Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2018/0359/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Зунчив Төвдийн Түмэнбаярт холбогдох эрүүгийн 1818006310401 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан захын махны лангууны орчим иргэн Л.Я хувийн харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Т.Т өгсөн: 2018.7.19-ний өглөө би гуанзандаа мах авах гээд явж байсан. Гэтэл зүс таних мах зардаг хөдөөний залуу намайг мах хямдхан авах уу гэсэн. Тэгэхээр нь би тэр махыг нь авах гээд төв хаалга руу очоод махыг нь аваад буцаад хилний хажууд ирэхэд Я гарч ирээд пизда минь энэ махыг чинь би авах гэж байсан юм гэсэн. Тэгэхээр нь би тэр хөдөөний залууд хандаад та хүнтэй ярьчихсан бол би махыг чинь авахаа болилоо гэж хэлсэн. Тэр залуу энэ хүн миний махыг хямдхан авах гээд байгаа юм чи авчих гэж хэлсэн. Тэгээд махнуудыг нь авах гээд хиллэж байсан чинь Ягаанцэцэг чи мөнгөгүй гуйлгачин юугаараа авдаг юм гээд намайг тооныхоо машинаар толгой руу цохиод, дахиад бас цохих гээд байхаар нь би заамдаж байгаад түлхсэн. Тэгээд би гуанзруугаа явсан. Тэгсэн араас ирээд мөр лүү цохиод цээж рүү самардаад байхаар нь би түлхчхээд гуанзруугаа орсон. Я хэлэхдээ 500 000 төгрөг төл гэсэн. Би хохирлоо бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг,  

 

   Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

  Хохирогч Л.Я өгсөн: 2018.7.19-ний өглөө мах авах гээд байж байтал таньдаг нэг залуу мах зараад явж байсан. Би махыг нь авах гээд байж байтал гуанзанд ажилладаг Т гэдэг залуу мах үзэж явж байгаад нөгөө залуугийн махыг авна гээд маргаан үүссэн. Би уг нь тухайн залуугийн зарж байсан том жижиг 2 үхрийн махыг нь 4000 төгрөгөөр бодоод авах гээд ярьчихсан байсан. Тэгтэл Т том махыг нь би авна гээд гэнэт л дүрсхийж уурлаад намайг янз бүрээр доромжлоод янхан, гичий барлаг гээд бүүр бөөн юм болсон. Би махаа аваад явж байсан чинь намайг дагаж яваад миний тооны машиныг авч шидээд бас хоолойноос боогоод барьж аваад сэгсчээд түлхээд бараг 30 минут намайг барьж аваад хүмүүс болиоч гээд салгасан. Тэгснээ дараа нь салаад явж байснаа хүнсний заалны урд дахиж над руу дайраад миний зүүж явсан алтан гинжийг тасалж хаяад цаашаа яваад өгсөн. Тэгээд би тухайн үед гинжээ аваад шууд цүнхэндээ хийчхээд яваад өгсөн. Тэгээд дараа нь нөгөө гинжээ цүнхнээсээ аваад хартал тал нь алга болсон байсан. Ингээд ажил дээрээ байж байтал миний бие муудаад эмчид очиж үзүүлэхэд толгой хөдөлсөн бас бөөр сав доргиод би бариач эмч нараар явж үзүүлсэн. Миний хүзүүнд зүүсэн байсан 16.5 гр-ын алтан гинжнээс 5.2 гр нь тасраад алга болсон байсан. Би тасарсан гинжний 540 000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 6, 19-20/,

  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 801 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Л.Я биед тархи доргилт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Л.Я биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 9/,

гэрч Ш.Х мэдүүлэг /хх 22-23/, “Капитал Зууч” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх 13-14/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Т дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 48-р хуудсанд авагдсан хохирогч Л.Я "Т.Т цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Т.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Т нь урьд 1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2.Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 33-35/-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь түүнд ял шийтгэл оногдуулахад эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

Шүүгдэгч Т.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгч Т.Т дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Т  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

  

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ