Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0351/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С холбогдох эрүүгийн 1818006890427 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 3 дугаар гудамжинд хардалтын улмаас иргэн А.С зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү, хоолойн дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 3 дугаар гудамжинд хардалтын улмаас иргэн А.С зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү, хоолойн дахь зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Ц.С өгсөн: 2018.8.31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 4-29 тоот гэртээ байж байгаад 16:00 цагийн үед найз А гэрт ороод Ажаал юм яриад сууж байтал А  зах орчоод ирье чи намайг иртэл манайд хүлээгээд байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй над руу манай найз М залгаад хаана байгаа юм бэ уулзъя гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. Удалгүй М машинтай ирж аваад бид хэд ганц хоёр пиво уусан. Тэгээд 20:00 цагийн орчимд найз А ирэхэд Ам, Э ээж гэх эмэгтэй хоёр архи уучихсан байсан. Тэгэхээр нь А гэрт нь үлдээгээд Э ээжтэй нь хамт гэр рүү нь явсан. Ингээд Э ээжийн гэрт нь очоод жаал юм яриад сууж байгаад Э, С хоёр манай нөхөр М хамт явсан талаар яриад охин Э руу утсаар яриад загнаад байх шиг байсан. Тэгээд шөнийн 23:00 цагийн орчимд Э, С хоёр орж ирэхэд Сэ нэлээн согтуу хөл дээрээ зогсож чадахгүй байдалтай байсан. Харин Э архи уугаагүй эрүүл байсан. Би Э, С тэр хоёроос та хоёр манай нөхөр М хамт байсан уу гэхэд тийм ээ бид хэд хамт ууж байгаад ирлээ. Гэхдээ ийм тийм юм огт болоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр намайг гэр лүү дөхүүлээд өгчих гээд би 3 сар, 3 настай 2 хүүхэдтэйгээ, С, Э бид хэд Э гэрээс гараад явсан. Замдаа С дахин дахин танай нөхөртэй ийм тийм юм огт болоогүй зүгээр л хамт архи уусан гээд байхаар нь уур хүрээд 2-3 удаа С алгадсан. Тэгэхэд миний үснээс зулгаагаад авахаар нь би тэвэрч явсан 3 сартай хүүгээ Э өгчихөөд С бид 2 үсдэлцээд, бие биенийгээ өшиглөж жийгээд байж байхад Э миний гар утсаар манай нөхөр рүү залгаад эхнэрээ ирж аваач ээ энд зодоон хийгээд байна гэж дуудаж байсан. Удалгүй манай нөхөр М ирээд бид хоёрыг салгаад намайг нэг удаа алгадсан. Тэгээд намайг болон 2 хүүгээ аваад гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд нөхөртэйгөө хэсэг маргалдаж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө нь нөхөр дэлгүүр явсан хойгуур нь хоёр хүүхдээ дагуулаад найз С очоод нэг сар болж байна. С биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,                                                                                                                                                                                               

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Хохирогч А.С өгсөн: 2018.8.312-ний өдөр найз Э хамт гэрт нь буюу Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 13-89 тоотод очиход нэг зүс таних С гэх эмэгтэй Э гэрийхэнтэй хамт байсан. Тэгээд гэрт нь бид хэд хамт байж байхад С гэх эмэгтэй Э бид хоёрыг янхан, гичий гэж муухай үгээр дайрч байснаа та 2 манай нөхөртэй хаагуур юу хийж яваад ирэв гэсэн. Бид хоёр танай нөхрийг сайн танихгүй зүсийг нь л харж байсан гэж хэлсэн. Э ээж Ганцэцэг С гэх эмэгтэйд энэ хоёр тэгж явах хүүхдүүд биш гэж хэлж яриад тайвшруулсан. Тэгэхэд С гэх эмэгтэй бид хоёроос уучлал гуйгаад та хоёр намайг гэр рүү дөхүүлээд өг гэж хэлэхээр нь бид 2 гэр рүү нь дөхүүлж өгөх гээд явсан.  Та одоо ингээд явчих бид хоёр буцлаа гээд эргээд явах гэтэл бид хоёрын үснээс зэрэг зулгааж татахад Э гарнаас нь мултрахад намайг газарт унагаагаад миний дээр гарч суугаад гар утсаараа миний толгой нүүр рүү цохиод, маажаад, үсдэж байгаад толгойгоор минь газар мөргүүлж зодсон. Тэгээд нөгөө эгч Э руу чулуу авч шидэхэд нь чулуу нь оноогүй. Тэгэхэд нь Э С очоод нуруу руу нь өшиглөсөн. Тэгж байснаа би та хоёрыг хутгаар шааж ална гэж хэлсэн. Э газарт байсан С гар утсаар нь нөхөр М руу нь залгаж дуудсан. Удалгүй нөхөр М нь ирээд бид хоёроос салгаад аваад явсан. 2018.9.01-ний өдөр би бага зэрэг цустай зүйлээр бөөлжихөөр нь Э дуудсан. Э манай гэрт ирчхээд эмнэлэг дуудаад эмнэлгийн машинаар эмнэлэгт очиж 8 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 300 000 төгрөг, томографикийн зураг авахуулсан 150 000 төгрөг, эм тарианы мөнгө 120 000 төгрөгийн нэхэмжилсэн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гаргах гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 7, 8/,

 

            Гэрч Х.М өгсөн: 2018.9.01-ний шөнө 00 цаг өнгөрч байх үед манай эхнэр С миний утас руу залгасан. Тэгэхэд би шинэ Дарханд явж байсан юм. Тэгээд цаана нь орлилдоод, хүнтэй маргалдаад зодолдоод байх шиг дуу сонсогдоод байсан. Би хаана байгаа юм гэж асуухад Дархан сумын 1 дүгээр багийн улаан худгийн хажуу талд байна гээд байхаар нь таксинд суугаад Тосгонд очсон. Тэгээд Дархан сумын 1 дүгээр багийн улаан худгийн хажууд очсон чинь С 2 охинтой зууралдаад байсан. Би салгаад гэрлүүгээ аваад явсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ хоносон. Эхнэрийн хувцас нь шавар шавхай болсон байсан. 3 сартай бага хүүхдээ дагуулаад явсан байсан. Миний эгч М та 2 ингэ амьдраад юу хийхэв салцгаа гэх зэргээр зэмлэсэн чинь уурлаад 2 хүүхдээ аваад гараад явчихсан. Одоо болтол сураггүй байна гэх мэдүүлэг /хх 13/,

 

            Насанд хүрээгүй гэч Г.Э өгсөн: 2018.8.31-ний шөнө 23 цагийн үед над руу утсаар яриад хаана байгаа юм гэж асуусан. Би тэгэхээр нь харих гэж байна гэтэл микрт байна 2-лаа хамт явъя гэхээр нь би микрт очсон. С хамт  вокзал өнгөрөөд тунелийн орчимд явж байтал нэг жаахан хүүхэд тэвэрсэн бас нэг хүүхэд хөтөлсөн эгч гарч ирээд С манай нөхөр хаана байна, манай нөхөртэй хаагуур алцганаж байгаад ирсэн гээд С үсдэж авсан. Намайг салгах гэсэн чинь зайл чамайг бас ална шүү гэсэн. Тэр эмэгтэй хүүхдээ унагаачих гээд байсан болохоор би хүүхдийн авч тэврээд цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд тэр хоёр зодолдоод нуруу нь өшиглөөд, дээр нь гарч сууж байгаад толгой руу нь гар утас болон гараараа цохиж байсан. Тэгээд удаагүй байж байтал тэр эмэгтэйн нөхөр нь ирээд аваад явсан. Би дараа нь С ахынх нь гэрт нь оруулж өгөөд би 2 дүүгийн хамт гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх 15/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 908 дугаартай дүгнэлт: “1.А.С биед тархи доргилт, нүүр, хүзүү, хоолойн дахь зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.  4.А.С биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 17/,

 

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх 41, 42-51/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.С дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 57-р хуудсанд авагдсан хохирогч Л.С “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэлээр шүүгдэгч Ц.С нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ц.С ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.С оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ