| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0353/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\380 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2018\ШЦТ\380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0353/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч З.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л холбогдох эрүүгийн 1818000000399 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч З.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Л нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын *******тоот хашааны гаднаас иргэн Д.Б өмчлөлийн ******* улсын дугаартай “Nissan Tiida” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч З.Л өгсөн: Би 2018.9.15-ны өдөр Дархан-уул аймгийн Орхон суманд болох хүүхдүүдийн тэмцээний үеэр очиж зураг авах шаардлагатай байсан учраас Орхон сум руу явсан. 2018.9.15-ны өглөө 07:30 цагаас өдрийн 15:30 цагийн хооронд ажлаа хийж дуусгасан. Ажлаа хийж дууссаны дараа Сэлэнгэ аймагт байдаг нэг найзтайгаа таарсан. Таньдаг ахындаа очиж би найзтайгаа 0.33 гр-ын 2 шил архи хувааж уусан. Манай найз эхнэр, хүүхэдтэйгээ хамт явж байгаад Сэлэнгэ буцна гээд явсан. Би тухайн айлдаа 2 цаг гаран унтаж босоод Дархан буцах санаатай гарсан. Орхон сумын төвд Дархан явах машин хайгаад хүмүүсээс асуухад машин олдоогүй. Тухайн үед би Дарханаас ирсэн машиндаа цүнхтэй нд зүйлээ орхисон байсан учраас түүнийгээ авна гэж бодож байсан. Бас Орхон гэсэн бичигтэй уулын бэлээс гэрэл зураг авах ёстой байсан. Яаж тэр хүний машинд сууснаа санахгүй байгаа юм. Тэгээд машин жолоодоод донсолгоотой замаар яваад араас цагдаагийн машин ирээд сигналдаад дуугарахад л би машин жолоодоод явж байгаа мэдсэн. Тэгээд машинаа зогсоогоод саатуулагдсан. Машин жолоодоод явсан тэр хэсгийн юмаа огт санахгүй байгаа гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Б өгсөн: 2018.9.15-ны орой 18 цагийн үед манай эхнэр ******* над руу утсаар яриад чи жижиг машинаа унаж гарсан уу гэж асуусан. Тэгэхэд би гадуур ногооны ажил хөөцөлдөөд Портер маркийн машинтайгаа явж байсан учраас үгүй портертой явж байна гэж хэлсэн. Тэгсэн Э манай машин гадуур яваад байх шиг байна, гэрийн гадна машин байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Энхцарал дахиж утас руу залгаж манай аав Д миний эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад хашааныхаа буюу Орхон сумын Баян-Өлзийт ******* хашааны гадаа үлдээгээд түлхүүрийг нь сугалаад хаалганыхаа бариуланд хийсэн байсныг хүн унаад явчихсан байна. Цагдаад мэдэгдчихлээ гэж хэлсэн. Цагдаа нарыг очиход нэг согтуу залуу машиныг маань жолоодоод явж байсан гэсэн.******* улсын дугаартай “Nissan Tiida” маркийн автомашин нь манай хадам аав Д эзэмшлийнх бичиг баримт нь Д нэр дээр байдаг боловч би Д худалдаж авсан. Мөнгө төгрөгийг нь бүрэн төлсөн. Би бичиг баримтаа шилжүүлж чадаагүй байгаа. Миний машинд урд салхины шил нь хагарсан, баруун урд карлон чихэгдэж хонхойсон. Өөр эвдрэл гэмтэл байхгүй. Шинжээчийн гаргасан үнэлгээний дагуу хохирлоо бүрэн авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 10-11/,
Гэрч Ө.Д өгсөн: Манай эхнэр******* над руу залгаад машинаа хүнд өгсөн юм уу уул руу унаад явж байна гэсэн. Тэгэхээр нь ирсэн чинь өдөр 13 цагийн үед хашааныхаа гадаа тавьсан байсан машин байхгүй байсан. Тэгээд хүүдээ хэлж цагдаад дуудлага өгүүлсэн. Миний алдсан машин “Nissan Tiida” маркийн бор шаргал өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Ц.Д өгсөн: Манай гэрийн үүдэнд байсан машин байхгүй байна гээд манай бэр Э хэлэхээр нь гараад харсан чинь хашааны үүдэнд байхгүй байсан. Тэгээд гэртээ эргэж ороод нөхрөөсөө машин чи хүнд өгсөн юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Ингээд бид цагдаад дуудлага өгсөн. Гэтэл манай охин хүн унаад явж байна гээд цагдаа нартай очиж үзсэн чинь огт танихгүй эрэгтэй согтуу хүн унаад явж байсан. Тэгээд машиныг нь энд тэнд нь баахан хонхойлгосон байсан гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Н.Э өгсөн: 2018.9.15-ны орой нөхөр Б 18:56 цагт машин хүн унаж яваа юм уу хаана байгаа юм бэ гэж асуусан чинь нөхөр үгүй, аав талбай дээр байгаа барих хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд хадам ээжээс жижиг тэрэг хаана байгаа юм бэ гэж асуусан чинь гадаа үүдэнд байгаа аав чинь үлдээгээд явсан гэж хэлсэн. Тэгээд гадаа гараад харсан чинь манай машин хүн унаад явж байсан. Ингээд би нөхөртөө хэлээд цагдаа дуудсан. Тухайн машиныг унасан хүн зугтаагаад яваад өгсөн. Араас нь явган явж байтал шороон дээр тэгнээд зогссон. Тэгээд цагдаа нартай хамт очсон гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Х.Д өгсөн: 1008 СЭҮ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сард манай эхнэрийн дүү Б 5.3 сая төгрөгөөр зарж борлуулсан юм. Одоо ямар нэгэн төлбөрийн үлдэгдэл байхгүй. Би зарчхаад одоо болтол машины эзэмшигчийн нэрийг шилжүүлж чадаагүй байгаа. Энэ машин Б өөрт нь байх ёстой. Б Дархан-Уул аймгийн Орхон суманд амьдардаг гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Б.Б өгсөн: 2018.9.15-ны орой 19:10 цагийн үед Д.Б гэх хүнээс манай гэрийн хашааны үүдэнд байсан өөрийн ******* улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна гэх дуудлага ирүүлсэн. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт сумын цагдаа, цагдаагийн ахлагч *******хамт эрэн сурвалжлахад 20:15 цагийн орчим Орхон сум Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг Дэлгэр уулын энгэр, наадмын талбай дээр явж байхыг хараад араас нь очиход шороон замаар хурдлан зугтааж давхиж байгаад хувилд цохиж дугуй нь тэгнэж зогссон. Тэгээд цагдаагийн хамт буугаад очиход машинаасаа буугаад ирсэн. Тухайн үед Л гэж өөрийнхөө нэрийг хэлсэн хүнийг согтуурал шалгах багажаар шалгахад 0.85 хувийн согтолттой байсан. Тэгээд хаанаас авсан болон хаашаа авч явсан талаар асуухад би сайн мэдэхгүй байна, харьж явсан гэж байсан. Хаана архи уусан талаар асуухад тосгонд Х гэх залуугийн гэрт нь уусан гэсэн. Тухайн үед нэлээд согтуу, унаж явсан тээврийн хэрэгсэл нь нэлээд эвдрэлтэй болсон байсан гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч М.М өгсөн: 2018.9.15-ны орой 19 цаг өнгөрч байхад Орхон сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Б утсанд сумын иргэн Б гэх хүнээс манай гэрийн хашааны үүдэнд байсан миний ******* улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна гэх дуудлага ирүүлсний дагуу уг тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт эрэн сурвалжилж 20 цаг өнгөрч байхад Орхон сум Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэлгэр уулын энгэрт явж байхыг хараад араас нь очиход цаашаа хурдтай зугтааж байгаад замын ховилд цохиулж зогссон. Тэгээд хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б хамт машинаас буугаад очиход согтуу нэг залуу жолооч талаас нь бууж ирсэн. Тэр хүний нэрийг асуухад өөрийгөө Л гэдэг гэж хэлсэн. Тэгээд Л энэ машиныг хаанаас яаж авсан, хаашаа явж байгаа талаар асуухад хаанаас авснаа мэдэхгүй байна. Харих гээд явж байсан гэж ярьж байсан. Нилээн согтолттой байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, гэрч Г.Г өгсөн мэдүүлэг /хх 20/, Капитал Зууч ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх 26-27/, Nissan Tiida маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 35/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Л дээрх үйлдэл нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.Л нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч З.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч З.Л ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Л 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Л оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ