендвичин барилгын си төмөр гэх төмөр дээр гарч тухайн си төмрийн хошууны ирмэгтэй баганыг 4 метртэй холбохоор гагнуур хийж эхэлсэн. Ингээд нөгөө бэхэлгээ төмрийг гагнаж тогтоочихоод гагнуур хийдэг гагнуурын гарыг нөгөө гартаа шилжүүлэх санаатай гагнуур хийж торгоосон бэхэлгээ төмөр дээрээ дарахад торгоосон гагнаас нь салаад би өндрөөс унаж миний зүүн хөлийн шилбэ хугарсан  гэх мэдүүлэг /хх 18/,

            Гэрч Л.Т өгсөн: Би 2018.6.06-ны өдөр манай эхнэрийн дүү надад хүдэр баяжуулах үйлдвэр дээр хүмүүс ажилд аваад байх шиг байна лээ гэхээр нь би энэ Хайрхан ТОБ ХХК-ны хүдэр баяжуулах үйлдвэрт ойр зуурын засварын туслах ажилтнаар Б гэдэг хүнтэй уулзаж ажилд орсон. Тухайн үйлдвэр нь дөнгөж ажиллах гэж байгаа ойр зуурын засварын ажил байгаа гээд тэр үйлдвэрт ажилласан. Тэгэхдээ дунд нь хоёр хоног амарсан. Тэнд би ажиллаж байхдаа миний өөрийн хүү Б нь энэ жил Дархан Өргөө сургуулийн 1-р курсыг гагнуурын ангиар төгссөн учир Б гэж ажил олгож байсан залуутай яриад хэд хоног хүүхдээ дагалдуулаад ажиллуулъя гэж гуйсан. Тэгээд тухайн үйлдвэрт манай хүүхэд 4 өдөр ажилласан. Харин 2018.06.18-ны өдөр манай хүү тухайн үйлдвэрт гагнуур хийж байгаад өндрөөс унаад гэмтчихсэн. Одоо манай хүүхдийн зүүн хөлний шилбэний хоёр яс хугарч хадуулсан байдалтай байна. Мөн унахад нь зүүн хацарт нь шарх үүссэн гэх мэдүүлэг /хх 22/,

 

     Гэрч М.Д өгсөн: Би Хайрхан Тоб ХХК-нд урьд нь ойр зуурын цэвэрлэгээ хийх зорилгоор 2018 оны 6-р сарын 07-оос хойш 2-3 хоног ажилласан. Харин өнөөдөр хүдэр боловсруулах материал татна гээд тухайн үйлдвэрийн дарга Б над руу утсаар ярьж би тухайн үйлдвэрт 08:50 цагаас хойш үйлдвэр дотор засвар үйлчилгээ хийсэн. Тэгсэн өнөөдөр 12-13 цагийн үед надтай хамт ажиллаж байсан А гээд материал ангилах төхөөрөмж дээр бэхэлгээ төмөр гагнах шаардлагатай байна чи нэг талаар нь бариад өг гээд надаар тухайн төмрийг бариулсан. Ингээд материал ангилах төхөөрөмжийн хажуугийн босоо төмөр багана дээр буюу газраас дээш 4 метр орчмын өндөрт бэхэлгээ төмрийг тухайн баганы хажуугаар явсан үйлдвэрийн гадна төмрийг холбосон си төмөр дээр гишгэж бэхэлгээ төмрийг Б гээд хүүхэд гагнаж эхэлсэн. Ингэж бэхэлгээ хийх гэж байсан төмрийг гагнаад торгоосон бөгөөд дахин бэхэлгээ хийх гэж байсан төмрийг нь барьж өгөхөөр нь эргээд хартал ард нэг зүйл унах шиг болохоор нь эргээд харахад гагнуур хийсэн Б гээд хүүхэд гаднаас түүхий эдээ зөөж оруулдаг конверийн шатан дээр унаад төмөр нь газар уначихсан байсан. Б гэх үйлдвэрийн дарга, Б аав Т гэх ах ирээд Б өргөөд эмнэлэг рүү шууд явсан гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч Б.А өгсөн: Би Хайрхан Тоб үйлдвэрт засварчин, тоног төхөөрөмжийн оператороор 2018 оны 6-р сарын 03-наас хойш тухайн үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Харин энэ Б гэх өнөөдөр унаж гэмтсэн хүүхэд тухайн үйлдвэрт өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гарагуудад хоёр удаа ирж манай үйлдвэрт ажилладаг гагнуурчин залууг дагалдаж ажилласан. Өнөөдөр манай үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан А гэх залуу ажилдаа ирээгүй бөгөөд түүнтэй дагалдан хийж байсан Б гээд хүүхдийг тухайн үйлдвэрт өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн Т гээд аав нь дагуулж ирсэн. Түүний аав нь манайд хүүхдээ авч ирэхдээ манай хүү Дархан Өргөө сургуульд суралцдаг бөгөөд энэ үйлдвэрт дадлага хийлгэе гээд авч ирж байсан. Тэгээд өнөөдөр материал ангилах төхөөрөмжинд бэхэлгээний төмөр гагнах хэрэгтэй болчихоор нь үйлдвэрийн дарга Ч.Б нь Б гэх хүүхдийг хоёр төмөр холбоод гагначих гэсэн бөгөөд тухайн төмрийг нь Дамдиндорж бид хоёрыг бариад өг гэсэн. Тухайн бэхэлгээ төмрийг 4 метрийн өндөрт Буянхишиг гагнаж тогтоосон бөгөөд би нэг талын үзүүрийг барьж байсан. Д гэх хүүхэд нөгөө талын үзүүрийг барьж байсан юм. Ингээд Б тухайн бэхэлгээ төмрийг гагнуур хийгээд тогтоочихлоо ямар ч байсан салахааргүй боллоо гээд тухайн төмөр дээрээ гараараа дарсан чинь дутуу гагнасан бололтой тухайн төмөр нь гагнаасаараа салаад Б 4 метр орчим өндөр дээрээс конверын хажуугийн шатны төмөр хашлага дээр унасан. Тэр үед нь үйлдвэрийн дарга Б, Б аав нар нь ирээд эмнэлэг рүү шууд аваад явсан мэдүүлэг /хх 25/,

Гэрч Ч.Б өгсөн: Өнөөдөр манай үйлдвэрт, одоогоос 7-8 хоногийн өмнө тоног төхөөрөмжийн оператораар ажилд орсон Төгсжаргал гээд хүн өөрийн хүүхэд болох Дархан Өргөө сургуулийн 1-р курсын оюутан Б дагуулж ирсэн. Т нь өнгөрсөн долоо хоногт хоёр удаа хүүхдээ дагуулж манай үйлдвэрийн гагнуурчинг дагалдуулаад дадлага хийлгэж байсан. Харин өнөөдөр манай гагнуурчин ажилдаа ирээгүй бөгөөд түүнийг дуудсан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд би үйлдвэр дээрээ ажилчдаа дагуулаад ирэхэд Төгсжаргалын хүү М гээд том хүү нь дүү Б дагуулаад ирсэн. Ингээд манай үйлдвэрийн гагнуурчин байхгүй байсан тул үйлдвэрийнхээ бэхэлгээг гагнах шаардлагатай байсан тул Б уг бэхэлгээг гагнуулсан. Ингэж гагнахдаа гидер циклон гээд материал ангилах төхөөрөмж дээр бэхэлгээ төмрийг босоо баганаас барьж гагнах шаардлагатай байсан тул тухайн босоо баганы хажуугаар явсан үйлдвэрийн хөндлөн Си төмөр дээр гишгэж гагнаж байсан. Ингэж гагнах үед нь тухайн гагнах гэж байсан урт төмрийг нь манай А, Д гээд хоёр ажилтан барьж өгч тусалж байсан. Тэгээд тухайн урт төмрөө материал ангилах төхөөрөмжтэй холбоод гагначихлаа гэж бодоод нөгөө талд нь гарч гагнах гэхэд нь нөгөө гагнаж торгоосон төмөр нь унаад Б нь материал ангилах төхөөрөмжийн хашлага төмөр дээр уначихсан гэх мэдүүлэг /хх 26/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 670 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Б биед зүүн хөлний шилбэний 2 ясны битүү хугарал, нүүрний шарх тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Т.Б биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 51/,  

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, Т.Б хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 33-48/, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10-06-019/04 дугаартай шинжээчийн Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлт /хх 55/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Т нь ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх  гэрээгээр үйл ажиллагааг эрхлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүргээ үл биелүүлэн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй насанд хүрээгүй Т.Б 4 метрийн өндөрт гагнуур дээр ажиллуулсан, ингэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч Т.Б 4 метрийн өндрөөс унаж эрүүл мэндэд нь "зүүн хөлний шилбэний 2 ясны битүү хугарал, нүүрний шарх" бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Насанд хүрээгүй хохирогч Т.Б хууль ёсны төлөөлөгч шүүхэд ”Миний бие хохирол төлбөрт 8 500 000 төгрөг Л.Т авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт ирүүлсэн байх тул ХХК-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Л.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Л.Т нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

 Шүүгдэгч Л.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Т оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Л.Т нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, "" ХХК нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ