Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018\ШЦТ\374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0346/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А холбогдох эрүүгийн 1818007060407 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Х.А нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, *******тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хамтран амьдрагч Д.С маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан хана руу толгойгоор нь мөргүүлж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Х.А өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө хүү Т цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд толгойгоо угаачихаад хүүгээ хувцаслаж байтал С наад шалан дээрх усаа арчаарай чи ямар шал арчдаг биш энэ гэр орныг чинь хэн цэвэрлэж өдий зэрэгтэй байгаа юм гээд орилоод шүлсээрээ нулимаад хуванцар шанагаар миний мөр лүү цохиод байсан. Тэгэхээр нь би багалзуурдаад түлхэхэд С толгойгоороо хана мөргөөд шалан дээр унасан. Босож ирэхдээ шалны модоор намайг цохих гэж байгаад хананд байсан цаг унагаагаад хагалсан. Т уйлаад байхаар нь аваад гарах гэтэл С хүүг надад өгөөгүй. Тэгэхээр нь гэрээс гарч Цагдаагийн хэсэг очиход цоожтой байхаар нь буцаад гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

            Хохирогч Д.С өгсөн: 2014 оноос А хамтран амьдарч байгаа. Би дагавар хүү, охин хоёртой. 2015 онд бид хоёрын дундаас хүү гарсан. А надад уурлахаараа намайг энэ гэрээс зайлаад өг гэж хөөдөг. Манай нөхөр ер нь байнга агсам тавьдаг. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө А бага хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд хувцаслаж байгаад гэр буулгаад, шалан дээр ус асгачхаар нь чи наад буулгасан зүйлээ цэвэрлээд шалаа арчаарай гэтэл "пизда минь энэ гэр орныг чи цэвэрлэдэг юм уу" гэхээр нь "энэ гэрийг чинь хэн цэвэрлэдэг юм" гэтэл шууд намайг үсдэж аваад хана руу мөргүүлсэн. Тэгээд би цамцнаас нь зуурч аваад зууралдаж байснаа санаж байна тэгтэл элдэв янзаар хэлээд доромжилсон гэх мэдүүлэг /хх 7-10/,

 

            Гэрч О.Д өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 02-ны орой бид гэртээ байж байтал А ах С эгчтэй зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан. А ах хүүхдээ зодоод байхаар нь эгч өмөөрөөд маргаан болсон. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 07:00 цагийн үед хичээлдээ яваад 10 цагийн үед хичээлээсээ гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. А ах, С эгч хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад цагдаа дуудсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх 11-12/,

 

     Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 922 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.С биед тархи доргилт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй доргих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 16/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт: "аюулын эсрдэлийн түвшин 7 буюу дунд гарсан. Хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийн биед удаа дараа халдаж зодсон байв" гэжээ /хх 36-37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгоно гэжээ.

 

Шүүгдэгч Х.А, хохирогч Д.С нар нь 2014 оноос хойш хамт амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болж гэмт хэрэг үйлдэгдэх үе хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл" гэж ойлгоно гэсэн бөгөөд,

 

Шүүгдэгч Х.А хамтран амьдрагч Д.С буулгасан зүйлээ эмхэлж, шалан дээр асгасан усаа арчаарай гэж хэлсэнд ундууцан маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдан үсдэж толгойгоор нь хана мөргүүлж эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 8-р хуудсанд авагдсан хохирогч Д.Сү  "Х.А сайн дураараа эвлэрсэн, цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй" гэх мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Х.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.А ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.А 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.А оногдуулсан 550 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ