| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0343/Э |
| Дугаар | 371 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0343/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д холбогдох эрүүгийн 1818006900426 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхитын 3-р багийн Эрхэт гэх газар иргэн Т.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн шанааны шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ш.Д өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Дарханд байж байгаад хамтран амьдрагч О хамт Хонгор сумын Эрхэт гэх газар намаржиж байгаа найз Эрдэнэдалайгийнд очих гээд таксинд суугаад Хонгор сумын төв дээр очоод замдаа Хонгорын дэлгүүрээс хоёр шил архи аваад Салхитад очоод цаашаа жолоочид 10 000 төгрөг өгөөд найзындаа хүргүүлсэн. Тэгээд Э түүний хамтран амьдрагч Н, О бид 4 хоол цай идэж уусан. Тэр үед манай найз Э нэлээд согтоод орон дээр унтаад өгсөн. Манай хамтран амьдрагч 00 орох гээд гарсан хойгуур Н “чи манай хадмуудад намайг муугаар ярьдаг гэсэн” гэж хэлээд маргалдаад би шүүгээн дээр байсан шаазан аягыг аваад Н айлгах гээд шидсэн. Тэгсэн Н хацар орчмоос нь цус гараад байхаар нь цэвэрлэж өгөөд эмнэлэг явъя гэж хэлсэн чинь явахгүй гээд унтаж амарсан. Маргааш нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө Н бид хэд Дарханд ирсэн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Т.Н өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Дарханаас манай нөхрийн найз болох Ц гээд залуу өөрийн эмэгтэйгийн хамт ирээд хоол цай идэж уугаад танилцсан. Ц гэх залуугийн авчирсан 0.75 гр, 0.33 гр архийг бид нар уугаад дуусгасан. Тэр үед би Ц гэх залууд хандаж чи гадуур болон манай хадмуудад намайг муугаар хэлсэн байна лээ гэж хэлсэн чинь би тэгж хэлээгүй би тэгж ярьж явдаг хүн биш битгий хуц гэхээр нь чи өөрөө хүнээс илүү эхнэр авсан юм шиг хөгшин эхнэр авсан байж гэж хэлэхэд Ц уурлаад чамд хамаагүй гээд орон дээрээс босож ирээд намайг цохих гэхээр нь би урдаас нь хөлөөрөө хамгаалсан. Тэгсэн чинь аяганы тавиур дээр байсан цайны аягыг аваад над руу шидсэн. Тэгэхэд миний зүүн нүдний орчим оноод цус гарч байх үед гаднаас О гэх эмэгтэй орж ирээд цэвэрлэж өгөх үү гэхээр нь үгүй би өөрөө цэвэрлэж чадна гээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч Л.Э өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Хонгор сумын Салхит 3-р багийн Эрхэт гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Н хамт байж байхад Дарханаас найз Д өөрийн хамтран амьдрагч О гэх эмэгтэйгийн хамт ирсэн. Ирэхдээ 2 шил архитай ирсэн бөгөөд бид дөрөв ууцгаасан. Тэгээд би нэлээд архи уугаад согтоод тасраад унтчихсан байсан. Өглөө босоод ирсэн чинь манай эхнэр Н нүд нь хөхөрчихсөн байхаар нь асуусан чинь Д урьд шөнө цохичихсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Г.О өгсөн: ...00 орох гээд гараад эргээд ороод ирсэн чинь Н уйлж хашхираад зүүн нүдний хөмсөг орчмоос нь цус гарчихсан Д, Н 2 муудалцсан байдалтай хэл амаар доромжлоод байсан. Тэгээд шархыг цэвэрлэе гэхэд цэвэрлүүлэхгүй гээд унтаж амарсан гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 910 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Н биед зүүн шанаан дахь шарх, цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Т.Н биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 17/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Д дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Н “надад сорвины тос, 60 000 төгрөг бэлнээр өгсөн. Гомдол санал байхгүй” гэх хүсэлтээр шүүгдэгч Ш.Д бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ш.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 24-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ш.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Д цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ